Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00513

 

Б.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 183/ШШ2020/00087 дугаар шийдвэртэй

Б.Тийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Эод холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Б

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт  21 556 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Адъяхүү, хариуцагч Э.Э, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

            Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Адъяахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т нь 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Э.Эоос 2015 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 11 дүгээр сард Австралиас орж ирсэн, 38 000 км гүйлттэй гэх Тоёото клугер маркийн автомашиныг 73 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Авахдаа өөрийн Кроун маркийн машиныг 23 000 000 төгрөгөөр тооцож, Хас банкнаас 50 000 000 төгрөг зээлж авсан. Гэтэл Э.Э нь ашиглалтын шаардлага хангахгүй, техникийн бүрэн бус тээврийн хэрэгсэл худалдсан нь ашиглалтын явцад мэдэгдсэн. Гүйлт 78 000 км байсныг 32 000 км болгож санаатайгаар ухраасан, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр орж ирсэн гэсэн боловч 11 дүгээр сард орж ирсэн, машины салон дуу чимээ ихтэй, урд таван бул дуугарсан, урд хоёр суудлын бүс 2016 онд үйлдвэрлэгдсэн машины бүстэй, хойд суудлынх нь 2014 онд үйлдвэрлэгдсэн өөр машины суудалтай, урд хүрдний аппарат гажиж дуу орсон, хамгаалалт нь унасан, урд крыло, урд хаалга, урд хойд хаалга, баруун хаалга будагтай байсан. Ингээд “Таван богд” ХХК-ийн оношилгооны төвд оношлуулахад маш ноцтой тээврийн осолд орсон болох нь тогтоогдсон. Урд, доод булнууд эвдрэлтэй, баруун бул хятад булаар сольсон, бүх ослын дэрийг ажиллагаагүй болсон, дээрх мэдээллийг мэдээлэх үүрэгтэй гэрлүүдийг унтрааж хүний амь насанд аюултай үйлдлийг хийсэн байсан. Агааржуулагч А/С мөргөлтөөс үүдэлтэй механик гэмтэлтэй, ажилладаггүй, шил арчигч шингэний сав мөргөлтөөс үүдэлтэй гэмтэлтэй, урд суудлууд хөдөлгөөнтэй, бүх суудлууд өөрчлөлттэй, эсхүл эвдрэлтэй, дугуйн боолт дутуу, баруун болон хойд хаалгуудыг сольсон, аккумльятор сольсон гэх дүгнэлтүүд гарсан. Энэ машины гэмтэл сүүлд мэдэгдсэн учраас Э.Э руу ярьж буцаая гэхэд эхэндээ зөвшөөрч байсан ч сүүлдээ утсаа авахаа больсон. Ингээд 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Г.Б гэдэг хүнд 55 000 000 төгрөгөөр зарахад тэрээр эргээд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр энэ машин эвдрэлтэй байна гэж буцаасан. Энэ машины талаар судлахад Австралийн Засгийн газар, Австралийн Санхүүгийн Аюулгүй байдлын удирдах газрын серийн дугаар хайлтын гэрчилгээнд тусгагдсан дүгнэлтээр ашиглаж болохгүй, сэргээн засварлах боломжгүй гэмтэлтэй, замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон буюу сэлбэгээр хэрэглэх машин байсан. Э.Эын гэрийн гадаа Б.Т өмгөөлөгчийн хамт “машинаа буцааж ав, цаашаа хүнд зарсан чинь хэл ам болоод байна” гэж хэлэхэд “өө тийм үү, би яаж ийж байгаад буцааж авъя” гэж хэлээд, хэлсэн үгэндээ хүрч машиныг Г.Бгаас буцааж авсан. Буцааж авсан үндэслэл нь машины биет байдлын доголдол буюу эвдрэл гэмтэл байсан. Хүнд осолд орсны улмаас үүссэн гэмтлийг өнгөлөн далдлалтын хэлбэрээр зассан, үүнийгээ хариуцагч зөвшөөрсөн учраас машинаа буцааж авсан. Иймд хариуцагч нь биет байдлын доголдолтой, эвдрэл гэмтэлтэй машин зарсан учир Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар 73 000 000 төгрөгөөс буцаан авсан 55 000 000 төгрөгийг хасаж, үлдэх 18 000 000 төгрөг болон авто машин худалдаж авахад гарсан зардал болох банкнаас авсан зээлийн шимтгэл 500 000 төгрөг, даатгал, татвар, оношилгооны зардалд 816 000 төгрөг, банкнаас авсан зээлийн хүү 4 240 000 төгрөг нийт 23 556 000 төгрөгийг нэхэмжилсэн. Автомашинаа 23 000 000 төгрөгт биш 21 000 000 төгрөгт тооцож өгсөн тул тус шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 2 000 000 төгрөгөөр багасгаж байна гэжээ.

 

Хариуцагч Э.Э түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий зүйл болж буй автомашин шинэ машин биш, 2015 онд үйлдвэрлэгдсэн 30 000 гаруй км явсан. Автомашиныг 67 320 000 төгрөг зарж, үүнээс 3 000 000 төгрөгийг Б.Т буцааж авсан. Нийт машины зарагдсан үнэ 64 320 000 төгрөг, үүнээс 18 000 000 төгрөгт нь машин бартердаж, үлдэгдлийг нь банкны зээлээр худалдаж авсан. Энэ машины эвдрэл гэмтлийн талаар Б.Т Э.Эод огт ярьж байгаагүй. Харин нэг зүйлийг нь солиод өг гэсэн тул түүнийг нь сольж өгөхөөр ярилцсан. Мөн Б.Т өндөр хүүтэй банкны зээл авсан хэцүү байна, 55 000 000 төгрөгөөр буцаагаад авчих гэсэн зүйл ярьж, тухайн үед Э.Э мөнгөгүй байна гэх хариултыг өгсөн байдаг. Энэ маргаан 1999 онд батлагдсан авто тээврийн тухай хуулиар шийдэгдэнэ. Монгол Улсад Авто тээврийн тухай хуулиар авто тээврийн үзлэг, оношилгоо, авто тээврийн стандартыг зохицуулдаг. Худалдах, худалдан авах гэрээгээр эд хөрөнгийн тавигдах шаардлага нь зориулалтын дагуу ашиглах боломжтой хөрөнгийг биет байдлын доголдолгүй хөрөнгө гэж үздэг. Э.Э зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгийг Б.Тт шилжүүлэх үүрэгтэй. Энэ машин авто тээврийн үзлэг оношилгоогоор 2 удаа орчихсон. Авто тээврийн хуулийн 18 дугаар зүйлд зааснаар Авто тээврийн стандартыг Монгол улс өөрөө тогтоодог, гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч Австралийн стандартыг яриад, үүнийхээ дагуу биет байдлын доголдол гэж яриад байгаа нь үндэслэлгүй. Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17-д тээврийн хяналтын үзлэг гэж авто тээврийн хэрэгслийн техникийн байдлыг тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан оношлогчийн мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагад тулгуурлан стандартыг хангаж байгаа эсэхэд үзлэг оношилгоо хийж, хангаж, үнэлэх үйл ажиллагаа гэж заасан. Монгол улсын байгууллага энэ тээврийн хэрэгслийг Монгол улсын стандартыг хангаж байгаа эсэхийг 2 удаа үзэж тогтоосон. Энэ машиныг Б.Т худалдаж авснаас хойш 2019 оны 6 дугаар сар хүртэл унаж байгаад Г.Бд зарсан. Унаж байх хугацаандаа 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр дахин үзлэг оруулахад Монгол улсын стандартыг мөн хангасан. Тэгэхээр Иргэний хуульд заасан биет байдлын доголдолгүй гэдэг нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн интернетээс хуулбарлаж өгсөн баримт Монгол улсын стандарт биш, бас хаанаас хэвлэж гаргаж ирсэн болохыг мэдэхгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Иргэний хуулийн 256 дугаар зүйлийг үндэслэн шаардаж байгаа боловч Б.Т болон Э.Э нарын хоорондын харилцаа биш, Э.Эоос Б.Т худалдаж аваад Г.Бд зарсан зэрэг тусдаа бие даасан хэлцлүүд явагдаж байна. Тэгэхээр Б.Т болон Э.Эын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн, төлбөр тооцоогоо аваад дууссан. Э.Э Г.Бгаас машиныг худалдаж аваад мөнгийг шилжүүлсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 6 дугаар сард фэйсбүүкийн зарын дагуу мэдээлэл авч, уг машиныг сонирхож үзэхэд машины хойно тачигнасан чимээ гарч, мөн кондишн нь халуунаар үлээж байсан. Үүнийг Б.Тт хэлэхэд “хойно сул зүйл дуугарч байгаа байх” гээд кондишнийг оролдож байгаад “халуунаар үлээж байна, зүгээрээ” гэсэн худал тайлбар өгсөн. Маргааш нь бид дахин уулзалдахад “манай машинд ямар нэгэн асуудал огт байхгүй. Бид саяхан Дархан руу шороон замаар яваад ирсэн. Банкны асуудалтай, хямдхан зарж байгаа” гэж тайлбарлаж байсан. Ингээд бид 55 сая төгрөгөөр худалдаж авах ажиллагаа хийж, төлбөрийг төлөн машины эзэмшигчийн нэрийг миний нэр дээр шилжүүлсэн. Үүний маргааш бид Говьсүмбэр аймаг руу Налайхын шороон замаар зорчин явахад тоос шороо арын хаалгаар орж, арын хаалга онголзож, кондишн халуунаар үлээж, машины урд доод хэсэгт дуу гарч байсан. Бид Чойроос цааш шороон замаар зорчих байсан боловч уг асуудлаас болж Улаанбаатар руу буцаж, шөнөдөө Б.Ттэй холбогдож асуудлыг тайлбарлахад “тийм зүйл байхгүй, зүв зүгээр машин” гэж тайлбар өгсөн. Бид ярилцсаны эцэст маргааш нь уулзалдаж, уг асуудлуудыг өөрт нь харуулахад “надад буцааж өгөх мөнгө байхгүй, банканд бүх мөнгөө өгсөн, та хоёр машинаа засуулчих, тэгээд дараа нь гарсан төлбөрийг хувааж, талыг нь өгье” гэсэн. Ингээд бид машины арын хаалганы дуу чимээг өөрсдийн зардлаар засуулсан. Гэвч кондишний асуудлыг олон газарт үзүүлсэн боловч засуулж чадаагүй. Ингээд Таван богд моторсд оношилгоо хийлгэхэд “мөргөлдсөн, аюулгүйн дэрүүд ажилласан” гэх дүгнэлт гарсан. Б.Тт үзүүлж “бид ийм бүрэн бус тээврийн хэрэгсэл авахгүй, буцаана” гэх шаардлага тавьсан. Б.Т өөрт нь зарсан хүнтэй холбогдож хохиролгүй болгож өгнө гэсэн. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Э.Э гэж хүн бидний хохирлыг барагдуулна гэж гарч ирж, 55 000 000 төгрөгийг нөхөр бид хоёрт шилжүүлж дууссаны дараа бид тээврийн хэрэгслийг Э.Эын нэр рүү шилжүүлж, уг асуудал дуусгавар болсон. Би эдгээр хүмүүсийг хэнийг ч хохироогоогүй, мөн хэнд ч гомдолгүй учир уг асуудлыг миний оролцоогүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Эоос 21 056 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 263 230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Машин худалдаж авснаас хойш хэдэн сарын дараа Б.Т банкны зээл хэцүүдээд байна, буцаагаад заръя та бэлэн 55 000 000 төгрөгөөр маш яаралтай авах уу, бэлэн мөнгөөр авах хүн олдохгүй байна гэж байн байн гуйх болсон байдаг ба тухайн үед Э.Э Сэлэнгэ аймагт явж байсан тул ямар ч боломжгүй гэдгээ хэлсэн байдаг. Ингээд Э.Э машиныг авах боломжгүй гэсэн тул Б.Т нь тухайн автомашиныг Г.Б гэх өөр хүнд 2019 оны 6 сарын 27-ны өдөр 55 000 000 төгрөгөөр худалдаж, Г.Бгаас 55 000 000 төгрөг авсан байдаг. Гэтэл шүүх Г.Бд 55 000 000 төгрөгөөр машинаа худалдсанаас үүдэн Б.Тт учирсан эд хөрөнгийн алдагдал, зөрүү мөнгийг Э.Эоос гаргуулсан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Э.Эоос худалдан авсан машинаа 5 сарын дараа гуравдагч этгээд Г.Бд худалдсан үйлдлийг Иргэний хуулийн 256.1 дэх хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх ямар ч үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 256.1 дэх хэсгийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Гэтэл шүүх тээврийн хэрэгсэлтэй холбоотой маргааныг шийдвэрлэж байгаа атлаа Авто тээврийн тухай хуулийг хэрэглэсэнгүй. Авто тээврийн тухай хуулийн 3.1.17, 18.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улс нь тээврийн хэрэгсэлд тавих өөрийн гэсэн стандарттай билээ. Тухайн маргааны зүйл болох Тоёота клугер маркийн автомашин нь Монгол улсын техникийн хяналтын үзлэгээр 2 удаа буюу 2019 оны 1 сарын 11 өдөр, 2019 оны 5 сарын 3-ны өдөр тус тус орж тэнцсэн байдаг. Өөрөөр хэлбэл Монгол улсын тээврийн хэрэгслийн стандартыг бүрэн хангасан байна. Нэхэмжлэгч Э.Э нь гаалиар орж ирсэн, улсын дугаар аваагүй автомашиныг Б.Тт худалдсан. Авто тээврийн тухай хуулийн 17.4. дэх хэсэгт заасны дагуу Тоёото клүгэр маркийн автомашиныг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б.Т болон Э.Э нар хамтдаа явж улсын үзлэг оношилгоонд оруулж улмаар 2289 УБВ гэсэн дугаарыг авсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар болон Г.Базаррагчаагийн тайлбараар тээврийн хэрэгслийг доголдолтой гэж үзсэнд гомдолтой. Шүүх тээврийн хэрэгсэл, түүний стандарттай холбоотой харилцааг зохицуулсан гол хууль болох Авто тээврийн тухай хуулийн 3.1.17, 17.4, 18.1 дэх хэсгүүдийг хэрэглэсэнгүй. Анхан шатны шүүх худалдах худалдан авах гэрээний үнийг 71 000 000 төгрөг гэж үндэслэлгүй тогтоосонд гомдолтой байна. Талууд анх Тоёота клугер маркийн автомашиныг 68 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон байдаг. Б.Тийн унаж явсан тоёота кроун маркийн автомашиныг 18 000 000 төгрөгөөр тооцон Э.Э худалдаж авсан. Энэхүү 18 000 000 төгрөгийн төлбөрийг Э.Эоос 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөрт нь Б.Тт өөрт бэлнээр өгч, Б.Т өөрийн Хас банкны 1000249303 тоот дансанд байршуулсан байдаг. Үлдсэн 50 000 000 төгрөгийг Б.Т Хас банкнаас зээл авч төлөхөөр тохирсон. Ингээд нийтдээ 68 000 000 төгрөг бүрдсэн бөгөөд энэ дүнгээс "Авто экспо центэр" ХХК буюу зуучлагч байгууллага өөрийн шимтгэлээ авч, хариуцагч Э.Эын дансанд нийт 67 320 000 төгрөг орж ирсэн байдаг. Энэхүү дүнгээс 3 000 000 төгрөгийг буцаан Б.Тийн дансанд шилжүүлсэн. Нэхэмжлэгч Б.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 3 000 000 төгрөг буцааж авсан талаараа маргадаггүй бөгөөд машины үнэ буюу худалдах худалдан авах гэрээний дүн 64 320 000 төгрөг байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205.1, 243.1, 256.1 дэх хэсгийг тус тус баримтлан Э.Эоос 21 056 000 төгрөг гаргуулж Б.Тт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ. Г.Базаррагчаа тухайн автомашиныг Э.Э руу худалдсан бөгөөд Э.Э автомашины үнэ 55 000 000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 26-ны хооронд хэсэгчлэн Г.Баззаррагчаад шилжүүлж машиныг буцааж авсан байдаг. Анхан шатны шүүх Австралийн санхүүгийн аюулгүй байдлын удирдах газрын хувийн өмчийн аюулгүй байдлын бүртгэлийн серийн дугаар хайлтын гэрчилгээ гэх цаасан баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ. Б.Тийн интернетээс татаж авсан баримтын эх сурвалж тодорхойгүйгээс гадна тухайн баримтыг санаатайгаар худал орчуулж шүүхэд өгсөн болно. Шүүх хариуцагчийн гаргаж өгсөн баримт, Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн албан бичиг, тээврийн хэрэгсэлд Монгол улсын стандартыг хангасан тухай 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас зэрэг олон чухал баримтыг үнэлээгүй атлаа нэхэмжлэгч З.Төгөлдөрийн интернетээс хэвлэж гаргаж өгсөн баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Т хариуцагч Э.Эод холбогдуулан худалдах- худалдан авах гэрээнээс татгалзсанаас гэрээний үнийн үлдэгдэл төлбөр болон гэрээнээс учирсан хохиролд нийт 23 556 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлснийг, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Б.Т нь хариуцагч Э.Эоос 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тоёото клүгер маркийн 2289 УБВ улсын  дугаартай  автомашиныг 71 000 000 төгрөгөөр худалдан авсан, анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалттай нийцжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрээний зүйл болох автомашин нь доголдолтой эд хөрөнгө байсан, хариуцагч өөрийн автомашиныг доголдолтой болохыг хүлээн зөвшөөрч гуравдагч этгээдээс буцааж авсан тул автомашины үнийн зөрүүг, хохирлын хамт гаргуулна” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Т бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд Г.Бд маргааны зүйл болж буй автомашиныг 55 000 000 төгрөгөөр худалдсан, гуравдагч этгээд Г.Б уг автомашин доголдолтой байсан гэсэн үндэслэлээр хариуцагч Э.Эод хүлээлгэн өгсөн, Э.Э автомашины 55 000 000 төгрөгийг гуравдагч этгээдэд  буцаан өгсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх.50/

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч Б.Т автомашиныг доголдолтой байсан талаар хариуцагчид мэдэгдэж байсан тайлбарыг гаргасныг хариуцагч үгүйсгээгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хариуцагч Э.Э зориулалтын дагуу ашиглах боломжтой автомашиныг хүлээлгэн өгсөн” гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Анхан шатны шүүх зохигч, гуравдагч этгээдийн тайлбар болон хариуцагч Э.Э гуравдагч этгээд Г.Бгаас автомашиныг буцаан авч, автомашины үнийг гуравдагч этгээдэд өгсөн үйл баримтын талаар үнэлэлт дүгнэлт хийж, хариуцагч Э.Эын нэхэмжлэгч Б.Тт худалдсан автомашин биет байдлын доголдолтой хөрөнгө байсан гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан ”Серийн дугаарын хайлтын гэрчилгээ” гэсэн бичгийн баримтад “...тухайн автомашиныг маш хүнд их биений бүтцийн гэмтэл авснаар хөдөлгөөнд оролцох чадвараа бүрэн алдсан” гэх бөгөөд хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 Анхан шатны шүүх хариуцагчаас автомашины үнийг зөрүү болох 16 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалттай нийцжээ. Харин шүүх гэрээний нэг тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд зээлийн хүү, даатгалын хураамжийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу болсон байна гэж үзлээ.

Хуульд заасны дагуу гэрээний тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд анхан  шатны шүүх хариуцагчаас түүний “Хас банк” ХХК-аас авсан зээлийн хүүгийн 4 240 000 төгрөг, зээлийн шимтгэлд төлсөн 500 000 төгрөг, автомашины даатгал оношилгооны зардлын 816 000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалттай нийцээгүй байна.

Учир нь, хариуцагч өөрт учирсан хохирлын нэг үндэслэлээ “...автомашин худалдан авах зорилгоор зээлийн гэрээ байгуулснаар хүү төлсөн” гэж тайлбарлаж байгаа боловч худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч тохирсон үнийг төлөх мөнгийг хэрхэн бүрдүүлэх нь худалдагчид хамааралгүй бөгөөд нэхэмжлэгчийн өөр этгээдтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах боломжгүй. Мөн Даатгалын тухай хуульд заасан журмын дагуу хариуцагч сайн дурын үндсэн дээр “Тэнгэр даатгал” ХХК-тай “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ” байгуулж шимтгэлд 816 000 төгрөг төлснийг  хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд хариуцагч Э.Эоос автомашины үнийн зөрүү 16 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тт олгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.