Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 32

 

С.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2020/00303 дугаар шийдвэртэй

С.Бын нэхэмжлэлтэй

О.Сд холбогдох

зээлийн гэрээний үүрэг 14.850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн төлөөлөгч Б.А-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.А, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч С.П, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Нэхэмжлэгч С.Б би хариуцагч О.Сд 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 8 сарын хугацаатай 7.000.000  төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 13-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 10 хувийн хүүтэй зээлсэн. Энэ гэрээ ёсоор 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэхэд хариуцагч О.С зээл 7.000.000 төгрөг, хүү 5.600.000 төгрөг, нийт 12.600.000 төгрөг өгөх ёстой. Үүнээс зээлд 2.000.000  төгрөгийг хүүгийн хамт төлсөн. Ингээд үндсэн зээлээс 2.000.000 төгрөг өгөөд үлдэх 5.000.000  төгрөгт 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай, сар бүр 10 хувийн хүүтэйгээр төлөх зээлийн гэрээг тохиролцож байгуулсан. Би 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр н.Д гэх хариуцагч О.Сгийн дүүд 5.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж байсан. Зээл авснаас хойш нэг сарын хүүгээ төлсөн. Тэгээд 1 сар болоод мөнгөө өгөхгүй болохоор нь утсаар н.Дгаас мөнгө авахаар нэхэхэд эгч О.Сдаа өгсөн гэдгээ хэлсэн. Тэгээд бид гурав 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр уулзаад О.С нь надаас 5 000.000 төгрөг дээр 2.000.000 төгрөг нэмээд 8 сарын хугацаатай зээлж, гарын үсгээ зурж гэрээ байгуулсан. Гэрээ ёсоор үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 6.000.000 төгрөг, нийт 11.000.000 төгрөг төлөх ёстой. Мөн зээлийн гэрээнд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Гүйцэтгээгүй үнийн дүн 11.000.000 төгрөгийн хоног тутам төлөх 55.000 төгрөгөөр 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 70 хоногоор бодоход 3.850.000 төгрөг болж байгаа юм. Иймд хариуцагч О.Сгаас зээл 5.000.000 төгрөг, хүү 6.000.000 төгрөг, алданги 3.850.000 төгрөг, нийт 14.850.000 төгрөг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч болон түүний төлөөлөгчийн гаргасан тайлбарт: “Хариуцагч О.С би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би С.Баас 7.000.000 төгрөг зээлж байгаагүй. Харин 2016 онд 2.000.000 төгрөг зээлж, үүнийгээ хүүгийнх нь хамт 2018 оны 08, 09 дүгээр сар гэхэд төлж дуусгасан. Өөрөөр С.Баас ямар ч мөнгө зээлж аваагүй болно. Миний зээлсэн 2.000.000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн гэж нэхэмжлэлдээ үнэн зөв бичсэн байгаа бөгөөд бусад нь үндэслэлгүй худлаа бичсэн байна. Анх С.Б нь н.Дд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 5.000.000 төгрөг зээлсэн байдаг. н.Д нь 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 7.000.000 төгрөгийг зээлэв гэсэн гарын үсгээ зурсан байдаг. О.С нь 5.000.000 төгрөг аваагүй, харин 2016 онд 2.000.000 төгрөг авсан. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ хийхдээ О.Сг банкинд байхад нь “гарын үсэг зур” гээд зуруулаад, иргэний үнэмлэхийг нь аваад өмнөх шүүх хурлын өмнө эргүүлж өгсөн байдаг. Цагаан цаасан дээр гарын үсэг зуруулаад авсан талаар хариуцагч надад хэлсэн. Эргүүлж төлөхдөө хүү н.Батмөнхийн данснаас О.Сгийн дансанд хийж төлсөн байдаг. О.С нь С.Бд нийтдээ 8.000.000 гаруй төгрөгийг өгсөн байдаг. Энэ нь ХААН банкнаас гарсан С.Бын дансны хуулгаас харагдаж байгаа.  2017 оны 04 дүгээр сард 5 сарын 500.000 төгрөг, 06 дугаар сард 450.000 төгрөг, мөн 06 дугаар сарын 200.000 төгрөг төлсөн байдаг. Авахаасаа өмнө яагаад мөнгө хийгээд байгаа гэдгийг харах хэрэгтэй. О.С нь  2.000.000 төгрөг аваад хүүгийн хамт төлсөн. Нэхэмжлэгчийн яриад байгаа 5.000.000 төгрөгийг н.Д авсан. Дараагийн 2.000.000 төгрөгийг О.С аваагүй. О.С нь 200.000 төгрөг хийгээд 2.200.000 төгрөг болгоод төлсөн. Тэрээр зээлээ 2016 онд авсан бөгөөд 2018 онд төлж дуусгасан. Харин н.Д нь 5.000.000 төгрөг авсан. О.Сгийн 2.000.000 төгрөгийг С.Бд төлсөн баримт нь байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2020/00303 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч О.Сгаас үндсэн зээл 5.000.000 /таван сая/ төгрөг, хүү 1 050 000 /нэг сая тавин мянга/ төгрөг, алданги 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, нийт 8.550.000 /найман сая таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.300.000 /зургаан сая гурван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.200 /хоёр зуун гучин хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Сгаас улсын тэмдэгтийн хураамжаас 151.750 /нэг зуун тавин нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Бд олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Б.А-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 303 дугаартай шийдвэрээр хариуцагч О.Сгаас үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 1.050.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг, нийт 8.550.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагч О.С нь 2016 онд 2.000.000 төгрөг зээлж, үүнийгээ хүүгийнх нь хамт 2018 оны 08-09 дүгээр сар гэхэд төлж дуусгасан байдаг. Дүү н.Д нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс нэг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй 5.000.000 төгрөг зээлж аваад зээлээ төлсөн. Нийт 8.000.000 гаруй төгрөгийг О.С, н.Д нар төлсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгч С.Б нь “... бид гурав 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр уулзаад О.С нь надаас 5.000.000 төгрөг дээр 2.000.000 төгрөг нэмж аваад 8 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж, гарын үсгээ зурж гэрээ байгуулсан. Мөн О.С нэг удаа 2.000.000 төгрөг зээлсэн” гэдэг. О.С ч “би нэг удаа л С.Баас 2.000.000 төгрөг зээлсэн” гэдэг. Тэгвэл О.С нь 2017 оны 06 дугаар сарын 13-нд зээл аваад байгаа юм бол 2017 оны 04-06 дугаар сард гээд С.Бд мөнгө төлсөн байдаг. Аж ахуйн үйлчилгээний хуульд зааснаар зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлөөр эрхэлдэг. С.Б нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй байхад хүү, алдангийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, хууль буруу хэрэглэсэн тул үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж гомдол гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

          Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч О.Сд холбогдуулан үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 6.000.000 төгрөг, алданги 3.850.000 мянган төгрөг, нийт 14.850.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал 2016 онд 2.000.000 төгрөг зээлж 2018 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд төлж барагдуулсан. 5.000.000 төгрөгийг эгч О.Д зээлсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

          Хэрэгт С.Б, О.С нарын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 7.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлдүүлсэн зээлийн гэрээ, мөн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 5.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн зээлийн гэрээ авагдсан байна.

          Анхан шатны шүүх 2017 онд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр үйлчилж, гэрээний хугацаа дууссан, харин 2019 онд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар гэрээ байгуулагдсанд тооцохгүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

          Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

          Мөн мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч гэрээнд заасан мөнгийг өгөх, зээлдэгч хүлээн авах үүрэгтэй. Зээлийн гэрээний талууд өмнө нь үүссэн зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулах, гэрээг шинэчлэх, нэмэлт гэрээ байгуулах нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай харшлахгүй.

Үүнтэй холбогдуулан талуудын хооронд өмнөх гэрээний тооцоотой холбогдуулан шинэ гэрээ байгуулагдсан нь хууль зүйн хувьд буруу биш ч тухайн гэрээг байгуулахаас өмнө талууд тооцоо нийлээгүй, зээлийн гэрээнд заасан мөнгийг өгөөгүй, гэрээ  байгуулагдсан үеэс урагш хүү тооцсон, мөн талуудын хүсэл зориг нэгдмэл биш, тодруулбал талууд харилцан тохиролцоогүй болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд 2019 оны гэрээг байгуулагдаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв юм.

Харин анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцохдоо буруу тооцсон, мөн шүүхийн хүчин төгөлдөр гэж үзсэн гэрээнд алданги тооцохоор тохиролцоогүй байхад алданги тооцож гаргуулсан нь буруу байна.

2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 7.000.000 төгрөгийн зээлд бодогдох хүү 5.250.000 /хугацааг 7 сар 15 хоногоор тооцоход/ төгрөг болж байх ба энэ гэрээний дагуу нийт 12.250.000 төгрөг төлөхөөс хэрэгт авагдсан дансны хуулгаар 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 07 сарын 29-ний өдөр хүртэл нийт 15 удаагийн төлөлтөөр 6.550.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон, мөн нэхэмжлэгч С.Бын нөхрийн дансаар 2.000.000 төгрөг төлсөн болохыг нэхэмжлэгч С.Б хүлээн зөвшөөрсний дагуу тооцоход зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 3.700.000 төгрөг болж байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нэхэмжлэгч С.Быг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй гэж гомдол гаргаж байгаа боловч хэрэгт нэхэмжлэгч С.Быг  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т заасан үйл ажиллагаа эрхэлж буйг нотлох баримт авагдаагүй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар байгуулагдсан гэж үзэх тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэсгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 151.750 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд оногдох 74.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, 77.600 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2020/00303 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч О.Сгаас үндсэн зээл 5.000.000 /таван сая/ төгрөг, хүү 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөг, алданги 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, нийт 8.550.000 /найман сая таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.300.000 /зургаан сая гурван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч О.Сгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 3.700.000/ гурван сая долоон зуун мянга / төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.150.000 /арван нэгэн сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “хариуцагч О.Сгаас 151.750 төгрөг гаргуулж” гэснийг “хариуцагч О.Сгаас 74.150 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.А-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 151.750 төгрөгөөс 74.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, 77.600 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

                                        ШҮҮГЧИД                                      Л.НЯМДОРЖ

                                                                                               В.ЦЭЦЭНБИЛЭГ