Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2022/01686

 

 

 

 

 

 

 

2022 04 13 101/ШШ2022/01686

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хххххххххххххххх, А банк ХХК-ийн /РД: хххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххххххххххххххх тоотод оршин суух, Ш-н Ө /РД: ххххххххххххххх/, Л-н Э /РД: хххххххххххх/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 46.426.313,89 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Лхагвадулам, Б.Пүрэвдорж,

Хариуцагч Ш.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, хариуцагч Л.Эы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ариунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Лхагвадулам, Б.Пүрэвдорж нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус банк нь зээлдэгч Ш.Ө, Л.Э нартай 2019 оны 05 сарын 03-ны өдөр 2105022389 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 40.000.000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон.

Зээлдэгч нар удаа дараа зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр хийлгүй хугацаа хэтрүүлж байсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлж төлбөр барагдуулах талаар удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлж төлбөр төлөхгүй байна.

Зээлдэгч Ш.Ө, Л.Э нар нь 2021 оны 11 сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 35.972.423,17 төгрөг, зээлийн үндсэн хүү 10.370.832,14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83.058,58 төгрөг, нийт 46.426.313,89 төгрөгийн өртэй байна.

Иймд хариуцагч Ш.Ө, Л.Э нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 46.426.313,89 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ш.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.Ө нь 2019 оны 05 сарын 03-ны өдөр А банктай зээлийн гэрээ байгуулан 40.000.000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй буюу 2022 оны 05 сарын 03-ны өдөр гэрээний хугацаа дуусахаар байгаа.

Ш.Ө нь Цэгц болд ХХК-ийн захирал бөгөөд 40.000.000 төгрөгийг Төв аймгийн Зуун мод суманд байрлах Манзушир өргөө нэртэй 1000 айлын орон сууцны хороололд бАдах 90 айлын орон сууцны барилгыг барихад зарцуулсан.

Энэхүү орон сууцны барилгыг 2021 оны 01 дүгээр улиралд барьж ашиглалтанд оруулахаар барилга байгууламж шинээр барих ажил гүйцэтгэх гэрээнд заасан боловч цар тахлын улмаас өнөөг хүртэл ашиглалтанд ороогүй байгаа. Уг барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч Т ХХК ажлын хөлс төлөөгүй.

Дээрх давагдашгүй хүчин зүйлийн улмаас барилгын ажил явагдахгүй, зогсонги байдалд орсноос үүдэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн тул А банкинд зээл төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргаж байсан.

Хариуцагч Ш.Өын эдийн засгийн нөхцөл байдал болон цар тахлын нөхцөл байдлыг харгалзахгүй гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлийн төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч Ш.Ө нь А банкинд зээлийн төлбөрт нийт 15.800.119,27 төгрөгийг төлсөн ба авсан зээл болох 40.000.000 төгрөгийн үлдэх 24.199.880,73 төгрөгийг төлнө.

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнд банкийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсгээ зураагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа гэв.

 

Хариуцагч Л.Эы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Л.Эы нөхөр хариуцагч Ш.Ө нь А банкнаас зээл авах гэтэл хамтран зээлдэгч шаардлагатай гэсэн тул Л.Э гэрээнд гарын үсэг зурсан. Уг зээлийн мөнгийг Л.Э ашиглаагүй, түүний нөхөр Ш.Ө бизнесийн үйл ажиллагаандаа ашигласан.

Хариуцагч Л.Э нь банктай гэрээ байгуулах үед эрх бүхий этгээд гарын үсэг зурж байгаа гэж бодсон ч тухайн этгээд банкийг төлөөлөх эрхгүй болохыг сүүлд нь мэдсэн.

А банкийг төлөөлөх эрхгүй этгээд С.Буянжаргал, У.Энхтайван нар гэрээнд гарын үсэг зурсан байсан тул 2019 оны 05 сарын 03-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Бид 40.000.000 төгрөгийн зээл авснаа хүлээн зөвшөөрдөг ба үүнээс 15.800.119 төгрөгийг төлсөн. Үлдэх 24.199.880,73 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Нэхэмжлэгч А банк ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, төлөөлөгч нарт олгосон итгэмжлэл, А банкны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ш.Ө, Л.Э нартай байгуулсан 2019 оны 05 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ, 2019 оны 05 сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, барьцаалбар,

Зээл хүсэгч Ш.Ө, Л.Э нарын анкет, зээл, хүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулга, Ш.Ө, Л.Э нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд, тэдний оршин суугаа хаягийн тодорхойлолтууд,

Л.Эы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, /13321/, Да Хүрээ гудамж, 55а байр, 37 тоотын 54.88 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204101060 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар,

2020 оны 08 сарын 10, 2020 оны 09 сарын 29, 2020 оны 10 сарын 30, 2021 оны 06 сарын 07, 2021 оны 09 сарын 08, 2021 оны 09 сарын 24, 2021 оны 10 сарын 10-ны өдрүүдийн зээл төлөх мэдэгдэлүүд, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх үеийн гэх гэрэл зургууд,

А банк ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Төмөрхүүгийн 2017 оны 06 сарын 02-ны өдрийн 109 дугаартай С.Буянжаргалыг ажилд авах тухай тушаал, мөн захирлын 2017 оны 11 сарын 02-ны өдрийн 386 дугаартай С.Буянжаргалыг жинхлэн ажиллуулах тухай тушаал, А банкны харилцагчийн өргөөний зөвлөн халамжлагчийн ажлын байрны тодорхойлолт,

Мөн гүйцэтгэх захирлын 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 52 дугаартай зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмыг шинэчлэн батлах тухай тушаал, уг тушаалаар баталсан зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам,

А банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 11 сарын 08-ны өдрийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг орлон ажиллах ажилтныг томилох тухай тогтоол зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Ш.Ө, Л.Э нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, Г.Энхцэцэг нарт олгосон итгэмжлэлүүд, иргэний үнэмлэхийн хуулбарууд, өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул нартай байгуулсан хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбарууд зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А банк ХХК нь хариуцагч Ш.Ө, Л.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46.426.313,89 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2021 оны 11 сарын 01-ний өдрийн байдлаар:

-Үндсэн зээл 35.972.423,17 төгрөг,

-Зээлийн хүү 10.370.832,14 төгрөг,

-Нэмэгдүүлсэн хүү 83.058,58 төгрөг. Нийт 46.426.313,89 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

Ш.Ө, Л.Э нар нь 2019 оны 05 сарын 01-ний өдөр А банкинд зээл хүсч өргөдөл гаргасан бөгөөд зээлдүүлэгч А банк ХХК-тай зээлдэгч Ш.Ө, Л.Э нар 2019 оны 05 сарын 03-ны өдөр 2105022389 тоот зээлийн гэрээ байгуулан эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 40.000.000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэн авч, мөн өдөр нь Ш.Ө, Л.Э нар А банк ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан дээрх зээлийн гэрээний үүрэгт Л.Эы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, /13321/, Да Хүрээ гудамж, 55а байр, 37 тоотын 54.88 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204101060 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг барьцаалсан гэжээ.

 

Дээрх 2019 оны 05 сарын 03-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг А банкийг төлөөлөн зээлдэгч нартай Баянзүрх харилцагчийн өргөөний зөвлөн халамжлагч С.Буянжаргал, манлай халамжлагч У.Энхтайван нар байгуулсан ба дээрх гэрээнүүдийг хариуцагч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан ... хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байна.

 

Хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэг нь тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгоно.

 

2019 оны 05 сарын 03-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг А банкийг төлөөлөн байгуулсан С.Буянжаргал нь 2017 оны 06 сарын 02-ны өдрөөс А банкны Баянзүрх харилцагчийн өргөөнд зөвлөн халамжлагчаар туршилтын хугацаагаар, 2017 оны 11 сарын 02-ны өдрөөс жинхлэн ажилласан нь А банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 06 сарын 02-ны 109 тоот болон 2017 оны 11 сарын 02-ны 386 тоот тушаалуудын хуулбаруудаар тогтоогдлоо.

 

Тус банкны зөвлөн халамжлагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны үндсэн чиг үүрэгт ... холбогдох гэрээ, хэлцлийг заавар, журмын дагуу хийх ... гэж тодорхойлсноос гадна тус банкны манлай дэмжигч-гүйцэтгэх захирал Д.Төмөрхүүгийн 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 52 дугаартай тушаалаар зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмыг шинэчлэн баталжээ.

Уг зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 1.4.2-т манлай халамжлагч, зөвлөн халамжлагч-гэж банкны зүгээс тавьсан шалгуурт тэнцэж банкийг төлөөлж зээлийн харилцаанд орох эрх бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтныг хэлнэ гэж заасан байна.

 

Дээр дурдсанаас үзэхэд зээлдүүлэгч А банкийг эрх бүхий этгээдүүд төлөөлөн зээлдэгч Ш.Ө, Л.Э нартай гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамга даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

ХХ-ийн 7-13, 82-101 дүгээр тал/

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2019 оны 05 сарын 03-ны өдрийн 2105022389 тоот барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 2019 оны 05 сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.

ХХ-ийн 9-11, 21 дүгээр тал/

 

Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, /13321/, Да Хүрээ гудамж, 55а байр, 37 тоотын 54.88 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204101060 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц нь хариуцагч Л.Эы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 21 дүгээр тал /

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21 дүгээр зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заажээ.

 

Зээлдүүлэгч А банк нь 2019 оны 05 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн зээлдэгч Ш.Өын нэр дээр 2019 оны 05 сарын 03-ны өдөр 2105022389 дугаар бүхий зээлийн данс нээн 40.000.000 төгрөгийн зээл олгосон байна.

Хариуцагч Л.Э зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, зээлийн мөнгийг зарцуулаагүй гэх боловч ч тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээнд энэхүү гэрээнд хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил хуулинд болон гэрээнд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. Цаашид энэ гэрээнд хамтран зээлдэгчийн эрх, үүрэг нь зээлдэгчийн эрх, үүргээр тодорхойлогдоно гэж заасан тул гэрээний үүргийн хариуцлагыг хүлээх учиртай.

/ХХ-ийн 14-17, 108-111 дүгээр тал/

 

Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч А банк ХХК болон хариуцагч буюу зээлдэгч Ш.Ө, Л.Э нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Хариуцагч Ш.Ө, Л.Э нар 40.000.000 төгрөг зээлэн авсан талаараа маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Зээлдүүлэгч А банк ХХК-ийн зээлдэгч Ш.Ө, Л.Э нартай байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээнүүдийн дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Зээлдэгч Ш.Ө, Л.Э нар нь 2019 оны 06 сарын 03-ны өдөр үндсэн зээл 657.53 төгрөг, зээлийн хүү 815.342,47 төгрөг,

2019 оны 07 сарын 03-ны өдөр үндсэн зээл 30.971,80 төгрөг, зээлийн хүү 789.028,20 төгрөг,

2019 оны 08 сарын 04-ний өдөр үндсэн зээл 802.33 төгрөг, зээлийн хүү 814.697,67 төгрөг,

2019 оны 09 сарын 07-ны өдөр үндсэн зээл 318.23 төгрөг, зээлийн хүү 814.681,77 төгрөг,

2019 оны 10 сарын 12-ны өдөр үндсэн зээл 1.292.074,99 төгрөг, зээлийн хүү 788.396 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.529,01 төгрөг,

2019 оны 11 сарын 15-ны өдөр үндсэн зээл 1.325.124,82 төгрөг, зээлийн хүү 795.984,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.091,12 төгрөг,

2019 оны 12 сарын 26-ны өдөр үндсэн зээл 1.376.882,68 төгрөг, зээлийн хүү 747.223,92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.164,61 төгрөг,

2020 оны 01 сарын 26-ны өдөр зээлийн хүү 732.828,79 төгрөг,

2020 оны 01 сарын 28-ны өдөр үндсэн зээл 744.45 төгрөг, зээлийн хүү 21.255,55 төгрөг,

2020 оны 04 сарын 29-ний өдөр зээлийн хүү 500.000 төгрөг,

2020 оны 08 сарын 17-ны өдөр зээлийн хүү 455.202,10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44.797,90 төгрөг,

2020 оны 09 сарын 04-ний өдөр зээлийн хүү 386.217,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.782,77 төгрөг,

2020 оны 09 сарын 19-ний өдөр зээлийн хүү 785.724,80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14.275,20 төгрөг,

2020 оны 10 сарын 08-ны өдөр зээлийн хүү 980.900,98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19.099,02 төгрөг,

2020 оны 10 сарын 20-ны өдөр зээлийн хүү 986.138,80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.861,20 төгрөг,

2021 оны 04 сарын 10-ны өдөр зээлийн хүү 241.850,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 258.149,28 төгрөг,

2021 оны 10 сарын 04-ний өдөр зээлийн хүү 1.117.069,38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 382.330,62 төгрөг тус тус төлсөн байна.

Үндсэн зээл 4.027.576,83 төгрөг, зээлийн хүү 11.772.542,44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 754.080,73 төгрөг, нийт 16.554.200 төгрөг төлсөн нь зээлийн дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдсон ба зохигч энэ талаар маргаагүй болно.

 

Талуудын хооронд байгуулсэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т Гэрээний хавсралт 1-д дурдсан зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлийг түүний хүүгийн хамт хугацаандаа банкинд буцаан төлнө гэж заасан ба зээлдүүлэгч нь зээлдэгчийн гэрээний үүргийн зөрчил 2020 оны 03 сарын 02-ны өдрөөс эхэлсэн хэмээн тайлбарласан бөгөөд уг хугацаанаас хойш 2020 оны 08 сарын 10, 2021 оны 06 сарын 07-ны өдөр мэдэгдэл гардуулахад зээлдэгч нар зээл төлөөгүйтэй холбоотой шалтгааныг тайлбарласан байна.

/ХХ-ийн 22, 25 дугаар тал/

 

2020 оны 09 сарын 29, 2020 оны 10 сарын 30, 2021 оны 09 сарын 08, 2021 оны 09 сарын 24, 2021 оны 10 сарын 15-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч хэнд хүргүүлсэн нь тодорхойгүй тул мэдэгдэл хүргүүлсэн гэж үзэхгүй ба мэдэлдэл хүргүүлсэн болохоо зургаар баталгаажуулсан гэх боловч үүгээр хариуцагч нарт зээлийн төлбөр төлөх мэдэгдэл өгсөн гэж дүгнэх боломжгүй болно.

/ХХ-ийн 23-24, 26-29 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 05 сарын 03-ны өдрийн гэрээний 5.1-т Гэрээнд заасан талуудын эрх, үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж зээлийн үндсэн өр, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг бүрэн барагдуулснаар гэрээний хугацаа дуусгавар болно,

5.2-т Дараах нөхцөлд банк гэрээг өөрийн санаачилгаар цуцалж, зээл, түүний хүү, холбогдох бусад зардлыг зээлдэгчээр төлүүлнэ, Үүнд:

5.2.3-т Зээлдэгч зээлийн гэрээ болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох зээл, түүний хүү төлөх хуваарь, гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт, барьцааны болно батлан даалтын гэрээний заалтыг зөрчсөн,

5.2.8-д Зээлдэгчийн санхүү, эдийн засгийн байдалд хүндрэл учирч, түүний үйл ажиллагааны буруугаас зээл хугацаандаа төлөгдөөгүй болох нь ажиглагдсан гэж тус тус заасан байна.

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө,

2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.

 

Дээр дурдсаны дагуу зээлдүүлэгч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 05 сарын 03-ны өдөр дуусах ба гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг мөн өдрөөс хойш тооцох ёстой бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө тооцсон төлүүлсэн болон тооцон нэхэмжилж буй нэмэгдүүлсэн хүү нийт 837.139,31 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй.

 

Зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд доголдол гарсан нөхцөлд зээлдүүлэгч гэрээний 3 болон 5 дугаар зүйлд заасан арга хэмжээг аваагүй буюу хууль, гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс гадна мөн зээлдэгч үйл ажиллагаанд саад учирсантай холбоотой тайлбар гаргаж байсан тул Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцүүлэн нэхэмжилж буй зээлийн хүү 10.370.832,14 төгрөгийн тодорхой хувийг буюу 3.111.249,64 төгрөгт холбогдох хэсгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлтэй байна.

 

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоолын 8-д Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 07 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус зөвлөсөн ба хариуцагч тал зээл хойшлуулах хүсэлт гаргаж байсан гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй болно.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ш.Ө, Л.Э нараас 42.477.925 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А банк ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.948.388,95 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ш.Ө, Л.Э нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Л.Эы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, /13321/, Да Хүрээ гудамж, 55а байр, 37 тоотын 54.88 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204101060 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр нар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба хариуцагч Ш.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, хариуцагч Л.Эы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг нар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагч талын өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ш.Ө, Л.Э нараас 42.477.925 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А банк ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.948.388,95 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ш.Ө, Л.Э нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Л.Эы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, /13321/, Да Хүрээ гудамж, 55а байр, 37 тоотын 54.88 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204101060 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 460.282 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ө, Л.Э нараас 440.540 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А банк ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН