Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2022/01909

 

 

 

 

 

 

 

 

2022 04 25 101/ШШ2022/01909

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 00000000  тоот, З ХХК-ийн /РД:          / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 00000000000 тоотод оршин суух, Б-н Аод /РД:          / холбогдох

298.252.800 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Очир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай З ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн бөөнөөр худалдаалах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус үйл ажиллагааныхаа хүрээнд иргэн Б.Атой 2019 оны 08 сарын 08-ны өдөр 108/2019/ОБА/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан.

Ингээд тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор Б.Аын өмчлөлийн х тоот хаягт байршилтай, 411.80 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 0000000000000 дугаарт бүртгэлтэй, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Бидний зүгээс гэрээний дагуу 100.000 литр дизель түлшийг нийлүүлэхээр гэрээний хавсралтад тусгасан боловч шатахууны тээвэрлэлт гүйцэтгэх вагон цистерн болон авто машины багтаамжаас хамааран хавсралтаар баталгаажуулсан шатахууны хэмжээнээс бага зэрэг илүү ачилт хийгдэж 103.560 литр буюу 198.835.200 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг 2019 оны 08 сарын 12-14-ний өдрийн хооронд 3 удаагийн ачилтаар нийлүүлсэн бөгөөд хариуцагч нь энэхүү төлбөрөөс огт төлөлт хийлгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

З ХХК болон Б.А нарын хооронд байгуулагдсан 108/2019/ОБА/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.2.1-т Худалдан авагч нь гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудад заасан барааны төлбөрийг худалдагчийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүрэн буюу 100 хувь төлж барагдуулсан байна, мөн гэрээний 5.2.2-т Худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0:5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж тус тус заасан байдаг.

Б.А нь газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний төлбөрийг 844 хоногоор хэтрүүлсэн байх тул гэрээний 5.2.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцоход 99.417.600 төгрөг, гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний үнэ 198.835.200 төгрөг, нийт 298.252.800 төгрөгийг төлж барагдуулах тооцоо гарч байна.

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 08 сарын 08-ны өдрийн 108/2019/ОБА/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийлүүлсэн дизель түлшний төлбөр 198.835.200 төгрөг, алданги 99.417.600 төгрөг, нийт 298.252.800 төгрөгийг хариуцагч Б.Аоос гаргуулж өгнө үү.

Дээрх гэрээний төлбөрийг хариуцагч Б.А сайн дураараа биелүүлэхгүй байх тохиолдолд гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2019 оны 08 сарын 08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны 108/2019/БОБА/01 дугаартай гэрээний дагуу барьцаалсан Б.Аын өмчлөлийн х тоот хаягт байршилтай, 411.80 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 0000000000000 дугаарт бүртгэлтэй, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунцэцэг 2022 оны 04 сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.Аын зүгээс эвлэрэх саналтай. Нэхэмжилж байгаа мөнгийг 5 сарын дотор төлнө гэсэн. Хариуцагч Б.А нэхэмжилж байгаа мөнгийг 5 сарын дотор төлнө гэснээс биш сар бүр график тогтоогоод эвлэрнэ гэж хэлээгүй. Энэ талаар хариуцагчаас асуух шаардлагатай байна гэжээ.

 

Нэхэмжлэгч З ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Бямба-Очирт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 08 сарын 08-ны өдөр байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээний хуулбар, гэрээний хавсралт, 2019 оны 08 сарын 08-ны өдрийн 108/2019/БОБА/01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар,

Б.Аын иргэний үнэмлэхний лавлагаа, 298.252.800 төгрөгийн нэхэмжлэх, З ХХК болон Б.А нарын хоорондын тооцоо, Б.Аын өмчлөлийн х тоот хаягт байршилтай, 411.80 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 0000000000000 дугаарт бүртгэлтэй, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, шатахуун тослох материалын зарлагын падааны хуулбарууд зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Б.А нь төлөөгч Р.Оюунцэцэгт олгосон итгэмжлэлийг ирүүлсэн ба хариуцагч тал 2022 оны 04 сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.Аын зүгээс эвлэрэх саналтай. Нэхэмжилж байгаа мөнгийг 5 сарын дотор төлнө гэсэн. Хариуцагч Б.А нэхэмжилж байгаа мөнгийг 5 сарын дотор төлнө гэснээс биш сар бүр график тогтоогоод эвлэрнэ гэж хэлээгүй. Энэ талаар хариуцагчаас асуух шаардлагатай гэх тайлбарыг гаргаж байжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З ХХК-ийн хариуцагч Б.Аод холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 298.252.800 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч буюу худалдагч З ХХК нь хариуцагч буюу худалдан авагч Б.Атой 2019 оны 08 сарын 08-ны өдөр 108/2019/ОБА/01 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан худалдагч З ХХК нь 100.000 литр дизель түлш, 1 литрийг нь 1.920 төгрөгөөр, нийт 192.000.000 төгрөгийн дизель түлшийг худалдан авагч Б.Аод нийлүүлэхээр,

Худалдан авагч Б.А нь барааны төлбөрийг нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор З ХХК-ийн Хаан банк дахь 5176019731 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохирчээ.

Дээрх гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 7-13 дугаар тал/

 

Мөн худалдан авагч Б.А нь худалдагч З ХХК-тай 2019 оны 08 сарын 08-ны өдөр 108/2019/БОБА/01 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан дээрх худалдах, худалдан авах гэрээний үүрэгт Б.А өөрийн өмчлөлийн хххххххххххххх тоот хаягт байршилтай, 411.80 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 0000000000000 дугаарт бүртгэлтэй, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан нь 2019 оны 08 сарын 08-ны өдрийн барьцааны гэрээ, зохигчдын тайлбар, хэрэг авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдов.

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2019 оны 08 сарын 08-ны өдрийн 108/2019/БОБА/01 тоот барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 2019 оны 08 сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.

ХХ-ийн 14-19 дүгээр тал/

 

хххххххххххххх тоот хаягт байршилтай, 411.80 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 0000000000000 дугаарт бүртгэлтэй, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө хариуцагч Б.Аын өмчлөлийн хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 22 дугаар тал/

 

Хариуцагч Б.А нь 2019 оны 08 сарын 12-ны өдөр 49.560 литр буюу 95.155.200 төгрөгийн, 2019 оны 08 сарын 12-ны өдөр 27.000 литр буюу 51.840.000 төгрөгийн, 2019 оны 08 сарын 14-ний өдөр 27.000 литр буюу 51.840.000 төгрөгийн, нийт 103.560 литр буюу 198.835.200 төгрөгийн дизель түлш зээлээр худалдан авсан нь талуудын хоорондын тооцоо болон шатахуун тослох материалын зарлагын падаанаар тогтоогдож байх байна.

/ХХ-ийн 21, 23 дугаар тал/

 

Хариуцагч Б.А нь газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу 103.560 литр бүхий 198.835.200 төгрөгийн дизель түлш зээлээр худалдан авсан талаараа маргаагүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу худалдан авагч Б.А худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг төлөх үүрэгтэй.

 

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 08 сарын 08-ны өдрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-т Худалдан авагч нь гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудад заасан барааны төлбөрийг худалдагчийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор бүрэн буюу 100 хувь төлж барагдуулсан байна,

5.2.2-т Худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасны дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй хариуцагч Б.А алданги төлөх үүрэгтэй.

 

Алданги нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал нөгөө талдаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцож буй хариуцлага бөгөөд аливаа иргэн, хуулийн этгээд нь бусадтай гэрээ байгуулж буй тохиолдолд түүнээс үүдэн гарах үр дагавар болон хариуцлагыг хүлээх учиртай тул худалдан авагч тал болох Б.А гэрээний хариуцлага хүлээнэ.

 

Хариуцагч Б.Аын гүйцэтгэх үүрэг:

-Үндсэн төлбөр 198.835.200 төгрөг,

-Алданги 99.417.600 төгрөг, /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/

Нийт 298.252.800 төгрөг.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Аоос 298.252.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д олгон,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.А худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Б.Аын өмчлөлийн хххххххххххххх тоот хаягт байршилтай, 411.80 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 0000000000000 дугаарт бүртгэлтэй, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч Б.Аод холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 298.252.800 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэл бүрэн хангаж хүрэлцэхгүй тохиолдолд илүү гарах хувийг Б.Аоор төлүүлэх хэмээн нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад 298.252.800 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаа дэмжин тайлбарласан болохыг дурдлаа.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунцэцэг нь шүүх хуралдааны товыг мэдсэн алтаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100:3-т заасны дагуу хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Аоос 298.252.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.А худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Б.Аын өмчлөлийн хххххххххххххх тоот хаягт байршилтай, 411.80 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 0000000000000 дугаарт бүртгэлтэй, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч З ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.719.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аоос 1.719.414 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН