Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 1079

 

                      

Ц.Э нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч шүүгч С.Энхтөр              даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/00629 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ХХМТГ-т холбогдох

2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 09-нийг дуустал хугацааны цалин олговорт 20 274 369 төгрөг гаргуулах, дээрх цалин олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2016 оны 4 дүгээр сарын       21-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 24-нийг хүртэл хугацааны ээлжийн амралтын олговорт 1 474 976 төгрөг, нийт 21 749 345 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонгын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, хариуцагч Б.Солонго, түүний өмгөөлөгчөөр Б.Баатарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Э нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ХХМТГ-аас 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 09-нийг дуустал хугацааны цалин олговорт 20.274.369 төгрөг гаргуулах, дээрх цалин олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 24-нийг хүртэл хугацааны ээлжийн амралтын олговорт 1.474.976 төгрөг, нийт 21.749.345 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01124 дугаар шийдвэрээр ажлаас буруу халсан болохыг тогтоон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу бүх нийтийн үүргийн үйлчилгээний сангийн хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж шийдвэрлэсэн. Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр биелүүлээгүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2017 оны 2 дугаар сарын     14-ний өдрийн 00380 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх цалин олговрыг гаргуулж шийдвэрлэсэн. Үүний дараа болон өмнө нь хариуцагч байгууллагад удаа дараа өргөдөл, хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломжийг олгож байсан боловч, шийдвэрийг биелүүлээгүй. Хариуцагчаас надад өгсөн хариундаа ажилгүй байсан хугацааны олговрыг хэсэгчилж өгнө гэсэн. Одоо болтол шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй, тохиролцоогүй байгаа. 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гарган, ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжилсэн. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүх хуралдаан болсон. Үүний өмнө хариуцагч байгууллага намайг салбарын байгууллагад ажилладаг гэдэг үндэслэлээр Скайтел ХХК руу албан бичиг 2017 оны 3 дугаар сараас эхэлж явуулж байсан. Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж, хуулийн дагуу намайг ажилд томилдоггүй. Миний зөрчигдсөн эрх хэвээрээ л байсан. Миний хувьд 2013 онд 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл авсан. Хариуцагч байгууллага миний том хүүг 10 сартай байхад ажлаас халсан. 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр миний бага хүү төрсөн гэх мэт үйл явдлууд болсон. Энэ хугацаанд амьдрал ахуйгаа яаж авч явах уу, эхнэр, хоёр хүүхэд, ипотекийн зээлээ яаж төлөх зэрэг асуудал үүсээд 2017 оны 1 дүгээр сард “Скайтел” ХХК-д ажилд орсон. Ингээд ипотекийн зээлээ төлж, амьдрал ахуйгаа авч, явна. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасан. Гэтэл шүүхээс нэхэмжлэлээсээ татгалзсан гээд татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон 2087 дугаар захирамж гаргасан. Нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасан байхад нэхэмжлэлээсээ татгалзсан гэх агуулгаар шийдвэрлэсэн. Энэ нь Үндсэн хуулиар олгосон миний эрхийг зөрчиж, илт үндэслэлгүй захирамж гаргасан тул шүүгчид өөрт нь гаргасан алдаагаа засах хүсэлтийг гаргасан.Үүний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1094 дугаар шүүгчийн захирамж гаргасан. Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай гээд улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 00320 дугаар шүүхийн тогтоолоор 1094 дугаар захирамжид өөрчлөлт оруулж, дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээсэн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ асуудал дээр өнөөдрийг хүртэл хариуцагч байгууллагын зүгээс хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлж, ажилд томилохгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар ээлжийн амралтын олговрыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХМТГ хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ХХМТГ-ын даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 тоот тушаалаар бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн бүтэц орон тоог 11 байхаар бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Бүтцийн өөрчлөлтөөр Ц.Э-ын ажлын байр цомхотголд орж, орон тоо байхгүй болсон. Ц.Э ажлаасаа чөлөөлөгдөж, тэтгэмж авах хүсэлт гаргасны дараа нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 749 685 төгрөг олгосны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажил олгогчийн хувьд Ц.Э-ыг ажлаасаа чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрч, тэтгэмжээ авсан гэж ойлгосон байсан. Гэтэл Ц.Э нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1124 дүгээр шийдвэрээр Ц.Э-ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон. Шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Э-ыг дуудан уулзаж, түүнд олгох 2.073.921 төгрөгийг хэсэглэн олгох, орон тоо гармагц ажилд авахаар харилцан тохиролцсон юм. Ингээд тус газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Б/02 тоот тушаал гарч, Ц.Э-ыг бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн ажлын албанд мэргэжилтнээр томилсон. Энэ тухай түүнд мэдэгдэх гэтэл утас нь холбогдохгүй байсан учраас гэрийн хаягаар нь мэдэгдэл хүргүүлж байсан. Ц.Э-тай уулзаж, түүнтэй тохиролцоод, ажилд эгүүлэн авсаар байхад тэрээр өөрөө ирээгүй, ажиллахаас татгалзсан тул 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Б/35 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Ц.Э нь 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны үеэр өөрийг нь ажилд эгүүлэн авсан гэдгийг мэдсэн, уг тушаалтай танилцуулсан. Энэ хугацаанд нэхэмжлэгчтэй хүний нөөцийн ажилтан удаа дараа утсаар холбогдож, ажилдаа орох талаар сануулж, мөн нэхэмжлэгчийн гэрийн хаягаар Монгол шуудан ХК-иар дамжуулан тушаал, мэдэгдлийг хүргүүлж байсан боловч, ороогүй тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Мөн Ц.Э нь “Скайтел” ХХК-д ажиллаж байгаа. Ц.Э нь ажилгүй байсан хугацааны тэтгэмж авах хүсэлт өгч байснаас бус, ажилдаа эргэн орох талаар тус байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж байгаагүй. Ажилдаа эргэн орох хүсэл зорилгогүй гэдгээ илэрхийлж байна. Иймд Ц.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ХХМТГ-аас 19 501 404 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э-ад олгож, нэхэмжлэлээс 2 247 941 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ХХМТГ нь Ц.Э-ын дээрх олговроос зохих суутгалыг хийж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Э-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ХХМТГ-аас 255 457 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулан шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэж байгаа болно. Хэдийгээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2016/01124 дугаартай шийдвэрээр Ц.Э-ыг ХХМТГ-ын бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаалд эгүүлэн тогтоосон ч гэсэн тухайн албан тушаал нь орон тооны цомхотголоор хасагдсан. Ийм учраас яг шүүхийн шийдвэрт заасан албан тушаалд эгүүлэн томилох бодит нөхцөл боломж хариуцагчид байгаагүй бөгөөд шүүх энэ нөхцөл байдлыг харгалзаж үзсэнгүй. Нэгэнт Ц.Э-тын урьд эрхэлж байсан албан тушаал нь орон тооны цомхотголоор хасагдсан тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу өөрт байгаа нөөц бололцоогоо ашиглан мэргэжилтний тоог нэгээр нэмэгдүүлж, улмаар ХХМТГ-ын даргын 2017оны 1 дүгээр сарын 17-ныөдрийн Б/02 дугаар тушаалаар Ц.Э-ыг мэргэжилтнээр томилсон. Уг тушаал гарсантай холбогдуулан Ц.Э-д амаар мэдэгдсэн боловч Ц.Эт нь тушаалыг өөрт нь танилцуулаагүй гэх байдлаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан дээр маргасан байдаг бөгөөд түүний тайлбарласнаар мэдэгдээгүй байлаа гэж үзэхэд 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ажилд томилогдсон тухайгаа мэдсэн байна. Гэвч үүнээс хойш томилогдсон албан тушаалдаа ажиллах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, цалин хөлс, ажиллах нөхцөлөө тохиролцох талаар ирж уулзаж байгаагүй. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш бүтэн нэг жил гаруйн хугацаанд нэг ч удаа тийнхүү хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд үүнийгээ тайлбарлахдаа хариуцагчид сайн дураар биелүүлэх боломжийг олгосон гэж тайлбарладаг. Шүүхийн зүгээс ч энэ нөхцөл байдлыг дурдаад хэн аль нь анхаарах ёстой гэх ойлгомжгүй дүгнэлтийг хийсэн. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлээ татан авсан нь илүү их хугацаа хожиж их мөнгө гаргуулах гэсэн санаа зорилготой байсан болохыг нь харуулж байна. Үүнийг нь өөр компанид ажиллаж байсан гэдгээрээ давхар нотлогдоно. Анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн дагуу ажил, албан тушаалдаа эгүүлэн томилогдож ажиллах боломж байсаар байтал ажиллаагүй нэхэмжлэгч Ц.Э-ын буруутай үйл ажиллагаа байсаар байхад шүүхийн шийдвэр бодитоор биелэгдээгүй, хариуцагч түүнийг биелүүлсэнгүй гэж ганцхан хариуцагч байгууллагыг буруутгаж байгаа нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагад холбогдох Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2016/01124 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Э-ыг ХХМТГ-ынбүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2 073 921 төгрөгийг хариуцагч ХХМТГ-аас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 10-18/

 

Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00380 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1079 дүгээр магадлалаар хариуцагч ХХМТГ-аас 2 145 480 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 13-15/

Хариуцагч ХХМТГ нь шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2 073 921 төгрөгийг төлж барагдуулсан, харин нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох шийдвэрийг бодиттойгоор биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан асуудлаар дүгнэсэн нь  үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ээлжийн амралтын олговор хамаарахгүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасантай нийцсэн ба шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан “ажилгүй байсан бүх хугацаа”-нд өмнөх шүүхийн шийдвэр гарсан  2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааг хамааруулан  нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй.

Иймд хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх хэвээр байгаа гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/00629 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг  хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ЭНХТӨР

                                         ШҮҮГЧИД                                       Ч.ЦЭНД

                                                                                                 Н.БАТЗОРИГ