Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2020/00087

 

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э-д холбогдох,

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт  21 556 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: ......................шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Т  нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Э.Э оос 2015 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 11 дүгээр сард Австралиас орж ирсэн, 38 000 км гүйлттэй гэх Тоёото клугер маркийн автомашиныг 73 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Авахдаа өөрийн Кроун маркын машиныг 23 000 000 төгрөгөөр тооцож, Хас банкнаас 50 000 000 төгрөг зээлж авсан. Гэтэл Э.Э  нь ашиглалтын шаардлага хангахгүй, техникийн бүрэн бус тээврийн хэрэгсэл зарсан нь ашиглалтын явцад мэдэгдсэн. Үүнд: гүйлт 78 000км байсныг 32 000 км болгож санаатайгаар ухраасан, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр орж ирсэн гэсэн боловч 11 дүгээр сард орж ирсэн, машины салон дуу чимээ ихтэй, урд таван бул дугарсан, урд хоёр суудлын бус 2016 онд үйлдвэрлэгдсэн машины бүстэй, хойд суудлынх нь 2014 онд үйлдвэрлэгдсэн өөр машины суудалтай, урд хүрдний аппарат гажиж дуу орсон, хамгаалалт нь унасан, урд крыло, урд хаалга, урд хойд хаалга, баруун хаалга будагтай байсан. Ингээд Таван богд ХХК-ийн оношлогооны төвд оношлуулахад маш ноцтой тээврийн осолд орсон болох нь тогтоогдсон. Урд, доод булнууд эвдрэлтэй, баруун бул хятад булаар сольсон, бүх ослын дэрийг ажиллагаагүй болсон, дээрх мэдээллийг мэдээлэх үүрэгтэй гэрлүүдийг унтрааж хүний амь насанд аюултай үйлдлийг хийсэн байсан. Агааржуулагч А/С мөргөлтөөс үүдэлтэй механик гэмтэлтэй, ажилладаггүй, шил арчигч шингэний сав мөргөлтөөс үүдэлтэй гэмтэлтэй, урд суудлууд хөдөлгөөнтэй, бүх суудлууд өөрчлөлттэй, эсхүл эвдрэлтэй, дугуйн боолт дутуу, баруун болон хойд хаалгуудыг сольсон, аккумльятор солисон гэх дүгнэлтүүд гарсан. Энэ машины гэмтэл сүүлд мэдэгдсэн учраас Э.Э  руу ярьж буцаая гэхэд эхэндээ зөвшөөрч байсан ч сүүлдээ утасаа авахаа больсон. Ингээд Б.Т  хямд ч болтугай зараад, дараа нь учраа ольё гэж бодон 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Г.Баяррагчаа гэдэг хүнд 55 000 000 төгрөгөөр зарахад тэрээр эргээд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр энэ машин эвдрэлтэй байна гэж буцаасан. Энэ машины талаар судлахад Австралийн Засгийн газар, Австралийн Санхүүгийн Аюулгүй байдлын удирдах газрын серийн дугаар хайлтын гэрчилгээнд тусгагдсан дүгнэлтээр ашиглаж болохгүй, сэргээн засварлах боломжгүй гэмтэлтэй, замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон буюу сэлбэгээр хэрэглэх машин байсан. Б.Т  мэргэжлийн хувьд онгоцны нисгэгч, авто техникийн тусгай мэдлэгтэй гэдэг нь тогтоогдохгүй байх тул энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг няцаах үндэслэл болохгүй. Мөн машины гэмтлийн талаар Б.Т  Э.Э од ярьж байгаагүй гэх тайлбар нь нотлох баримтаар тогтоогдохгүй. Б.Т  нь Э.Э ын араас маш олон удаа явсан, Э.Э ын гэрийн гадаа Б.Т  өмгөөлөгчийн хамт “машинаа буцааж ав, цаашаа хүнд зарсан чинь хэл ам болоод байна” гэж хэлэхэд “өө тиймүү, би яаж ийж байгаад буцааж авъя” гэж хэлээд, хэлсэн үгэндээ хүрч машиныг Г.Баяррагчаагаас буцааж авсан. Буцааж авсан үндэслэл нь машины биет байдлын доголдол буюу эвдрэл гэмтэл байсан. Хэрвээ энэ машинтай Б.Т  эсхүл Г.Баяррагчаа явж байгаад осолд орсон бол гэмтэх байсан. Хүнд осолд орсны улмаас үүссэн гэмтлийг өнгөлөн далдлалтын хэлбэрээр зассан, үүнийгээ хариуцагч зөвшөөрсөн учраас машинаа буцааж авсан. Иймд хариуцагч нь биет байдлын доголдолтой, эвдрэл гэмтэлтэй машин зарсан учир Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар 73 000 000 төгрөгөөс буцаан авсан 55 000 000 төгрөгийг хасаж, үлдэх 18 000 000 төгрөг болон авто машин худалдаж авахад гарсан зардал болох банкнаас авсан зээлийн шимтгэл 500 000 төгрөг, даатгал, татвар, оношлогооны зардалд 816 000 төгрөг, банкнаас авсан зээлийн хүү 4 240 000 төгрөг нийт 23 556 000 төгрөгийг нэхэмжилсэн. Автомашинаа 23 000 000 төгрөгт биш 21 000 000 төгрөгт тооцож өгсөн тул тус шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 2 000 000 төгрөгөөр багасгаж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий машин шинэ машин биш, 2015 онд үйлдвэрлэгдсэн 30 000 гаруй км явсан. Нэхэмжлэгч анх өөрөө машинаа шалгаад аваад явахын зэрэгцээ өөрөө машиныг маш сайн мэддэг, дрифт сонирхдог, уралддаг, машины хоббитой, машины хувьд энгийн хүнээс хамаагүй өндөр  мэдлэгтэй хүн байсан. Зөвхөн нэг удаа ирээд үзээд аваагүй, хэд хэдэн удаа ирж уулзаж, машиныг үзэхийн зэрэгцээ бусад машиныг бас үзсэн. Маргаан бүхий машиныг 67 320 000 төгрөг зарж, үүнээс 3 000 000 төгрөгийг Б.Т  буцааж авсан. Нийт машины зарагдсан үнэ 64 320 000 төгрөг, үүнээс 18 000 000 төгрөгөнд нь машин бартердаж, үлдэгдлийг нь банкны зээлээр худалдаж авсан. Энэ машины эвдрэл гэмтлийн талаар Б.Т  Э.Э од огт ярьж байгаагүй. Харин нэг зүйлийг нь солиод гэсэн тул түүнийг нь сольж өгөхөөр ярилцсан. Мөн Б.Т  өндөр хүүтэй банкны зээл авсан хэцүү байна, 55 000 000 төгрөгөөр буцаагаад авчих гэсэн зүйл ярьж, тухайн үед Э.Э  мөнгөгүй байна гэх хариултыг өгсөн байдаг. Б.Т  ганцхан энэ машиныг авсан юм бол биш, өөр нэг машиныг нь найздаа зарж дундаас ашиг олох байдлаар, цаашлаад хамтарч бизнес хийх талаар ярилцсан байдаг ч сүүлдээ больсон байдаг. Энэ хэрэг 1999 онд батлагдсан авто тээврийн тухай хуулиар шийдэгдэнэ. Монгол Улсад Авто тээврийн тухай хуулиар авто тээврийн үзлэг, оношлогоо, авто тээврийн стандартыг зохицуулдаг. Худалдах, худалдан авах гэрээгээр эд хөрөнгийн тавигдах шаардлага нь зориулалтын дагуу ашиглах боломжтой хөрөнгийг биет байдлын доголдолгүй хөрөнгө гэж үздэг. Э.Э  зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгийг Б.Т т шилжүүлэх үүрэгтэй. Энэ машин авто тээврийн үзлэг оношлогоогоор 2 удаа орчихсон. Авто тээврийн хуулийн 18 дугаар зүйлд зааснаар Авто тээврийн стандартыг Монгол улс өөрөө тогтоодог, гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч Австралийн стандартыг яриад, үүнийхээ дагуу биет байдлын доголдол гэж яриад байгаа нь үндэслэлгүй. Та бидний унаж яваа машиныг Австралийн стандартаар оруулвал хангахгүй байх магадлалтай. Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17-д тээврийн хяналтын үзлэг гэж авто тээврийн хэрэгслийн техникийн байдлыг тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан оношлогчийн мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагад тулгуурлан стандартыг хангаж байгаа эсэхэд үзлэг оношлогоо хийж, хангаж, үнэлэх үйл ажиллагаа гэж заасан. Монгол улсын байгууллага энэ тээврийн хэрэгслийг Монгол улсын стандартыг хангаж байгаа эсэхийг 2 удаа үзэж тогтоосон. Энэ машиныг Б.Т  худалдаж авснаас хойш 2019 оны 6 дугаар сар хүртэл унаж байгаад Г.Баяррагчаад зарсан. Унаж байх хугацаандаа 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр дахин үзлэг оруулахад Монгол улсын стандартыг мөн хангасан. Тэгэхээр Иргэний хуулиар заасан биет байдлын доголдолгүй гэдэг нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн интернэтээс хуулбарлаж өгсөн баримт Монгол улсын стандарт биш, бас хаанаас хэвлэж гаргаж ирсэн болохыг мэдэхгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Иргэний хуулийн 256 дугаар зүйлийг үндэслэн шаардаж байгаа боловч Б.Т  болон Э.Э  нарын хоорондын харилцаа биш, Э.Э оос Б.Т  худалдаж аваад Г.Баяррагчаад зарсан зэрэг тусдаа бие даасан хэлцлүүд явагдаж байна. Тэгэхээр Б.Т  болон Э.Э ын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн, төлбөр тооцоогоо аваад дууссан. Э.Э  Г.Баяррагчаагаас машиныг худалдаж аваад мөнгийг шилжүүлсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй” гэв. 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Баяррагчаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Би 2019 оны 6 дугаар сард фэйсбүүкийн зарын дагуу мэдээлэл авч, уг машиныг сонирхож үзэхэд машины хойно тачигнасан чимээ гарч, мөн кондишн нь халуунаар үлээж байсан. Үүнийг Б.Т т хэлэхэд “хойно сул зүйл дуугарч байгаа байх” гээд кондишнийг оролдож байгаад “халуунаар үлээж байна, зүгээрээ” гэсэн худал тайлбар өгсөн. Маргааш нь бид дахин уулзалдахад “манай машинд ямар нэгэн асуудал огт байхгүй. Бид саяхан Дархан руу шороон замаар яваад ирсэн. Банкны асуудалтай, хямдхан зарж байгаа” гэж тайлбарлаж байсан. Ингээд бид 55 сая төгрөгөөр худалдаж авах ажиллагаа хийж, төлбөрийг төлөн машины эзэмшигчийн нэрийг миний нэр дээр шилжүүлсэн. Үүний маргааш бид Говьсүмбэр аймаг руу Налайхын шороон замаар зорчин явахад тоос шороо арын хаалгаар орж, арын хаалга онголзож, кондишн халуунаар үлээж, машины урд доод хэсэгт дуу гарч байсан. Бид Чойроос цааш шороон замаар зорчих байсан боловч уг асуудлаас болж Улаанбаатар руу буцаж, шөнөдөө Б.Т тэй холбогдож асуудлыг тайлбарлахад “тийм зүйл байхгүй, зүв зүгээр машин” гэж тайлбар өгсөн. Бид ярилцсаны эцэст маргааш нь уулзалдаж, уг асуудлуудыг өөрт нь харуулахад “надад буцааж өгөх мөнгө байхгүй, банкинд бүх мөнгөө өгсөн, та хоёр машинаа засуулчих, тэгээд дараа нь гарсан төлбөрийг хувааж, талыг нь өгье” гэсэн. Ингээд бид машины арын хаалганы дуу чимээг өөрсдийн зардлаар засуулсан. Гэвч кондишний асуудлыг олон газарт үзүүлсэн боловч засуулж чадаагүй. Ингээд Таван богд моторсд оношлогоо хийлгэхэд “мөргөлдсөн, аюулгүйн дэрүүд ажилласан” гэх дүгнэлт гарсан. Б.Т т үзүүлж “бид ийм бүрэн бус тээврийн хэрэгсэл авахгүй, буцаана” гэх шаардлага тавьсан. Б.Т  өөрт нь зарсан хүнтэй холбогдож хохиролгүй болгож өгнө гэсэн. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Э.Э  гэж хүн бидний хохиролыг барагдуулна гэж гарч ирж, 55 сая төгрөгийг нөхөр бид хоёрт шилжүүлж дууссаны дараа бид тээврийн хэрэгслийг Э.Э ын нэр рүү шилжүүлж, уг асуудал дуусгавар болсон. Би эдгээр хүмүүсийг хэнийг ч хохироогоогүй, мөн хэнд ч гомдолгүй учир уг асуудлыг миний оролцоогүй шийдвэрлэж өгнө үү” гэжээ.                 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т  нь хариуцагч Э.Э од холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 23 556 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 2 000 000 төгрөгөөр багасгаж, 21 556 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзвэл талууд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр автомашин худалдах, худалдан авах хэлцлийг амаар байгуулсан байх бөгөөд зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал болон 2289 УБВ улсын дугаартай Тоёота клугер маркийн автомашиныг Б.Т ийн өмчлөлд шилжүүлсэн, Б.Т өөс машины үнэд банкнаас зээлж авсан 50 000 000 төгрөгийг Э.Э  хүлээж авсан үйл баримтад маргаагүй, харин гэрээний үнэ болон гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл доголдолтой эсэхэд маргажээ. 

 

Нэхэмжлэгч гэрээний үнийн талаар “...Уг автомашиныг 71 000 000 төгрөгөөр худалдаж авсан. 50 000 000 төгрөгийг банкны зээлээр шилжүүлж, өөрийн өмчлөлийн Тоёота Кроун автомашинаа 21 000 000 төгрөгт тооцон шилжүүлсэн” гэж тайлбарласан, хариуцагч “...Б.Т ийн банкнаас зээлж авсан 50 000 000 төгрөгийг хүлээж авсан. Бартерын машиныг 18 000 000 төгрөгөөр тооцож авсан, тэгэхээр энэ машины үнэ 68 000 000 төгрөг. Үүнээс 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгч рүү буцаан шилжүүлсэн, 65 000 000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрнө” гэж маргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ямар үндэслэлээр Б.Т т 3 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болохоо тайлбарлаж чадаагүй тул шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж, уг худалдах худалдан авах гэрээний үнэ 71 000 000 төгрөг байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хэргийн нотлох баримтад зохигчийн тайлбар багтах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Баяррагчаагийн гаргасан “...уг машиныг Б.Т өөс худалдаж авч, ...шороон замаар зорчин явахад тоос шороо арын хаалгаар орж, арын хаалга онголзож, кондишн халуунаар үлээж, машины урд доод хэсэгт дуу гарч байсан. ...Таван богд моторс-д оношлогоо хийлгэхэд “мөргөлдсөн, аюулгүйн дэрүүд ажилласан байсан. Б.Т т машинаа буцаая гэхэд өөрт нь зарсан хүнтэй холбогдож хохиролгүй болгож өгнө гэсэн, ...хэсэг хугацааны дараа Э.Э  гэж хүн гарч ирж, 55 сая төгрөгийг буцааж өгсөн” гэх тайлбараар шүүх гэрээгээр Б.Т ийн өмчлөлд шилжсэн тээврийн хэрэгсэл Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт заасан биет байдлын доголдолтой эд хөрөнгө байсан гэж дүгнэв.  

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл түүнийг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргийнхээ хүрээнд шүүхэд гаргаж өгсөн Австралийн Засгийн газар, Австралийн санхүүгийн аюулгүй байдлын удирдах газрын хувийн өмчийн аюулгүй байдлын бүртгэлийн серийн дугаар хайлтын “...Австрали Хойд бүсд бүртгэлтэй, 5TDBK3FH10S155168 арлын дугаартай, Тоёота клугер маркийн автомашин, дахин засварлах боломжгүй маш хүнд их биений бүтцийн гэмтэл авснаар хөдөлгөөнд оролцох чадвараа бүрэн алдсан” гэх агуулга бүхий, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан гэрчилгээг хариуцагч үгүйсгэж татгалзсан татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар шаардах, хэрэв зориулалтаар ашиглахад боломжгүй байгаа бол гэрээг цуцлахаар шаардах эрхтэй.

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, зохигчдын харилцсан бичилцсэн зурваст үзлэг хийсэн бөгөөд нэхэмжлэгч Б.Т  2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Э.Э од “...амортизатор ирсэн үү, түлхүүрээ бас янзлуулчих юмсан”, “...амаржин бол ойлгомжтой болсон байна лээ бүр аймар дуугараад байгаа” гэх зурвас илгээснийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацаанд гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлсэн, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж тус тус үзэхээр байна.

 

Хариуцагч доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч Э.Э  Г.Баяррагчаад худалдсан автомашиныг буцаан авч, 55 000 000 төгрөгийг төлсөн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасантай нийцжээ.  

 

Хариуцагч “...нэхэмжлэгч машин маш сайн мэддэг, дрифт сонирхдог, уралддаг, машины хоббитой, машины хувьд энгийн хүнээс хамаагүй өндөр мэдлэгтэй болох нь түүний өмчлөлд олон машин байснаар нотлогдоно, мөн машиныг өөрөө шалгаад авч явсан” гэж тайлбарласан бөгөөд Б.Т  7 нэр төрлийн тээврийн хэрэгслийг өмнө нь өмчилж байсан, одоо түүний өмчлөлд 3 төрлийн тээврийн хэрэгсэл байгаа нь түүнийг энэ талаар тусгай мэдлэгтэй гэх үндэслэл болохгүй, маргаж буй автомашины доголдлыг мэдсээр байж худалдаж авсан гэдгийг нотлохгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алдаагүй юм. 

 

Иймд Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагчаас машины үнийн зөрүүд 16 000 000 төгрөг, автомашины даатгал, татвар, оношлогооны зардалд 816 000 төгрөг, банкнаас авсан зээлийн хүү 4 240 000 төгрөг нийт 21 056 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, харин нэхэмжлэгч банкнаас авсан зээлийн шимтгэлд 500 000 төгрөг төлсөн болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангахгүй орхив.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 263 230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Э оос 21 056 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Б.Т т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 263 230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