Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00139

 

Ц.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/03634 дугаар шийдвэртэй,

Ц.Эын нэхэмжлэлтэй, Нгазарт холбогдох,

Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 8/12, 8/10 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0981 дүгээр шийдвэрээр Ц.Эаас 476,658,500 төгрөгийг гаргуулж “Э” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Тэнгэр рашаан гудамж, 79б байрны зоорийн давхрын 36 тоот 18 м.кв талбай бүхий автозогсоол, мөн байрны 03 тоот 120 м.кв талбайтай орон сууц, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, гудамж 57 дугаар байрны 2 тоот, 89.65 м.кв талбайтай орон сууцыг төлбөр төлөгч Ц.Эа надад мэдэгдэлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан байна.

Уг ажиллагааг хийхдээ төлбөр төлөгчийг дуудаагүй, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг надад танилцуулаагүй, танилцуулсан талаар тэмдэглэл хөтлөөгүй, эрх үүргийг тайлбарлан өгөөгүй. Миний гар утас 24 цаг асаалттай байдаг, оршин суух хаяг огт өөрчлөгдөөгүй буюу шийдвэр гүйцэтгэгчид мэдүүлсэн зүйл өөрчлөгдөөгүй. 

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хариу мэдэгдэх хуудсанд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн гэдэг боловч мэдэгдэл, тогтоол нь миний хаягаар ирээгүй, мөн миний гар утсаар мэдээлэл ирээгүй юм. Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Дээрх хуулийн заалтад боломжгүй гэдэг үг нь төлбөр төлөгчийг эхлээд дуудан ирүүлэх, эрх үүргийг танилцуулах, хууль сануулах, мэдэгдэл, тогтоолыг гардуулан өгөхийг нарийвчлан заасан ажиллагааг хийгээгүй. Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгчид хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй.

Тиймээс ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/12, 8/10 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00981 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1288 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1195 дугаар тогтоолоор Ц.Эаас 476,658,500 төгрөгийг гаргуулж “Э” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 18260083 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Ц.Эад шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөөгүй тул Ц.Эын өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032344 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 57-2 дугаар байрны 43 тоот 89.65 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18260247/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 18260083/03 дугаар тогтоолоор хурааж, Ү-2206041865 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тэнгэр рашаан гудамж 79/г дугаар байрны 3 тоот 120 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Ү-2206041866 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тэнгэр рашаан гудамж 79/б дугаар байрны зоорийн давхрын 36 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 18260247/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 18260083/02 дугаар тогтоолоор хураасан.

 

Төлбөрт хураагдсан хөрөнгийг “Дамно” ХХК үнэлсэн. Төлбөр төлөгч Ц.Эа шинжээчийн үнэлгээнд шүүхэд гомдол гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/03602 дугаар шийдвэрээр орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 402 дугаар магадлалаар гомдлыг хангахгүй орхиж, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00874 дүгээр тогтоолоор, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гарсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Иймд Ц.Эын өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032344 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 57-2 дугаар байрны 43 тоот 89.65 мкв талбайтай 3 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/12 дугаар тогтоолыг анхны албадан дуудлага худалдааны 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 4-186/13017 дугаар дуудлага худалдааны мэдэгдлийн хамт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тэнгэр рашаан гудамж 79/Г дугаар байрны 3 тоот 120 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Ү-2206041866 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тэнгэр рашаан гудамж 79/б дугаар байрны зоорийн давхрын 36 тоот хаягт байршилтай 18 мкв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/10, 8/11 дугаар тогтоолыг, анхны албадан дуудлага худалдааны 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 4-186/13016 дугаар дуудлага худалдааны мэдэгдлийн хамт тус тус төлбөр төлөгч Ц.Эад хүргүүлэх ажиллагааг явуулсан.

Төлбөр төлөгч Ц.Эад тогтоол, мэдэгдлийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 11:10 цагт хүргэж оршин суугаа, бүртгэлтэй хаягаар очиход эзэнгүй байсан учир хаалганд нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15:00 цагт ирж уулзах зарлан дуудах мэдэгдэл, шийдвэр биелүүлэх мэдэгдэл тус тус нааж үлдээсэн боловч дуудсан цагт ирээгүй тул 15:45 цагт Ц.Эын оршин суух хаяг болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тэнгэр рашаан гудамж 79/г дугаар байрны 3 тоот хаягаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу тогтоол, мэдэгдлийг хүргүүлсэн.

Иймд албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг хуульд заасны дагуу төлбөр төлөгч Ц.Эад хүргүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу түргэн шуурхай явуулах боломжоор хангаж өгнө үү.

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нгазарт холбогдуулан гаргасан анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/10, 8/12 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Эын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргасан. Анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбараа дэмжиж байна. Мөн анхан шатны шүүх ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 4/186/13016, 8/10, 8/11 тогтоолыг тус тус мэдэгдсэн байна гэж дүгнэсэн үндэслэлгүй. Учир нь шүүх хурал дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх мэдэгдэл, тогтоолыг агуулсан 2 ширхэг дугтуйг задалж нотлох баримтаар гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, шуудангаар явуулсан гэх маргаан бүхий тогтоолууд, мэдэгдлүүд нэхэмжлэгчид хүргэгдээгүй, харин “Монгол шуудан” ХК-аас Нгазарт буцаан хүргүүлсэн, битүүмжлэлтэй шууданг шүүх хуралдаанд задалж нотлох баримтаар өгсөн. Нэхэмжлэгч “Монгол шуудан” ХК-аас дээрх маргаан бүхий тогтоол мэдэгдэл агуулсан шууданг хүлээн авсан талаарх тодорхойлолтыг шүүх хуралд нотлох баримтаар гаргаж өгсөөр байхад хүргэгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэл тогтоолыг хүргүүлэхээр 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн хаягаар очсон хаалган дээр нь зарлан дуудах наасан, эхнэртэй нь ярьсан гэх тэмдэглэл үйлдсэн, дээрх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тэмдэглэлийг үндэслэл болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүх мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ц.Эа нь хариуцагч Нгазарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/12, 8/10 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00981 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1288 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1195 дугаар тогтоол хэрэгт баримтаар авагдаагүй.

Хариуцагч байгууллага нь тайлбартаа дурдсан үйл баримтуудыг нотлох баримтыг гаргаж өгөөгүй байхад шүүх энэ талаар тодруулах ажиллагаа хийгээгүй.

Хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас гаргасан 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/10, 8/12 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гарах болсон үндэслэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан ажиллагаа дарааллын дагуу явагдсан байх нөхцөл байдал юм. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаа явуулах үндэслэл болсон ажиллагаанууд хийгдсэн гэх хариуцагчийн тайлбарыг тодруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбараа нотлох үүргийг сануулаагүй гэж үзнэ. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласан гэж тэмдэглэгдсэн байх боловч тэдгээрт уг эрхээ хэрэгжүүлээгүй, үүргээ гүйцэтгээгүйгээс үүсэх үр дагаврыг хэрхэн тайлбарласан талаар тусгаагүй байна. Ийнхүү эрх, үүргийг тайлбарлаагүйгээс хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх боломжоор хангагдаагүй гэж дүгнэнэ.

Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гомдлын дагуу үүсч буй тул хариуцагч байгууллага явуулж буй үйл ажиллагааны талаархи баримтаа гаргаж өгөх учиртай. Гэтэл хариуцагчийн тайлбарт буй үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан, шинжээчийн дүгнэлт гарсан, төлбөр төлөгч дүгнэлтээр гаргасан үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан, шүүх шийдвэрлэсэн гэх баримтууд хэрэгт баримтаар авагдаагүй тул хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбараа нотлоогүй үр дагаварт хүрэх юм. Хариуцагчийн тайлбарт нэхэмжлэгч тайлбар гаргаагүй нь дээрх үйл ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж үзэхгүй. Учир нь гомдлоор хянан хэлэлцэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай байдал нь маргааны талуудын тайлбараар хэргийн үйл баримтыг тогтоохгүй юм.

Иймд хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн,  шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдсэн гэж үзлээ.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/03634 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА