Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2022/02615

 

 

 

 

 

 

2022 06 06 101/ШШ2022/02615

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хххххххххххтоот хаягт оршин суух, Бадамгаравын Тгийн /РД: хххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххх тоот хаягт оршин суух, Төгсмандахын Зд /РД: ххххххххххххх/ холбогдох

Авто машины доголдлын улмаас учирсан хохирол 5.800.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч Т.Зэлмийн авто машин худалдах, худалдан авах гэрээний үнээс дутуу төлөгдсөн 2.200.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар,

Гэрч Т.Бадамсэрээжид,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Т нь Т.Зэс түүний өмчлөлийн 4120 УБВ улсын дугаартай тоёота хариер маркийн MHU380048078 арлын дугаар бүхий мөнгөлөг өнгөтэй автомашиныг худалдан авахаар тохиролцож, 2019 оны 02 сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн тойргийн нотариат дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж автомашины үнэд 20,000,000 төгрөг Т.Зэлмийн дансанд бүрэн төлсөн.

Б.Т Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд амьдардаг ба 2019 оны 02 сарын 09-ний өдөр нутаг буцах болж худалдан авсан машинаараа замд гарсан.

Гэтэл зорьсон газартаа хүрэлгүй Улаанбаатар хотоос гараад 100 орчим км газар яваад машин эвдэрч унтраад, юунаас болоод байгаа нь мэдэгдэхгүй хянах самбарын бүх гэрэл асаж цааш явах боломжгүй болсон. Энэ талаар Т.Зд утсаар хэлж, хохирол барагдуулах талаар хэд хэдэн удаа хандсан ч тоогоогүй.

2019 оны 02 сарын 10-ны өдөр Мөнххада компани дээр очиж машинаа оношлогоонд оруулахад уг автомашин нь урд хэсгээр мөргөлдсөн, айр байг буюу аврах дэр задарч ажиллах боломжгүй болсон, урд хоёр их гэрлийг солих шаардлагатай, хагарч цуурсан, баруун урд хэсгээр гагнууртай, копудны түгжээ гажаатай солих шаардлагатай зэрэг олон доголдол илэрсэн.

Дээрх доголдлуудаас шалтгаалж автомашины компьютерт алдаа зааж ашиглах боломжгүй болсон.

Анх автомашиныг үзээд оношлогоонд оруулъя гэхэд Т.З нь машин асуудалгүй, хийх зүйлгүй шууд унаад явахад бэлэн, одоо оношлогоо ажиллахгүй зэргээр хуурч мэхэлсэн бөгөөд автомашины доголдлыг хэлээгүй нууж зарсан.

Автомашины гэмтэл доголдлыг энгийн нүдээр хараад шалгаж, тогтоох, мэдэх боломжгүй байсан ба Т.Зэлмийн хэлсэнд найдаж амь насаараа хохирох дөхсөн тул их гомдолтой байгаа.

Автомашины гэмтлийг засахад машины аврах дэрийг компьютерийн хамт солих шаардлагатай талаар Мөнххада компанийн мэргэжилтэн зөвлөсөн. Ингэхийн тулд  автомашины компьютер болон аврах дэрийг шинээр захиалах шаардлагатай, үүнд цаг хугацаа их орох ба захиалгаар тул үнэтэй гэдгийг мөн хэлсэн.

Б.Тгийн хувьд энэ их зардлыг гаргаж машиныг засуулах боломжгүй ба засуулж унахгүй бол уг автомашин нь замын хөдөлгөөнд оролцоход эрсдэлтэй, хэзээ хаана ч унтраад зогсох аюултай, осол гаргахад бэлэн хүний амь нас эрсдэхийг ч үгүйсгэх аргагүй.

Иймд 2019 оны 02 сарын 04-ний өдөр байгуулсан автомашин худалдах худалдан авах гэрээг цуцалж, автомашины үнэд төлсөн 20,000,000 төгрөг, оношлогоонд орсон зардал 41,000 төгрөг, нийт 20,041,000 төгрөгийг хариуцагч Т.Зэс гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан.

