Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1115

 

 

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/01062 дугаар шийдвэртэй, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ю” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 411 157 173 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, өмгөөлөгч Н.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“Б “ХХК буюу хуучин нэрээр “Үридековил” ХХК нь “Ю” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд баригдсан Жи Тауэр барилгын дотор засал чимэглэлийн ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвар орсон дүн болох 462 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр талууд 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр засал чимэглэлийн ажил хийхээр тохирсон бөгөөд манай компани нь гэрээт ажлыг 2014 оны 2-6 саруудад бүрэн хийж дуусгасан. Түүнчлэн, “Ю” ХХК-ийн хүсэлтээр 88 239 167 төгрөгийн нэмэлт ажлыг гүйцэтгэж, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гүйцэтгэлийн акт үйлдэж ажил дуусгасан болохыг баталгаажуулсан юм.

Манай компани нь Жи Тауэр барилгын 0-12 давхрын дотор заслын ажил, цонхны засвар, шатны хонгилын засвар, дотор хаалганууд суурилуулах, 5, 7 давхрын албан тасалгааны интерьерийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд туслан гүйцэтгэгчээр “Ариунгартаам” ХХК-аар 3-4 давхрын тусгаарлах ханын төмөр, 2-4 давхрын гипсэн хавтан хийх зэрэг бүтэн заслыг хийлгэсэн байдаг.

“Ю” ХХК нь 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 46 200 000 төгрөг, 5 дугаар сарын 07-ны өдөр 30 000 000 төгрөг, 5 дугаар сарын 08-ны өдөр 20 000 000 төгрөг, 6 дугаар сарын 24-ний өдөр 20 000 000 төгрөг, 7 дугаар сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөг, мөн сарын 31-ний өдөр 10 000 000 төгрөг, 8 дугаар сарын 13-ны өдөр 3 000 000 төгрөг, нийт 139 200 000 төгрөгийг “Голомт банк” ХХК-ийн дансаар, 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 4 000 000 төгрөг, 8 дугаар сарын 12-ны өдөр 4 000 000 төгрөг, 8 дугаар сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөг, 8 дугаар сарын 29-ний өдөр 10 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөг, 10 дугаар сарын 14-ний өдөр 5 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 02-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 12 000 000 төгрөг, нийт 52 550 000 төгрөг бэлнээр, нийт 191 750 000 төгрөг төлсөн болно. Иймд хариуцагч “Ю” ХХК-аас 411 157 173 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. “Ю” ХХК-ийн барьсан Жи Тауэр барилгын дотор заслын ажлыг гүйцэтгүүлэх тухай 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг манай тал байгуулаагүй.

Хэрэгт авагдсан гэрээг эрүүгийн журмаар холбогдуулан шалгаж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр уг гэрээнд зурагдсан гарын үсэг нь Ким Бён Жүгийн гарын үсэг биш гэдэг нь тогтоогдсон. Эрүүгийн журмаар холбогдуулан шалгахад гэрээг хуурамчаар үйлдсэнийг нотолсон байдаг.

Гэрээгээр үүргийн гүйцэтгэл шаардаж байгаа тохиолдолд ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж болох хөлсийг тохирсон байх ёстой. Талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээнд 462 000 000 төгрөгийн үнийн дүн бичигдсэн гэх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй. Хэрэгт авагдсан тусдаа үйлдэгдсэн талаарх баримтыг хуурамчаар нөхөн үйлдсэн гэж үзэж байна. Бичгийн гэрээнд нь ажлын хөлс гэсэн хэсэг хоосон байгаа нь хөлс тохиролцоогүй гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байгаа юм. Монгол хэл мэдэхгүй Солонгос Улсын гурван иргэн Монгол хэлээр гэрээ байгуулсан нь үндэслэлгүй.

“Ю” ХХК-ийн захиалгаар бариулсан барилгын дотоод ажлыг тухайн үед “Үридековил” ХХК байсан нэхэмжлэгч компанитай амаар тохирч 1 давхрын ажлыг 30 000 000 төгрөгөөр хийлгэхээр болсон, ажил явагдаж байсан боловч захирал Ин Ён Сүг нь ажлаа хийдэггүй, ажиллах хүч байхгүй, ажлаа өөр хүмүүсээр хийлгэдэг байсан учир гэрээгээ цуцалсан. Иймд “Ариунгартаам” ХХК-аар энэ ажлыг гүйцэтгүүлж дуусгасан. Манай компани нь хийлгэсэн ажлын хөлсөнд дансаар шилжүүлсэн мөнгө нь 161 040 000 төгрөг, бэлнээр 185 454 000 төгрөг, нийт 346 494 000 төгрөг төлсөн тул хийсэн ажлынх нь хөлсийг бүрэн төлсөн гэж үзэж байна. Жи Тауэр барилга 12 давхар бөгөөд 1-2 давхар нь үйлчилгээ, 3-4, 10-12 давхар нь зочид буудал, 5-9 давхар нь албан тасалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Бид нэхэмжлэгчээр ажил хийлгэж байсан бөгөөд ажил хийлгэх явцад ажлын үр дүнгийн доголдол гарсны улмаас гэрээг цуцалж, “Ариунгартаам” ХХК болон чиглэл бүрээр үйл ажиллагаа явуулдаг компаниудаар ажлуудыг хийлгэсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасан үндэслэлгүй тул “Ю” ХХК-аас ажлын хөлс 411 157 173 төгрөг гаргуулахыг хүссэн “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2 214 000 төгрөгөөс 2 213 736 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 264 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч тал ажлын хөлсийг захиалагч талаас шаардах эрх үүссэн гэж дүгнэсэн мөртлөө үгүйсгэсэн шийдвэр гаргасан нь хоорондоо зөрчилдөөнтэй бөгөөд илт алдаатай байна. Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үргэлжлээд ажлын хөлс төлсөн, мөн ажил хүлээлцсэн харилцаа дуусгавар болж гүйцэтгэгч тал Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасан ажлын хөлсийг захиалагч талаас шаардах эрх үүссэн гэж дүгнэсэн атлаа үгүйсгэсэн шийдвэр гаргажээ.

Ажил гүйцэтгэх гэрээний онцлог болох үүргийн олон талт харилцааны ерөнхий ажил гүйцэтгэгч ба туслан гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг тус тусад нь ялгаж дүгнээгүй байна. Тус ажлын туслан гүйцэтгэгч “Ариунгартаам” ХХК-ийн төлөөлөгч А.Цогтбаярын мэдүүлэгт нэхэмжлэгч талын гэрээний дагуу хийж ажил гүйцэтгэх актанд дурдсан ажлуудаас мужааны ажлыг манай компани хийж, бусад ажлыг өөрсдөө хийсэн гэж тайлбарласан байхад шүүх гэрээний харилцааны ажлын гүйцэтгэлийг дүгнээгүй.

Шинжээчийн дүгнэлт болон прокурорын тогтоолын агуулгыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь судлаагүй. Нэхэмжлэгч талаас 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”, “Ажлын гүйцэтгэлийн акт”, ажлын хөлс төлөх нөхцөл болон төлсөн бэлэн болон бэлэн бусаар төлсөн баримт, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас ирүүлсэн ажил гүйцэтгэсэн талаарх тооцоо, төсөв, материалын зардлын баримтууд, мөн гэрчийн мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудад талуудыг төлөөлж эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан нотлох баримтыг хангалттай бүрдүүлж өгсөн. Шүүх шинжээчийн дүгнэлт болон прокурорын тогтоолыг үнэлээгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээг эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Уг прокурорын тогтоолд хэн нэгнийг гэм буруутай байна гэж дүгнээгүй.

 Ажил гүйцэтгэх гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн нөхцлүүд, ажлын гүйцэтгэлийн актад хариуцагчийг төлөөлж “Ю” таур барилгыг хариуцан бариулж байсан гүйцэтгэх захирал Ким Бён Жү, ерөнхий менежер Ким Жү Сон нар гарын үсэг зурсан үйл баримт хангалттай нотлогдож байдаг.

Ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр эсэхийг шалгахад хуулийн заалтыг буруу хэрэглэсэн бөгөөд талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Шүүх дээрх нотлох баримтуудыг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан хэлцлийн хэлбэрээр дүгнэлт хийсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

Ажлын хөлсийн төлбөр тооцоог нарийн тооцоолж дүгнээгүй. Талууд дансаар өгч авалцсан мөнгөний талаар ямар нэгэн маргаангүй бөгөөд бэлэн мөнгөний тооцооны хувьд маргаантай байгаа болно.

Шүүхээс бэлнээр төлсөн мөнгийг буруу тооцоолсон. 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр талуудын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй байсан, хэрэгт авагдсан дансны хуулгаар гэрээ байгуулагдснаас хойш буюу 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэрээний урьдчилгаа гэсэн гүйлгээний утгаар 46 200 000 төгрөгийг анх шилжүүлж эхэлсэн байна. Талуудын хооронд үүрэг үүсээгүй байх үед мөнгө төлж байсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Эхний шилжүүлгийн баримтаар хариуцагч талаас гэрээний урьдчилгаа болох 46 200 000 төгрөг шилжүүлснээр эрх зүйн харилцаа үүссэн байхад шүүхээс буруу дүгнэлт хийсэн байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Ю” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 411 157 173 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

“Үридековил” ХХК нь хуулийн этгээдийн нэрээ “Б” ХХК болгон өөрчилж 2007 оны 8 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх 3, 9 дэх тал/ “Б” ХХК нь “Ю” ХХК-ийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Ю /UMD tower/ цогцолбор 12 давхар барилгын дотор засал чимэглэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн үйл баримтад талууд маргаангүй. Харин хариуцагч “Ю” ХХК нь ажлын хөлсний хэмжээг гэрээгээр тохиролцоогүй гэж марган үндэслэлээ “...манай компанийг төлөөлж Ким Бён Жү гэх хүн гарын үсэг зураагүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 523 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул гэрээг бичгээр байгуулаагүй...” гэж тайлбарлажээ.

Хэргийн 154-157 дахь талд авагдсан бичгийн нотлох баримт болох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 523 дугаар дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ” гэсэн баримтын 1 дүгээр хуудсын зүүн дээд буланд “Барилгын хариуцагч” гэсний дээр байрлах шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд ирүүлсэн 2013 оны 11 сарын 26 гэсэн огноотой, №11/26-1 дугаартай “Ю” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2014 оны 08-р сарын тайлан” гэсэн баримтын доод хэсэгт “Дарга/Захирал” гэсний ард зурсан шинжилж буй гарын үсгүүдтэй бүтцээрээ тохирохгүй..., ...шинжилж буй гарын үсгүүдтэй бүтцээрээ тохирохгүй тул нэг хүн зурсан эсэхийг тогтоох боломжгүй” гэсэн байна. /хх 154-157 дахь тал/

Харин хэргийн 85 дахь талд авагдсан Солонгос хэлнээс орчуулагдсан бичгийн баримтад “Манай UMD компани нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Авто замчдын гудамж 34 тоотод байрлах J building-н дотоод засал чимэглэлийн ажлыг Woori decovil компаниар хийж гүйцэтгүүлсэн болно. 2014 он 12 сар 24-ний өдөр нэхэмжлэл дээрх бичигдсэн ажлын хөлсний нийт үнийн дүн болох 462 000 000 төгрөгийн 238 900 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийн хувьд ажлын гүйцэтгэлийн тооцоо болон санхүүгийн тайлан баримтыг шалгасны дараа хэдэн төгрөг төлөх ёстойг шийдэх болно, ... UMD компанийн захирал: Чон Мин Жэ, Woori decovil компанийн захирал: И Ён Сүк” гэсэн бичвэр тусгагджээ. Уг орчуулгын баримтын эх сурвалж болох Солонгос хэл дээр бичигдсэн хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байна.

Дээрх баримт нь талуудын маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байж болохоор байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан буюу эх хувийг, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувийг шаардан авах ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/01062 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 214 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

           

                                      ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

 

                                                                                                 Ч.ЦЭНД