Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 129/шш2020/00303

 

129/ШШ2020/00303

           

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: С.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.С-д холбогдох

14.850.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.П, шүүх хуралдааны нарийн  бичгийн дарга Д.Түвшинжаргал нар оролцов.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:                         

 

Нэхэмжлэгч С.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжпэгч С.Б би хариуцагч О.С-д 2017 оны 06 сарын 13-ны өдөр 8 сарын хугацаатай 7000000 /Долоон сая/ төгрөгийг 2017 оны 06 сарын 13-ний өдрөөс 2018 оны 01 сарын 28-ний өдөр хүртэл 10% хүүтэй зээлсэн. Энэ гэрээ ёсоор 2018 оны 01 сарын 28-ны өдөр гэхэд хариуцагч О.С- зээл 7000000 /долоон сая/ төгрөг, хүү 5600000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөг нийт 12600000 /Арван хоёр сая зургаан зуун мянга/-төгрөг өгөх ёстой. Үүнээс зээлд 2000000 /хоёр сая / төгрөг, хүүгийн хамт төлсөн. Ингээд үндсэн зээлээс 2000000 /хоёр сая/ төгрөг өгөөд үлдэх 5000000 /таван сая/ төгрөгөнд 2019 оны 01 сарын 28-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулж 2018 оны 09 сарын 04-нөөс 2019 оны 08 сарын 05-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай, сар бүр 10%-ийн хүүтэйгээр төлөх зээлийн гэрээг тохиролцож байгуулсан. Гэрээ ёсоор үндсэн зээл 5000000 /таван сая/, хүү 6000000 төгрөг нийт 11000000 /арван нэгэн сая/ төгрөг төлөх ёстой. Мөн зээлийн гэрээнд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгуй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5%-иар алданги төлөхөөр тохиролцсон. Гүйцэтгээгүй үнийн дүн 11000000 /арван нэгэн сая/ төгрөгийг хоног тутам төлөх 55000 /тавин таван мянга/ төгрөгөөр 2019 оны 08 сарын 06-ны өдрөөс 2019 оны 10 сарын 14-ний өдөр хүртэл 70 хоногоор бодоход 3850000 /гурван сая найман зуун тавин мянга/ төгрөг болж байгаа юм. Иймд хариуцагч О.С-гаас зээл 5000000 /таван сая/ төгрөг, хүү 6000000 /зургаан сая /төгрөг, алданги 3850000 /гурван сая найман зуун тавин мянга/ төгрөг нийт 14850000 /арван дөрвөн сая найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.С- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Б-ын 14.850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч О.С- би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Б-аас долоон сая төгрөг зээлж байгаагүй. Харин 2016 онд хоёр сая төгрөгийг зээлж, үүнийгээ хүүгийнх нь хамт 2018 оны 08, 09 сар гэхэд төлж дуусгасан. Өөрөөр Б-аас ямар ч мөнгө зээлж аваагүй болно. Миний зээлсэн хоёр сая төгрөгийг хүүгийн хамт төлсөн гэж нэхэмжлэлдээ үнэн зөв бичсэн байгаа бөгөөд бусад нь үндэслэлгүй худлаа бичсэн байна. Иймд би Б-д 14.850.000 төгрөг төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй болно. Шүүх үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 05 сарын 05-ны өдөр Д- гэх хариуцагч С-гийн дүүд 5 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж байсан. Зээл авснаас хойш нэг сарын хүүгээ төлсөн. Тэгээд 1 сар болоод мөнгөө өгөхгүй болохоор нь утсаар Д-гаас мөнгө авахаар нэхэхэд эгч С-даа өгсөн гэдгээ хэлсэн. Тэгээд бид гурав 2017 оны 06 сарын 13-ны өдөр уулзаад С- нь надаас 5 сая төгрөг дээр 2 сая төгрөгийг нэмж 8 сарын хугацаатай зээлж гарын үсгээ зурж гэрээ байгуулсан. Хугацаа нь 2017 оны 06 сарын 13-ны өдрөөс 2018 оны 01 сарын 25-ны өдөр хүртэл байсан. Эхэндээ хүүгээ төлөөд явж байсан. 7 сая төгрөгөөс 01 сарын 25-ны өдөр 1 сая төгрөг, 02 сарын 01-ний өдөр 1 сая төгрөг, нийт 2 сая төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 5 сая төгрөгөө нэхэхэд удахгүй ноолуур гарахаар өгнө гэж байсан боловч өгөөгүй. Тэгээд гэрээний хугацаа 2018 оны 09 сарын 04-ний өдөр дууссан тул 2019 оны 01 сард дахин уулзаж мөнгөө нэхэхэд 2018 оны 09 сарын 04-ний өдрөөс 2019 оны 08 сарын 05-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй дахин гэрээ байгуулсан. Хүү 6 сая, үндсэн төлбөр 5 сая төгрөг төлөх ёстой. Үүнээс гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданга тооцож авахаар заасны дагуу 3.850.000 төгрөг. Ингээд нийт 14.850.000 төгрөг болсон тул дээрх нэхэмжлэлийг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би С-д 7 сая төгрөг өгч талууд гарын үсэг зурж гэрээ байгуулсан. Иргэн намайг хохиролгүй болгож өгч 14.850.000 төгрөгийг хариуцагч С-гаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Б- Д-тай 2017 оны 05 сарын 05-ны өдрөөс 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 5.000.000 төгрөг зээлсэн байдаг. Д- нь 2017 оны 06 сарын 13-ны өдрөөс 2018 оны 01 сарын 18-ны өдрийг хүртэл 7 сая төгрөгийг зээлэв гэсэн гарын үсгээ зурсан байдаг. 5.000.000 төгрөгийг С- аваагүй харин 2016 онд 2 сая төгрөгийг авсан. 2019 оны 01 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ хийхдээ С-г банкинд байхад нь гарын үсэг зур гээд зуруулаад иргэний үнэмлэхийг нь аваад өмнөх шүүх хурлын өмнө эргүүлж өгсөн байдаг. Цагаан цаасан дээр гарын үсэг зуруулаад авсан талаар хариуцагч надад хэлсэн. Эргүүлж төлөхдөө хүү Батмөнхийн данснаас С-гийн дансанд хийж төлсөн байдаг. Б- нь С- нь нийтдээ 8 сая гаран төгрөгийг өгсөн байдаг. Энэ нь Хаан банкны Б-ын данснаас лавлагаанаас харагдаж байгаа. Үүнээс үзэхэд 2017 оны 06 сарын 13-ны өдрөөс 7 сая төгрөг гэж хийсэн баримтаас мөн харагдаж байна. 2017 оны 04 сард, 5 сарын 500.000, 6 сард 450.000 төгрөгийг, 6 сарын 200.000 төгрөг төлсөн байдаг. Авахаасаа өмнө яагаад мөнгө хийгээд байгаа гэдгийг харах хэрэгтэй. С- нь  2 сая төгрөгийг аваад хүүгийн хамт төлсөн. Нэхэмжлэгчийн яриад байгаа 5 сая төгрөгийг Д- авсан. Дараагийн 2 сая төгрөгийг С- аваагүй. Иргэний үнэмлэхийг нь аваад жил гаран болсон. С- нь 200.000 төгрөгөөр хийгээд 2.200.000 төгрөг болгоод төлсөн. 2016 онд аваад 2018 онд төлөөд дуусгасан. Д- 5 сая төгрөгийг авсан. 2 сая төгрөгийг төлсөн баримт нь байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч О.С-д холбогдуулан үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 6.000.000 төгрөг, алданги 3.850.000 мянган төгрөг, нийт 14.850.000 төгрөг нэхэмжилж хариуцагч тал 2016 онд 2.000.000 төгрөг зээлж 2018 оны 10 сар хүртэл хугацаанд төлж барагдуулсан. 5.000.000 төгрөгийг эгч О.Д- зээлсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Нэхэмжлэгч хариуцагч талууд 2016 оны 06 сард 2.000.000 төгрөгийг хариуцагч О.С-, 2016 оны 05 сард 5.000.000 төгрөгийг хариуцагч О.С-гийн эгч О.Д- нар нэхэмжлэгч С.Б-аас зээлж авсан, хариуцагч О.С- 2.000.000 төгрөгийг хүүгийн хамт төлж дуусгасан үйл баримтыг маргадаггүй, талуудын тайлбараар тогтоогдож байна.

          Нэхэмжлэгч С.Б-ын “...О.Д- 5 сая төгрөг 1 сарын хугацаатай зээлсэн, мөнгөө өгөхгүй болохоор утсаар нэхэхэд өөрийн эгч С-гийн хүүхдэд авч өгсөн. С-тай гэрээ хийчих  гэж хэлсэн. О.С-тай уулзахад 2 сая төгрөг нэмж зээлээд нийт 7 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Үндсэн зээлээс 2 сая төгрөг төлөөд үлдсэн 5 сая төгрөгөнд 2019 оны 01 сарын 28-ны өдөр дахин гэрээ байгуулсан” гэх тайлбар нь 2017 оны 06 сард нэхэмжлэгч С.Б-, хариуцагч О.С- нарын бичгээр байгуулсан зээлийн гэрээ / хх-82х/, 2017 оны 09 сарын 13-наас 2018 оны 07 сарын 29 хүртэл хугацаанд О.С-гаас нэхэмжлэгч С.Б-ын данс руу нийт 6.550.000 төгрөг шилжүүлсэн дансны гүйлгээний хуулга, 2019 оны 01 сарын 28-ны өдөр байгуулсан гэрээ гэх бичгийн баримт / хх-89х/-аар тус тус нотлогдож байна. Энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар нэхэмжлэгч С.Б-д 5 сая төгрөг эргэн төлөх гэрээний үүргийг О.Д-гаас хариуцагч О.С- шилжүүлэн авч нийт 7 сая төгрөгийн үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх зээлийн гэрээ байгуулж гэрээний үүргийг гүйцэтгэж байсан болохыг нотлож байна.

            Хариуцагч О.С- нь үндсэн зээл 7 сая төгрөгийг 2017 оны 06 сарын 13-ны өдрөөс 2018 оны 01 сарын 28-ны өдөр хүртэл 8 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй төлөхөөр тохирч байгуулсан зээлийн гэрээ / хх-82х/ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.3-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. Энэхүү гэрээнээс талууд татгалзсан болон гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлүүд тогтоогдоогүй. Уг гэрээнд зурагдсан зээлдэгчийн гарын үсэг хариуцагч О.С-гийнх мөн болох нь 2020 оны 01 сарын 16-ны өдрийн 004 дугаартай шинжээчийн дүгнэлтээр / хх-77х/ тогтоогдсон болно.

          Гэрээнд хүүг сарын 10 хувь эсвэл нийт хугацаанд 10 хувийн хүү тооцох эсэх талаар тодорхойгүй бичигдсэн, талууд энэ  талаар нэгдсэн байр суурь илэрхийлээгүй учир Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2, 41 дүгээр зүйлийн 41.2-т заасны дагуу тодорхойлоход

  1. 7 сая төгрөгийн хүүг 2017 оны 06 сараас 2018 оны 01 сарын хугацаанд 10 хувийн буюу 700.000 төгрөгийн хүүтэй зээлэхээр тохирсон бол 2018 оны 01 сард гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 7 сая төгрөг, хүү 700.000 төгрөг, нийт 7.700.000 төгрөг төлөхөөр байна. Хариуцагчийн төлсөн 6.550.000 төгрөгийг хасахад 1.150.000 төгрөг үлдсэнийг төлөөд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болохоор байна.
  2. 7 сая төгрөгийн хүүг 2017 оны 06 сараас 2018 оны 01 сарын хугацаанд сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон бол 2018 оны 01 сард гэрээний хугацаа дуусахад  үндсэн зээл 7 сая төгрөг, хүү 5 сая 600 мянган төгрөг, нийт 12 сая 600 мянган төгрөг төлөхөөр байна. Хариуцагчийн төлсөн 6.550.000 төгрөгийг хасахад үндсэн зээл 5 сая төгрөг, хүү 1.050.000 төгрөг төлж гэрээний үүрэг дуусгавар болохоор байна.

          Гэтэл хариуцагч О.С- нь нийт 6.550.000 төгрөг төлсөн байгаа мөртлөө 2019 оны 01 сарын 28-ны өдөр өмнөх зээлийн гэрээгээр гүйцэтгээгүй үүргийг төлөхөөр тохирсон гэх 5 сая төгрөгийн зээлийн гэрээнд / хх-89х/ гарын үсэг зурсан байна. Үүнээс дүгнэхэд 7 сая төгрөгийн хүүг 2017 оны 06 сараас 2018 оны 01 сар хүртэл сар бүр 10 хувийн хүү төлөхөөр нэхэмжлэгч хариуцагч нар тохирсон, 2017 оны 06 сард байгуулсан гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2019 онд үндсэн зээл 5 сая төгрөг, хүү 1050000 төгрөг үлдсэн байсан нь тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон 2019 оны 01 сарын 28-ны өдөр байгуулсан нэхэмжлэгч С.Б-аас хариуцагч О.С-д мөнгө зээлүүлсэн зээлийн гэрээ / хх-89х/ нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд уг гэрээнд 2018 оны 09 сарын 04-нөөс 2019 оны 08 сарын 05 өдөр хүртэл 12 сарын хугацаагаар 5 сая төгрөгийг зээлж 500000 төгрөгийн хүү төлөхөөр тохирчээ.

          Нэхэмжлэгч, хариуцагч нарын 2017 оны 06 сард байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж гэрээний хугацаа дууссан, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-д заасан хугацаанд гэрээг сунгаагүй бөгөөд 2019 оны 01 сарын 28-ны өдөр байгуулсан гэрээ ёсоор 5 сая төгрөг бодитоор зээлдэгчээс зээлдүүлэгчид шилжээгүй, гэрээг байгуулсан өдрөөс урагш тоолж хүү тооцсон байх тул 2019 оны 01 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар байгуулсанд тооцохгүй.

          Хариуцагч О.С- нь нэхэмжлэгч С.Б-д үндсэн зээл 7 сая төгрөгийг 2017 оны 06 сарын 13-ны өдрөөс 2018 оны 01 сарын 28-ны өдөр хүртэл 8 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй төлөхийг зөвшөөрч бичгээр гэрээ байгуулсан, гэрээний дагуу үндсэн зээл 7 сая төгрөг, хүү 5.600.000 төгрөг, нийт 12.600.000 төгрөг төлөх үүрэгтэйгээс үндсэн зээл 2 сая төгрөг, хүүнд 4.550.000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан дараахь баримтуудаар тогтоогдлоо. Үүнд:

  1. Нэхэмжлэгч С.Б-, хариуцагч О.С- нарын хооронд байгуулсан үндсэн зээл 7 сая төгрөгийг 2017 оны 06 сарын 13-ны өдрөөс 2018 оны 01 сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд сарын 10 хувийн хүүтэй төлөхөөр тохирсон зээлийн гэрээ / хх-82х/
  2. Нэхэмжлэгч С.Б-ын Хаан банкны данс руу

        -2017 оны 09 сарын 13-нд 200000 төгрөг С-гаас

        -2017 оны 09 сарын 04-нд 500000 төгрөг хүү

        -2017 оны 12 сарын 04-нд 500000 төгрөг С-гаас

        -2017 оны 07 сарын 03-нд 500000 төгрөг хүү

        -2017 оны 08 сарын 02-нд 300000 төгрөг хүү

        -2017 оны 08 сарын 14-нд 200000 төгрөг С-гаас хүү

        -2017 оны 10 сарын 05-нд 500000 төгрөг хүү

        -2017 оны 10 сарын 14-нд 200000 төгрөг хүү

        -2017 оны 11 сарын 28-нд  100000 төгрөг С-гаас

        -2018 оны 01 сарын 25-нд 1000000 төгрөг С-гаас

        -2018 оны 02 сарын 01-нд 1000000 төгрөг

        -2018 оны 04 сарын 11-нд 500000 төгрөг С-гаас

        -2018 оны 07 сарын 26-нд 200000 төгрөг С-гаас

        -2018 оны 07 сарын 25-нд 500000 төгрөг С-гаас

        -2018 оны 07 сарын 29-нд 350000 төгрөг С-гаас гэсэн утгаар нийт 6.550.000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулга / хх 36-71х/ болно.

Иймд нэхэмжлэгч С.Б- нь 2017 оны 06 сард хариуцагч О.С-тай байгуулсан гэрээний дагуу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар үндсэн зээл 5 сая төгрөг, хүү 1050000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 222 дугаар зүйлийн 222.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алданги буюу 2500000 төгрөг, нийт 8550000 төгрөг нэхэмжлэх эрхтэй байна. Хариуцагч О.С-гаас нийт 8550000 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч С.Б-д олгож нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 6300000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          Нотлох баримтуудыг үнэлэхдээ гэрч О.Д-гийн мэдүүлгийг нэхэмжлэгч О.С-тай төрөл садангийн холбоотой бөгөөд, нэхэмжлэлийн 5 сая төгрөгийн шаардлагад хүү төлөхгүй байх нэхэмжлэгчтэй нэгдсэн ашиг сонирхолтой гэж үзэх үндэслэлтэй, 5 сая төгрөг төлөх зээлийн гэрээний үүргээ шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон  тул эргэлзээтэй гэж дүгнэн нотлох баримтаар үнэлээгүй, мөн нэхэмжлэгч С.Б-ын данс руу хариуцагч О.С-гаас бараа гэсэн утгаар мөнгө шилжүүлсэн гүйлгээнүүдийг хэрэгт хамааралгүй гэж тус тус дүгнэсэн болно.

 

          Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 232200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч О.С-гаас улсын  тэмдэгтийн хураамж 151750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Б-д олгох нь зүйтэй.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч О.С-гаас үндсэн зээл 5.000.000 /таван сая/ төгрөг, хүү 1.050.0000 /нэг сая тавин мянга/ төгрөг, алданги 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, нийт 8.550.000 /найман сая таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.300.000 /зургаан сая гурван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.200 /хоёр зуун гучин хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.С-гаас улсын тэмдэгтийн хураамжаас 151.750 /нэг зуун тавин нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Б-д олгосугай.

           

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч,  тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН