Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00576

 

 

У.Ганхөлөгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Б.Ундрах, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/01882 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2090 дүгээр магадлалтай,

У.Ганхөлөгийн нэхэмжлэлтэй,

Б.Мөнхжарал, Б.Халиунаа, Г.Гомбосүрэн, “Хос финанс ББСБ” ХХК,  холбогдох

99110963 дугаарыг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг

Хариуцагч Б.Халиунаагийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Ганхөлөг түүний өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Б.Мөнхжаргалын өмгөөлөгч, Б.Халиунаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болдбаатар, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: У.Ганхөлөг нь өөрийн хууль ёсны эзэмшлийн 99110963 дугаарыг 2009 оноос эзэмшиж байгаад 2011 онд тус компанитай гэрээ байгуулж албан ёсны шударга эзэмшигч болсон. 2011.11 дүгээр сард Б.Мөнхжаргалтай харилцан тохиролцсоны дагуу 99110963 дугаараа барьцаалж, 8,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Энэ зээлтэй холбогдуулан Б.Мөнхжаргалаас шаардсаны дагуу Б.Ганхөлөг нь өөрийн эзэмшлийн 99110963 дугаарыг Б.Мөнхжаргалын дүү Б.Халиунаагийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд зээлийг 2012.06 дугаар сард бүрэн төлж дуусгасан. Улмаар 2012.12 дугаар сард дахин Б.Мөнхжаргалтай харилцан тохиролцож, 12,000,000 төгрөг зээлж авсан бөгөөд энэ талаар талуудын хооронд бичгийн гэрээ байгуулаагүй барьцаа тохиролцоогүй, уг зээлийг Б.Мөнхжаргалын дансаар болон бэлэн мөнгөөр хэсэгчлэн, мөн 2015.06 дугаар сард Б.Мөнхжаргалын хүсэлтээр түүнээс авлагатай байсан Баянмонхор констракшн ХХК-ийн захирал Н.Батбилэгт 8,000,000 төгрөгийн үнэ бүхий тоосгыг хүлээлгэн өгч, 12,110,000 төгрөгийг төлж, уг зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусгасан. Ингээд 2016 онд Б.Мөнхжаргалтай уулзаж төлбөр тооцоо дууссан тул 8,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд өгсөн миний дугаарыг шилжүүлж өгөөч гэхэд шилжүүлж өгөөгүй тул 2012.09 дүгээр сард Б.Мөнхжаргалаас зээлсэн 12,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт 12,110,000 төгрөг төлсөн болохыг тогтоолгож, мөн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул өөрийн хууль ёсоор эзэмшдэг 99110963 дугаарыг эзэмших эрхийг буцааж шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зөвхөн дугаарыг буцаан шилжүүлэхийг даалгах болгож өөрчилсөн. 8,000,000 төгрөгийн зээлийг төлж дуусгасан, зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон тул барьцааны зүйлийг буцаан шаардах нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасны дагуу У.Ганхөлөгийн эрхийн асуудал. Яагаад гэвэл У.Ганхөлөг 2009 онд Мобикомын тогтоосон журмын дагуу гэрээ байгуулж 99110963 дугаар хууль ёсны эзэмших эрх нь үүссэн. У.Ганхөлөгтэй байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт 99110963 дугаарын сим карт нь Мобиком корпораци ХХК-ийн өмч, эзэмших, ашиглах эрх нь үйлчлүүлэгч У.Ганхөлөгт байна гэж заасан. 99110963 болон бусад бүхий л хөдөлгөөн үүрэн операторын дугаар бол эзэмшигчийн эзэмших эрх. Дугаар буюу сим карт нь тухайн үүрэн телефоны операторын өмч. 2016.12.08-ны өдөр Б.Халиунаа Хос финанс ББСБ ХХК-иас зээл авсан бөгөөд Б.Халиунаа зээлээ төлж дуусгасан баримт байна. Гэтэл Хос финанс ББСБ ХХК яагаад зээлдэгч Б.Халиунаад дугаарыг буцаан шилжүүлэхгүй Б.Халиунаагийн хүсэлтээр Б.Тэлмэн гэдэг хүн рүү шилжүүлж байгаа нь ойлгомжгүй. Б.Халиунаагийн хүсэлт гэх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Энэ дугаар бол үүрэн холбооны өмч. Үйлчлүүлэгч нар бол дугаарын эзэмшигч, үүнийг ялгаж салгах хэрэгтэй. Г.Гомбосүрэн шүүхэд гаргасан тайлбартаа энэ дугаарыг 25,000,000 төгрөгөөр худалдаж авсан, тэгээд буцаан өөр этгээд рүү шилжүүлсэн гэсэн. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч У.Ганхөлөгт хууль ёсны дагуу эзэмших эрх үүссэн. Энэ эрхээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Мөнхжаргалтай байгуулсан зээлийн харилцаанд Б.Мөнхжаргалын шаардсаны дагуу Б.Халиунаагийн нэр дээр шилжүүлсэн. 8,000,000 төгрөгийг зээлийг 2012.06 дугаар сард бүрэн төлж дуусгасан. Анхдагч зээлийн гэрээний үүрэг биелсэн учраас барьцааны гэрээ дуусгавар болсон. Иймд хууль ёсны дагуу нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байгаа тул хариуцагч нараас эзэмших эрхийг шилжүүлэхийг шаардаж байна гэжээ.

Хариуцагч Б.Мөнхжаргалын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: У.Гөнхөлөг нь мөнгө зээлэхдээ үүрэн телефоны үйлчилгээг хариуцагч Б.Мөнхжаргалд бус гуравдагч этгээдэд өөрийн хүсэлтээр хүлээн зөвшөөрч шилжүүлсэн. Гэтэл 2012.01.02-ны өдөр Б.Халиунаад шилжүүлсэн атал Б.Мөнхжаргалаас 2012.09 дүгээр сард мөнгө зээлж авсан гэж дурдсан нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байна. Түүнчлэн одоо хариуцагчийн хэрэглээнд энэ дугаар байхгүй, тэгээд ч хариуцагч гар утасны оператор компанийн үйлчилгээг бусдад шилжүүлэх эрх байдаггүй. Учир гар утасны компанийн үйлчилгээ үзүүлэхдээ ашиглаж байгаа тоон илэрхийлэл нь Монгол Улсын Харилцаа Холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь хэсэгт зааснаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу гаргасан дуудлагын чиглэлийг тодорхойлох, хэрэглэгчийг таньж илрүүлэх зориулалттай тоон илэрхийлэл юм. Иймд энэхүү тоон илэрхийлэл нь эд хөрөнгө биш бөгөөд өмчийн харилцааны зүйл болдоггүй. Харин оператор компани нь тухайн дугаарлалтыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглаж, гуравдагч этгээдэд хэрэглүүлдэг. Мобиком корпорацын хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд хэрэглэгч нь үйлчилгээ үзүүлэгчээс олгож байгаа үйлчилгээг зөвхөн гэрээнд заасан нөхцөлөөр ашиглах үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. Энэ нь энэхүү гэрээгээр хэрэглэгчийн дараа төлбөрт дугаарыг бусдад худалдах, барьцаалах эрхгүй гэсэн үг юм. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн тухайд нэхэмжлэлд хавсаргасан зээлийн төлбөрт төлсөн гэх дансны бэлэн мөнгөний орлогын баримтууд нь хариуцагчаас зээлсэн мөнгөний хүүг хариуцагч Б.Мөнхжаргалын шаардлагаар 4 жилийн хугацаанд хэсэгчилж цувуулж өгч байсан баримтууд. Нэхэмжлэгч У.Ганхөлөгөөс хариуцагч Б.Мөнхжаргал төлөх ёстой зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 15,000,000 төгрөгөөс Баянмонхор констракшн ХХК-ийн захирал Н.Батбилэгт 8,000,000 төгрөгийн үнэ бүхий тоосгыг өгсөн гэсэн бичгийг нэхэмжлэлд хавсаргасан. Н.Батбилэгт хариуцагч Б.Мөнхжаргал нь орон сууц захиалж урьдчилгаа төлбөрөө төлөөд одоо болтол байрандаа ороогүй байгаа бөгөөд өөрөөр хэлбэл Н.Батбилэгээс авлагатай юм. Нэхэмжлэгч У.Ганхөлөг нь өөрөө хариуцагч дээр хүрч ирэн ийм бичиг хийгээд өгчих, тэгвэл өөрт чинь зээлийн үндсэн төлбөрийн мөнгөө бэлнээр нь Н.Батбилэгээс авч өгье гэж удаа дараа гуйсны дагуу Б.Мөнхжаргал нь энэ бичгийг хийж өгсөн байдаг. Нэхэмжлэгч У.Ганхөлөг нь хариуцагч Б.Мөнхжаргалд нэг ч төгрөг авчирч өгөөгүй бөгөөд, хариуцагчаас бичиг авч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Баянмонхор констракшн ХХК-ийн захирал Н.Батбилэгтэй биеэр уулзаж, учир явдлыг тодруулахад манай компани У.Ганхөлөгөөс 10,000 ширхэг тоосго, 2 ширхэг гахай авсан болно, эдгээрээс өөр зүйл аваагүй, энэ 10,000 тоосгыг хэрэглээгүй тул буцааж өгөхөд саадгүй гэсэн бичгийг шүүхэд гаргаж өгсөн. Иймд хариуцагч Б.Мөнхжаргал нь нэхэмжлэгч У.Ганхөлөгөөс энэ мөнгөө одоо болтол аваагүй бөгөөд тусад нь шүүхэд хандан нэхэмжлэх болно гэжээ.

Хариуцагч Хос Финанс ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хамтран хариуцагчаар оролцуулсныг болон нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасанд манай байгууллага нийцэхгүй учир нь нэхэмжлэгч У.Ганхөлөгтэй ямар ч холбоогүй, эрх зүйн харилцаанд оролцоогүй, түүний ашиг сонирхлыг хөндөөгүй, түүний өмнө ямар ч үүрэг хүлээгээгүй болно. Харин нэхэмжлэлд дурдсан гар утасны дугаарын хувьд Б.Халиунаатай байгуулсан 2016.12.08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж 99110963 дугаарыг нь 5,500,000 төгрөгийн барьцаанд авч, зээлдэгч Б.Халиунаагийн хүсэлтээр 2016.02.21-ний өдөр Батхуяг овогтой Тэлмэнгийн нэр дээр шилжүүлсэн болно. Хэрвээ Б.Халиунаагийн эзэмшилд байсан дугаарыг бусдын эзэмшилд Б.Халиунаагийн зөвшөөрөлгүй шилжүүлсэн гэж үзвэл Хос финанс ББСБ ХХК-д холбогдуулж, Б.Халиунаа нэхэмжлэл гаргах ёстой. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь гэрээний үүргийн дагуу эсвэл гэрээний бусаар шаардаад байна уу эсхүл хохирол шаардаад байна уу гэдэг нь тодорхойгүй. 99110963 дугаар нь хариуцагч нарын нэр дээр бүртгэлгүй болох нь тайлбараар нотлогдож байна. Одоо нэгэнт байхгүй дугаарыг хариуцагч нар нэхэмжлэгчийн нэр дээр яаж шилжүүлэх, яаж нэхэмжлэлийн шаардлага хангагдах вэ. Хэрэв буцаан шилжүүлэх боломжгүй бол мөнгөөр тооцож шилжүүлэх хуулийн зохицуулалт байдаг. Нэгэнт биелэгдэхгүй шаардлагыг үндэслэж маргаан үүсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч У.Ганхөлөгтэй зээлийн гэрээ болон 99110963 дугаартай холбоотой эрх зүйн харилцаа үүсгээгүй тул уг иргэний хэрэгт бид хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Гомбосүрэнгийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Гомбосүрэн нь 99110963 дугаарыг 2018.07.23-ны өдрөөс Мобиком корпорацитай гэрээ байгуулан ашиглаж байгаад Мобикомын өмчлөлд 2019.02.19-ний өдөр буцааж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зүйл нь Г.Гомбосүрэнд хамааралгүй болсон ба Г.Гомбосүрэн нь хүнд өвчний улмаас удаан хугацаагаар Солонгост эмчлүүлэхээр явсан. Энэ иргэний хэрэгт Г.Гомбосүрэнг хариуцагчаар татах үндэслэл тогтоогдохгүй байх тул Г.Гомбосүрэнд хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 99110963 дугаар нь өмч мөн үү, хэний өмч вэ гэдэг нь тодорхойгүй. Хэрвээ өмч болно гэвэл гэрээгээр Мобиком корпораци ХХК гэж явдаг. Энэ дугаар нь Монголын харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар тоон илэрхийлэл юм. Тоон илэрхийллийг өмч гэж үзэн буцаан шилжүүлэхийг шаардаад буй дугаар нь өөрөө хэний өмч болох, хэрвээ өмч гэж үзвэл Иргэний хуульд зааснаар өмчлөгч нь бусдад шилжүүлэх эрх байдаг. Хэрвээ өмч биш, дуудлагын чиглэлийг тодорхойлж байгаа тоон илэрхийлэл гэж үзвэл үүнийг шаардах эрх байхгүй. Г.Гомбосүрэн 2017.06.29-ний өдөр У.Сэрээтэр гэдэг хүнээс шилжүүлж авсан бөгөөд шилжүүлсэн этгээд нь Мобиком корпораци ХХК байдаг. Тэгэхээр Мобиком корпораци ХХК өөрөө өөрийнхөө тоон чиглэлийн дугаарыг нэг хүнээс нөгөө хүнд шилжүүлсэн. Хэрэв өмч гэвэл Г.Гомбосүрэн шударгаар авсан учраас шударгаар бусдад шилжүүлэх нь энэ хүний өөрийнх нь эрх. Өмч гэдэг зүйлийн ард үнэлгээ байх ёстой. Хэдэн төгрөгийг үнэтэй зүйлийг хэнээс шаардаад байна вэ. Нэхэмжлэгч энэ дугаарыг шаардах эрхтэй эсэх, өмчлөгч нь Мобиком корпораци ХХК уу, У.Ганхөлөг үү. Өмчлөгч нь тодорхой байх ёстой атал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүх заалтыг зөрчсөн байна. Энэ дугаарын өмчлөгч У.Ганхөлөг мөн гэдгийг тодорхойлсон баримт байхгүй. Г.Гомбосүрэн У.Ганхөлөгтэй гэрээ байгуулж дугаарыг шилжүүлж аваагүй. Ямар гэрээний үндсэн дээр 99110963 дугаарыг шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Мобиком корпораци ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Уг хэрэг маргаан нь иргэд хоорондын зээлийн гэрээний маргаан. Үүнд Мобиком корпораци ХХК нь хамааралгүй, бас буруугүй. Хэрэглэгчийн хүсэлтээр талуудыг биеэр байлцуулан дугаарын эзэмших эрхийг шилжүүлдэг. Тухайн үед Мобиком корпораци ХХК нь үүргийнхээ хүрээнд талуудыг байлцуулан дугаарын эзэмших гэрээг байгуулан эрхийг шилжүүлсэн тул Мобиком корпораци ХХК-д хамааралгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.11-ний өдрийн 183/ШШ2019/01882 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийг 90.1, 106 дугаар зүйлийн 106.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан 99110963 дугаарын эзэмших эрхийн гэрээг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Мөнхжаргал, Б.Халиунаа, Г.Гомбосүрэн, Хос финанс ББСБ ХХК-д тус тус даалгахыг хүссэн нэхэмжлэгч У.Ганхөлөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.13ы өдрийн 2090 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.11-ний өдрийн 183/ШШ2019/01882дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Халиунаагийн өмгөөлөгч Ч.Болбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгосон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 "...энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах"/ хэрэв энэ заалтаар буцааж байгаа бол ноцтой зөрчил нь юу вэ гэдгээ тодорхойлох ёстой боловч доор дурдсан зүйлд энэ заалт хамааралгүй байна/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д "...энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн" ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6- " Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой: өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заажээ. /анхан шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан хүсэлт болгоныг хүлээн авч, холбогдох гэрч, хариуцагч нарыг татан оролцуулж, холбогдох байгууллагаас нь нотлох баримтыг хангалттай гаргуулж хэрэгт хавсаргасан/ Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсэгт: "...Нэхэмжлэгч У.Ганхөлөг нь хариуцагч ....нарт холбогдуулан 99110963 дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ "/нэхэмжлэгчийн шаардлага нь тодорхой буюу 99110963 дугаарыг шаардсан, үүнийг нь хянах хэсэгтээ дүгнэчихсэн байна/ "Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан 99110963 дугаартай холбоотой өөрийн эзэмшилтэй холбоотой эрх ашгаа зөрчигдсөн талаар нэхэмжлэл гаргаж байгаа эсэх нь тодорхой бус байхад..." / Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах ...үүрэг хүлээсэн/ нэхэмжлэлийн шаардлага,түүний үндэслэлийг шүүх тодруулснаар талуудын нотлох баримт бүрдүүлэх үүргийн хуваарилалтыг тодорхойлох, маргааны үйл баримтанд эрх зүйн дүгнэлт хийх нотлох баримтыг үнэлэх зохих хуулийн холбогдох заалтыг тайлбарлах боломжтой...гэжээ. /нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нэхэмжлэгч тодорхойлсон, түүнийг шүүх 3 жил гарангийн хугацаанд хангалтай тодруулсан. Мөн өмнө нь давж заалдах болон хяналтын шатны шүүх дүгнэлт хийсэн дээр үндэслэж хэрэг хянан шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйл, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасан заалтыг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, энэхүү хуулийн заалтыг ямар нэг байдлаар зөрчөөгүй байна. /тодруулбал: талуудын хооронд ямар нөхцөл байдлын улмаас дээрх дугаар хэнд, хаана байгаа, /анхан шатны шүүхийн шийдвэрийн 6-р хуудас дах 5 хэсэгт бүрэн дурдсан байна/ эд хөрөнгө шаардаж байгаа эсэх, эрх шаардаж буй эсэх нь тодорхой бус байна ....гэжээ. /нэхэмжлэгч тал өөрөө шаардлагаа тодорхойлсон бөгөөд шүүхээс хангалттай боломжийг бүрдүүлж өгсөн, тодруулсан бөгөөд шүүх хөндлөнгийн байр сууриас хэрэгт хандах байдлыг давж заалдах шатны шүүх алдагдуулах дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг хөтөлж шийдвэр гаргуулах ёстой мэт дүгнэжээ. /Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь: "Шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 "/нэхэмжлэгч тал хангалттай тэгш эрхтэй оролцсон бөгөөд эрхээ хэтрүүлэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихгүй удаа дараа шүүх хурлыг өөрсдөө хойшлуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-д заасан заалтыг зөрчсөн/ "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл тус бүрт нийцэхгүй байна" гэжээ. /нэхэмжлэгч талыг 2016 оноос хойш 2019 онд хэрэг шийдвэрлэх хүртэл бүтэн 3 жил гаран хангалттай мэтгэлцүүлж ямар нэг байдлаар эрхийг нь бүрэн хангаж байсан нь шүүх хурлын тэмдэглэл бүрээс харагдаж байна/ Иймд шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч У.Ганхөлөг, хариуцагч Б.Мөнхжарал, Б.Халиунаа, Г.Гомбосүрэн, “Хос финанс ББСБ” ХХК нарт холбогдуулан “99110963” дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Хариуцагч Б.Мөнхжарал, Б.Халиунаа нарын өмгөөлөгч Ч.Болбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо “анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын эрхийг хангасан, нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг баримтлан хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасанд гомдолтой, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэх гомдлыг хангах хуулийн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч У.Ганхөлөг нь 2012 оны 12 сард хариуцагч Б.Мөнхжаргалаас 12,000,000 төгрөг зээлээр авч, өөрийн эзэмшлийн 99110963 дугаарыг Б.Мөнхжаргалд барьцаа хэлбэрээр шилжүүлэхдээ Б.Мөнхжаргалын зөвшөөрснөөр түүний дүү Б.Халиунаагийн нэр дээр шилжүүлэн өгсөн, 2016 оны 12 дугаар сард Б.Халиунаа нь Хос финанс ББСБ ХХК-аас зээл авахдаа уг дугаарыг мөн барьцаалж, улмаар Б.Халиунаагийн зөвшөөрснөөр тус Банк бус санхүүгийн байгууллага нь утасны дугаарыг Б.Тэлмэн гэгчид шилжүүлж, сүүлд утсыг хариуцагч Г.Гомбосүрэн эзэмшиж байгаад 2018 оны 4 дүгээр сард Мобиком компанид буцаан өгсөн нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогджээ.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ У.Ганхөлөг хариуцагч Б.Мөнхжаргал нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж, утасны дугаарыг гэрээний үүрэгт барьцаалсан гэж дүгнэсэн зөв боловч “зээл, барьцааны гэрээний үүрэг 2012 оны 6 дугаар сард дууссан тул энэ үеэс эхлэн нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байхад 2016.12.25-ны өдөр шүүхэд хандан шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасантай нийцэхгүй, барьцааны гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн” нь буруу, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй байна.

Учир нь хэргийн 70-72 дугаар талд 2012 онд Б.Мөнхжаргалаас авсан 12 сая төгрөгийн зээлийн төлбөрт, нэхэмжлэгч Б.Ганхөлөг 2015 оны 6 дугаар сард Б.Мөнхжаргалын хүсэлтээр “Баянмонхор Констракшн компанийн захирал Н.Батбилэгт 8 сая төгрөгийн тоосго хүлээлгэн өгсөн тухай баримт авагдсан байгаагаас гадна, хариуцагч “Б.Мөнхжаргалын 10,000 тоосго, 2 ширхэг гахай өгсөн гэж, Н.Батбилэг хэлсэн дутуу мөнгөө жич нэхэмжилнэ” гэсэн тайлбар шийдвэрт мөн тусгагджээ.

Дээрхээс дүгнэхэд зээлийн гэрээний үүрэг шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул гэрээний нэмэгдэл үүрэг болох барьцааны шаардах эрхийн хугацааг дууссан гэж дүгнэх боломжгүй байна.

Харин маргааны зүйл болох “99110963” дугаар бодит байдалд дээр хариуцагч нарын эзэмшилд байхгүй болох нь тогтоогдсон, түүнчлэн хариуцагч Г.Гомбосүрэн, Хос финанс ББСБХХК нь нэхэмжлэгчтэй гэрээний үүргийн харилцаа үүсгээгүй, шударга эзэмшигч нар байсан зэрэг хэргийн нөхцөл байдал нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлийг үгүйсгэж байна. Иймд энэ үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч У.Ганхөлөг нэр бүхий 4 хариуцагчид холбогдуулан 99110963 дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлийг зээлийн барьцаанд тавьсан гэж тайлбарласан, шаардлага тодорхой, ойлгомжтой байгаа ба анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, талуудын мэтгэлцэх эрхийн хангажээ.

Хэргийн 111 дүгээр талд авагдсан Мобиком компаний 2019.03.05-ны өдрийн гэрээ шилжүүлэх баримтаар нэхэмжлэгчийн шаардаж буй 99110963 дугаар нь хэргийн оролцогч биш Л.Адъяа гэгч хүний эзэмшилд байгаа болохыг Мобиком компани тогтоогдсон байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл тодорхойгүй, мөн “утасны дугаар хэнд, хаана байгаа нь тодорхой бус” гэсэн үндэслэлээр хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахдаа хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасантай нийцээгүй байна.

Дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт заасан хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтыг хасч өөрчлөлт оруулан хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2090 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/01882 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...75 дугаар зүйлийн 75.2.1...” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Мөнхжаргалын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг захирамжаар буцаан олгосугай.

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦОЛМОН

                                            ШҮҮГЧИД                                                     Б.УНДРАХ

                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                      Х.СОНИНБАЯР

                                      Х.ЭРДЭНЭСУВД