Б.Т нь Т.Зэс авто машиныг 2019 оны 02 сарын 04-ний өдөр 17,800,000 төгрөгөөр худалдан авсан ба гэрээг нотариатчаар гэрчлүүлэхдээ хожим худалдах шаардлага гарвал 20,000,000 төгрөгөөр авсан гэдэг үнэ байвал зүгээр юм гэж ярилцаад үнийн дүнг 20,000,000 төгрөг гэж бичсэн.

Ослын аврах дэр (airbag) бол авто тээврийн хэрэгслийн амин чухал бүрдэл хэсэг бөгөөд энэхүү бүрдэл нь жолооч, зорчигчдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалах баталгаа болж байдгийн хувьд уг дэр өмнө задарч ашиглалтгүй болсон байдал нь тээврийн хэрэгслийн байнгын, хэвийн, аюулгүй ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлөх тул биет байдлын доголдолд хамаарна.

Амь нас, эрүүл мэндийн баталгаа болж буй уг дэрийг тоёотагийн албан ёсны засварын төв нийлүүлэхэд 10,301,000 төгрөг шаардлагатай гэсэн ба үүнд засварын ажлын хөлс, бусад илэрсэн доголдлыг арилгахад шаардагдах зардлуудыг оруулаагүй.

Амьдралын шаардлагын улмаас тухайн автомашиныг 2019 оны 06 сарын 23-ны өдөр бусдад 12,000,000 төгрөгөөр худалдсан. Ингэхдээ тухайн авто машины доголдолтой талыг худалдан авагчид мэдэгдэн үүний үндсэн дээр авто машиныг анх худалдан авсан 17,800,000 төгрөгөөс даруй 5,800,000 төгрөгийн алдагдалтай худалдсан.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасны дагуу доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулан 2019 оны 11 сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан хариуцагч Т.Зэс 5,800,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Т.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Тгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь худалдан авагч Б.Т надаас хуучин машин худалдаж авснаа мэдсэн.

Түүний хүсэлтээр зах зээлийн үнэ 21,000,000-23,000,000 төгрөгөөр зарагдаж байсан машиныг урьд өдөр нь өөрөө гэр бүл, 2 хүүхдийн хамт манай гэрийн гадаа ирээд гаражаас унаж үзээд харилцан тохиролцоод зарим засвар үйлчилгээг өөрсдөө хийнэ гэж тооцоод 17,800,000 төгрөгөөр зарсан.

Б.Тгийн миний банкны дансанд мөнгө шилжүүлсэн баримт байгаа. Гэтэл 20,000,000 төгрөгөөр худалдан авсан мэтээр нэхэмжилж байгаа нь шударга бус байна.

Би энэ машиныг бусдаас өөрийн кроун машинаар дээр нь 1,000,000 төгрөг өгч сольж аваад тун удалгүй энэ хүнд зарсан. Энэ хүн машиныг худалдаж авахдаа үзэж шалгаж, унаж үзээд авсан.

Тийм болохоор гэрээ цуцалж, өгсөн авснаа буцаахыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд дурдсан асуудал ор үндэсгүй байна гэжээ.

 

Хариуцагч Т.Зэлмийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон тайлбартаа:

Т.З өөрийн MHU380048078 арлындугаартай, 4120 УБВ улсын дугаар бүхий тоёота хариер маркийн автомашиныг 2019 оны 02 сарын 04-ний өдөр худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр Б.Тд 20,000,000 төгрөгөөр худалдаж, автомашиныг түүний эзэмшилд шилжүүлсэн.

Б.Т автомашины үнээс 17,800,000 төгрөгийг 2019 оны 02 сарын 04-ний өдөр Хаан банкны 5063344908 тоот данснаас шилжүүлсэн бөгөөд одоо хүртэл үлдэгдэл 2,200,000 төгрөгийг төлөөгүй.

Иймд дутуу төлөгдсөн 2,200,000 төгрөгийг Б.Тгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Уг автомашиныг талууд 20,000,000 төгрөгөөр худалдах, худалдах авахаар тохиролцож байгаагүй. Анх тус автомашин худалдах зарлалд 19,000,000 төгрөгөөс үнийг ярилцахаар тавьсан байсан ба түүний дагуу холбогдоход төлбөрөө шууд төлөх тохиолдолд 18,000,000 төгрөгт өгнө гэж байсан.

Хойд хоёр амортизатор дуу орсон байсныг хасч 17,800,000 төгрөгөөр тохирч, мөнгийг бүрэн шилжүүлсний дараа нотариатч дээр очиж хэлцэл хийхдээ, талууд хожим уг автомашиныг бусад этгээдэд зарахыг үгүйсгэхгүй юм, тэр үед боломжийн үнээр авсан гэсэн баримттай байх зорилгоор үнийг нь 20,000,000 төгрөг гэж тавья хэмээн тохирч бичүүлсэн.

Төлбөрийн нөхцөлд төлбөрийг тухайн гэрээ хийх үед бүрэн төлж дуусгасан болохыг тодорхой заасан. 

Хариуцагч уг үйл баримтыг гуйвуулж мушгин анх шүүхэд өөрсдийн тайлбарлаж байснаасаа өөрөөр тайлбарлаж энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргасан нь хариуцагч талын шүүх хуралдаанд хэлж байсан тайлбаруудаас нотлогдоно. 

Хариуцагч уг үйлдэлд төлбөрийн талаар өмнө хэзээ ч шаардлага гаргаж байгаагүй, дурьдаж ч байгаагүй атлаа автомашиныг бусдад худалдсан тухай олж мэдмэгцээ ийм сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Т нь нэхэмжлэл, өөрчилсөн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд, 2019 оны 02 сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ,

Нотариатч Ц.Наранбатын Б.Тгийн бусдад олгосон итгэмжлэлийн талаарх тайлбар, нотариатчийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, 4120 УБВ улсын дугаартай тоёота хариер маркийн авто машины эзэмшигчийн лавлагаа,

Б.Тгийн Г.Өлзийбаатарт 2019 оны 06 сарын 23-ны өдөр олгосон авто машин захиран зарцуулах итгэмжлэл, Т.Бадамсэрээжидийн Хаан банк дахь 5063344908 тоот дансны 2019 оны 06 сарын 23-ны өдрийн хуулга,

Замын хөдөлгөөний судлалын хүрээлэнгийн 2019 оны 11 сарын 15-ны өдрийн лавлагаа, Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага Монгол Улсын стандарт MNS4598:2011, Мөнххада ХХК-ийн тоёота хариер маркийн MHU380048078 арлын дугаартай авто машиныг оношлогоонд оруулсан оношлогооны баримтыг тус тус ирүүлсэн байна.

 

Хариуцагч Т.З нь итгэмжлэл, Хаан банк дахь 5447030452 тоот дансны 2019 оны 02 сарын 04-ний өдрийн хуулга, сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд зэргийг ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Т.Зд холбогдуулан автомашин худалдах, худалдан авах гэрээг цуцалж, автомашины үнэд төлсөн 20,000,000 төгрөг, оношлогооны зардал 41,000 төгрөг, нийт 20,041,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад автомашины доголдлын улмаас учирсан хохирол 5,800,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа багасган өөрчилсөн ба хариуцагч Т.З нь автомашин худалдах худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл төлбөр 2,200,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

 

Нэхэмжлэгч буюу худалдан авагч Б.Т нь хариуцагч буюу худалдагч Т.Зтэй 2019 оны 02 сарын 04-ний өдөр /10:50 минутад/ авто машин худалдах, худалдан авах гэрээ байгуулан 4120 УБВ улсын дугаартай, тоёота хариер маркийн MHU380048078 арлын дугаар бүхий мөнгөлөг өнгөтэй, 2006 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай авто машиныг худалдан авахаар харилцан тохиролцон, гэрээний үнийг 20,000,000 төгрөг хэмээн тусгасан ба төлбөр төлөх нөхцлийг дансаар, төлбөрийг 2019 оны 02 сарын 04-ний өдөр төлж дууссан гэжээ.

Дээрх гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзлээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 5 дугаар тал/

 

41-20 УБВ /18-09 ӨВР/ улсын дугаартай, тоёота хариер маркийн MHU380048078 арлын дугаар бүхий авто машин нь:

2015 оны 02 сарын 13-ны өдрөөс 2015 оны 11 сарын 26-ны өдрийн хооронд А.Одончимэгийн,

2015 оны 11 сарын 26-ны өдрөөс 2016 оны 03 сарын 16-ны өдрийн хооронд Г.Мижидсамдангийн,

2016 оны 03 сарын 16-ны өдрөөс 2016 оны 06 сарын 15-ны өдрийн хооронд Kim Hyorim-ийн,

2016 оны 06 сарын 15-ны өдрөөс 2016 оны 09 сарын 28-ны өдрийн хооронд Г.Бумцэндийн,

2016 оны 09 сарын 28-ны өдрөөс 2017 оны 03 сарын 03-ны өдрийн хооронд Ө.Болормаагийн,

2017 оны 03 сарын 03-ны өдрөөс 2018 оны 11 сарын 30-ны өдрийн хооронд Тайкун ХХК,

2018 оны 11 сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 сарын 15-ны өдрийн хооронд Т.Мөнхбаярын,

2018 оны 12 сарын 15-ны өрөөс 2019 оны 02 сарын 04-ний өдрийн хооронд Т.Зэлмийн,

2019 оны 02 сарын 04-ний өдрөөс Б.Тгийн өмчлөлд бүртгэгдсэн нь Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 03 сарын 29-ний өдрийн лавлагаанд тусгагдсан байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 40, 40 дүгээр хуудасны ар тал/

 

Хариуцагч Т.З 2019 оны 03 сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа уг авто машиныг нэхэмжлэгч Б.Тд 17,800,000 төгрөгөөр худалдсан хэмээн тусгасан ба 2019 оны 02 сарын 04-ний өдрийн 09 цаг 52 минутанд Т.Зэлмийн Хаан банк дахь 5447030452 тоот мөн банк дахь 5063344908 тоот данснаас Бадамсэрээжидээс машины төлбөр гэсэн гүйлгээний утгатай 17,800,000 төгрөгийг төлсөн нь зохигчийн тайлбар, төлбөр төлсөн баримт, Б.Бадамсэрээжидийн гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдлоо.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 15, 25, 155-157 дугаар тал/

 

Талууд 2019 оны 02 сарын 04-ний өдрийн 10:50 минутад авто машин худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба уг гэрээний 2.2-т төлбөр төлөх нөхцөл-дансаар, 2.3-т төлбөр төлөх хугацаа-2019.02.04-ний өдөр төлж дууссан гэж тусгасан бөгөөд нэхэмжлэгч Б.Т гэрээг байгуулахаас өмнө буюу 2019 оны 02 сарын 04-ний өдрийн 09 цаг 52 минутанд авто машины үнэ 17,800,000 төгрөгийг гэрээний дагуу худалдагч талд дансаар бүрэн төлжээ.

Дээрхээс дүгнэж үзэхэд талууд авто машиныг худалдах, худалдан авах үнийг 20,000,000 төгрөг бус 17,800,000 төгрөгөөр харилцан тохиролцон тогтоосон байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Т нь 4120 УБВ улсын дугаартай, тоёота хариер маркийн MHU380048078 арлын дугаар бүхий мөнгөлөг өнгөтэй, суудлын авто машиныг 2019 оны 02 сарын 04-ний өдөр өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авснаас хойш 6 хоногийн дараагаар 2019 оны 02 сарын 10-ны өдөр Мөнххада ХХК-д оношлогоонд оруулахад дор дурдсан байдал илэрсэн байна.

Үүнд: урд хэсгээр мөргөлдсөн, аir bag-ний систем шалгах шаардлагатай, хянах самбар асдаг, баруун урд хэсгээр гагнууртай, урд 2 их гэрэл солих /хагарч, наасан/, копутны түгжээ гажаатай солих, өөр размертай дугуй тавьсан /зориулалтын бус/, урд 2 под крыло хийх, хуучин нь урагдсан байхгүй гэжээ.

 

Замын хөдөлгөөний судлалын хүрээлэнгийн 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 15 тоот лавлагаанд:

-... Тус оношлогоогоор тухайн тээврийн хэрэгслийн аюулгүйн дэрний систем ашиглалтын шаардлага хангахгүй, урд хэсгээр мөргөлдсөн, урд капутны түгжээ гажаатай, солих шаардлагатайг тогтоосноос үзэхэд Монгол Улсад мөрдөгдөж буй MNS4598:2011 Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага стандартын 6 дугаар зүйл /Суудлын авто машинд тавих техникийн шаардлага/-ийн 6.1 дэх хэсэгт заасан тусгайлсан шаардлагууд зөрчигдсөн байна.

Энэ нь тухайн авто машин тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй ашиглалтын нөхцлийг хангаагүй гэж үзэх үндэслэл болно гэсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 6-7, 133-140 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 02 сарын 04-ний гэрээний 3.1-т Худалдаж буй авто машин нь худалдагч талын өмч болох нь нотлогдсон ба эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой ... гэж заасан ба худалдан авагч Б.Т авто машиныг худалдан авч эзэмшилдээ шилжүүлсэнээс хойш 6 хоногийн дараа авто машинд оношлогоо хийлгэхэд тухайн авто машин биет байдлын доголдолтой байсан нь зохигчийн тайлбар, Т.Бадамсэрээжидийн гэрчийн мэдүүлэг, оношлогоо хийсэн дээр дурдсан баримтуудаар тогтоогдлоо.

 

Нэхэмжлэгч Б.Т нь Г.Өлзийбаатарт 2019 оны 06 сарын 23-ны өдөр өөрийн өмчлөлийн тоёота хариер маркийн MHU380048078 арлын дугаартай авто машиныг худалдах эрхийг итгэмжлэл олгосны үндсэн дээр уг авто машиныг анх авсан үнэ 17,800,000 төгрөгөөс бууруулан 12,000,000 төгрөгөөр бусдад худалдсан нь уг итгэмжлэл болон Тгийн Бадамсэрээжидийн Хаан банк дахь 5063344908 тоот дансны 2019 оны 06 сарын 23-ны өдрийн хуулгаар нотлогдож байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 115-116 дугаар тал/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ,

254 дүгээр зүйлийн 254.2-т Худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно. Энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно гэж тус тус заажээ.

 

Хариуцагч Т.З нь хууль болон гэрээнд заасны дагуу биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй ч уг үүргээ биелүүлээгүй ба нэхэмжлэгч буюу худалдан авагч Б.Т нь гэрээ байгуулах үеийн үнэ 17,800,000 төгрөгөөс авто машины доголдолтой холбоотой бусдад 2019 оны 06 сарын 23-ны өдөр 12,000,000 төгрөгөөр худалдсанаас үүдэн учирсан хохирол 5,800,000 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлтэй.

 

Талууд 2019 оны 02 сарын 04-ний өдрийн авто машин худалдах, худалдан авах гэрээний үнийг 20,000,000 төгрөг бус 17,800,000 төгрөгөөр харилцан тохиролцон тогтоосон нь нотлогдсон тул хариуцагч Т.Зэлмийн автомашин худалдах худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл төлбөр 2,200,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2-т заасныг баримтлан хариуцагч Т.Зэс 5,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тд олгож, хариуцагч Т.Зэлмийн автомашин худалдах худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл төлбөр 2,200,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх нэхэмжлэлийг 2019 оны 02 сарын 12-ны өдөр хүлээн авч 2019 оны 02 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч Т.Зд 2019 оны 03 сарын 05-ны өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд түүний мэтгэлцэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг нийт 7 удаа хойшлуулж байсан болно.

2022 оны 06 сарын 06-ны өдрийн 16 цагт шүүх хуралдаан болохыг хариуцагч талд боломжит хугацаанд буюу хуралдаан болохоос 7 хоногийн өмнө мэдэгдсэн бөгөөд хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ талаараа шүүхэд мэдэгдээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэг хүлээдэг бөгөөд мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2-т заасныг баримтлан хариуцагч Т.Зэс 5,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тд олгож, хариуцагч Т.Зэлмийн автомашин худалдах худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл төлбөр 2,200,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,155 төгрөгийг болон хариуцагч Т.Зэлмийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан 50,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Зэс 107,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН