Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2016/0938/з |
Дугаар | 221/MA2017/0252 |
Огноо | 2017-03-30 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 221/MA2017/0252
2017 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 221/МА2017/0252 | Улаанбаатар хот |
Х.Нарангаравын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 91 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Нарангаравын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 91 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Х.Нарангаравыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт мэргэжилтнээр томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож түүнийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт мэргэжилтнээр томилсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Нарангаравын ажилгүй байсан 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх нийт 5 сар 3 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хамт хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасныг зөрчиж нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Монгол Улсын Их хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Төрийн болон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байгуулагдсан. Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 37 дугаар захирамж, 57 дугаар захирамжаар тус газрын бүтэц, үйл ажиллагааны стратеги батлагдсан. Х.Нарангаравын урьд эрхэлж байсан албан тушаал тус газрын батлагдсан орон тоонд байхгүй хасагдсан бөгөөд үндсэн ажлын байранд ажиллаж байгаа албан хаагчид нууцын ажилтны ажлыг давхар хариуцуулан гүйцэтгүүлж байна.
Х.Нарангаравыг тус газарт хуулийн мэргэжилтнээр томилох боломжгүй байна. Учир нь тус газарт урьд ажиллаж байсан ажил, албан тушаалын орон тоо нь хасагдсан, сул орон тоо байхгүй тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг үндэслэн урьд нь эрхэлж байсан ажил, албан тушаалтай нь ойролцоо буюу өмнөх хөдөлмөрийн гэрээний бусад гол нөхцөл болох үндсэн цалин, хөдөлмөрийн нөхцөлтэй нь оройлцоо нөхцөл бүхий эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу “Монголын цахилгаан холбоо” ХК болон төрийн өмчит бусад хуулийн этгээдэд хуулийн мэргэжилтнээр ажиллах саналыг манай байгууллагын зүгээс удаа дараа тавьсан. Энэхүү саналыг Х.Нарангарав нь хүлээн аваагүй, татгалзсан тул тус газарт эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу ажиллуулах боломжгүй байна.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/82 дугаар албан бичгээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад зохион байгуулалтын бүтцийн нэгжийн чиг үүргийн дагуу зарим албан хаагчдын ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдах боломжгүй болсон тул Х.Нарангарав нарын нийт 20 албан хаагчид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт хүргүүлээд байна.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл муутай, нэг талыг барьсан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн тул 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 91 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Нэхэмжлэгч Х.Нарангарав “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт мэргэжилтнээр томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, ажилд томилсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад холбогдуулан гаргажээ.
Х.Нарангарав нь анх Монгол Улсын Төрийн өмчийн хорооны даргын 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Албан тушаалд жинхлэх, зэрэг дэв олгох тухай” 136 дугаар тушаалаар тус хорооны Хууль зүйн хэлтсийн мэргэжилтнээр жинхлэн томилогдож байжээ. Мөн тус хорооны даргын 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Ажил хариуцуулах тухай” 13 дугаар тушаалаар Х.Нарангаравыг “нууцын ажилтан”-аар үндсэн үүрэгт ажилтай нь хавсруулан томилсон байна.
Улмаар 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Хүүхэд асрах чөлөө олгож, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” Б/254 дүгээр тушаалаар 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө авсан, 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Чөлөөний хугацааг сунгах тухай” Б/160 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөөг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл чөлөө авсан байна.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б18 дугаар тушаалаар нэхэмжлэгч Х.Нарангаравыг чиг үүрэг шилжсэнтэй холбогдуулан Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого, хяналтын газрын мэргэжилтнээр томилогдсон байна.
Дээрх Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого, хяналтын газрын мэргэжилтнээр томилогдсоны дараа Х.Нарангарав нь хүүхэд асрах чөлөөгөө сунгуулахаар хүсэлт гаргасны дагуу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б24 дүгээр тушаалаар хүүхэд асрах чөлөөг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 6 сараар сунгажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгаж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар байгуулагдсан байна. Ингэснээр Х.Нарангаравыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б114 дүгээр тушаалаар Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого, хяналтын газрын Төрийн өмчийн бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн мэргэжилтний албан тушаалаас 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжүүлжээ.
Нэхэмжлэгч Х.Нарангарав нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа эргэж орох талаар хүсэлт гаргахад хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга түүнийг ямар нэгэн ажил, албан тушаалд томилоогүй нь хуульд нийцээгүй байна.
Тодруулбал, хэрэгт хавсаргасан баримтаас үзэхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн бүтэц, орон тоог баталсан жагсаалтад Х.Нарангаравын өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байсан болох нь тогтоогдож байна.
Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” гэж заасан байхад түүнийг ажилд авахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус юм.
Өөрөөр хэлбэл, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б24 дүгээр тушаалд дурдсанаар Х.Нарангаравын төрүүлсэн хүүхэд нь 3 нас хүрээгүй, энэ хугацаанд Хөдөлмөрийн тухай хуульд заасан “хүүхэд асрах чөлөөний хугацааны” зохицуулалт үйлчилж байхад ажил олгогчийн мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүргийг хариуцагч хүлээх үндэслэлтэй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн “оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх” тухай хүсэлт, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мэдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.4-д заасан үндэслэлээр шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 91 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР