Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/01882

 

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/01882

                 Улаанбаатар хот

               

             

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У.Г-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.М/,

 

Хариуцагч: Б.Х,

 

 Хариуцагч: Г.Г,

 

Хариуцагч: Х.Фи ББСБ ХХК-д тус тус холбогдох,

 

00000000 дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Г, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч Г.Г өмгөөлөгч З.А /ШТЭҮД-0236/, хариуцагч Б.М, хариуцагч Б.М-ын өмгөөлөгч, хариуцагч Б.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагч Х.Ф ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, гуравдагч этгээд Мобиком ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

 

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч У.Г нь өөрийн хууль ёсны эзэмшлийн 00000000 дугаарыг 2009 оноос эзэмшиж байгаад 2011 онд тус компанитай гэрээ байгуулж албан ёсны шударга эзэмшигч болсон. 2011 оны 11 дүгээр сард Б.М-тай харилцан тохиролцсоны дагуу 00000000 дугаараа барьцаалж, 8 000 000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Энэ зээлтэй холбогдуулан Б.М-аас шаардсаны дагуу Б.Г нь өөрийн эзэмшлийн 00000000 дугаарыг Б.М-ын дүү Б.Х-гийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд зээлийг 2012 оны 6 дугаар сард бүрэн төлж дуусгасан. Улмаар 2012 оны 12 дугаар сард дахин Б.М-тай харилцан тохиролцож, 12 000 000 төгрөг зээлж авсан бөгөөд энэ талаар талуудын хооронд бичгийн гэрээ байгуулаагүй барьцаа тохиролцоогүй, уг зээлийг Б.М-ын дансаар болон бэлэн мөнгөөр хэсэгчлэн, мөн 2015 оны 6 дугаар сард Б.М-ын хүсэлтээр түүнээс авлагатай байсан Баянмонхор констракшн компанийн захирал Н.Бт 8 000 000 төгрөгийн үнэ бүхий тоосгыг хүлээлгэн өгч, 12 110 000 төгрөгийг төлж, уг зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусгасан. Ингээд 2016 онд Б.М-тай уулзаж төлбөр тооцоо дууссан тул 8 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд өгсөн миний 00000000 дугаарыг шилжүүлж өгөөч гэхэд шилжүүлж өгөөгүй тул 2012 оны 9 дүгээр сард Б.Маас зээлсэн 12 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт 12 110 000 төгрөг төлсөн болохыг тогтоолгож, мөн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул өөрийн хууль ёсоор эзэмшдэг  дугаарыг эзэмших эрхийг буцааж шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зөвхөн дугаарыг буцаан шилжүүлэхийг даалгах болгож өөрчилсөн. 8 000 000 төгрөгийн зээлийг төлж дуусгасан, зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон тул барьцааны зүйлийг буцаан шаардах нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасны дагуу У.Гийн эрхийн асуудал. Яагаад гэвэл У.Г 2009 онд Мобикомын тогтоосон журмын дагуу гэрээ байгуулж 99110963 дугаар хууль ёсны эзэмших эрх нь үүссэн. У.Гтэй байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт 00000000 дугаарын сим карт нь Мобиком корпораци ХХК-ийн өмч, эзэмших, ашиглах эрх нь үйлчлүүлэгч У.Гт байна гэж заасан. 00000000 болон бусад бүхий л хөдөлгөөн үүрэн операторын дугаар бол эзэмшигчийн эзэмших эрх. Дугаар буюу сим карт нь тухайн үүрэн операторын өмч. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б.Х Х.Ф ББСБ ХХК-иас зээл авсан бөгөөд Б.Х зээлээ төлж дуусгасан баримт байна. Гэтэл Х.Фи ББСБ ХХК яагаад зээлдэгч Б.Х-д дугаарыг буцаан шилжүүлэхгүй Б.Х-гийн хүсэлтээр Б.Тэлмэн гэдэг хүн рүү шилжүүлж байгаа нь ойлгомжгүй. Б.Хгийн хүсэлт гэх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Энэ дугаар бол өмч биш, үүрэн холбооны өмч. Үйлчлүүлэгч нар бол дугаарын эзэмшигч, үүнийг ялгаж салгах хэрэгтэй. Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа энэ дугаарыг 25 000 000 төгрөгөөр худалдаж авсан, тэгээд буцаан өөр этгээд рүү шилжүүлсэн гэсэн. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч У.Гт хууль ёсны дагуу эзэмших эрх үүссэн. Энэ эрхээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Мтай байгуулсан зээлийн харилцаанд Б.Мын шаардсаны дагуу Б.Х-гийн нэр дээр шилжүүлсэн. 8 000 000 төгрөгийг зээлийг 2012 оны 6 дугаар сар бүрэн төлж дуусгасан. Анхдагч зээлийн гэрээний үүрэг биелсэн учраас барьцааны гэрээ дуусгавар болсон. Иймд хууль ёсны дагуу нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байгаа тул хариуцагч нараас эзэмших эрхийг шилжүүлэхийг шаардаж байна” гэв.

 

                Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. У.Г нь мөнгө зээлэхдээ үүрэн телефоны үйлчилгээг хариуцагч Б.М-д бус гуравдагч этгээдэд өөрийн хүсэлтээр хүлээн зөвшөөрч шилжүүлсэн. Гэтэл 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Б.Х-д шилжүүлсэн атал иргэн Б.М-аас 2012 оны 9 дүгээр сард мөнгө зээлж авсан гэж дурдсан нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байна. Түүнчлэн одоо хариуцагчийн хэрэглээнд энэ дугаар байхгүй, тэгээд ч хариуцагч гар утасны оператор компанийн үйлчилгээг бусдад шилжүүлэх эрх байдаггүй. Учир гар утасны компанийн үйлчилгээ үзүүлэхдээ ашиглаж байгаа тоон илэрхийлэл нь Монгол Улсын Харилцаа Холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь хэсэгт зааснаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу гаргасан дуудлагын чиглэлийг тодорхойлох, хэрэглэгчийг таньж илрүүлэх зориулалттай тоон илэрхийлэл юм. Иймд энэхүү тоон илэрхийлэл нь эд хөрөнгө биш бөгөөд өмчийн харилцааны зүйл болдоггүй. Харин оператор компани нь тухайн дугаарлалтыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглаж, гуравдагч этгээдэд хэрэглүүлдэг. Мобиком корпорацын хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд хэрэглэгч нь үйлчилгээ үзүүлэгчээс олгож байгаа үйлчилгээг зөвхөн гэрээнд заасан нөхцөлөөр ашиглах үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. Энэ нь энэхүү гэрээгээр хэрэглэгчийн дараа төлбөрт дугаарыг бусдад худалдах, барьцаалах эрхгүй гэсэн үг юм. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн тухайд нэхэмжлэлд хавсаргасан зээлийн төлбөрт төлсөн гэх дансны бэлэн мөнгөний орлогын баримтууд нь хариуцагчаас зээлсэн мөнгөний хүүг хариуцагч Б.М-ын шаардлагаар 4 жилийн хугацаанд хэсэгчилж цувуулж өгч байсан баримтууд. Нэхэмжлэгч У.Г-өөс хариуцагч Б.М төлөх ёстой зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 15 000 000 төгрөгөөс Баянмонхор констракшн компанийн захирал Н.Б-т 8 000 000 төгрөгийн үнэ бүхий тоосгыг өгсөн гэсэн бичгийг нэхэмжлэлд хавсаргасан. Н.Б-т хариуцагч Б.М нь орон сууц захиалж урьдчилгаа төлбөрөө төлөөд одоо болтол байрандаа ороогүй байгаа бөгөөд өөрөөр хэлбэл Н.Б-ээс авлагатай юм. Нэхэмжлэгч У.Г нь өөрөө хариуцагч дээр хүрч ирэн ийм бичиг хийгээд өгчих, тэгвэл өөрт чинь зээлийн үндсэн төлбөрийн мөнгөө бэлнээр нь Н.Б-ээс авч өгье гэж удаа дараа гуйсны дагуу Б.М нь энэ бичгийг хийж өгсөн байдаг. Нэхэмжлэгч У.Г нь хариуцагч Б.М-д нэг ч төгрөг авчирч өгөөгүй бөгөөд, хариуцагчаас бичиг авч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Баянмонхор констракшн компанийн захирал Н.Б-тэй биеэр уулзаж, учир явдлыг тодруулахад манай компани иргэн У.Г-өөс 10 000 ширхэг тоосго, 2 ширхэг гахай авсан болно, эдгээрээс өөр зүйл аваагүй, энэ 10 000 тоосгыг хэрэглээгүй тул буцааж өгөхөд саадгүй гэсэн бичгийг шүүхэд гаргаж өгсөн. Иймд хариуцагч Б.М нь нэхэмжлэгч У.Гөөс энэ мөнгөө одоо болтол аваагүй бөгөөд тусад нь шүүхэд хандан нэхэмжлэх болно” гэв.       

 

Хариуцагч Х.Фи ББСБ ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хамтран хариуцагчаар оролцуулсныг болон нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан. Гэтэл манай байгууллага нэхэмжлэгч У.Г-тэй ямар ч холбоогүй, ямар нэг эрх зүйн харилцаанд оролцоогүй, түүний ашиг сонирхолд хохирол учруулаагүй, түүний өмнө ямар ч үүрэг хүлээгүй болно. Харин нэхэмжлэлд дурдсан гар утасны дугаарын хувьд иргэн Б.Х-тай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж 00000000 дугаарыг нь 5 500 000 төгрөгийн барьцаанд авч, зээлдэгч Б.Х-гийн хүсэлтээр 2016 оны 02 сарын 21-ний өдөр Б.Т нэр дээр шилжүүлсэн болно. Хэрвээ Б.Х-гийн эзэмшилд байсан дугаарыг бусдын эзэмшилд Б.Х-гийн зөвшөөрөлгүй шилжүүлсэн гэж үзвэл Х.Ф ББСБ ХХК-д холбогдуулж, Б.Х нэхэмжлэл гаргах ёстой. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь гэрээний үүргийн дагуу шаардаад байна уу, гэрээний бус шаардаад байна уу эсхүл хохирол шаардаад байна уу гэдэг нь тодорхойгүй. 00000000 дугаар нь хариуцагч нарын нэр дээр бүртгэлгүй болох нь тайлбараар нотлогдож байна. Одоо нэгэнт байхгүй дугаарыг хариуцагч нар нэхэмжлэгчийн нэр дээр яаж шилжүүлэх, яаж нэхэмжлэлийн шаардлага хангагдах вэ. Хэрэв буцаан шилжүүлэх боломжгүй бол мөнгөөр тооцож шилжүүлэх хуулийн зохицуулалт байдаг. Нэгэнт биелэгдэхгүй шаардлагыг үндэслэж маргаан үүсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч У.Гтэй зээлийн гэрээ болон 00000000 дугаартай холбоотой эрх зүйн харилцаа үүсгээгүй тул уг иргэний хэрэгт бид хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Г нь 00000000 дугаарыг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс Мобиком корпорацитай гэрээ байгуулан ашиглаж байгаад Мобикомын өмчлөлд 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр буцааж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зүйл нь Г.Г-д хамааралгүй болсон ба Г.Г нь хүнд өвчний улмаас удаан хугацаагаар Солонгост эмчлүүлэхээр явсан. Энэ иргэний хэрэгт Г.Г-г хариуцагчаар татах үндэслэл тогтоогдохгүй байх тул Г.Г-д хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 00000000дугаар нь өмч мөн үү,  хэний өмч вэ гэдэг нь тодорхойгүй. Хэрвээ өмч болно гэвэл гэрээгээр Мобиком корпораци ХХК гэж явдаг. Энэ дугаар нь Монголын харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь хэсэгт дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө” гэж улс, хот хооронд, орон нутгийн сүлжээ болон үйлчлэгчийг ялгаж таних, дуудлагын чиглэлийг тодорхойлох тоон илэрхийллийг хэлнэ гэж заасан. Тоон илэрхийллийг өмч гэж үзэн буцаан шилжүүлэхийг шаардаад буй дугаар нь өөрөө хэний өмч болох. Хэрвээ өмч гэж үзвэл Иргэний хуульд зааснаар өмчлөгч нь бусдад шилжүүлэх эрх байдаг. Хэрвээ өмч биш, дуудлагын чиглэлийг тодорхойлж байгаа тоон илэрхийлэл гэж үзвэл үүнийг шаардах эрх байхгүй. Г.Г 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр У.С гэдэг хүнээс шилжүүлж авсан бөгөөд шилжүүлсэн этгээд нь Мобиком корпораци ХХК байдаг. Тэгэхээр Мобиком корпораци ХХК өөрөө өөрийнхөө тоон чиглэлийн дугаарыг нэг хүнээс нөгөө хүнээс шилжүүлсэн. Хэрэв өмч гэвэл Г.Г шударгаар авсан учраас шударгаар бусдад шилжүүлэх нь энэ хүний өөрийнх нь эрх. Өмч гэдэг зүйлийн ард үнэлгээ байх ёстой. Хэдэн төгрөгийг үнэтэй зүйлийг хэнээс шаардаад байна вэ. Нэхэмжлэгч энэ дугаарыг шаардах эрхтэй эсэх, өмчлөгч нь Мобиком корпораци ХХК уу, У.Г үү. Өмчлөгч нь тодорхой байх ёстой атал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүх заалтыг зөрчсөн байна. Энэ дугаарын өмчлөгч У.Г мөн гэдгийг тодорхойлсон баримт байхгүй. Г.Г У.Гтэй гэрээ байгуулж дугаарыг шилжүүлж аваагүй. Ямар гэрээний үндсэн дээр 00000000 дугаарыг шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээд Мобиком корпораци ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэг маргаан нь иргэд хоорондын зээлийн гэрээний маргаан. Үүнд Мобиком корпораци ХХК нь хамааралгүй, бас буруугүй. Мобиком корпораци ХХК нь хэрэглэгчийн хүсэлтээр талуудыг биеэр байлцуулан дугаарын эзэмших эрхийг шилжүүлдэг. Тухайн үед Мобиком корпораци ХХК нь үүргийнхээ хүрээнд талуудыг байлцуулан дугаарын эзэмших гэрээг байгуулан эрхийг шилжүүлсэн тул Мобиком корпораци ХХК-д хамааралгүй” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.Г нь анх хариуцагч Б.Мд холбогдуулан зээлийн эргэн төлөлтөд 12 110 000 төгрөг төлсөн болохыг тогтоолгож, 00000000 дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Х, Г.Г, Х.Ф ББСБ ХХК-ийг тус тус хамтран хариуцагчаар тодорхойлж, улмаар 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 00000000 дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч У.Г нь 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Г.У-аас 00000000 дугаарыг барьцааны хамт шилжүүлэн авч, 000000 дугаартай үүрэн телефоны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ У.Г, “Мобиком корпораци” ХХК-ийн хооронд байгуулагдсанаар нэхэмжлэгч нь уг дугаарын эзэмшигч болжээ.

 

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, “Цахилгаан холбооны дугаар олгох журам”-ын 1.3.2-т “дугаар эзэмшигч гэж Монгол улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу тодорхой хугацаанд ашиглахаар Харилцаа холбооны зохицуулах хороотой гэрээ байгуулсан хуулийн этгээд”-ийг дугаар эзэмшигч гэж тодорхойлсон байх бөгөөд дээрх зохицуулалтын дагуу 00000000 дугаарын эзэмшигч нь Мобиком корпораци ХХК байх боловч У.Г, Мобиком корпораци ХХК-ийн хооронд 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан “Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ”-ний 3-т хэрэглэгчийн эрх, үүрэг, 3.5-д “...гэрээ болон багц шилжүүлэх...” гэж зааснаар уг дугаарыг хэрэглэгчийн эрхээ бусдад шилжүүлэх эрхтэй байна. /хх237-238/       

    

Улмаар нэхэмжлэгч У.Г дээрх эрхийнхээ хүрээнд 2012 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Б.Маас 8 000 000 төгрөг зээлдсэний барьцаанд 00000000 дугаарын эзэмших эрхийг барьцаалж, мөн өдөртөө 99110963 дугаарын үйлчилгээг 000000 тоот гэрээгээр Б.Х-д шилжүүлсэн, дээрх 8 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч гүйцэтгэж, зээлийг буцаан төлж барагдуулсан үйл баримтад талууд маргаагүй.

