Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2022/03612

 

 

 

 

 

 

 

 

 

2022        08           23                                     101/ШШ2022/03612

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

*******,*******,*******,*******, Боржигон овогт Цэрэндорж Эрдэнэбямба /ЧТ78010715/-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Сүхбаатар дүүрэг,*******,*******,*******,

гуравдагч этгээд- Баянгол дүүрэг,,,,

ахлах шийдвэр гүйцэтгэгчийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/10, 8/12 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Ганбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбямба нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/12, 8/13 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 981 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Эрдэнэбямбаас 472,133,333 төгрөгийг гаргуулж, Эм даблви кредит ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн байсан. Зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан орон сууц, авто зогсоол зэргийг шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжлэн, хурааж, үнэлгээ тогтоосон. Харин шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс албадан дуудлага худалдааны тогтоолыг нэхэмжлэгчид танилцуулах, мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдааны тогтоол мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлэх боломжгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Монгол шуудан ХК-иар хүргэсэн эсэх нь ч тодорхойгүй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж тэмдэглэл үйлдэхээр байгаа. Гэтэл анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гарсан байхад төлбөр төлөгч Эрдэнэбямбад үүнийг мэдэгдэх ажиллагаа хийгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Эрдэнэбямбын гэрт очсон бол тэмдэглэл үйлдэх, хаалганд мэдэгдэл наасан бол түүнийгээ фото зургаар байдлаар баталгаажуулан гаргах байсан. Энэ байдал баримтаар нотлогдохгүй байна. Эрдэнэбямбын утас 24 цаг асаалттай байдаг. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч ганцхан 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ажиллагаа явуулсан байдаг. Төлбөр төлөгчид мэдэгдэх хуудас хүргүүлэх нь шат дараалалттай буюу эхлээд дуудан ирүүлж гардуулах, боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлэхээр байгаа. гэтэл энэхүү шат дараалсан арга хэмжээ хуульд заасны дагуу явагдсан эсэх нь тодорхойгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй шууд албадан дуудлага худалдааны тогтоолыг шууданд хийсэн байдаг. Иймд нэхэмжлэгч Ц.Эрдэнэбямбад анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг гардуулах ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч хийгээгүй гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00981 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1288 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10-р сарын 17-ны өдрийн 1195 дугаар тогтоолоор Ц.Эрдэнэбямбаас 476,658,500 төгрөгийг гаргуулж “Эм даблви кредит ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 12-р сарын 20-ны өдрийн 18260083 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямбад шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөөгүй тул Ц.Эрдэнэбямбын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032344 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө гудамж 57-2 дугаар байрны 43 тоот 89.65 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18260247/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 18260083/03 дугаар тогтоолоор хурааж, Ү-2206041865 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн*******,******* 79/Г дугаар байрны 3 тоот 120 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Ү-2206041866 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн*******,******* 79/Б дугаар байрны зоорийн давхарын 36 тоот хаягт байршилтай 18 мкв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 18260247/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 18260083/02 дугаар тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан хөрөнгийг Дамно ХХКомпани үнэлсэн.

Төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямба шинжээчийн үнэлгээнд шүүхэд гомдол гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/03602 дугаар шийдвэрээр орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах түхай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 402 дугаар магадлалаар гомдлыг хангахгүй орхиж, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6-р сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00874 дүгээр тогтоолоор, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гарсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Иймд Ц.Эрдэнэбямбын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032344 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө гудамж 57-2 дугаар байрны 43 тоот 89.65 мкв талбайтай 3 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8/12 дугаар тогтоолыг анхны албадан дуудлага худалдааны 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 4-186/13017 дугаар дуудлага худалдааны мэдэгдэлийн хамт, Хан-Уул дүүргийн*******,******* 79/Г дугаар байрны 3 тоот 120 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Ү-2206041866 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн*******,******* 79/Б дугаар байрны зоорийн давхарын 36 тоот хаягт байршилтай 18 мкв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8/10, 8/11 дугаар тогтоолыг, анхны албадан дуудлага худалдааны 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 4-186/13016 дугаар дуудлага худалдааны мэдэгдэлийн хамт тус тус төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямбад хүргүүлэх ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямбад тогтоол, мэдэгдэлийг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 11:10 цагт хүргэж оршин суугаа, бүртгэлтэй хаягаар очиход эзэнгүй байсан учир хаалганд нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 15:00 цагт ирж уулзах зарлан дуудах мэдэгдэл, шийдвэр биелүүлэх мэдэгдэл тус тус нааж үлдээсэн боловч дуудсан цагт ирээгүй тул 15:45 цагт Ц.Эрдэнэбямбын оршин суух хаяг болох Хан-Уул дүүргийн*******,******* 79/Г дугаар байрны 3 тоот хаягаар ШШГТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасны дагуу тогтоол, мэдэгдэлийг хүргүүлсэн. Иймд албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдэлийг хуульд заасны дагуу төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямбад хүргүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу түргэн шуурхай явуулах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс би 2016 онд Винс конкрейт ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбямбаас бетон зуурмаг авч анх танилцаж байсан. Ингээд 2016 оны 9-р сард барилгын хөөсөн хавтанг тус компанид бартераар нийлүүлж төлбөрт нь Баянгол дүүргийн 6-р хооо, Бэгдү хотхоны 57/2-43 тоотын 89.65 м.кв байрыг 150,000,000 төгрөгөөр бодон авсан. Тухайн байрыг надад хүлээлгэж өгөхдөө банк бус санхүүгийн байгууллагад цөөхөн хэдэн төгрөгийн барьцаанд тавьсан байгаа зээлээ дуусгаад шилжүүлж өгөхөөр ярилцсан тохирсон. Энэ цагаас тус байранд одоог хүртэл эхнэр хүүхдийн хамтаар амьдарч байна. Саяхан Ц.Эрдэнэбямбатай уулзахад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан дуудлага худалдаагаар уг орон сууц бусдад худалдагдсан гэж сонссон. Би 2014 оноос хойш байрны асуудлаар явж байгаа хаана хандахаа мэдэхгүй байсан. Уг орон сууцны албадан дуудлага худалдааны талаар надад мэдэгдээгүй. Би гэр орноо авч үлдэхийн тулд мөнгө төгрөгийг нь төлөөд авах боломжтой байхад шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдээгүй учраас гомдол гаргаад байгаа. Энэ хаягт 2016 оноос хойш амьдарч байхад надад мэдэгдэх боломжтой байсан. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн байр сууринаас оролцож байна гэв.

 

4. Нотлох баримт:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /1-р хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-3/, Ц.Эрдэнэбямбын иргэний үнэмлэх хуулбар /1-р хх-5/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021-8-12-ны өдрийн 4/462 дугаартай хариу мэдэгдэх хуудас /1-р хх-12/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2021-08-18-ны өдрийн 04/1812 дугаартай албан бичиг /1-р хх-13-14/, тус шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 2021-08-26-ны өдрийн 101/ШЗ2021/13673 дугаартай захирамж /1-р хх-15-17/, Ц.Эрдэнэбямбаас Д.Баясгаланд олгосон итгэмжлэл /1-р хх-19/, ШШГЕГазрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021-9-8-ны өдрийн 4-186/16657 дугаартай мэдэгдэл /1-р хх-41/, 2021-9-14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-42/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021-09-02-ны өдрийн 4/513 дугаартай хариу мэдэгдэх хуудас /1-р хх-45/, ШШГЕГазрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021-9-2-ны өдрийн 4-186/16288 дугаартай мэдэгдэл /1-р хх-46/, ШШГЕГазрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021-9-8-ны өдрийн 4-186/16656 дугаартай мэдэгдэл /1-р хх-47/, Монгол шуудан ХК-ийн 2021-10-28-ны өдрийн 09/783 дугаартай тодорхойлолт /1-р хх-81-83/, шинжээч томилох тухай 2018-05-16-ны өдрийн 124 дугаартай тогтоол /2-р хх-129/, анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021-7-20-ны өдрийн 8/12 дугаартай тогтоол /2-р хх-130/, ШШГЕГ-н нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021-7-22-ны өдрийн 4-186/13017 дугаартай мэдэгдэл /2-р хх-131/ зэргийг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан байна.

 

/1-р хавтаст хэргийн хх-6-11, 2-р хавтаст хэргийн 137 дүгээр талд авагдсан баримт нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх бөгөөд нотлох баримтаар үнэлээгүй болно/

 

Хариуцагчийн итгэмжлэл /1-р хх-48-49, 157, 2-р хх-75/, хариу тайлбар /1-р хх-61-64, 77-78, 2-р хх-76/, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг 18260083 дугаартай /1-р хх-65/, Ц.Эрдэнэбямбын лавлагаа /1-р хх-66, 2-р хх-33/, шийдвэр гүйцэтгэгчийн 2021-07-23-ны өдрийн тэмдэглэл /1-р хх-67, 68, 2-р хх-22/, анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021-07-20-ны өдрийн 8/11 дугаартай тогтоол /1-р хх-69, 100, 2-р хх-21/, 8/10 дугаартай тогтоол /1-р хх-70, 99, 2-р хх-20/, ШШГЕГазрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021-7-22-ны өдрийн 4-186/13016 дугаартай мэдэгдэл /1-р хх-71/, анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021-7-20-ны өдрийн 8/12 дугаартай тогтоол /1-р хх-72, 102, 2-р хх-18/, ШШГЕГазрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021-7-22-ны өдрийн 4-186/13017 дугаартай мэдэгдэл /1-р хх-73, 101, 2-р хх-8/, шийдвэр гүйцэтгэгчийн 2021-7-23-ны өдрийн тэмдэглэл /1-р хх-74-75/, Хан-Уул дүүргийн засаг даргын 2021-7-23-ны өдрийн тодорхойлолт /1-р хх-76, 2-р хх-9/, 2021-8-12-ны өдрийн огноотой дугтуй /1-р хх-92/, 2021-8-12-ны өдрийн зарлан дуудах мэдэгдэл /1-р хх-93/, 2021-8-12-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /1-р хх-94/, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2021-8-12-ны өдрийн мэдэгдэх хуудас /1-р хх-95, 2-р хх-37/ ШШГЕГазрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021-8-9-ний өдрийн 4-186/14262 дугаартай мэдэгдэл /1-р хх-96, 2-р хх-34/, 2021-7-23-ны өдрийн огноотой дугтуй /1-р хх-97/, ШШГЕГазрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021-7-22-ны өдрийн 4-186/13016 дугаартай мэдэгдэл /1-р хх-98, 2-р хх-19/, тус шүүхийн 2017-3-21-ний өдрийн 101/ШШ2017/00981 дугаартай шийдвэр /1-р хх-158-159/, Эм даблви кредит ББСБ ХХК-ийн 2017-12-18-ны өдрийн хүсэлт /1-р хх-160/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-05-31-ний өдрийн 1288 дугаартай магадлал /1-р хх-161-163/, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017-10-17-ны өдрийн 01195 дугаартай тогтоол /1-р хх-164-166/, тус шүүхийн шүүгчийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2017-11-28-ны өдрийн 101/ШЗ2017/20319 дугаартай захирамж /1-р хх-167/, 1916 дугаартай гүйцэтгэх хуудас /1-р хх-168/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2017-12-20-ны өдрийн 18260083 дугаартай тогтоол /1-р хх-169/, Эмдаблви кредит ББСБ ХХК, Ц.Эрдэнэбямба нарын байгуулсан барьцааны гэрээ /1-р хх-170-180/, Нийслэлийн шүүхийн шидйвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст хандсан 2018-01-30-ны өдрийн 4/1967, 4/1966 дугаартай албан бичиг /1-р хх-181/, Эмдаблви кредит ББСБ ХХК-ийн төлөөлөгч томилсон итгэмжлэл /1-р хх-182, 2-р хх-17, 24/, шийдвэр гүйцэтгэгчийн 2018-01-30-ны өдрийн тэмдэглэл /1-р хх-183-184/, Хан-Уул дүүргийн, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн хариу албан бичиг /1-р хх-184, 185/, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018-03-06-ны өдрийн 18260083/01 дугаартай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1-р хх-187-188/, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018-3-27-ны өдрийн 18260247/01 дугаартай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1-р хх-189-190/, Эмдаблви кредит ББСБ ХХК-ийн 2018-4-12-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хаягласан албан бичиг /1-р хх-191/, эд хөрөнгө тухай 2018-5-3-ны өдрийн 18260083/02 дугаартай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Ц.Эрдэнэбямбын гаргасан үнийн санал /1-р хх-192-194/, эд хөрөнгө хураах тухай 2018-5-3-ны өдрийн 18260083/03 дугаартай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1-р хх-195-196/, Эмдаблви кредит ББСБ ХХК-ийн шинжээч томилуулах албан бичиг /1-р хх-197, 198/, шинжээч томилох тухай 2018-5-16-ны өдрийн 124 дугаартай тогтоол /1-р хх-199, 200, 212/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээнийй тайлан /1-р хх-201-211, 213-214/, тус шүүхийн шүүгчийн Ц.Эрдэнэбямбын нэхэмжлэлийг буцаах тухай 101/ШЗ2019/14259 дугаартай захирамж /1-р хх-215/, тус шүүхийн мэдэгдэх хуудас /1-р хх-216, 2-р хх-1/, хариуцагчийн хариу тайлбар, төлөөлөгч томилсон итгэмжлэл /1-р хх-217, 218, 231, 233, 2-р хх-2-3/, Волднэт ХХК, Винс конкрейт ХХК нарын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн захиалгын гэрээ /1-р хх-219-224/, Н.Эрдэнэчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /1-р хх-225-226, 232/, тус шүүхийн 2018-10-30-ны өдрийн 101/ШШ2018/03325 дугаартай шийдвэр /1-р хх-227-229/, Нийсэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018-10-2-ны өдрийн албан даалгавар /1-р хх-230/, тус шүүхийн мэдэгдэх хуудас /1-р хх-234, 2-р хх-4/, ШШГЕГазрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018-8-27-ны өдрийн 4/13409 дугаартай мэдэгдэл /1-р хх-235, 236, 237, 238/, тус шүүхийн шүүгчийн 2018-8-16-ны өдрийн хүсэлт шийдсэн захирамж /1-р хх-239/, засгийн газрын мэдээ сонины хуулбар /1-р хх-240-241/, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2018-8-15-ны өдрийн 8/2 дугаартай тогтоол /1-р хх-242/, 8/3 дугаартай тогтоол /1-р хх-243/, 8/4 дугаартай тогтоол /1-р хх-244/, ШШГЕГазрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018-6-5-ны өдрийн 4/9705 дугаартай мэдэгдэл /1-р хх-245/, Дамно ХХК-ийн мөнгөний орлогын баримт, үнэлгээний дүгнэлт /1-р хх-246-250/, тус шүүхийн 2019-12-17-ны өдрийн 03602 дугаартай шийдвэр /2-р хх-5-7/, Баянзүрх дүүргийн 26-р хорооны засаг даргын 2021-7-23-ны өдрийн тодорхойлолт /2-р хх-10/, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021-6-25-ны өдрийн 00874 дугаартай тогтоол /2-р хх-11-13/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020-2-17-ны өдрийн 402 дугаартай магадлал /2-р хх-14-16/, шийдвэр гүйцэтгэгчийн 2021-7-26-ны өдрийн тэмдэглэл /2-р хх-23, 55-58/, албадан дуудлага худалдаа, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл /2-р хх-26-29, 59-61/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /2-р хх-30, 31, 38-39, 46, 64, 66/, Ц.Эрдэнбямбын бүртгэлтэй хаяг нэртэй фото зураг /2-р хх-32/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэл /2-р хх-35-36, 43, 44, 45, 67/, Ц.Эрдэнэбямбын ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан хүсэлт /2-р хх-40, 52, 68, 71/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021-8-12-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас /2-р хх-41, 53/, ШШГЕГазрын нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4-186/15154, 4-186/15155, 4-186/16288, 4-186/16656, 4-186/16657 дугаартай мэдэгдэл /2-р хх-47, 49, 54, 63, 65/, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021-8-17-ны өдрийн 9/5, 9/4 дугаартай тогтоол /2-р хх-48, 50/,  Х.Ганбатын шийдвэр гүйцэтгэгчид 2021-12-р сард гаргасан өргөдөл /2-р хх-72/ зэргийг хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Ганбатын хүсэлт, хаягийн тодорхойлолт, СӨХ-ны тодорхойлолт, иргэний үнэмлэх хуулбар /1-р хх-148-153, 2-р хх-132-136/, Х.Ганбатаас авах авлагын тооцоо нэртэй хүснэгт /1-р хх-154, 155/, Ц.Эрдэнэбямба, Х.Ганбат нарын гарын үсэг зурсан хэлцэл /1-р хх-156/ зэргийг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбямба нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/10, 8/12 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ албадан дуудлага худалдааны тогтоолыг төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямбад танилцуулах, мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, шийдвэр гүйцэтгэгч ганцхан 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ажиллагаа явуулсан тэмдэглэл үйлдсэн, төлбөр төлөгчид мэдэгдэх хуудас хүргүүлэх шат дараалсан арга хэмжээг авалгүйгээр шууд албадан дуудлага худалдааны тогтоолыг шууданд хийсэн, нэхэмжлэгч Ц.Эрдэнэбямбад анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг гардуулах ажиллагаа хийгээгүй гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэсэн үндэслэлээ тайлбартаа шүүхийн шийдвэрээр Ц.Эрдэнэбямбаас 476,658,500 төгрөгийг гаргуулж “Эм даблви кредит ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 12-р сарын 20-ны өдрийн 18260083 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямбад шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөөгүй тул түүний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, үнэлгээ тогтоосон бөгөөд төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямба нь үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаснаар гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн анхан шат, давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6-р сарын 25-ны өдрийн тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тиймээс Ц.Эрдэнэбямбын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032344 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө гудамж 57-2 дугаар байрны 43 тоот 89.65 мкв талбайтай 3 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8/12 дугаар тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 4-186/13017 дугаартай мэдэгдэлийн хамт, Хан-Уул дүүргийн*******,******* 79/Г дугаар байрны 3 тоот 120 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Ү-2206041866 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн*******,******* 79/Б дугаар байрны зоорийн давхарын 36 тоот хаягт байршилтай 18 мкв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8/10, 8/11 дугаар тогтоолыг, анхны албадан дуудлага худалдааны 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 4-186/13016 дугаар дуудлага худалдааны мэдэгдэлийн хамт төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямбад хүргүүлэх ажиллагааг явуулахад төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямба оршин суух бүртгэлтэй хаягтаа эзэнгүй байсан учир хаалганд нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 15:00 цагт ирж уулзах зарлан дуудах мэдэгдэл, шийдвэр биелүүлэх мэдэгдэл нааж үлдээсэн, Ц.Эрдэнэбямбын оршин суух хаяг болох Хан-Уул дүүргийн*******,******* 79/Г дугаар байрны 3 тоот хаягаар тогтоол, мэдэгдэлийг хүргүүлэх ажиллагаа хийгдсэн нь хуульд заасны дагуу төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямбад хүргүүлсэн гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03-р сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00981 дугаар шийдвэрээр Ц.Эрдэнэбямбаас 472,133,333 төгрөгийг гаргуулж, Эм Дабльви кредит ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1288 дугаар магадлалаар дээрх шийдвэрт ...Ц.Эрдэнэбямба шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн*******,*******, 79Б байр, зоорийн давхрын 36 тоот, 18 м.кв талбай бүхий авто зогсоол, Хан-Уул дүүргийн*******, Зайсан Тэнгэр рашаан гудамж, 79Г байр, 3 тоот хаягт байрлах, 120 м.кв талбайтай орон сууц, Баянгол дүүргийн, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 57-2 байр, 43 тоот хаягт байрлах 89.65 м.кв талбайтай орон сууц болон 17-85 УБП улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн лексус RX350 маркийн автомашины үнийн дүнгээс үүргийг гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж... өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2017/01195 дугаар тогтоолоор ...Ц.Эрдэнэбямбаас 466,133,333 төгрөг гаргуулж, Эм даблви кредит ББСБ ХХК-д олгож, ...хариуцагч Ц.Эрдэнэбямба нь зээлийн үүргийг сайн дураар биелүүлээгүй бол Эм даблви кредит ББСБ ХХК нь фидуцийн зүйл болох 17-85 УБП улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Лексус RX 350 маркийн автомашинаар хангуулах эрхтэйгээс гадна барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн*******,*******, 79Б байр, зоорийн давхрын 36 тоот, 18 м.кв талбай бүхий авто зогсоол, Хан-Уул дүүргийн*******, Зайсан Тэнгэр рашаан гудамж, 79Г байр, 3 тоот хаягт байрлах, 120 м.кв талбайтай орон сууц, Баянгол дүүргийн, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 57-2 байр, 43 тоот хаягт байрлах 89.65 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандах эрх гэж өөрчилж шийдвэрлэсэн байна /1-р хх-158-160, 161-163, 164-166/.

 

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гарч, мөн өдөр 1916 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, эдгээрийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 18260083 дугаартай тогоолыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарсан байна /1-р хх-169/.

 

Төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямба нь дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг сайн дураар төлөөгүй тул барьцааны зүйл болох Ц.Эрдэнэбямбын өмчлөлийн орон сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 18260083/01, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18260247/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 18260083/02, 18260083/03 дугаартай тогтоолоор хураасан байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд маргаагүй.

 

Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямбын өмчлөлийн Хан-Уул дүүргийн*******,*******, 79Б байр, зоорийн давхрын 36 тоотын 18 м.кв талбай бүхий авто зогсоол, Хан-Уул дүүргийн*******, Зайсан Тэнгэр рашаан гудамж, 79Г байр, 3 тоотод байрлах, 120 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Баянгол дүүргийн, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 57-2 байрны 43 тоотод байрлах 89.65 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар

- төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямбын гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШЗ2019/14259 дугаар захирамжаар буцааж /1-р хх-215/,

- Н.Эрдэнэчимэг /төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямбын эхнэр/-н гаргасан гомдлын шаардлагыг тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03325 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож /1-р хх-227-229/,

- төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямбын гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/03602 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож /2-р хх-5-7/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 402 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00874 дугаартай тогтоолоор дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн байна /2-р хх-14-16, 11-13/.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж гэж заасан тул дээрх хөрөнгийн үнэлгээний тайлан гарах хүртэлх хугацаанд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагааг хуульд нийцсэн эсэхийг хянах шаардлагагүй гэж үзлээ.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” гэж, хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна” гэж тус тус зохицуулжээ.

 

Тиймээс төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямбын үнэлгээний талаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2021/00874 дугаартай тогтоол 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гарсан байх бөгөөд төлбөр төлөгчийн зүгээс өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай ямар нэгэн санал гаргаагүй байх тул дээрх хуулийн зохицуулалтын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 8/12, 8/10, 8/11 дугаартай тогтоолыг гаргаж, 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр болох анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 4-186/13016, 4-186/13017 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хүргүүлсэн байна /2-р хх-20, 21, 18, 8, 19/.

 

Дээрх мэдэгдэл, тогтоолыг буюу 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолыг төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямбад биечлэн гардуулж, мэдэгдээгүй, дуудан ирүүлэх ажиллагаа хийгээгүй, танилцуулаагүй гэж нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргаж байх тул энэ талаар дүгнэлт хийх нь зүйтэй.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлд “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлийн” талаар, 14 дүгээр зүйлд “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдэгдэх хуудасны” талаар буюу хуулийн 14.1-т “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна” гэж, 14.3-т “шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ” гэж, 14.4-т “шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно” гэж тус тус зохицуулжээ.

 

Тайлбарлавал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийг дуудан ирүүлснээр түүнд мэдэгдэх хуудсыг гардуулах бөгөөд ингэж дуудах боломжгүй тохиолдолд биечлэн очих, эсхүл баталгаат шуудан, утасаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэхээр байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 8/10, 8/11, 8/12 дугаартай тогтоолууд гаргасан байх бөгөөд эдгээр тогтоолыг төлбөр төлөгчид мэдэгдэх, хүргүүлэхээр шийдвэр гүйцэтгэгч нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямбын эхнэр Эрдэнэчимэгт 88111906 дугаарын утсаар холбогдон мэдэгдэж, төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямбын 96641308 дугаарын утас руу залгаад утсаа аваагүй, гэрийн хаягаар очоод эзэнгүй, хаалганд мэдэгдэл үйлдсэн талаар тус тус тэмдэглэл үйлдэж, 79Г байрны, 3 дугаартай мэдэгдэл наасан хаалганы зураг зэргийг тэмдэглэлд хавсаргасан байна /2-р хх-8-р хуудас арын нүүр, 9-р хуудас арын нүүр, 10-р хуудас арын нүүр, 13-р хуудас арын нүүр, 22/.

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 4-186/13016, 13017 дугаартай мэдэгдэлд төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямбын хаягийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав 107 дугаар байрны 13 тоот гэж бичсэн байх боловч /2-р хх-8, 19/ шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэлд Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан тэнгэр, 79г байрны 3 тоотод очсон, хаяг шалгасан талаар тэмдэглэл үйлдэж /2-р хх-9-р хуудас арын нүүр, 10-р хуудас арын нүүр/, Хан-Уул дүүргийн 11-р хорооны засаг дарга 2021-7-23-ны өдөр 79г байрны 3 тоотод Ц.Эрдэнэбямба нь ам бүл 5 оршин суудаг болохыг /2-р хх-9/, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны засаг дарга 2021-07-23-ны өдөр Ц.Эрдэнэбямба тус хороонд бүртгэлгүй болохыг /2-р хх-10/ тус тус тодорхойлсон байна.

 

Түүнчлэн 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэлд анхны АДХ-ны зарын 12 дугаарт бичигдсэн Баянгол дүүргийн 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 57/2 дугаар байрны 43 тоотод байрлах, 89,65 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 100,500,000 төгрөгөөр худалдан борлогдсон, зарын 10-рт бичигдсэн Хан-Уул дүүрэг, 11-р хороо,******* 79/Г байрны 3 тоотод байрлах 120 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, 11-рт бичигдсэн 79/б байрны зоорийн давхарын 36 тоотын 18 м.кв талбайтай автозогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгөд санал ирээгүй талаар тэмдэглэсэн байна /2-р хх-26-29/.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардага болох 8/10 дугаар тогтоолд дурдагдсан Хан-Уул дүүргийн 11-р хороо,******* 79/Г байрны 3 тоотын 4 өрөө орон сууц, 8/11 дугаар тогтоолд дурдсан 79/б байрны зоорийн давхарын 36 тоотын авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй байна.

 

Харин 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар Баянгол дүүргийн 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 57/2 дугаар байрны 43 тоотод байрлах, 89,65 м.кв талбайтай 3 өрөө орон сууц худалдан борлогдсон талаар 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр төлбөр төлөгчийн эхнэр Эрдэнэчимэгт утсаар мэдэгдсэн /2-р хх-31/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 4-186/14262 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямбад хүргүүлэхээр баталгаат шууданд хийсэн /2-р хх-34/ талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 2021 оны 8 дугаар сарын 11, 12-ны өдөр үйлдэгдсэн байна /2-р хх-30, 38-39/.

 

7. Ийнхүү 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй буюу худалдан борлогдоогүй төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямбын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо,******* 79/Г байрны 3 тоотод байрлах 120 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11-р хороо, зайсан тэнгэр рашаан гудамж 79/б байрны зоорийн давхарын 36 тоотын 18 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дууддлага худалдаанд оруулах 9/4, 9/5 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гарч /2-р хх-50, 48/, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр болох хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 4-186/15154, 4-186/15155 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямбад хүргүүлэхэд 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Ц.Эрдэнэбямбын эхнэр Н.Эрдэнэчимэг гэж хүлээн авсан байна /2-р хх-47,-50/.

 

Тиймээс 2021 оны 09 дүгээр сарын 3-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэлийн 11-рт нь хоёр дахь АДХ-ны зарын 4-рт бичигдсэн Хан-Уул дүүрэг, 11-р хороо,******* 79/Г байрны 3 тоотын 120 м.кв талбайтай 4 өрөө орон сууц гэж бичигдсэн /2-р хх-60-р хуудас арын нүүр/ байх бөгөөд уг орон сууц худалдан борлогдсон талаарх 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 4-186/16657 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямба 2021 оны 9-р сарын 8-ны өдөр гардан авч /2-р хх-65/, мөн өдөр хөтлөгдсөн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд гарын үсэг зурсан байна /2-р хх-66/.

 

8. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан Монгол шуудан ХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 09/783 дугаартай албан бичигт “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэн Ц.Эрдэнэбямбад илгээсэн албан бичгүүдийг дараах байдлаар гардуулсан байна гээд 2021-7-23-ны өдөр “79г-3 тоот, Хан-Уул дүүргийн 11-р хороо” хаягаар илгээсэн RD156308798MN бүртгэлийн дугаартай албан бичгийг хаягийн дагуу очих бүрт эзэнгүй, мэдэгдэл үлдээсэн боловч ирж аваагүй тул буцаасан...” талаар дурдсан /1-р хх-81/ байх боловч хэргийн нэгдүгээр хавтасны 97-р талд авагдсан RD156308798 MN дугаартай, 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн огноо бичигдсэн дугтуйнд наасан шуудангийн магадлагаанд “хаягаар хэд хэдэн удаа очоод эзэнгүй, салбараас авна гээд аваагүй” гэх тэмдэглэгээ 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хийгдсэн байна /1-р хх-97/.

 

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчийн шаардлага болох ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8/10 дугаартай тогтоолд дурдсан Хан-Уул дүүргийн 11-р хороо,*******ны 79/Г байрны 3 тоотын 120 м.кв талбайтай 4 өрөө орон сууц нь анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй байх бөгөөд уг тогтоол гарсан болохыг төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямба мэдснээр 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдол гаргаж шийдвэрлүүлсэн байна.

 

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13-т “энэ хуулийн 71.10-т заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй” гэж заасан хугацаанд буюу 2021 оны 08 дугаар сарын 20-ны дотор төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх шилжүүлэхийг анхааруулсан 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 4-186/14262 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч Ц.Эрдэнэбямбад өгсөн байна.

 

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмаар явуулсан, ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна.

 

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний талаар буюу шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хийх ажиллагааг зохицуулсан бөгөөд хуулийн 44.3-т “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэж, 44.4-т “ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заажээ.

 

Тиймээс Ц.Эрдэнэбямба нь анхны албадан дуудлага худалдааны тогтоол, уг тогтоолын дагуу худалдан борлогдсон орон сууцны талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гаргасан гомдлын хариуг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 4/462 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар /1-р хх-12/, 2021 оны 8/10, 8/12 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцуулахаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдлын хариуг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх алба 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 04/1812 дугаар албан бичгээр тус тус хариу өгсөн байна /1-р хх-13-14/.

 

Түүнчлэн дуудлага худалдаагаар худалдан борлогдсон эд хөрөнгийг дуудлага худалдааны ялагчийн өмчлөлд шилжүүлэхгүй байхыг хүссэн хүсэлтийг Ц.Эрдэнэбямба нь 2021 оны 8 дугаар сарын 20, 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрүүдэд гаргасан байна /2-р хх-52, 68/.

 

11. Иймд нэхэмжлэгч Ц.Эрдэнэбямба нь шүүхийн шийдвэрээр баталгаажсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч болон шүүхийн шийдвэрт төлбөр төлүүлэхээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилэн хурааж, эд хөрөнгийг үнэлүүлж, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах зэрэг ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байх тул дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Эрдэнэбямбын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй шүүх дүгнэв.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн урьдчилан 2021-08-18-ны өдөр төлсөн 70,2000 төгрөг, 2021-09-14-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8/10, 8/12 дугаартай анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Эрдэнэбямбын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Эрдэнэбямбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                             Д.ЯНЖИНДУЛАМ