Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01372

 

 

                             ЗХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/01909 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгчЗХХК-ийн хариуцагч А холбогдуулан гаргасан 298,252,800 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:ЗХХК нь иргэн Атой 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 108/2019/ОБА/01 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор Аын өмчлөлийн ... 411.80 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний дагуу 100,000 литр дизель түлшийг нийлүүлэхээр гэрээний хавсралтад тусгасан боловч шатахууны тээвэрлэлт гүйцэтгэх вагон цистерн болон авто машины багтаамжаас хамааран хавсралтаар баталгаажуулсан шатахууны хэмжээнээс илүү ачилт хийгдэж 103,560 литр буюу 198,835,200 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөөс 14-ний өдрийн хооронд 3 удаагийн ачилтаар нийлүүлсэн. Гэтэл хариуцагч нь гэрээний дагуу төлөх төлбөрөө төлөөгүй.

Талуудын байгуулсан 108/2019/ОБА/01 дугаартай гэрээний 5.2.1-т “Худалдан авагч нь гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудад заасан барааны төлбөрийг худалдагчийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүрэн буюу 100 хувь төлж барагдуулсан байна”, 5.2.2-т “Худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө” гэж тус тус заасан.

 Хариуцагч гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний төлбөрийг төлөөгүй 844 хоногоор хэтрүүлсэн байх тул гэрээний 5.2.2-т заасныг үндэслэн 99,417,600 төгрөг, гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний үнэ 198,835,200 төгрөг, нийт 298,252,800 төгрөгийг хариуцагч Аоос гаргуулж өгнө үү. Дээрх гэрээний төлбөрийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөрөөр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Аын зүгээс эвлэрэх саналтай байна. Нэхэмжилсэн мөнгийг 5 сарын дотор төлнө гэсэн, харин сар бүр график тогтоож эвлэрнэ гэж хэлээгүй. Энэ талаар хариуцагчаас асуух шаардлагатай байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт  заасныг баримтлан хариуцагч Аоос 298,252,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчЗХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Аын өмчлөлийн ... талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдаж, нэхэмжлэгчЗХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,719,414 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Аоос 1,719,414 төгрөг гаргуулан нэхэмжлэгчЗХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: А нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 108/2019/ОБА/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгуулж, Аын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 11-р хороо, 7-р хорооллын ногоон нуур гудамж, 411,80 м.кв оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, 198,835,200 төгрөгийн зээл авч, ковидын улмаас төлбөр төлөх боломжгүй байсан. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул алданги 49,417,000 төгрөг, үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч 50,000,000 төгрөгийн алдангийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримт гаргаж өгөх боломжтой байхад гаргаж өгөөгүй. Иймд ковидын нөхцөл байдлын улмаас төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Мөн хариуцагч нь хуулийн этгээд бус иргэн тул үйл ажиллагаанд нь ковид нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй. Алдангийн хэмжээ илт их байгаа талаар маргаагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. НэхэмжлэгчЗХХК-ийн дизелийг түлшний үнэ 198,835,200 төгрөг, алданги 99,417,600 төгрөг, нийт 298,252,800 төгрөг хариуцагч Аоос   гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... 411.80 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилжээ.

3. Зохигчид 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 108/2019/ОБА/01 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, нэхэмжлэгч нь 103,560 литр буюу 198,835,200 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд  нийлүүлсэн, хариуцагч дизель түлшний үнийг төлөөгүй болох нь тогтоогдсон, үүнд талууд маргаагүй.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч дизель түлшний үнийг шаардах, төлбөрийг барагдуулаагүй нөхцөлд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

5. Зохигчдын үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Аын өмчлөлийн ... 411.80 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Хариуцагч нь худалдан авсан түлшний үнэ 198,835,200 төгрөг гаргуулах, төлбөрийг сайн дураар төлөөгүй нөхцөлд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх шийвэрлэсэн хэсэгт гомдол гаргаагүй.

 

Харин Ковид-19 цар тахлын улмаас төлбөр төлөх боломжгүй байсан гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн алданги гаргуулах хэсэгт давж заалдах гомдол гаргасан. 

 

Талууд гэрээний 5.2.1, 5.2.2-т худалдан авагч барааны төлбөрийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор 100 хувь төлж барагдуулах, худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. Хариуцагч гэрээний үүргийг биелүүлээгүй тул дээрх тохиролцооны дагуу алданги төлөх үүрэгтэй.

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу алдангийн хэмжээг 30 хувиар бууруулав. Хэдийгээр төлбөрийн үүрэг  Ковид-19 цар тахлын үед үүсээгүй ч төлбөр төлөх явцад нь тухайн нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

6. Иймд дээрх үндэслэлээр алдангийн хэмжээг 30 хувь буюу 29,825,280 төгрөгөөр багасгаж, дизель түлшний үнэ 198,835,200 төгрөг, алданги 69,592,320 төгрөг, нийт 268,427,520 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/01909 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Аоос 268,427,520 төгрөг гаргуулан нэхэмжлэгчЗХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29,825,280 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... 57 дугаар зүйлийн 57.1 ...” гэснийг “... 56 дугаар зүйлийн 56.2 ...” гэж, “ ... хариуцагч Аоос 1.719.414 ...” гэснийг “...1,500,088...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 407,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

                         

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.НЯМБАЗАР

                                           ШҮҮГЧИД                                   Ц.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                               А.МӨНХЗУЛ