 

Үүний дараа, 2012 оны 12 дугаар сард нэхэмжлэгч У.Г нь дахин 12 000 000 төгрөгийг хариуцагч Б.Маас зээлдэхээр аман хэлцлээр тохиролцсон талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь “...00000000дугаарыг энэхүү зээлийн барьцаанд бариулаагүй, уг зээлийн төлбөрийг төлж барагдуулсан” гэж, хариуцагч Б.М “уг зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, жичид нь нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ” гэж тус тус тайлбарлан маргасан.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ, мөн бичгээр байгуулаагүй боловч Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээний гол нөхцөлийг тохирч үүрэн телефоны дараа төлбөрт үйлчилгээний гэрээг У.Г-өөс Б.Х-д шилжүүлснээр зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ”...би 00000000 дугаарыг эзэмших эрхээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Мтай байгуулсан зээлийн харилцаанд, түүний шаардсаны дагуу Б.Хгийн нэр дээр шилжүүлж, 8 000 000 төгрөгийг зээлийг 2012 оны 6 дугаар сард төлж дуусгасан. Зээлийн гэрээний үүрэг биелсэн, барьцааны гэрээ дуусгавар болсон тул эзэмших эрхийг шилжүүлэхийг хариуцагч нараас шаардана” гэж тайлбарласан тул шүүх 2012 оны 12 дугаар сард зээлдүүлсэн гэх 12 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд 8 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч У.Г биелүүлснээр зээлдэгчийн үүрэг болон хариуцагч Б.М, Б.Х нарын 00000000 дугаарыг барьцаалсан барьцааны эрх дуусгавар болжээ.

 

Иймд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д ...барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон бол барьцааны эрх дуусгавар болно, 160.3-т ...барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй гэж тус тус зааснаар 00000000 дугаарыг эзэмших эрхийг У.Гт буцаан шилжүүлэх үүрэг хариуцагч Б.М, Б.Х нарт, хуулийн дээрх заалт болон Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар зээлийн барьцаанд бариулсан 00000000 У.Гт тус тус үүссэн байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний үүрэг 2012 оны 6 дугаар сард дууссан тул энэ үеэс эхлэн нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байх бөгөөд 2016 оны 12 дугаар  сарын 25-ны өдөр шүүхэд хандан шаардлага гаргасан нь хуулийн дээрх заалттай нийцэхгүй, барьцааны гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.  

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч Б.М, Б.Х нараас барьцааны гэрээний үүргийг шаардах эрхтэй боловч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хэргийн баримтаар 00000000 дугаарын эзэмших эрх 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б.Хгийн хүсэлтээр Х.Ф ББСБ-д, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Х.Ф ББСБ-ийн хүсэлтээр Б.Тэлмэнд, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Б.Тэлмэнгийн хүсэлтээр Сити альяанс ХХК-д, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сити альяанс ХХК-ийн хүсэлтээр С.Ууганбаатарт, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр С.Ууганбаатарын хүсэлтээр Г.Гд тус тус шилжсэн болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч У.Гийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 6 дугаар сард дууссаны дараа буюу 2016 оны 12 дугаар сард Б.Х нь эзэмших эрхийг бусдад шилжүүлснийг буруутгах боломжгүй, түүнчлэн хариуцагч Х.Ф ББСБ, Г.Г нар Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д шударга эзэмшигч байх тул нэхэмжлэгч нь 00000000дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг Х.Ф ББСБ, Г.Г нарт даалгахаар шаардах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.  

                 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

                Иргэний хэрэг шүүхд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийг 90.1, 106 дугаар зүйлийн 106.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан 00000000 дугаарын эзэмших эрхийн гэрээг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.М, Б.Х, Г.Г, Х.Ф ББСБ ХХК-д тус тус даалгахыг хүссэн нэхэмжлэгч У.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголсугай.

 

                2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНГӨНТУУЛ