Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 201/МА2020/00036

 

******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 02-ны өдрийн 138/ШШ2020/01071 дугаар шийдвэртэй, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7 401 494 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 11 сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч нарын төлөөлөгч *******, өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-н барьцаат зээлийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь тус барьцаат зээлдэх газраас 2019 оны 10 сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөгийг сарын 6.9 хувийн хүүтэйгээр 8 сарын хугацаатай зээлсэн. Зээлээ хугацаандаа төлөөгүй. Энэ хугацаанд 1 420 450 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээл 1 088 953 төгрөг, хүү 210 922 төгрөг, алданги 342 710 төгрөг нийт 1 642 583 төгрөг нэхэмжилнэ гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-н барьцаат зээлийн газар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: ******* нь 2019-2020 онд ******* ******* барьцаат зээлийн газраас олгосон 4 удаагийн зээлийн материалыг дахин шалгаад зээлийн төлбөрийн дансыг тулгахад 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 188 тоот зээлийн гэрээгээр авсан 6 050 000 төгрөгнөөс 3 удаагийн гүйлгээгээр 3 010 808 төгрөгийг төлсөн байна. Иймд үлдэх үндсэн зээл 3 328 574 төгрөг, зээлийн хүү 528 195 төгрөг, алданги 1 664 287 төгрөг нийт 5 521 056 төгрөгийг, мөн 2020 оны 2 сарын 22-ны өдөр 3 237 855 төгрөг түр зээлж аваад 3 000 000 төгрөгийг буцаан хийгээд үлдэх 237 855 төгрөгийг төлөөгүй байна. Иймд нийт 5 758 911 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр *******т холбогдуулан 2 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 1 642 583 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариуцагчийн хариу тайлбартай танилцахад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд харин ч манай байгууллагад илүү мөнгө төлсөн учир манайхаас авлагатай гэсэн байсан. Үүнтэй холбоотойгоор манай байгууллага дахин өмнөх оны зээлийн материал, дансны хуулгыг шүүж үзсэн бөгөөд тухайн үед энэ зээлийг хариуцаж байсан ажилтан Энхчимэгийг хүртэл дуудаж уулзсан. Ингээд бид өмнөх оны бүх материал, дансны хуулгыг шүүж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүний учир нь ******* нь 2 сая төгрөгийн зээлнээс гадна өмнө нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 188 тоот зээлийн гэрээгээр 6 050 000 төгрөгийн зээл авсан байсан бөгөөд уг зээлнээс 3 удаагийн төлөлтөөр нийт 3 010 808 төгрөг төлсөн байсан. Ингээд бид дээрх 6 050 000 төгрөгнөөс үлдсэн үндсэн зээлийн үлдэгдэл 2 721 426 төгрөг, хүү 289 381 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл ******* нь дахин 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 3 237 000 төгрөгийн зээл аваад буцаагаад 3 000 000 төгрөгийг төлсөн байсан ба 237 855 төгрөгийн төлөөгүй үлдэгдэлтэй байсан. Бид өнөөдрийн шүүх хуралдаанаас өмнө нь зарлагдаад хойшлогдсон шүүх хуралдааны дараа Энхчимэгийг дуудаж уулзаад 2020 оны 02 дугаар сарын дансны хуулгаа дахин шүүж үзэхэд дээрх 237 855 төгрөг төлөгдсөн байна гэсэн учир 2 758 911 төгрөгнөөс 237 855 төгрөгөө хасаад 5 521 056 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж үзсэн. Би буруу тайлбарласан байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 2 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл 1 642 583 төгрөг, мөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага 5 758 911 төгрөг дээр үндсэн нэхэмжлэлийн шаардлага 1 642 583 төгрөгийг нэмэгдүүлсэн шаардлага нэмж нийт 7 401 494 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байснаас 237 855 төгрөгийг төлсөн учир хасна. ******* нь энэ зээлийг авахаас бүр өмнө нь манай байгууллагаас төрийн банкны малчны зээлээ дарах зорилгоор хоногийн 1 хувийн хүүтэй 5 сая төгрөгийг хүсэлт бичиж зээлсэн. Гэтэл 1 хоногийн хугацаатай зээлээ 1 сар гаруй хугацаанд төлөхгүй явсаар хүү нь 1 050 000 төгрөг болж нийтдээ 6 050 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байсан. Ингээд энэ зээлээ төлж чадахгүй байсан учир хоногийн зээлээ болиод сарын зээлтэй болмоор байна гээд манайхаас энэ хоногийн зээлээ хаахын тулд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 6 050 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 6,9 хувийн хүүтэй зээлсэн юм. Өмнөх 5 сая төгрөгийн зээлээ дарахын тулд 6 050 000 төгрөгийн зээл авсан гэсэн үг. Тиймээс данс руу шилжүүлж дахин манай данс руу буцаад шилжсэн нь өмнөх зээлээ дарсан гэсэн үг юм. Хэрэв хүсэлтээр олгосон 5 сая төгрөгийг зээлийн гэрээгүй гэж үзэж байгаа бол 5 сая төгрөгнөөс хариуцагчийн хүүнд төлөх 1 050 000 төгрөг төлсөн 3 010 808 төгрөгийг хасч 2 278 574 төгрөгөнд хүү, алданги тооцож авмаар байна. *******ын хувьд манай байгууллагаас өөрөө хүсэлт гаргаж зээл авчихаад гэрээ байгууллаагүй гэж хүү алданги төлөхгүй байгаа нь хохиролтой байна. Иймд үлдэгдэл төлбөрт хүү алданги тооцох хүсэлтэй байна гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* *******-ын 1 642 583 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны наадам болоод байсан учир мөнгөний хэрэг гараад өдрийн 1 хувийн хүүтэй 1 200 000 төгрөгийг энэ байгууллагаас 2019 оны 7 сарын 10-ны өдөр авсан юм. Ингэхдээ надтай ямар нэгэн зээлийн гэрээ байгууллаагүй. Өдрийн нэг хувийн хүүтэй зээл гэж гаргаад тэр зээлийг нь төлөөд явж байхад л хүүгээс хүү, алданги гэх мэт янз бүрийн ойлгогдохгүй зүйл нэхсээр байгаад намайг энэ зээлээ төлүүлэхийн тулд дахин надаар 2019 оны 10 сарын 30-ны өдөр өөрийн *******-аас сарын 6,9 хувийн хүүтэй зээл гаргуулсан нэртэйгээр миний дансанд оруулсан болоод өөрсдийнхөө данс руу хэдхэн минутын дотор хийлгээд авчихсан. Тэгээд би 2019 оны 10 сарын 30-ны өдрөөс хойш энэ 2 сая төгрөгийг төлөх гэж зөндөө мөнгө хийсэн. 1 440 450 төгрөгнөөс ч илүү байх. Би энэ байгууллагад ямар нэгэн өргүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ байгууллага нь анх Хөлөнбуйр сумын иргэдэд хүсэлтээр хоногийн 1 хувийн хүүтэй зээл олгодог байсан бөгөөд сүүлдээ энэ арга нь нарийссаар дахин гэрээ хийж өдрийн зээлээ сарын хүүтэй зээл рүү шилжүүлсэн зээлийн гэрээнүүдийг хийдэг болсон. Өөрөөр хэлбэл хүмүүст 1 хувийн хүүтэй бага мөнгө өгч 1 хоногийн хүүгээр хүүлж байдаг болсон. 10 дугаар сарын 30-ны өдөр 2 сая төгрөгийн зээлийг 8 сарын хугацаатай 6.9 хувийн хүүтэй олгосон байх бөгөөд үүний дундуур бас нэг өөр зээл 1 хувийн хүүтэй гээд гаргаад ирсэн байдаг. Энэ бүгдэд шинжээч томилуулж дүгнэлт гаргуулъя гэсэн боловч хүлээн аваагүй. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан л бол авах эрхтэй гэсэн байдлаар хандаж нэхэмжлэл гаргадаг болсон харагдаж байна. Мөн энэ байгууллага нь нэг зээл олгоод тэрийгээ даруулахын тулд бас нэг зээлийн гэрээ байгуулаад мөнгөө тэр даруй буцаагаад авчихдаг бөгөөд байгууллагын 4 төрлийн дансаараа дамжуулаад зээл олгож аваад байдаг. Ер нь бол эхнэр, нөхөр хоёр тус тусдаа барьцаат зээлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай болох нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна. 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 6 050 000 төгрөгийн зээлийг олгоод мөн л 17 минутын дараа буцаагаад өөрийн данс руу татаад авчихсан байх жишээтэй. Үүнээс харахад яг ямар үндэслэлээр *******аас мөнгө нэхэмжлээд байгаагаа нотолсон баримт харагдахгүй байна. Мөн энэ байгууллагад ажиллаж байсан Энхчимэг гэх хүнийг Цагдаагийн газарт шалгуулж байгаа асуудал гараад байдаг. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг бөгөөд энэ байгууллагад төлөх мөнгөө төлсөн гэж ярьдаг. Харин ******* хэлэхдээ миний ганц алдаа бол хууль зүйн ойлголтгүйгээсээ болоод хүсэлт бичиж авсан зээл нь өдөр бүр өртэй байна гэдгийг ойлгоогүй юм гэдэг. Энэ байгууллага ч хоногийн 1 хувийн хүүтэй зээл олгохдоо зээлийн гэрээ байгуулдаггүй бөгөөд зөвхөн хүсэлтээр олгож байсан гэдгээ хэлдэг. Ер нь бол 6 050 000 төгрөгийн зээл нь үндсэндээ өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан гэрээ байгаа юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өөрөө Бид гялс *******-ыг ажиллуулдаг бөгөөд түүний нөхөр Амгаланбаатар нь ******* ******* гэх энэ байгууллагыг ажиллуулах эрхтэй субьект байна. Мөн энэ байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагааг явуулахаар Энхчимэг гэх хүнийг ажиллуулдаг бөгөөд энэ хүн ажиллахдаа бүх зүйлийг хольж хутгасан харагдаад байдаг. Ер нь бол санхүүгийн мэдлэгтэй хүмүүс нь энэ олон зээл, өр төлбөрийнхөө учрыг ойлгохгүй байхад жирийн нэг иргэн энэ бүх зүйлийг яаж ойлгох юм бэ. Ямар ч байсан хариуцагчийн төлсөн төлбөрүүд нь дансны хуулга, баримтуудаас харагдаж байна. Тиймээс хариуцагчийн хувьд энэ байгууллагад төлөх төлбөр байхгүй бөгөөд дээрх зээлийн гэрээ нь өөр нэг хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 02-ны өдрийн 138/ШШ2020/01071 дугаар шийдвэрээр:  Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 286 дугаар зүйлийн 286.5-д зааснаар хариуцагч ТА89040103 регистрийн дугаартай, Сартуул овогт Нямдаваагийн *******аас зээлийн гэрээний үүрэгт 1 989 192 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* Финанс ХХК-ийн барьцаат зээлийн газарт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 4 124 447 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 148 624 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж хариуцагч *******аас 46 777 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: Шүүх нь манай нэхэмжилсэн 2 000 000 төгрөгийн зээл, 2020 оны 01 сарын 21-нд олгосон 6 050 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг үндсэнд нь хэрэгсэхгүй болгож дүр үзүүлсэн гэрээ гэж дүгнэн шийдвэрлэсэн.

