Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01366

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Н ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/01992 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Н ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Ц д холбогдох, 000 тоот хаягт байршилтай 22.6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцанд хариуцагч О.Ц гийн оруулсан мөнгөн дүнг тогтоолгох, авто машин бусдад худалдсан үнийн дүнгээс 3,000,000 төгрөгийг орон сууцны үнэд оруулсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Б.Н миний бие О.Ц той 2010 оны 09 сард танилцан 2010 оны 11 сараас ах Б.О ийн хашаанд хамтын амьдралаа эхлүүлсэн. Амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор ярилцаж байгаад000 тоотын 22,6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдан авахаар болсон. О.Ц гадаадад байдаг хүүхдээсээ 10,000,000 төгрөг, би 13,200,000 төгрөгийн цалингийн зээл авсан, Б.О ээс 8,000,000 төгрөг зээлэн 31,200,000 төгрөгийг бүрдүүлсэн. Портер маркийн авто машинаа 6,000,000 төгрөгөөр зарсан гэж О.Ц хэлсэн. Ингээд одоо маргаан болоод байгаа дээрх байрыг 33,900,000 төгрөгөөр худалдан авсан. Орон сууц худалдан авах гэрээ байгуулах үед би Өмнөд Судан улс руу 2020 оны 10 сараас 1 жилийн хугацаатай энхийг сахиулах ажиллагаанд явах гээд Таван толгойд 3 сарын хугацаанд бэлтгэлд гарсан үе байсан. Байр худалдах, худалдан авах гэрээг О.Ц байгуулсан. Б.О ээс авсан 8,000,000 төгрөгөө төлөхийн тулд худалдан авсан байраа түрээслүүлээд мөнгийг нь төлж дуусгасан, О.Ц дангаараа хариуцан төлөөгүй. Бид хамт амьдарч байхдаа 2016 оны 02 сарын 26-ны өдөр 00-00 УБУ улсын дугаартай Приус-20 маркийн авто машиныг Г ББСБ ХХК-аас 8,864,230 төгрөгөөр зээлээр авахад О.Ц гоос урьдчилгаа 3,500,000 төгрөгийг гаргуулан үлдэх 5,364,230 төгрөгийг би өөрийнхөө цалингаас төлж дуусгасан. Зээл төлөгдөж дуусахад О.Ц авто машины гэрчилгээг өөрийнхөө нэр дээр авсан. Хамгийн сүүлд 2019 оны 05 сарын 02-ны өдөр Портер маркийн авто машиныг 11,000,000 төгрөгөөр худалдан авсан. Портер машин худалдан авахад би 4,500,000 төгрөгийн цалингийн зээл авсан, мөн 2,000,000 төгрөгийг зээлээд үлдсэн мөнгийг өмнөх машинаа зарж бүрдүүлсэн. Иймд000 тоотын 22.6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, тус орон сууцанд хариуцагч О.Ц гийн оруулсан мөнгөн дүнг тогтоож, авто машинаа худалдаж орон сууц худалдан авахад нийлүүлсэн 6,000,000 төгрөгийн 3,000,000 төгрөгийг Б.Н ээс орон сууцанд нийлүүлсэн хөрөнгөд тооцож өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Б.Н ийг 000 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь дээрх орон сууцыг О.Ц худалдан авахдаа нэхэмжлэгч Б.Н ээс 13,200,000 төгрөг, түүний ах Б.О ээс 8,000,000 төгрөг тус тус зээлэн авсан. О.Ц нь Б.О т 8,000,000 төгрөгийг буцаан төлсөн нь түүний дансны хуулгаар тогтоогдоно. Мөн нэхэмжлэгч Б.Н д 2,047,120 төгрөг буцаан төлсөн ба одоо 11,152,880 төгрөгийг буцаан өгөхөөр байгаа. Дээр дурдсан орон сууцыг худалдан авахад О.Ц 20,700,000 төгрөгийг гаргасан. Үүнийг шүүхээр тогтоолгох шаардлагагүй. Орон сууцыг 33,900,000 төгрөгөөр худалдан авсан ба үүнээс Б.Н ийн өгсөн 13,200,000 төгрөгийг хасахад 20,700,000 төгрөг үлдэж байгаа. Приус-20 маркийн авто машин худалдан авахад О.Ц 4,400,000 төгрөгийг гаргасан ба үлдэгдэл 4,464,230 төгрөгийг төлөхдөө Б.Н ээс 2,232,115 төгрөгийг зээлэн авсан бөгөөд 1,110,000 төгрөгийг буцаан төлсөн. Орон сууцтай холбоотой 11,152,880 төгрөг, авто машин авахад зээлсэн 1,122,115 төгрөг, нийт 12,274,995 төгрөгийг хариуцагч О.Ц нэхэмжлэгч Б.Н д төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа. Хариуцагч О.Ц нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй ба Б.Н ээс зээлэн авсан мөнгөө буцаан төлнө гэж байгаа болно.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н ийг 000 тоотын 22.6 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 0-000000000 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, хариуцагч О.Ц уг орон сууцанд 15,350,000 төгрөг оруулсан болохыг болон нэхэмжлэгч Б.Н нь авто машин худалдсан үнээс 1,350,000 төгрөгийг тус тус орон сууцанд оруулсан болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Н ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 379,972 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ц гоос 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н д олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Миний бие Б.Н тэй хэсэг хугацаанд хамт амьдарч байсан нь үнэн ч нэхэмжлэлд заасан орон сууцыг би дангаар худалдан авсан. Ийнхүү худалдан авахдаа иргэн Б.О ээс 8,000,000 төгрөг, Б.Н ээс 13,200,000 төгрөг тус тус зээлсэн. Б.О ээс зээлсэн 8,000,000 төгрөгөө эхнэр н.Д гийн дансаар төлж дуусгасан ба Б.Н д одоогийн байдлаар 2,047,120 төгрөгийг төлсөн нь Х ХХК-ийн дансны хуулгын 128, 2022 оны 01 сарын 21-ний өдрийн хуулгын 1031-д тус тус зааснаар нотлогдож байгаа болно. Б.Н надад мөнгө зээлдүүлээгүй байсан бол ийнхүү надаас мөнгө буцаан авахгүй нь ойлгомжтой атал шүүх энэ талаар буруу дүгнэсэн. 00-00 УБУ улсын дугаартай Приус-20 маркийн авто машиныг 8,864,230 төгрөгөөр худалдан авахад би дангаар 4,400,000 төгрөгийг гаргасан ба үлдэгдэл 4,464,230 төгрөгийн талыг би мөн Б.Н ээс зээлж, 1,110,000 төгрөгийг буцаан төлсөн. Одоо би Б.Н д 12,274,995 төгрөгийг буцаан төлнө. Өөр тооцоо байхгүй.

4.б. Шүүх Портер авто машиныг 11,000,000 төгрөгөөр авахад Б.Н 6,500,000 төгрөг гаргасныг хариуцагч тал эсэргүүцээгүй гэж нэг талыг барьсан буруу дүгнэлт хийн хууль зөрчжээ. Мөн машин худалдсан мөнгөнөөс 1,350,000 төгрөгийг Б.Н орон сууц худалдан авахад зарцуулсан гэж дүгнэсэн нь ч ойлгомжгүй байна.

Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хзрэгсэхгүй болгож өгнө үү. Харин надаас 12,274,995 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Н д олгуулахаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: О.Ц , Б.Н нарын хооронд зээлийн харилцаа үүсээгүй. Хамтран амьдрах хугацаанд зээл байгаа бол ямар байдлаар зээл гэж үзсэн үндэслэл тодорхойгүй. Зээлийг буцаан төлсөн гэх асуудал яригддаг бөгөөд ямар байдлаар буцаан төлсөн нь нотлох баримтын хүрээнд байхгүй. Б.Н нь цалингийн зээл авч, буцааж цалингаараа төлсөн гэх нотлох баримт хангалттай гаргаж өгсөн. О.Ц гийн хүүхдээс зээлсэн 10,000,000 төгрөгт маргадаггүй. Б.Н болон О.Ц нарын хамтран амьдарч байх хугацаанд удаа дараа Б.Н цалингийн зээл авч байсан. Приус-20 маркийн автомашиныг 100 хувь өөрийн нэр дээр гэрээ байгуулж авсан баримт хэрэгт авагдсан. Нэг ч төгрөг авч байгаагүй бөгөөд 1,000,000 төгрөг авсан гэж худал тайлбар өгсөн. Эрэгтэй хүн учраас миний зүгээс автомашиныг нь үлдээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2.   Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч О.Ц д холбогдуулан 000 тоот хаягт байршилтай 22,6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцанд хариуцагч О.Ц гийн оруулсан мөнгөн дүнг тогтоолгох, автомашин бусдад худалдсан үнийн дүнгээс 3,000,000 төгрөгийг орон сууцны үнэд оруулсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч О.Ц нь дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...маргаан бүхий орон сууцыг нийт 33,900,000 төгрөгөөр худалдан авсан, ийнхүү авахдаа Б.Н ээс 13,200,000 төгрөг, түүний ах Б.Б.О ээс 8,000,000 төгрөг тус тус зээлдэн авсан, Б.О ээс зээлдэн авсан 8,000,000 төгрөгийг буцааж төлж дуусгасан, Б.Н д 2,047,120 төгрөгийг төлсөн. Орон сууц худалдан авахтай холбоотой 11,152,880 төгрөг, автомашин худалдан авахтай холбоотой 1,122,115 төгрөг, нийт 12,274,995 төгрөгийг Б.Н д төлөхөд татгалзах зүйлгүй... гэх агуулгаар тайлбарлажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нотолгооны хэрэгсэл болно.

Б.Н , О.Ц нар 2010 оны 09 сард танилцаж, 2010 оны 11 сараас 2021 оны 11 сар хүртэлх хугацаанд хамтран амьдарсан, уг үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

4.   Хамтын амьдралын хугацаанд хариуцагч О.Ц нь Б ХХК-тай 2019 оны 06 сарын 07-ны өдөр №00/00/00-0 тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулж, 000 тоот хаягт байршилтай 22,6 м.кв 1 өрөө орон сууцыг захиалж, 2020 оны 08 сарын 29-ний өдөр орон сууцны үнэ 33,900,000 төгрөгийг иргэн Ч.Б ийн данс руу шилжүүлж, улмаар уг орон сууцны өмчлөгчөөр 2021 оны 06 сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх 195-196, 47, 194, 199/

Дээрх орон сууцыг ...хамтын амьдралаа дээшлүүлэх зорилгоор О.Ц той хамтран худалдан авсан... гэж нэхэмжлэгч, ...Б.Н , түүний ах Б.О нараас мөнгө зээлдэн авч авсан... гэж хариуцагч тус тус харилцан адилгүй тайлбар гаргаж байна.

Маргаан бүхий орон сууц нь Б.Н , О.Ц нарын хамтран амьдрах хугацаанд бий болсон, мөн Б.Н , О.Ц нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй байх тул маргаан бүхий орон сууцны талаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, хэргийн баримт, зохигчдын тайлбараар Б.Н нь О.Ц д орон сууц авахад нь зориулж мөнгө зээлдүүлэх хүсэл зоригтой байсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн, хэргийн 173-р талд авагдсан Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны 2022 оны 03 сарын 23-ны өдрийн Архивын лавлагаа-гаар Б.Н нь Батлан хамгаалах сайдын 2020 оны 10 сарын 05-ны өдрийн 0/000 тоот тушаалаар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд нэг жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэсэн болох нь нотлогдож байх тул ...Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэхээр болсон учир орон сууц худалдах, худалдан авах гэрээг О.Ц гийн нэр дээр байгуулж, орон сууцны гэрчилгээг О.Ц гийн нэр дээр авсан... гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг үнэн зөв гэж үзлээ.

 

5.   Орон сууцны нийт үнэ 33,900,000 төгрөг, үүнээс 13,200,000 төгрөгийг Б.Н , 10,000,000 төгрөгийг О.Ц нар гаргаж, 8,000,000 төгрөгийг Б.Н ийн ах Б.О ээс зээлдэн авч төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Эдгээрийн нийлбэр дүн 31,200,000 болж байх тул үлдэх 2,700,000 төгрөгийг автомашин худалдсан үнээс оруулсан байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Үүнээс маргаан бүхий орон сууцны үнэд нэхэмжлэгч Б.Н ээс нийт 18,550,000 төгрөг (13,200,000 + (8,000,000 : 2) + (2,700,000 :2)), хариуцагч О.Ц гоос нийт 15,350,000 төгрөгийг (10,000,000 + (8,000,000 : 2) + (2,700,000 :2)) тус тус оруулсан гэж үзэхээр байна.

 

6.   Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт ...хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Н ийг 000 тоот хаягт байршилтай 22,6 м.кв 1 өрөө орон сууцыг хамтран өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлтэй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/01992 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Д.НЯМБАЗАР