Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2022/01992

 

 

 

 

 

 

 

 

2022 04 28 101/ШШ2022/01992

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххххх тоот хаягт оршин суух, Намжилхайрхан овогт Батаагийн Нийн /РД: ВМ81122904/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххххххххххххх тоот хаягт бүртгэлтэй, ххххххххххххххххх тоот хаягт оршин суух, С овогт О-н Цд /РД: хххххххххххххххххх/ холбогдох

Б.Нийг ххххххххххххтоотын 22,6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, дээрх орон сууцанд хариуцагч О.Цгийн оруулсан мөнгөн дүнг тогтоолгох, авто машинаа худалдаж орон сууц худалдан авахад нийлүүлсэн 6,000,000 төгрөгийн 3,000,000 төгрөгийг Б.Нээс орон сууцанд нийлүүлсэн хөрөнгөд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ариунболд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Н миний бие О.Цтой 2010 оны 09 сард танилцан 2010 оны 11 сараас ах Б.Отгонбилэгийн хашаанд хамтын амьдралаа эхлүүлсэн. Амьдралынхаа нөхцлийг сайжруулах үүднээс 2013 оноос манай ажлын нийтийн байранд амьдарсан.

Мөн л амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор ярилцаж байгаад ххххххххххххтоотын 22,6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдан авахаар болсон.

О.Ц гадаадад байдаг хүүхдээсээ 10,000,000 төгрөг, би 13,200,000 төгрөгийн цалингийн зээл авсан, Б.Отгонбилэг ахаас 8,000,000 төгрөг зээлэн 31,200,000 төгрөг бүрдүүлсэн. Портер маркийн авто машинаа 6,000,000 төгрөгөөр зарсан гэж О.Ц надад хэлсэн.

Ингээд одоо маргаан болоод байгаа дээрхи байрыг 33,900,000 төгрөгөөр худалдан авсан. Орон сууц худалдан авах гэрээ байгуулах үед би Өмнөд судан улс руу энхийг сахиулах ажиллагаанд явах гээд 2020 оны 10 сараас 1 жилийн хугацаатай явах гээд Таван толгойд 3 сарын хугацаанд бэлтгэлд гарсан үе байсан.

Байрны худалдах, худалдан авах гэрээг О.Ц байгуулсан. Б.Отгонбилэг ахаас авсан 8,000,000 төгрөгөө төлөхийн тулд худалдан авсан байраа түрээслүүлээд мөнгийг нь төлж дуусгасан. Тэрнээс биш О.Ц дангаараа хариуцан төлөөгүй.

Би Өмнөд судан руу энхийг сахиулах ажиллагаанд 2012 оны 05 сард 2013 оны 06 сард ирсэн ба 2020 оны 10 сард дахиж яваад 2021 оны 11 сард ирсэн.

Намайг Өмнөд суданд байх үед О.Ц нь Барс зах дээр наймаа эрхэлдэг хүүхэнтэй танилцсан байсан ба намайг 2021 оны 11 сард гэртээ ирэхэд тэр хүнтэйгээ амьдрах гээд явсан. О.Ц миний охиныг 4 настай байхад нь аав нь гэж итгүүлээд дасгасан. Би одоо охинтойгоо байрандаа амьдарч байгаа.

Бид хамт амьдарч байхдаа 2016 оны 02 сард приус 20 маркийн авто машин 8,864,230 төгрөгөөр худалдан авсан ба банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан, зээл төлөгдөж дуусахад О.Ц авто машины гэрчилгээг өөрийнхөө нэр дээр авсан.

Авто машинаа сайжруулах үүднээс приус 20 маркийн авто машинаа зараад 3 удаа машинаа сольсон. Хамгийн сүүлд 2019 оны 05 сарын 02-ны өдөр портер маркийн авто машиныг 11,000,000 төгрөгөөр худалдан авсан.

Портер машин худалдан авахад би 4,500,000 төгрөгийн цалингийн зээл авсан ба 2,000,000 төгрөгийг мөн зээлээд үлдсэн мөнгийг нь өмнөх машинаа зараад портерын мөнгийг бүрдүүлсэн.

Ажил амьдралаа дээшлүүлнэ гээд надаар байнга зээл авахуулдаг байсан ба би зээлнээс зээлний хооронд байдаг байсан. Ийм хүн чанаргүй байж болохгүй биз дээ.

2016 оны 02 сарын 26-ны өдөр 9542 УБУ улсын дугаартай тоёота приус 20 маркийн авто машиныг Газар капитал партнерс ББСБ-аас 8,864,230 төгрөгөөр зээлээр авахад О.Цгоос урьдчилгаа 3,500,000 төгрөгийг нь гаргуулан үлдэх 5,364,230 төгрөгийг би өөрийнхөө цалинаас Хаан банк дахь 5037163706 тоот дансаар төлж дуусгасан.

О.Ц нь уг байрыг өнөөгийн зах зээлийн үнэ 50,000,000 төгрөгөөр зарна гэх тул ххххххххххххтоот орон сууцны өөрт ногдох хэсэг 25,000,000 төгрөгийг, мөн авто машинд төлсөн 5,364,230 төгрөг, нийт 30,364,230 төгрөгийг нэхэмжилсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны явцад ххххххххххххтоотын 22,6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, дээрх орон сууцанд хариуцагч О.Цгийн оруулсан мөнгөн дүнг тогтоолгох, авто машинаа худалдаж орон сууц худалдан авахад нийлүүлсэн 6,000,000 төгрөгийн 3,000,000 төгрөгийг Б.Нээс орон сууцанд нийлүүлсэн хөрөнгөд тооцуулахаар шаардлагаа өөрчилсөн.

Иймд намайг дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцанд О.Цгийн оруулсан мөнгийг тогтоон, портер маркийн авто машиныг зарж орон сууц худалдан авахад нийлүүлсэн 6,000,000 төгрөгийн 3,000,000 төгрөгийг Б.Н надаас орон сууцанд нийлүүлсэн хөрөнгөд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Ц шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Нийг ххххххххххххтоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь дээр дурдсан орон сууцыг О.Ц худалдан авахдаа нэхэмжлэгч Б.Нээс 13,200,000 төгрөг, түүний ах н.Отгонбилэгээс 8,000,000 төгрөг тус тус зээлэн авсан.

О.Ц нь н.Отгонбилэгт 8,000,000 төгрөгийг буцаан төлсөн нь түүний дансны хуулгаар тогтоогдоно. Мөн нэхэмжлэгч Б.Нд 2,047,120 төгрөг буцаан төлсөн ба одоо 11,152,880 төгрөгийг буцаан өгөхөөр байгаа.

Дээр дурдсан орон сууцыг худалдан авахад О.Ц 20,700,000 төгрөгийг гаргасан. Үүнийг шүүхээр тогтоолгох шаардлагагүй. Орон сууцыг 33,900,000 төгрөгөөр худалдан авсан ба үүнээс Б.Нийн өгсөн 13,200,000 төгрөгийг хасахад 20,700,000 төгрөг үлдэж байгаа.

Приус маркийн авто машин худалдан авахад О.Ц 4,400,000 төгрөгийг гаргасан ба үлдэгдэл 4,464,230 төгрөгийг нь төлөхдөө Б.Нээс 2,232,115 төгрөгийг зээлэн авсан бөгөөд 1,110,000 төгрөгийг нь буцаан төлсөн.

Орон сууцтай холбоотой 11,152,880 төгрөг, авто машин авахад зээлсэн 1,122,115 төгрөг, нийт 12,274,995 төгрөгийг хариуцагч О.Ц нь нэхэмжлэгч Б.Нд төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа.

Хариуцагч О.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байгаа ба Б.Нээс зээлэн авсан мөнгөө буцаан төлнө гэж байгаа болно. Б.Н, О.Ц нарын хооронд Иргэний хуульд заасан зээлийн харилцаа үүссэн гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгч Б.Н нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа хаягийн лавлагаа, овог, нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар,

Б.Н нь Газар капитал партнерс ББСБ ХХК-тай 2016 оны 02 сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан авто машины лизингийн зориулалтаар 4,400,000 төгрөг 12 сарын хугацаатай зээлэн авсан тухай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дансны хуулга,

Хаан банк дахь 5037163706 тоот дансны 2015 оны 12 сарын 27-ны өдрөөс 2022 оны 03 сарын 17-ны өдрийг дуустал хугацааны хуулгууд,

Хаан банктай Б.Нийн 2019 оны 05 сарын 02, 2018 оны 04 сарын 06, 2018 оны 07 сарын 20, 2017 оны 03 сарын 06, 2017 оны 12 сарын 26-ны өдрүүдэд байгуулсан зээлийн гэрээнүүд,

2006 оны 08 сарын 20-ны өдөр төрсөн охин Х.Хосчимэгийн төрсний гэрчилгээний хуулбар,

Ч.Дэчээ, Б.Отгонбилэг нарын гэрлэсний лавлагаа, Ч.Дэчээгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Ч.Дэчээгийн Төрийн банк дахь дансны хуулга,

Батлан хамгаалах яамны 2022 оны 03 сарын 23-ны өдрийн лавлагаа, О.Ц болон Г.Болдбаатар нарын 2021 оны 01 сарын 19-ний өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч О.Ц нь Ч.Батцэцэгт 2020 оны 08 сарын 29-ний өдөр байрны төлбөрт 33,900,000 төгрөгийг шилжүүлсэн баримт,

Хаан банк дахь 5171012594 тоот дансны 2015 оны 10 сарын 31-ний өдрөөс 2016 оны 03 сарын 25, 2016 оны 01 сарын 08-ны өдрөөс 2016 оны 05 сарын 09, 2018 оны 03 сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 сарын 02,

2019 оны 04 сарын 30-ны өдрөөс 2019 оны 05 сарын 20, 2020 оны 05 сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 сарын 05-ны өдөр хүртэл хугацааны хуулгууд зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Нэхэмжлэгч Б.Нийн хүсэлтийг үндэслэн 2022 оны 03 сарын 04-ний өдрийн 5445 дугаар захирамжаар Авто тээврийн үндэсний төвөөс 9542 УБУ улсын дугаартай тоёота приус 20 маркийн авто машины хувийн хэргийн хуулбарыг, хариуцагч О.Цгоос ххххххххххххтоот орон сууцны гэрчилгээг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Авто тээврийн үндэсний төв 2022 оны 03 сарын 09-ний өдрийн 100 дугаартай, 03 сарын 11-ний өдрийн 234 тоот албан бичгээр 9542 УБУ улсын дугаартай тоёота приус 20 маркийн авто машины хувийн хэргийн хуулбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч О.Цд байрны гэрчилгээ байхгүй гэх тайлбар гаргасан тул 2022 оны 03 сарын 17-ны өдрийн 6559 дугаар захирамжаар ххххххххххххтоот, 22.6 м.кв орон сууцны хувийн хэргийн хуулбарыг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 8/484 дугаар бүхий албан бичгээр хувийн хэргийн хуулбарыг ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч О.Цд холбогдуулан ххххххххххххтоот, 22.6 м.кв орон сууцны хэсгээр өмчлөх хэсгийн үнэ 25,000,000 төгрөг, дундын өмчлөлийн авто машины өөрт хамаарах хэсгээр буюу 5,364,230 төгрөг, нийт 30,364,230 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны явцад нэхэмжлэгч Б.Н нь ххххххххххххтоотын 22,6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, дээрх орон сууцанд хариуцагч О.Цгийн оруулсан мөнгөн дүнг тогтоолгох, авто машинаа худалдаж орон сууц худалдан авахад нийлүүлсэн 6,000,000 төгрөгийн 3,000,000 төгрөгийг Б.Нээс орон сууцанд нийлүүлсэн хөрөнгөд тооцуулахаар шаардлагаа өөрчилсөн бөгөөд уг шаардлагаа дэмжиж байна.

 

Нэхэмжлэгч Батаагийн Н нь 2006 оны 08 сарын 20-ны өдөр охин Хосчимэгийг төрүүлсэн ба тэрээр хариуцагч О.Цтой 2010 оны 09 сард танилцан 2010 оны 11 сараас хамтын амьдралаа эхлүүлэн 2021 оны 11 сар хүртэл хугацаанд хамтын амьдралаа үргэлжлүүлсэн талаар талууд хэн аль нь маргаагүй.

 

Намжилхайрхан овгийн Батаагийн Цэвэл нь /РД: ВМ81122904/ нь 2016 оны 12 сарын 21-ний өдөр овог, нэрээ Намжилхайрхан овгийн Батаагийн Н /РД: ВМ81122904/ болгон өөрчлөн овог, нэр өөрчилсний бүртгэлд бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 11 сарын 30-ны өдрийн лавлагаагаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 4-6, 155 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч О.Ц нар приус 20 маркийн авто машин худалдан авах зорилгоор Б.Н нь Хаан банктай 2016 оны 02 сарын 24-ний өдөр автомашины зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулан 4,400,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд хариуцагч О.Ц урьдчилгаа төлбөр 3,500,000 төгрөг төлсөн хэмээн нэхэмжлэгч Б.Н тайлбарлалаа.

/ХХ-ийн 8-10 дугаар тал/

 

Хамтын амьдралын хугацаанд нэхэмжлэгч Б.Н нь Хаан банктай 2017 оны 03 сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 4,300,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй,

2017 оны 12 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 3,300,000 төгрөг дээр нэмж 2,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй,

2018 оны 04 сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан үлдэгдэл 4,900,000 төгрөг дээр нэмж 5,000,000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар 48 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй,

2018 оны 07 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан үлдэгдэл 9,187,000 төгрөг дээр нэмж 1,600,000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар, 48 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй,

2019 оны 05 сарын 02-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан 4,500,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй тус тус зээлэн авч хамтын амьдралын явцдаа зарцуулж байжээ.

/ХХ-ийн 137-154, 159-163 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Б.Н нь Хаан банк дахь өөрийн 5037163706 тоот дансны 2015 оны 12 сарын 27-ны өдрөөс 2022 оны 03 сарын 17-ны өдрийг дуустал хугацааны хуулгуудыг, хариуцагч О.Ц нь мөн банк дахь өөрийн 5171012594 тоот дансны 2015 оны 10 сарын 31-ний өдрөөс 2016 оны 03 сарын 25, 2016 оны 01 сарын 08-ны өдрөөс 2016 оны 05 сарын 09, 2018 оны 03 сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 сарын 02, 2019 оны 04 сарын 30-ны өдрөөс 2019 оны 05 сарын 20, 2020 оны 05 сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 сарын 05-ны өдөр хүртэл хугацааны хуулгуудыг тус тус ирүүлсэн бөгөөд талууд хамтын амьдралынхаа явцад хамтын хэрэгцээнд мөнгө зарцуулж байсан нь тэдний дансны хуулгаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 48-111, 164-172, 176-182, 207-208 дугаар тал/

 

Талууд 2016 оны 06 сард портер маркийн авто машин 11,000,000 төгрөгөөр худалдан авснаас нэхэмжлэгч Б.Н 4,500,000 төгрөгийг болон 2,000,000 төгрөгийг банкнаас зээлэн авч бүрдүүлсэн хэмээн тайлбар гаргасныг хариуцагч тал эсэргүүцээгүй.

 

Нэхэмжлэгч Б.Н нь Цэргийн төв эмнэлэгт мэс заслын сувилагч ажилтай ба тэрээр 2012 оны 05 сараас 2013 оны 06 сар хүртэл, 2020 оны 10 сараас 2021 оны 11 сар хүртэл хугацаанд Бүгд Найрамдах Судан улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн багийн бие бүрэлдэхүүнд сувилагч тушаалд үүрэг гүйцэтгэсэн нь Батлан хамгаалах яамны 2022 оны 03 сарын 23-ны өдрийн 04/1082 дугаартай лавлагаагаар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй.

 

Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Улаанхуаран /13301/, Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, 51б байр, 85 тоотын 22,6 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг талууд 33,900,000 төгрөгөөр худалдан авсан талаар маргахгүй байгаа ба хариуцагч О.Ц нь байрны төлбөр 33,900,000 төгрөгийг 2020 оны 08 сарын 29-ний өдөр Хаан банк дахь 5062225700 тоот данснаас мөн банк дахь Ч.Батцэцэгийн 5029894726 тоот дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдсон болно.

/ХХ-ийн 47 дугаар тал/

 

Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Улаанхуаран /13301/, Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, 51б байр, 85 тоотын 22,6 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204115765 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууц 2021 оны 06 сарын 11-ний өдөр хариуцагч О.Цгийн өмчлөлд бүртгэгдсэн нь үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбарт тусгагджээ.

/ХХ-ийн 191-199 дүгээр тал/

 

Дээрх орон сууцыг худалдан авахад нэхэмжлэгч Б.Н 13,200,000 төгрөгийг , хариуцагч О.Ц 10,000,000 төгрөгийг тус тус оруулсан нь, мөн иргэн Б.Отгонбилэг, Ч.Дэчээ нараас 8,000,000 төгрөгийг зээлэн авсан нь талуудын тайлбар, Б.Н нь Хаан банк дахь 5037163706 тоот данснаасаа О.Цгийн мөн банк дахь 5171012594 тоот данс руу 2020 оны 07 сарын 09-ний өдөр 13,200,000 төгрөг шилжүүлсэн баримт болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар мөн маргаагүй.

Хариуцагч О.Ц нь иргэн Г.Болдбаатартай 2021 оны 01 сарын 19-ний өдөр орон сууц хөлслөх гэрээг байгуулан Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Улаанхуаран /13301/, Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, 51б байр, 85 тоотын орон сууцыг сарын 550,000 төгрөгөөр бусдад хөлслүүлж байсан нь уг гэрээний хуулбараар тогтоогдсоныг дурдлаа.

/ХХ-ийн 220-221 дүгээр тал/

 

Хариуцагч О.Ц нь иргэн Б.Отгонбилэг, Ч.Дэчээ нараас зээлэн авсан 8,000,000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5171012594 тоот данснаас шилжүүлсэн нь түүний дансны хуулгаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 156-158, 176-182 дугаар тал/

 

Мөн талууд 2019 оны 06 сард 11,000,000 төгрөгөөр худалдан авсан портер маркийн авто машиныг худалдан орон сууц авахад зарцуулсан талаар маргахгүй байгаа ба 6,000,000 төгрөгөөр худалдсан хэмээн О.Ц надад хэлсэн гэж нэхэмжлэгч Б.Н тайлбарлалаа.

 

Дээр дурдсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүд Б.Н, О.Ц нарын 2010 оны 11 сараас 2021 оны 11 сар хүртэлх тэдний хамтын амьдралын явцад, хөдөлмөрийнх нь үр шимээр бий болсон нь дээр дурдсан хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Орон сууцны үнэ 33,900,000 төгрөгөөс 13,200,000 төгрөгийг Б.Н төлсөн, үлдэх 20,700,000 төгрөг О.Ц байранд оруулсан гэх боловч энэ нь баримтаар тогтоогдсонгүй.Тэрээр 8,000,000 төгрөгийг төлсөн гэж байгаа ч энэ гагцхүү түүний дан ганцаар өөрийн хөдөлмөрийн үр шимээр бий болгосон хөрөнгөд тооцогдохгүй бөгөөд хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана гэж заажээ.

Дээрхээс дүгнэхэд 33,900,000 төгрөг

10,000,000 төгрөг О.Ц,

13,200,000 төгрөг-Б.Н,

8,000,000 төгрөг/2=4,000,000 төгрөг /тус бүр 4,000,000 төгрөг/

Дээрх төлбөр нийт 31,200,000 төгрөг болж байх ба байрны үлдэгдэл төлбөр 2,700,000 төгрөг болсныг авто машин худалдан байранд оруулсан төлбөр тооцлоо.

 

Дээрхээс дүгнэхэд Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Улаанхуаран /13301/, Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, 51б байр, 85 тоотын орон сууцыг худалдан авахад хариуцагч О.Ц 15,350,000 төгрөг, нэхэмжлэгч Б.Н 18,550,000 төгрөгийг тус тус оруулсан гэж үзлээ.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасан байна.

 

Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нийг Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Улаанхуаран /13301/, Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, 51б байр, 85 тоотын 22,6 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204115765 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, хариуцагч О.Ц уг орон сууцанд 15,350,000 төгрөг оруулсан болохыг болон нэхэмжлэгч Б.Н нь авто машин худалдсан үнээс 1,350,000 төгрөгийг тус тус орон сууцанд оруулсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч О.Ц нь нэхэмжлэгч Б.Нтэй зээлийн харилцаа үүссэн гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нийг Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Улаанхуаран /13301/, Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, 51б байр, 85 тоотын 22,6 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204115765 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, хариуцагч О.Ц уг орон сууцанд 15,350,000 төгрөг оруулсан болохыг болон нэхэмжлэгч Б.Н нь авто машин худалдсан үнээс 1,350,000 төгрөгийг тус тус орон сууцанд оруулсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Нийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 379,972 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Цгоос 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгосугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 сарын 24-ний өдрийн 2363 дугаар захирамжаар хариуцагч О.Цгийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 30,364,230 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН