Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2022/01413

 

2022 03 29 101/ШШ2022/01413

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах, ЦХ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Д.Н-т холбогдох,

 

Орон сууцны түрээсийн төлбөрт 2,700,000 төгрөг, алданги 1,350,000 төгрөг, нийт 4,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газар-ын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.В.Б шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЦХ ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, өмгөөлөгч Г.Цнар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

ЦХ ХХК нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанадад байгаа төрийн өмчийн хөрөнгийг удирдах улсын үйлдвэрийн газартай байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02/18-01 тоот, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 02/18-02, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02/18-03 тоот Үйлчилгээ үзүүлэх, тоот байршуулах гэрээний үндсэн дээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж, 0 дугаар байр хаягт байх 5 давхар угсармал орон сууцыг эзэмших, түрээслүүлэх үйлчилгээ явуулах эрхийг олж авсан юм.

Манай компани 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэн Д.Н-тэй Орон сууц түрээслэх, түрээслүүлэх 7 тоот гэрээ байгуулан, түрээслэгч Д.Н-тэй нь дээрх орон сууцны 7 тоотын 1 өрөө байрыг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нэг сарын 300,000 төгрөгийн төлбөртэйгээр хөлслөн суусан.

Орон сууц түрээслэх, түрээслүүлэх 7 тоот гэрээний 2.3-т Түрээслэгч тал нь cap бүрийн 05-ны дотор түрээсийн төлбөр болох 300,000 төгрөгийг ЦХ ХХК-ийн Хаан банкны 0 тоот дансанд шилжүүлнэ гэж заасан боловч түрээслэгч Д.Н нь гэрээний хугацаанд огт төлбөр төлөөгүй мөртлөө гал тогооны өрөөгөө бусдад түрээслэж ашиг олдогч мөнгө төлдөггүй, одоог болтол тус байранд оршин суусаар байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ 5 сарын хугацаатай гэх боловч Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д:Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж заасны дагуу тухайн нөхцлөөр сунгагдсан гэж үзнэ.

Гэрээний 4.4-т хэрэв түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж заасан боловч Д.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрийн хугацаа хэтэрсэн хоногуудын алдангийг төлөөгүй байна.

Д.Н-ийн төлөөгүй төлбөр 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 2,700,000 төгрөг, алданги 1,350,000 төгрөг, нийт 4,050,000 төгрөг болсон.

ЦХ ХХК нь уг байрны өмчлөгч ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчтэй байгуулсан гэрээний дагуу тухайн орон сууцыг түүний нэрийн өмнөөс эрхлэн удирдах, бусадтай гэрээ байгуулах эрхийг 2018.04.01-ний өдрөөс 2018.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд олж авсан. Үүний дагуу манайх нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үндсэн төлбөр болон алдангийг нэхэмжилсэн.

Тус хуулийн этгээдийн тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Т, З.С.Ц нар дээрх гэрээг байгуулсан, нэхэмжлэлийг одоо захирлын үүргийг хэрэгжүүлж байгаа Д.Б гаргасан нь төлөөлөх эрхтэй этгээд юм.

Хариуцагч Д.Н-ийн хариу тайлбараас үзэхэд тэрээр тухайн байрыг ОХУ-ын өмчлөлийн байр гэдгийг мэддэг мөртлөө түрээсийн төлбөрийг төлөхгүй гэж маргадаг, тэгсэн хирнээ оршин суугчдын эрх ашгийг хамгаалах байгууллагад төлбөр төлдөг үйл баримт тогтоогддог. Түүнчлэн уг байрыг ОХУ нь тус улсад үлдээгээд явсан учраас төлбөр төлөхгүй гэдэг нь, мөн өмчлөгчийн зөвшөөрөлгүй байрыг бусдад дамжуулан түрээслүүлж буй нь хууль бус гэдгээ ойлгох хэрэгтэй юм.

Бидний зүгээс түрээсийн төлбөрөө гэрээнд заасны дагуу төлж барагдуулахыг Д.Н-т мэдэгдэж, шаардсан боловч тэрээр шаардлагыг хүлээж аваагүй учир ийнхүү шүүхийн журмаар нэхэмжилж байна.

Иймд орон сууцны түрээсийн төлбөрт Д.Н-ээс 2,700,000 төгрөг, алданги 1,350,000 төгрөг, нийт 4,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Н нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, өмгөөлөгч Т.У нар шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч ЦХ ХХК нь хариуцагч надаас түрээсийн төлбөр алдангийн хамт нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа.

Д.Н би болон миний хүү А.Э уг маргаан бүхий орон сууцанд 2013 оноос эхлэн одоог хүртэл амьдрахдаа сарын 300,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлж тухайн 5-н давхар байрыг эзэмших, түрээсийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд гэх ЭҮ ХХК-ийн удирдлагатай байгуулж байсан. Түрээсийн гэрээний үүргээ биелүүлж ирсэн.

Гэтэл 2018 оны 3 сард ЦХ ХХК манай байрны бүх оршин суугчтай түрээсийн гэрээ шинээр дахин байгуулж түрээсийн төлбөрийг авна гэж 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээнд надаар гарын үсэг зуруулмагц би бусад оршин суугч нартаа гэрээнд гарын үсэг зурсан талаараа хэлэхэд нийт оршин суугчдын 80 гаруй хувь нь ЦХ ХХК-д мөнгө авах, гэрээ байгуулах эрх байхгүй, энэ байр удахгүй оршин суугчдын өмчлөлд хувьчлагдах тул хэдүүлээ бүгд нэгдэж түрээсийн байр эзэмшигчдийн эрхийг хамгаалах холбоо гэдэг төрийн бус байгууллагыг байгуулж тус холбоондоо cap бүр 35,000 төгрөгийг төлөхөөр болсон юм.

Ийнхүү манай гэр бүл 2013-2018 оны хооронд cap бүр 300,000 төгрөгийг ЭҮ ХХК-д, 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл Түрээсийн байр эзэмшигчдийн эрхийг хамгаалах холбоонд cap бүр 35,000 төгрөгийг төлж байна.

Эцэст нь ОХУ-ын тус улсад үлдээсэн үл хөдлөх эд хөрөнгийг ямар ч хамаагүй компани өөрт ашиг олох зорилгоор бидэнд түрээсэлсэн гэж хүчин төгөлдөр бус Түрээсийн гэрээ байгуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж байна гэж би үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний дагуу төлбөр шаардсан гэх боловч энэ өдөр байгуулагдсан түрээсийн гэрээ байхгүй, харин 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээг хэрэгт өгсөн байна. Энэхүү гэрээг нэхэмжлэгч нь уг байрны бүх оршин суугчтай байгуулаагүй, учир нь тухайн үед ЭҮ ХХК нь байрыг түрээслүүлдэг, түүнд 2013 оноос 2018.04.01-ний өдөр хүртэл түрээсийн төлбөр төлдөг байсан.

ОХУ-аас Монгол улсад үлдсэн байрыг хувьчлах асуудал яригдаж байгаа бөгөөд хувьчлагдах хүртэл хугацаанд гишүүдийнхээ эрх, ашгийг хамгаалах төрийн бус байгууллага байгуулагдаад, үүний үндсэн дээр оршин суугчидтай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу байрны түрээс, ашиглалтын зардлыг тус ТББ-д төлдөг байсан. Түрээслэгч нь 2-3 газар давхар түрээс төлөх боломжгүй.

Д.Н-тэй байгуулсан гэх гэрээ нь 2018.04.01-ний өдрөөс 2018.09.01-ний өдөр хүртэл 5 сарын хугацаатай, гэрээ дуусгавар болсон байтал 9 сарын хугацааны төлбөрийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүйгээс гадна түрээсийн төлбөр төлөөгүй бол 2018 оноос хойш өдийг хүртэлх хугацаанд байрнаас албадаж гаргах шаардлага гаргаагүй байна.

ЦХ ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Д.Н-ийг гэрээ байгуулахгүй бол байрнаас хөөж гаргана гээд байхаар нь өөрийнхөө хүсэл зоригоос гадуур уг гэрээг байгуулсан бөгөөд байрны бүх оршин суугчидтай байгуулаагүй тул гэрээнээс татгалзаж байгаагаа нэхэмжлэгчид хэлсэн байдаг.

Түүнчлэн ОХУ-тай гэрээг С.Т байгуулсан байхад Д.Б нэхэмжлэл гаргасан байгааг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Учир нь ОХУ-аас нэхэмжлэл гаргах эрхийг Д.Б-д олгоогүй байхаас гадна нэхэмжлэгчийн гэрчилгээнд компанийн хувьцаа эзэмшигч хэд хэдэн этгээд бүртгэлтэй байна. Мөн орон сууц түрээслэх гэрээнд байрыг актаар хүлээлгэж өгнө гэсэн мөртлөө актаар байрыг хүлээлгэж өгөөгүй, харин ЭҮ ХХК бол Д.Н-ийн хүүхэд н.Э-д байрыг актаар хүлээлгэж өгсөн байдаг. Түүнээс гадна түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ болно.

ЦХ ХХК нь 2005 оноос хойш үйл ажиллагаагаа явуулсан байх боловч түүний үйл ажиллагааны чиглэлд түрээсийн үйл ажиллагаа явуулах эрх бүртгэгдээгүй. Байрыг өөр этгээдэд дамжуулсан түрээслүүлэхгүй гэдэг хориглосон заалт тусгагдаагүй, түрээсийн төлбөрийг өмчлөгчид шилжүүлдэг гэсэн боловч ийнхүү төлбөрийг шилжүүлсэн талаарх баримтгүй байна. ОХУ-ын тус улсад үлдээсэн, эзгүй гэхэд хэцүү ийм байрыг түрээслэх эрхтэй гэж маргадаг боловч өөрсдийн улсын иргэдийн эрх, ашгийг нэн тэргүүнд тавьдаггүй үйл баримт харагддаг. Д.Н-тэй байгуулсан гэх гэрээ нь 2018.04.01-ний өдрөөс 2018.09.01-ний өдөр хүртэл 5 сарын хугацаатай, гэрээ дуусгавар болсон байтал байтал 9 сарын хугацааны төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ц.Э-т олгосон итгэмжлэл, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, ЦХ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон компанийн дүрэм, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, тодорхойлолт, 02/18-02 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар болон хавсралт, 02/18-01 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар болон хавсралт, 02/18-03 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар болон хавсралт, 02/18-01, 02/18-02, 02/18-03 тоот гэрээнүүдийн орчуулсан хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-ын өмгөөлөгч оролцуулах болон нотлох баримт гаргуулах хүсэлт, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын гэрчилгээний хуулбар, ЦХ ХХК-иас Ц.Э-т олгосон итгэмжлэл /хх-ийн 3-64, 73-74, 108-110/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

Хариуцагчаас хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ийн өмгөөлөгч оролцуулах хүсэлт, 2017.09.11-ний өдрийн кассын орлогын ордер, түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны гишүүний үнэмлэх, гишүүдийн эрх ашгийг хамгаалах гэрээ, тодорхойлолт, 2017.09.11-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ, зурган үзүүлэлтүүд, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ийн гаргасан хүсэлт, /хх-ийн 72, 101, 112-129/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс итгэмжлэл, орчуулагчийн үнэмлэхийн хуулбар, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт /хх-ийн 90-92, 97, 105-107,137/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЦХ ХХК нь хариуцагч Д.Н-т холбогдуулан орон сууцны түрээсийн төлбөрт 2,700,000 төгрөг, алданги 1,350,000 төгрөг, нийт 4,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2021/18575 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газар-ын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан./хх-ийн 74-78/

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.В.Б-т 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүрэг тайлбарлан өгч, нөлөөлөлийн мэдүүлэг танилцуулан, хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулсан боловч тэрээр ямар нэгэн тайлбарыг шүүхэд ирүүлээгүйгээс гадна шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчийн хүсэлтээр түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно./хх-ийн 90-98, 136-137, 139, 144/

 

Хариуцагч нь 2013 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоот орон сууцанд амьдарсан, 2013 оноос 2018.04.01-ний өдөр хүртэлх хугацаанд ЭҮ ХХК-д сарын 300,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж байсан, 2018.04.01-ний өдрөөс эхлэн оршин суугчдын эрх ашгийг хамгаалах холбоонд сар тутам 35,000 төгрөг төлж байгаа, нэхэмжлэгчийн дарамт шахалтын улмаас өөрийн хүсэл зоригийн эсрэг гэрээ байгуулсан, энэхүү гэрээнээс татгалзсан бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсон, цаашид сунгагдаагүй, түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь хүчин төгөлдөр бус, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дараах үйл баримт тогтоогдов.

 

Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж, 0дугаар байр, 0 давхар угсармал байр тоот хаягт байршилтай, 6292,18 мкв талбайтай, Орон сууцны зориулалттай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Оросын холбооны улс болох нь 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн улсын бүртгэлийн газраас олгосон 000357478 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-10/

 

Нэхэмжлэгч ЦХ ХХК нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газар-ын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газартай уг 2 дугаар байрыг бусдад түрээслүүлэх, үйлчилгээ явуулах зорилгоор

2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 02/18-01 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулж, гэрээний хугацаа нь 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл,

2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 02/18-02 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулж, гэрээний хугацаа нь 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл,

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 02/18-03 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулж, гэрээний хугацаа нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байхаар тохиролцсон гэрээг тус тус байгуулсан байна. /хх-ийн12-34/

 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газар-ын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч В.В.Б нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 83/19 дугаартай тодорхойлолтоор ЦХ ХХК нь дээр дурдсан гэрээний үндсэн дээр 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж хаягт байршилтай №2 орон сууцны байр, нийт 6844,56 мкв талбайтай оросын өмчийг бүхий л хууль ёсны эрх, үүрэгтэй эзэмшиж, хууль ёсны хэрэглэгч байсан талаар тодорхойлжээ. /хх-ийн 11/

 

ЦХ ХХК-ийн 000159124 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд С.Т-г захирлаар томилсныг 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр, Цэдашиев овогтой Зоригто Санжимитуповичийг захирлаар томилсныг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр, Д.Б-г захирлаар томилсныг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр томилсныг тус тус бүртгэсэн, хуулийн этгээдийн дүрмийн 8-т компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн гүйцэтгэх захирал байна гэж заасан байна. /хх-ийн 6-9/

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газар-ын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газартай 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн болон 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг ЦХ ХХК-ийг төлөөлөн тухайн үед захирлаар ажиллаж байсан С.Т, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг З.С.Ц тус тус байгуулсан байх ба Д.Б нь 2018.10.28-ны өдөр тус хуулийн этгээдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3-т заасантай нийцсэн, дээрх гэрээний дагуу шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Хариуцагч нь Баянзүрх дүүргийн түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ГҮТББ-ын 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар тутам 35,000 төгрөг төлдөг гэх тайлбарыг ирүүлсэн боловч энэхүү холбоо нь тухайн 2 дугаар байрны өмчлөгч, эзэмшигч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч ЦХ ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдтэй байгуулсан дээр дурдсан гэрээг үндэслэн хариуцагч Д.Н-тэй 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр №7 дугаартай Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ-г байгуулсан байх ба уг гэрээний 1.1, 1.2-т Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байр, 7 тоот, нэг өрөө орон сууцыг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаатай, 1.3-т нэг сарын төлбөр 300,000 төгрөг байх, төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор төлөхөөр, гэрээний 4.4-т төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 5/

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т: Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ,

318.3-т: Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ,

318.4-тЭнэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус зааснаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь түрээсийн гэрээний шинжийг агуулсан гэж үзэхээргүй байна.

 

Харин Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ гэдэг нэртэй боловч гэрээний агуулгаас үзэхэд мөн хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус зааснаар талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байх ба уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй юм.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч Д.Н нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй ба тэрээр дарамт шахалтын улмаас өөрийн хүсэл зоригийн эсрэг гэрээ байгуулсан, энэхүү гэрээнээс татгалзсан гэдгээ нэхэмжлэгчид мэдэгдсэн гэх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-т: Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна, мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-т: Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж заасан.

 

ЦХ ХХК болон Д.Н нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан №7 дугаартай Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ нь 2018.04.01-ний өдрөөс 2018.09.01-ний өдөр хүртэл хугацаатай байх боловч хөлслөгч буюу Д.Н үргэлжлүүлэн ашигласаар байгаатай талууд маргаагүй байгаагаас үзэхэд дээрх гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсанд тооцох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №7 дугаартай Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ нь 5 сарын хугацаатай байгуулагдсан боловч дээрх гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсанд тооцох үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоологдох ба нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул тэрээр 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөр болох 2,700,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх ба нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.4-т Хэрвээ түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж тохиролцсоны дагуу алдангид 1,350,000 төгрөг нэхэмжилсэн нь дээрх хуульд нийцжээ.

 

Иймд хариуцагч Д.Н-ээс орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2,700,000 төгрөг, алданги 1,350,000 төгрөг, нийт 4,050,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЦХ ХХК-д олгож шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6-т тус тус зааснаар хариуцагч Д.Н-ээс орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4,050,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЦХ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид 79,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЦХ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