Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1084

 

 

 

 

 

 

 

 

 

ДТӨҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01118 дугаар шийдвэртэй, ДТӨҮГ-ын нэхэмжлэлтэй, “Н” ХХК-д холбогдох 91 147 500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэн, өмгөөлөгч Б.Даваажав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгч ДТӨҮГ-ын төлөөлөгч Ё.Нямжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага “Н” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 02 дугаартай хамтын ажиллагааны гэрээг байгуулж, 2 162 500 төгрөгийн үнэ бүхий зочид буудлын стандарт өрөөний 13 иж бүрдэлд 28 112 500 төгрөгийн тавилга, 2 237 500 төгрөгийн үнэ бүхий зочид буудлын люкс өрөөний 22 иж бүрдэлд 49 225 000 төгрөгийн тавилга, 6 762 000 төгрөгийн үнэ бүхий зочид буудлын ерөнхийлөгчийн өрөөний 5 иж бүрдэлд 33 810 000 төгрөгийн тавилга, нийт 111 147 500 төгрөгийн тавилгыг гэрээний дагуу 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, мөн оны 7 дугаар сарын 02-ны өдөр тус тус хүлээлгэн өгсөн.

Тус компани тавилгыг хүлээн авахдаа урьдчилгаа төлбөрт 20 000 000 төгрөг төлсөн ба 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 91 147 500 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг хоёр тал тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан болно.

“Н” ХХК-иас тавилгын үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа албан бичгээр болон хариуцсан ажилтнуудыг явуулж шаардаж, уулзуулсан боловч төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд “Н” ХХК-иас гэрээний үүрэгт 91 147 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Хамтын ажиллагааны гэрээ” нь АСЕМ-ын дээд түвшиний уулзалтыг зохион байгуулах ажлын хүрээнд БНХАУ-ын засгийн газраас техникийн буцалтгүй тусламжийн хүрээнд үнэ төлбөргүй нийлүүлж буй тавилга, тоног төхөөрөмжийг АСЕМ-ын түнш зочид буудлуудад хувиарлах харилцааг зохицуулсан ерөнхий гэрээ бөгөөд төлбөр тооцоо, үнийн талаар нарийн тодорхой заасан зүйл байхгүй.

2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн 21 дүгээр хурлаас БНХАУ-аас ирэх зочид буудлын тоног төхөөрөмжийг буудлуудад үнийн дүнгээс 50 хувь бууруулж олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэвч 2016 оны 5 дугаар сарын 11-ы өдрийн хуралдаанд дээрх шийдвэр хэрэгжээгүй болох нь хуралдаанд оролцогч А.Баттөрийн “...бид хуралдаад зах зэлийн үнээр тооцон төрийн үйлчилгээний байгууллагуудын төсөвт оруулахаар шийдсэн...” гэх тайлбараар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг гүйцэтгэх ажилтан нь дур мэдэн өөрчилсөн байх үндэслэлтэй.

Монголын зочид буудлуудын холбооны 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлтийг АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуягт хүргүүлж байсан. Түүнчлэн, уг уулзалтад оролцох төлөөлөгчдийг байрлуулахаар сонгогдсон зочид буудлуудад буцалтгүй тусламжаар ирсэн тавилга, тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад зориулж 150 000 000 000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 02-ны тогтоолоор баталсан байдаг. Манай байгууллага энэ зээлд шалгарсан бөгөөд мөн Д.Ганхуягт хүргүүлсэн албан бичгээр нотлогдоно.

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах нэрээр өндөр үнэтэй тавилга нийлүүлж, бизнесийн үйл ажиллагаа хэвийн явуулж байсан зочид буудлыг их хэмжээний өрийн дарамтад оруулж, бизнесийн үйл ажиллагааг доголдуулсан.

Зөвхөн АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцох хүмүүсийг хүлээн авахд зориулж Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 06/047/22 тоот зөвлөмжийн дагуу 23 төрлийн ажил үүргийг буудал өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ үйл ажиллагаанд зориулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-аас 300 000 000 төгрөгийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй авч, одоог хүртэл зээлээ төлж дуусаагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэгч байгууллага “Н” ХХК-д нийлүүлж буй тоног төхөөрөмжийн үнэ, тоо ширхэг, гэрээний хугацаа, чанар байдлыг оруулж өгөөгүй буюу гэрээний гол нөхцөл болсон гэрээний үнэ, тоо хэмжээ, гэрээний хугацаа тусгагдаагүй. “Н” ХХК нь уг гэрээнд ноцтой төөрөгдсөний улмаас гарын үсэг зурсан гэж үзэж байна. Манай байгууллага нь гэрээ зурагдахаас өмнө тухайн тоног төхөөрөмжийн үнийг зах зээлийн үнийн 50 хувиар тооцож буй тухай мэдээллийг авсан байсан бөгөөд уг гэрээнд тэр итгэл үнэмшилээр хандаж гарын үсэг зурсан юм. Гэвч гэрээний гол нөхцөл болсон үнийг оруулаагүй, гэрээний хавсралт дээр нийлүүлэгч талын гарын үсэг тамга байхгүй байгаа нь тухайн хавсралт уг гэрээний хавсралт гэдэг нь эргэлзээтэй.

Мөн захиалагч талыг гэрээнээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, зөвхөн нийлүүлэгч талд давуу эрх олгосон байна. Нийлүүлэгч талыг төлөөлж гарын үсэг зурсан Дгазар төрийн өмчит үйлчилгээний газрын дарга О.Заяамандахад төрийн өмчийг бусдад худалдан борлуулах эрх олгогдоогүй. Өөрөөр хэлбэл, хэлцэл хийх эрхгүй этгээд хэлцэл хийсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлагын дүн гэрээний хавсралтад заасан дүнтэй зөрүүтэй байна. Гэрээний хавсралтад нийт үнийг 99 910 500 төгрөг гэж заасан, үүнээс урьдчилгаа төлбөрийг хасвал 79 910 500 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч байгууллага нь холбогдох хуулийн дээрх заалтыг зөрчиж, дуудлага худалдаа зохион байгуулахгүйгээр төрийн өмчийг бусдад шууд худалдах борлуулах хэлцэл хийсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Уг гэрээнд гарын үсэг зурсан Ц.Ёндонжамц нь хэдийгээр “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал албан тушаал эрхэлж байгаа боловч тус компаний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд түүнийг томилсон тушаал бүртгэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, захиалагч талыг төлөөлөх эрхгүй этгээдтэй худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн гэх үндэслэлтэй.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 02 тоот хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ДТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ мөн. Уг гэрээнд төлбөр төлөх хувиар, төлбөрийн хэмжээ, тавилга нэг бүрийн үнийг нийт үнэтэй бүгдийг нь тодорхой зааж, тавилгыг биет байдлын доголдолгүй гэж үзэн гарын үсэг зурч хүлээн авсан байдаг.

Зочид буудлын тавилгын үнийг тухайн үеийн зах зээлийн үнийн 50 хувиар тооцож, төлбөр төлөх хувиарыг бэлнээр 66 688 500 төгрөг, үлдэгдэл 44 459 000 төгрөгийг зээлээр төлөх тохиролцоотой боловч хариуцагч тал 111 147 500 төгрөгнөөс 20 000 000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт өгсөн. Учир нь графикт нь 222 295 000 төгрөгийн 30 хувь нь 66 668 500 төгрөг, 20 хувь нь 44 569 000 төгрөг, нийт 111 147 500 төгрөг болж байдаг. Үүнийг ерөнхийлөгчийн аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Батболд үүрэг болгов гэсэн үндэсний зөвлөлийн хуралдааны шийдвэрийн 5 дахь заалтад байгаа. Хариуцагч тал үүн дээр маргаж, ямар нэгэн байдлаар мэдэгдэж байгаагүй болно.

Үүнтэй холбоотойгоор манай байгууллага 2 удаа албан бичгээр хүсэлт гаргаж, тайлбар хүргүүлэхэд хариу өгч байгаагүй. Түүнчлэн, тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан байдаг.

Ц.Ёндонжамц нь тухайн компанийн 40 хуввийг эзэмшдэг бөгөөд 3 жилийн хугацаанд шаардлага тавьж байгаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 91 147 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дгазар төрийн өмчит ААТҮГ-т олгон, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дгазар ТӨҮГ-т холбогдуулан гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч “Н” ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 613 690 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 613 690 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 99 997 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод, хариуцагчаас мөн улсын тэмдэгтийн хураамжид 613 690 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Н” ХХК-ийн төлөөлөгч С.Цэрэндорж давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй нь учир дутагдалтай.

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар хамтын ажиллагааны гэрээний хавсралтад нийлүүлэгч талын гарын үсэг дамга дарагдаагүй, уг гэрээг ноцтой төөрөгдсөний улмаас гарын үсэг зурсан байдаг. 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр хэрэгжээгүй болох нь хуралдаанд оролцогч А.Баттөрийн тайлбараар нотлогдож байдаг. Өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг гүйцэтгэх ажилтан нь дур мэдэн өөрчилсөн гэж үзэх үндэслэлтэй.

Уг гэрээнд гарын үсэг зурсан Ц.Ёндонжамц нь тухайн үед захирлын албан тушаал эрхэлж байсан эсэх нь тодорхойгүй, тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр түүнийг томилсон тушаал бүртгэгдээгүй байдаг. Нийлүүлэгч тал үүнийг шалгах үүргээ хэрэгжүүлээгүй.

Нэхэмжлэгч байгууллагын захирал О.Заяамандахад төрийн өмчийг бусдад худалдан борлуулах тухай эрхийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас олгоогүй, энэ талаар шүүгчийн асуултад үндэслэл бүхий тайлбар өгөөгүй.

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд нийлүүлсэн төхөөрөмжийн үнэ 85 735 600 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ дүгнэлтэд талууд маргаагүй байдаг. Хэрэв нэхэмжлэгч талын үнэлсэн бодит үнэлгээ нь үнэн бол 222 295 000 төгрөг болох байсан.

Нэхэмжлэгч байгууллага Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасны дагуу “Н” ХХК нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 85 735 600 төгрөгөөс урьдчилгаа 20 000 000 төгрөгийг төлсөн тул 65 735 600 төгрөгийн үлдэгдэлтэй болно.

Иймд 25 411 900 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул анхан шатны шүүхийншийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Дгазар ТӨҮГ нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 91 147 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...гэрээг эрх бүхий этгээдүүд байгуулаагүй...” гэх үндэслэлээр 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг /цаашид “АСЕМ” гэх/ зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар хуралдааны тэмдэглэл, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн А/180 дугаар тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг бичгийн баримтуудаас үзэхэд уг уулзалтад зориулж худалдан авсан болон БНХАУ-аас буцалтгүй тусламжаар ирсэн тавилга, тоног төхөөрөмж, эд материалыг бүртгэх, мөн худалдан борлуулж улсын төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг нэхэмжлэгч байгууллагад хариуцуулсан байх ба уг байгууллагын захирлаар О.Заяамандахыг томилж, улсын бүртгэлд бүртгэсэн болох нь нотлогдож байна. /хх 5, 19 дэх тал/

Түүнчлэн, хариуцагч “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ёндонжамц болох нь хэрэгт авагдсан 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ерөнхий захирал С.Цэрэндоржоос гүйцэтгэх захирал Ц.Ёндонжамцад олгосон итгэмжлэл, тус компанийн дүрэм зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх 44-45, 52-55 дахь тал/

Иймд О.Заяамандах Дгазрыг, Ц.Ёндонжамц нь “Н” ХХК-ийг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар төлөөлөх эрх бүхий этгээд байх тул нэхэмжлэгчийн талаар хариуцагчийн гаргасан “төлөөлөх эрхгүй этгээдтэй хийсэн гэрээ” гэх татгалзал хууль зүйн үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч компанитай 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Хамтын ажиллагааны гэрээ” гэх нэртэй гэрээ байгуулж, энгийн 13 өрөөний иж бүрдэл, люкс зэрэглэлийн 22 өрөөний иж бүрдэл, ерөнхийлөгчийн зэрэглэлийн 5 өрөөний иж бүрдэл бүхий тавилгыг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэгч байгууллагын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Төлбөрийн асуудлыг шийдвэрлэх тухай” ДБ 05/479 , мөн оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДБ 04/617 тоот албан бичиг, гэрээний талуудын тайлбараар нотлогдсон байна. /хх 33-35 дахь тал/ Дээрх эд хөрөнгийг хариуцагч компани хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргаангүй, харин гэрээг хүчин төгөлдөр байдал болох гэрээний зүлийн үнийн талаар маргажээ.

Хэргийн 17 дахь талд авагдсан зочид буудлуудын тоног төхөөрөмж, бараа материалын үнийн жагсаалтаас үзэхэд люкс өрөөний 1 иж бүрдлийн үнийг 2 237 500 төгрөг, ерөнхийлөгчийн өрөөний 1 иж бүрдлийн үнийг 6 762 000 төгрөг, энгийн өрөөний 1 иж бүрдлийн үнийг 2 162 500 төгрөгөөр тус тус тогтоосон байх ба хүснэгтийн “нийт үнэ” гэсний ард “50 хувь” гэж тэмдэглэсэн байна. /хх 17 дахь тал/ Талууд уг үнийг үндэслээд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэхдээ хариуцагч “Н” ХХК-ийн урьдчилгаа төлбөрт төлсөн 20 000 000 төгрөгийг нийт үнийн дүн болох 111 147 500 төгрөгөөс хасч, 91 147 500 төгрөгтйг үлдэгдэлтэй болохыг тогтоож, гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь хэргийн 33 дахь талд авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу харьцуулан үнэлэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар амаар эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн байх тул гэрээний нэг тал нөгөө талаасаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч “Н” ХХК нь тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан үлдэгдэл төлбөрөө төлөөгүй гэх байдлыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул түүнээс эд хөрөнгийн үнийн үлдэгдэл 91 147 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дгазарт олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ. Иймд анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлох баримтыг үнэлж, талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлон холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Хариуцагч “Н” ХХК нь давж заалдах гомдлын нэг үндэслэлээ шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй гэжээ. Талууд худалдан авсан барааны чанар, биет байдлын доголдлын талаар маргаагүй, нэхэмжлэгч Дгазар нь гэрээ болон тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан худалдан авсан барааны үнийн үлдэгдлийг шаардсан. Иймд худалдан авсан эд хөрөнгийн асуудлаар гаргасан шинжээчийн дүгнэлт нь энэ маргааны үйл баримтад нотолгооны ач холбогдолгүй болно. Анхан шатны шүүх уг нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагч “Наранбулаг” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01118 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285 010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                             ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                 Ч.ЦЭНД