Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 00629

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 09 өдөр

     Дугаар 182/ШШ2019/00629

     Улаанбаатар хот

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монос 3 гудамжны 14 тоотод оршин суух, 30 настай, эрэгтэй, Боржигин овгийн Цогтсайханы Эрдэнэбат /РД:УХ89103030/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж, Сүхбаатарын талбай 1, Төв шуудангийн зүүн жигүүр 2 давхар 201 тоотод байрлах, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /РД:5761735/-т холбогдох

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны ээлжийн амралт олговорт 1.474.976 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Золбоо нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан тайлбарлаж байна. Үүнд: Хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 09-нийг дуустал /шүүхийн шийдвэр гарах хүртэл/ хугацааны цалин олговорт 20.274.369 төгрөг гаргуулах, дээрх цалин олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 24-нийг хүртэл хугацааны  ээлжийн амралтын олговорт 1.474.976 төгрөг, нийт 21.749.345 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01124 дугаар шийдвэрээр ажлаас буруу халсан болохыг тогтоон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу бүх нийтийн үүргийн үйлчилгээний сангийн хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж шийдвэрлэсэн.

Хариуцагч байгууллагын зүгээс шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон. Миний хувьд ажилд эгүүлэн томилох нь гэж ойлгож байсан. Гэвч хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр биелүүлээгүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 00380 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх цалин олговрыг гаргуулж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэн, гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1079 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хариуцагч талаас хяналтын журмаар гомдол гаргаагүй. Үүний дараа болон өмнө нь хариуцагч байгууллагад удаа дараа өргөдөл, хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломжийг олгож байсан боловч, шийдвэрийг биелүүлээгүй. Миний хувьд одоо ч гэсэн тохиролцоход татгалзах зүйлгүй. Энэ талаарх баримтыг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн.

            Хариуцагчаас надад өгсөн хариундаа ажилгүй байсан хугацааны олговрыг хэсэгчилж өгнө гэсэн. Одоо болтол шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй, тохиролцоогүй байгаа.

            2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гарган, ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжилсэн. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүх хуралдаан болсон. Үүний өмнө хариуцагч байгууллага намайг салбарын байгууллагад ажилладаг гэдэг үндэслэлээр “Скайтел” ХХК руу албан бичиг 2017 оны 03 дугаар сараас эхэлж явуулж байсан. Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж, хуулийн дагуу намайг ажилд томилдоггүй. Миний зөрчигдсөн эрх хэвээрээ л байсан. Миний хувьд 2013 онд 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл авсан. Хариуцагч байгууллага миний том хүүг 10 сартай байхад ажлаас халсан. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр миний бага хүү төрсөн гэх мэт үйл явдлууд болсон. Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй. Энэ хугацаанд амьдрал ахуйгаа яаж авч явах уу, эхнэр, хоёр хүүхэд, ипотекийн зээлээ яаж төлөх зэрэг асуудал  үүсээд 2017 оны 1 дүгээр сард “Скайтел” ХХК-д ажилд орсон. Ингээд ипотекийн зээлээ төлж, амьдрал ахуйгаа авч, явна. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасан. Гэтэл шүүхээс нэхэмжлэлээсээ татгалзсан гээд татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон 2087 дугаар захирамж гаргасан. Энэ шүүгчийн захирамж миний хүсэл зоригийн дагуу гараагүй. Нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасан байхад нэхэмжлэлээсээ татгалзсан гэх агуулгаар шийдвэрлэсэн. Энэ нь Үндсэн хуулиар олгосон миний эрхийг зөрчиж, илт үндэслэлгүй захирамж гаргасан тул шүүгчид өөрт нь гаргасан алдаагаа засах хүсэлтийг гаргасан.

Үүний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1094 дугаар шүүгчийн захирамж гаргасан. “Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай“ гээд улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэ захирамжид гомдол гаргах эрхтэй байсан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар гомдол гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн  00320 дугаар шүүхийн тогтоолоор  1094 дугаар захирамжид өөрчлөлт оруулж, дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээсэн. Улсын тэмдэгтийн хураамжийг надад буцаан олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр авсны дараа хариуцагч байгууллагад хандаж, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал биелүүлэхийг хүсч, хэрэв ажилд эгүүлэн томилохгүй бол дахин шүүхэд нэхэмжлэл гаргах асуудал үүсэж байна гэж өргөдөл гаргасан. Харамсалтай нь хариуцагч байгууллагын зүгээс 30 хоногийн дотор хариу өгөөгүй. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ асуудал дээр өнөөдрийг хүртэл хариуцагч байгууллагын зүгээс хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлж, ажилд томилохгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар ээлжийн амралтын олговрыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 тоот тушаалаар бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн бүтэц орон тоог 11 байхаар бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Бүтцийн өөрчлөлтөөр Ц.Эрдэнэбатын ажлын байр цомхотголд орж, орон тоо байхгүй болсон. Ц.Эрдэнэбат ажлаасаа чөлөөлөгдөж, тэтгэмж авах хүсэлт гаргасны дараа нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 749 685 төгрөг олгосны дараа шүүхэд  нэхэмжлэл гаргасан. Ажил олгогчийн хувьд Ц.Эрдэнэбатыг ажлаасаа чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрч, тэтгэмжээ авсан гэж ойлгосон байсан. Гэтэл Ц.Эрдэнэбат нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1124 дүгээр шийдвэрээр Ц.Эрдэнэбатыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон. Шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Эрдэнэбатыг дуудан уулзаж, түүнд олгох 2.073.921 төгрөгийг хэсэглэн олгох, орон тоо гармагц ажилд авахаар харилцан тохиролцсон юм.

Ингээд тус газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б/02 тоот тушаал гарч, Ц.Эрдэнэбатыг бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн ажлын албанд мэргэжилтнээр томилсон. Энэ тухай түүнд мэдэгдэх гэтэл утас нь холбогдохгүй байсан учраас гэрийн хаягаар нь мэдэгдэл хүргүүлж байсан. Ц.Эрдэнэбаттай уулзаж, түүнтэй тохиролцоод, ажилд эгүүлэн авсаар байхад тэрээр  өөрөө ирээгүй, ажиллахаас татгалзсан тул 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Б/35 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Ц.Эрдэнэбат нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны үеэр өөрийг нь ажилд эгүүлэн авсан гэдгийг мэдсэн, уг тушаалтай танилцуулсан. Энэ хугацаанд нэхэмжлэгчтэй хүний нөөцийн ажилтан удаа дараа утсаар холбогдож, ажилдаа орох талаар сануулж, мөн нэхэмжлэгчийн гэрийн хаягаар “Монгол шуудан” ХК-иар дамжуулан тушаал, мэдэгдлийг хүргүүлж байсан боловч, ороогүй тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн.  Мөн Ц.Эрдэнэбат нь “Скайтел”  ХХК-д ажиллаж байгаа. Ц.Эрдэнэбат нь ажилгүй байсан хугацааны тэтгэмж авах хүсэлт өгч байснаас бус, ажилдаа эргэн орох талаар  тус байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж байгаагүй. Ажилдаа эргэн орох хүсэл зорилгогүй гэдгээ илэрхийлж байна. Иймд Ц.Эрдэнэбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат нь хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 24-нийг дуустал хугацааны цалин олговорт 24.994.143 төгрөг, цаашид шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар нөхөн олговрыг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ээлжийн амралт олговорт 1.474.976 төгрөг, нийт 26.469.119 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, дараах байдлаар өөрчилсөн. /х.х-ийн 1-2, 109 тал/

            Нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодорхойлбол:

1. 2017 оны 02 дугаар сарын 15-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 09-нийг дуустал /шүүхийн шийдвэр гарах хүртэл/ хугацааны цалин олговорт 20.274.369  төгрөг,

2. 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын  24-нийг хүртэл хугацааны ээлжийн амралтын олговорт 1.474.976 төгрөг, нийт 21.749.345 төгрөг гаргуулах,  

3. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх   агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Хариуцагч, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “... Ц.Эрдэнэбатын ажлын байр бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр байхгүй болсон. Шүүхийн шийдвэр гарсны дараа тэрээр ирж, бидэнтэй уулзаж, шүүхийн шийдвэрээр тогтоосон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй  тэнцэх олговрыг  хэсэгчлэн байдлаар олгох,  түүнд ажлын байр гаргаж, ажиллуулахаар тохиролцсон. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б/02 дугаар тушаалаар Ц.Эрдэнэбатыг бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн ажлын албанд мэргэжилтнээр ажиллуулахаар томилсон боловч, тэрээр ажилдаа ирээгүй. Өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгосон.

            2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан дээр Б/01 дүгээр тушаалыг танилцуулсан. Энэ хугацаанд нэхэмжлэгчтэй удаа дараа утсаар холбогдох, ажилдаа орох талаар хүний нөөцийн ажилтан холбогдон сануулах, түүний гаргасан өргөдөл, хүсэлтийн хариуг нэхэмжлэгчийн гэрийн хаягаар “Монгол шуудан” ХК-иар дамжуулан, хүргүүлж байсан. Нэхэмжлэгч ажилдаа ороогүй, тухайн ажлын байранд ажиллахаас татгалзсан, өөр газар ажиллаж байсан тул  2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлсөн. Шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх тайлбар гарган мэтгэлцэж байгаа болно. /х.х-ийн 83-84 тал/

            Шүүх хуралдаанаар зохигчийн өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатыг “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2016/01124 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /х.х-ийн 10-12 тал/

182/ШШ2016/01124 дугаартай шүүхийн шийдвэр биелэгдээгүй үндэслэлээр  нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш 2017 оны 02 дугаар сарын 15-ныг хүртэлх хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилж, шүүхээр шийдвэрлүүлж байсан нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байгаа болно. /х.х-ийг 8-9, 13-18 тал/   

            Тодруулбал: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00380 дугаар шийдвэрээр  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт 2.145.480 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гарсан байх ба 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1079 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй.

            Дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш Ц.Эрдэнэбат нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойшх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулахаар шаардаж байсан үйл баримт зохигчийн тайлбар, хавтас хэргийн 47-64 талд авагдсан нотлох баримтууд болох Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2017/07628 дугаартай “нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай“ захирамж, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШЗ2017/07966 дугаар “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамж, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/02087 дугаар “Нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШЗ2018/10094 дугаар “Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамж, тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 182/ШТ2018/00320 дугаартай “182/ШЗ2018/10094 дугаар шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх тухай” тогтоол зэргээр тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан эдгээр баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын олговорт нийт 21.749.345 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг шаардсан гэж үзнэ. /х.х-ийн 1-2 тал/

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат нь хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг “... бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох тухай” хүчин төгөлдөр  шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж буруутган тайлбарлаж байгаа.

Хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь шүүхийн шийдвэрт заагдсан мөнгөн төлбөрийг төлж барагдуулсан байгаа боловч, нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрт заасан ажил албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй, шийдвэрийг бодиттойгоор биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 27-84, 117-133 тал/

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Ц.Эрдэнэбатын ажилгүй байсан хугацааны олговрыг тодорхойлохдоо, сарын дундаж цалин хөлсийг 786.660 төгрөгөөр тооцжээ. /х.х-ийн 10-18 тал/

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулан олгох бөгөөд ... ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “ажилгүй байсан бүх хугацаа”-нд хамаарна.

Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д “Ажилтны  урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгосон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй“ гэж заажээ.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбат нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн  газраас хүсэж удаа дараа өргөдөл, хүсэлт гаргаж байсан байх ба ажил олгогчоос өргөдөл, хүсэлтийн хариуг тухай бүрд нь өгч байсан тухайд нэхэмжлэгч маргахгүй байгаа болно. /х.х-ийн 8-9, 117-133 тал/

Нэхэмжлэгч нь “шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломжийг хариуцагчид олгож байсан гэх тайлбарыг гаргаж байгаа боловч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж, мөн хуулийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ“ гэх зохицуулалтыг хэрэгжүүлээгүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хэдийд хандсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрхэн хийгдэж байгаа, шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар нэхэмжлэгч өөрөө анхаарахгүй, өөр байгууллагад ажиллах, хариуцагч нь нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрт заасан ажил албан тушаалд эгүүлэн аваагүй, нэхэмжлэгчтэй тохиролцож, өөр  ажил  албан тушаалд  томилсон, ажилдаа ирээгүй, ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн тушаал шийдвэр гаргах зэргээр талуудын хооронд маргаан үүсэж, ажилгүй байсан хугацааны олговор авах үр дагавар цаашид байж болох эсэхийг хэргийн оролцогчдын хэн алин нь анхаарах байсныг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх хэвээр байх тул 2017 оны 02 дугаар сарын 15-наас 2019 оны 04 дүгээр сарын 10-ныг хүртэлх /533 хоног/ хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19.501.404 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатад олгож, нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны ээлжийн амралтын олговорт 1.474.976 төгрөг гаргуулахаар давхардуулан нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2.247.941 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 19.501.404 /арван есөн сая таван зуун нэг мянга дөрвөн зуун дөрвөн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатад олгож, нэхэмжлэлээс 2.247.941 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар   Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь Ц.Эрдэнэбатын дээрх олговроос зохих суутгалыг хийж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн  технологийн газраас  255.457 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ                              Ж.ЦЭНГЭЛ