Манайх нэгэнт төлөгдсөн зээл гээд нэхэмжлэлийн шаардлагад оруулаагүй 2019 оны 12 сарын 23-ны 5 000 000 төгрөгийн зээлийг шүүх өөрөө санаачлан үнэлж тэндээс 3 010 808 төгрөгийг хасаж үлдэх 1 989 192 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Уг 5 000 000 төгрөгийн гэрээг үнэлж 1 988 192 төгрөгийг төлүүлэх ёстой гэсэн атлаа уг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Манай ******* Финанс ХХК барьцаат зээлийн газраас ******* нь өмнө олон удаа зээл авч байсан. Хамгийн эхэнд 1 200 000 төгрөгийн зээл авч түүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрч хүү, үндсэн зээлээ төлсөн болохоо ******* ч тайлбартаа өгсөн атлаа төлөөлөгч нь тайлбартаа 1 200 000 төгрөгийн хүү алданги гэж тооцон нэхэж 2 000 000 төгрөг болгоод 2019 оны 10 сарын 30-нд 2 000 000 төгрөгийн зээлийг 6.9 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай гэрээ байгуулан 2 000 000 болгоод тухайн өдрөө 5422316044 тоот данс руу *******ын зээл төлөлт гэж буцаан шилжүүлсэн нь буруу юм гэж шүүх дүгнэжээ.

******* нь өдрийн 1 хувийн хүүтэй зээл аваад төлж чадахгүй болохоор нь зээлдэгч тал зээлээ төлөхийг шаардах эрхтэй. Ингэж шаардах нь зээлдэгчийн үүрэг нь ч эрх нь ч юм. Тэгээд мөнгөө төлж чадахгүй болохоор нь 1 хувийн хүүтэй зээлээ зогсооё. Тэгэхийн тулд 6.9 хувийн хүүтэй зээл олгож өгөөч тэгээд цаашид төлөөд явъя гэж ******* хүсэж гуйсан. Энэ хүсэлтийг нь хангаж манай байгууллага 2 000 000 төгрөгийн зээл олгосон. Энэ зээлийг ******* дансандаа орохоор банк руу очиж уг авсан зээлээрээ манайхаас өмнө авсан зээлийн төлөлтөө хийсэн. Зээлдэгч төлөлтөө хийх үү өөр юманд хэрэглэх үү гэдэг нь зээлдэгчийн захиран зарцуулах эрхийн асуудал юм. Төлөөлөгчийнх нь хэлж байгаа шиг манай барьцаат зээлийн газар Хаан банкинд байгаа түүний данснаас татаад авчих эрх хэмжээ байхгүй.

6 050 000 төгрөг түүний төлөлтийн асуудал дээрхтэй яг адил юм. Тэгтэл амьдралд бодитойгоор ******* зээлээ төлж чадахгүй болохоороо дахин зээл гаргуулж аваад, өмнөх зээлийн үүргээ биелүүлж төлснийг дүр үзүүлсэн гэж үзэх ямарч үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхээс манай байгууллагыг зээлээ төлүүлэх зорилгоор зээл олгосон нь буруу гэж үзэж байгааг ойлгохгүй байна.

Зээлдэгч л хүсэж уг хүсэлтийг манайх шийддэг. Манайхаас зээл ав гэж шахдаггүй, өөр газраас зээл аваад манай зээлийг төлж болно шүү дээ. Аймагт банкныхаа зээлийг төлж дахин зээл авахын тулд банкныхаа зээлийн үлдэгдлийн хиртэй мөнгийг *******-тай болон бусад ломбарднаас гэрээ хийж аваад банкны зээлээ хаагаад дахиад шинэ зээл банкаар гаргуулаад ломбарднаас авсан зээлээ төлөөд явдаг байнгын л үзэгдэл шүү дээ.

Харин хөдөө суманд болохоор бол манай байгууллагаас өөр зээл олгох газаргүй болохоор манай эдийн засагчийг гуйж гувшиж зээл гаргуулж авч байсан.

Зээлдэгч өөрийн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд зээл хүсч авч өөрийн зорилго зорилтоо шийдвэрлэсэн. Бодитой олгогдсон бодит зээл байхад шүүх түүнийг яагаад буруу гэж үзэж байгаа нь ойлгомжгүй буруу гэх үндэслэлээ шүүх тайлбарлаагүй байна. Иргэний хуульд заасны дагуу барьцаалан зээлдэх газар нь зээлийн хүүгийн хэмжээг талууд тохиролцон тогтооно гэсэн байдаг. Гэтэл хоногийн 1 хувийн хүүтэй зээл олгосныг ямар үндэслэлээр буруутгаад байгаа нь тодорхойгүй.

1 хувийн хүүтэй зээлийг 1-10 хоногт ихэнхидээ өгдөг. Мөн зээл хаалгах зорилгоор л авдаг. Маргааш буцаагаад төлчихнө, нөгөөдөр өгнө гэхэд л өгдөг. Гэтэл тэгж хэлж авчихаад сар гаран болоод өгдөггүй, өдөр бүр 1 хувийн хүү төлөх үүрэгтэй тэр нь хураагдаад ердийн хүүтэй зээлээс илүү өөрсдөд ашиггүй болдог учир манайх зээлээ төлж дуусгахыг шаардахаас өөр аргагүй.

Нэгэнт зээлдэгч өөрөө бичгээр гэрээ байгуулаагүй ч хүүтэй авснаа хүлээн зөвшөөрөөд хүүгээ төлөөд явсан. Гэтэл шүүхэд хүү төлснөө үгүйсгэж эхэлсэн болохоос өөрөө зөвшөөрөөд хүү төлөөд явсан. Үүнийгээ буцааж үндсэн зээлээ төлсөн болж маргаж байгааг зөвшөөрөхгүй байна.

Тэгээд ч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т нь хэлбэрийн шаардлага хангаагүй буюу бичгээр хийгээгүй гэрээг өөрөө зөвшөөрөөд дахин гэрээ хийсэн бол шинээр хийсэнтэй адилтган үзэж хүчин төгөлдөр болохыг хуульд заасан байна.

Тиймээс миний бие нэхэмжлэлийн шаардлагаас өөрийн зөвшөөрсөн 1 050 000 төгрөг, 237 855 төгрөг зэргийг хасаад зээлийн үлдэгдэл 4 471 056 төлүүлэхээр нэхэмжилж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 088 953 төгрөг, зээлийн хүү 210 922 төгрөг, алданги 342 710 төгрөг, нийт 1 642 583 төгрөг гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 01 сарын 21-ний өдрийн 188 тоот зээлийн гэрээгээр авсан 6 050 000 төгрөгөөс төлөөгүй үлдсэн үндсэн зээл 3 328 574 төгрөг, зээлийн хүү 527 195 төгрөг, алданги 1 664 287 төгрөг, нийт 5521 056 төгрөг, 2020 оны 02 сарын 22-ны өдөр авсан зээлээс төлөөгүй үлдсэн 237 855 төгрөг, нийт 5 758 911 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1, 16 дахь талууд/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* ******* ХХК нь барьцаат зээлийн үйлчилгээ эрхэлдэг бөгөөд энэ үйлчилгээний хүрээнд хариуцагч *******д 2020 оны 07 сарын 10-ны өдөр 1 200 000 төгрөгийг хоногийн 1 хувийн хүүтэй олгосон, улмаар хүүгээс хүү, алданги бодогдсоор 2020 оны 10 сарын 30-ны өдөр 2,0 сая төгрөгийг сарын 6,9 хувийн хүүтэй зээл болгож, нэхэмжлэгч компаниас гаргасан болгоод буцаагаад гаргасан дансандаа төлүүлсэн болох нь тогтоогдсон байна. /хх-ийн 73 дахь тал/

Мөн хариуцагч *******д 2020 оны 12 сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөгийг хоногийн 1 хувийн хүүтэй олгож, зээл болон хүү төлөгдөхгүй байсан учир 1 хувийн хүү болох 1 050 000 төгрөгийг нэмж, 2020 оны 01 сарын 21-ний өдөр 6 050 000 төгрөгийг сарын 6,9 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай авсан гэж зээлийн гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбараар нотлогдсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, зохигдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл-ийн тухай ойлголтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. Тухайлбал: нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас хариуцагч *******д анх зээл олгохдоо болон мөн дараа дараагийн удаа олгож байгаа зээл нь хариуцагчид зээл олгох гэхээсээ илүү өмнө нь авсан зээлийн төлбөрийг төлүүлэх зорилгоор олгож байгаа хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн хэлцлийн шинжтэй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Иймд нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.                Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 02-ны өдрийн 138/ШШ2020/01071 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 60 дугаар зүйлийн 1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.лээгү хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэ

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА

З.ЭНХЦЭЦЭГ