Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01001

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01001

 

 

Ц ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/01413 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Н-т холбогдох,

Орон сууцны түрээсийн төлбөрт 2,700,000 төгрөг, алданги 1,350,000 төгрөг, нийт 4,050,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Ц ХХК нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанадад байгаа төрийн өмчийн хөрөнгийг удирдах улсын үйлдвэрийн газартай байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02/18-01 тоот, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 02/18-02, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02/18-03 тоот Үйлчилгээ үзүүлэх, тоот байршуулах гэрээний үндсэн дээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 2 дугаар байр хаягт байх 5 давхар угсармал орон сууцыг эзэмших, түрээслүүлэх үйлчилгээ явуулах эрхийг олж авсан. Манай компани 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэн Д.Н-тэй орон сууц түрээслэх, түрээслүүлэх 7 тоот гэрээ байгуулан, түрээслэгч Д.Н-тэй нь дээрх орон сууцны 7 тоотын 1 өрөө байрыг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нэг сарын 300,000 төгрөгийн төлбөртэйгээр хөлслөн суусан.

Орон сууц түрээслэх, түрээслүүлэх 7 тоот гэрээний 2.3-т Түрээслэгч тал нь cap бүрийн 05-ны дотор түрээсийн төлбөр болох 300,000 төгрөгийг Ц ХХК-ийн Хаан банкны 5925251969 тоот дансанд шилжүүлнэ гэж заасан боловч түрээслэгч Д.Н- нь гэрээний хугацаанд огт төлбөр төлөөгүй мөртлөө гал тогооны өрөөгөө бусдад түрээсэлж ашиг олдогч мөнгө төлдөггүй, одоог болтол тус байранд оршин суусаар байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ 5 сарын хугацаатай гэх боловч Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж заасны дагуу тухайн нөхцлөөр сунгагдсан гэж үзнэ.

Гэрээний 4.4-т хэрэв түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж заасан боловч Д.Н- нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрийн хугацаа хэтэрсэн хоногуудын алдангийг төлөөгүй байна. Д.Н-ийн төлөөгүй төлбөр 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 2,700,000 төгрөг, алданги 1,350,000 төгрөг, нийт 4,050,000 төгрөг болсон.

Ц ХХК нь уг байрны өмчлөгч ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчтэй байгуулсан гэрээний дагуу тухайн орон сууцыг түүний нэрийн өмнөөс эрхлэн удирдах, бусадтай гэрээ байгуулах эрхийг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд олж авсан. Үүний дагуу манайх нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үндсэн төлбөр болон алдангийг нэхэмжилсэн.

Тус хуулийн этгээдийн тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Т, З.С.Ц нар дээрх гэрээг байгуулсан, нэхэмжлэлийг одоо захирлын үүргийг хэрэгжүүлж байгаа Д.Б гаргасан нь төлөөлөх эрхтэй этгээд юм.

Хариуцагч Д.Н-ийн хариу тайлбараас үзэхэд тэрээр тухайн байрыг ОХУ-ын өмчлөлийн байр гэдгийг мэддэг мөртлөө түрээсийн төлбөрийг төлөхгүй гэж маргадаг, тэгсэн хирнээ оршин суугчдын эрх ашгийг хамгаалах байгууллагад төлбөр төлдөг үйл баримт тогтоогддог. Түүнчлэн уг байрыг ОХУ нь тус улсад үлдээгээд явсан учраас төлбөр төлөхгүй гэдэг нь, мөн өмчлөгчийн зөвшөөрөлгүй байрыг бусдад дамжуулан түрээслүүлж буй нь хууль бус гэдгээ ойлгох хэрэгтэй юм.

Бидний зүгээс түрээсийн төлбөрөө гэрээнд заасны дагуу төлж барагдуулахыг Д.Н-т мэдэгдэж, шаардсан боловч тэрээр шаардлагыг хүлээж аваагүй учир ийнхүү шүүхийн журмаар нэхэмжилж байна. Иймд орон сууцны түрээсийн төлбөрт Д.Н-ээс 2,700,000 төгрөг, алданги 1,350,000 төгрөг, нийт 4,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Д.Н- болон хүү А.Э уг маргаан бүхий орон сууцанд 2013 оноос эхлэн одоог хүртэл амьдрахдаа сарын 300,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлж тухайн 5-н давхар байрыг эзэмших, түрээсийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд гэх Э ХХК-ийн удирдлагатай байгуулж байсан. Түрээсийн гэрээний үүргээ биелүүлж ирсэн. Гэтэл 2018 оны 3 дугаар сард Ц ХХК манай байрны бүх оршин суугчтай түрээсийн гэрээ шинээр дахин байгуулж түрээсийн төлбөрийг авна гэж 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээнд гарын үсэг зуруулмагц, бусад оршин суугч нартаа гэрээнд гарын үсэг зурсан талаараа хэлэхэд нийт оршин суугчдын 80 гаруй хувь нь Ц ХХК-д мөнгө авах, гэрээ байгуулах эрх байхгүй, энэ байр удахгүй оршин суугчдын өмчлөлд хувьчлагдах тул хэдүүлээ бүгд нэгдэж түрээсийн байр эзэмшигчдийн эрхийг хамгаалах холбоо гэдэг төрийн бус байгууллагыг байгуулж тус холбоондоо cap бүр 35,000 төгрөгийг төлөхөөр болсон.

Ийнхүү манай гэр бүл 2013-2018 оны хооронд cap бүр 300,000 төгрөгийг Э ХХК-д, 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл Түрээсийн байр эзэмшигчдийн эрхийг хамгаалах холбоонд cap бүр 35,000 төгрөгийг төлж байна.

Эцэст нь ОХУ-ын тус улсад үлдээсэн үл хөдлөх эд хөрөнгийг ямар ч хамаагүй компани өөрт ашиг олох зорилгоор бидэнд түрээсэлсэн гэж хүчин төгөлдөр бус гэрээ байгуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний дагуу төлбөр шаардсан гэх боловч энэ өдөр байгуулагдсан гэрээ байхгүй, харин 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээг хэрэгт өгсөн байна. Энэхүү гэрээг нэхэмжлэгч нь уг байрны бүх оршин суугчтай байгуулаагүй, учир нь тухайн үед Э ХХК нь байрыг түрээслүүлдэг, түүнд 2013 оноос 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл түрээсийн төлбөр төлдөг байсан.

ОХУ-аас Монгол улсад үлдсэн байрыг хувьчлах асуудал яригдаж байгаа бөгөөд хувьчлагдах хүртэл хугацаанд гишүүдийнхээ эрх, ашгийг хамгаалах төрийн бус байгууллага байгуулагдаад, үүний үндсэн дээр оршин суугчидтай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу байрны түрээс, ашиглалтын зардлыг тус ТББ-д төлдөг байсан. Түрээслэгч нь 2-3 газар давхар түрээс төлөх боломжгүй.

Д.Н-тэй байгуулсан гэх гэрээ нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 5 сарын хугацаатай, гэрээ дуусгавар болсон байтал 9 сарын хугацааны төлбөрийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүйгээс гадна түрээсийн төлбөр төлөөгүй бол 2018 оноос хойш өдийг хүртэлх хугацаанд байрнаас албадаж гаргах шаардлага гаргаагүй байна.

Ц ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Д.Н-ийг гэрээ байгуулахгүй бол байрнаас хөөж гаргана гээд байхаар нь өөрийнхөө хүсэл зоригоос гадуур уг гэрээг байгуулсан бөгөөд байрны бүх оршин суугчидтай байгуулаагүй тул гэрээнээс татгалзаж байгаагаа нэхэмжлэгчид хэлсэн.

Түүнчлэн ОХУ-тай гэрээг С.Т- байгуулсан байхад Д.Б- нэхэмжлэл гаргасан байгааг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. ОХУ-аас нэхэмжлэл гаргах эрхийг Д.Б-д олгоогүй байхаас гадна нэхэмжлэгчийн гэрчилгээнд компанийн хувьцаа эзэмшигч хэд хэдэн этгээд бүртгэлтэй байна. Мөн орон сууц түрээслэх гэрээнд байрыг актаар хүлээлгэж өгнө гэсэн мөртлөө актаар байрыг хүлээлгэж өгөөгүй, харин Э ХХК бол Д.Н-ийн хүүхэд н.Эрдэнэмөнхөд байрыг актаар хүлээлгэж өгсөн байдаг. Түүнээс гадна түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ болно.

Ц ХХК нь 2005 оноос хойш үйл ажиллагаагаа явуулсан байх боловч түүний үйл ажиллагааны чиглэлд түрээсийн үйл ажиллагаа явуулах эрх бүртгэгдээгүй. Байрыг өөр этгээдэд дамжуулсан түрээслүүлэхгүй гэдэг хориглосон заалт тусгагдаагүй, түрээсийн төлбөрийг өмчлөгчид шилжүүлдэг гэсэн боловч ийнхүү төлбөрийг шилжүүлсэн талаарх баримтгүй байна. ОХУ-ын тус улсад үлдээсэн, эзгүй гэхэд хэцүү ийм байрыг түрээслэх эрхтэй гэж маргадаг боловч өөрсдийн улсын иргэдийн эрх, ашгийг нэн тэргүүнд тавьдаггүй үйл баримт харагддаг. Д.Н-тэй байгуулсан гэх гэрээ нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 5 сарын хугацаатай, гэрээ дуусгавар болсон байтал байтал 9 сарын хугацааны төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс тайлбар гаргаагүй.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6-т тус тус зааснаар хариуцагч Д.Н-ээс орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4,050,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид 79,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж гомдол гаргасан.

Ц ХХК шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй компани байсан. Гэтэл анхан шатны шүүх Ц ХХК нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэхдээ Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасныг үндэслэл болгож, маргааны үйл баримтыг буруу дүгнэсэн. Хариуцагчийн хувьд 2018 онд бусдын эрх, үүргийг хэрэгжүүлэх гэрээтэй байсан. Тус эрх, үүрэг нь 2018 оны 12 дугаар сард дуусгавар болсон. ОХУ-ын төлөөлөгчийн газраас 2018 оны гэрээг дүгнэж, Д.Н- гэх хүн түрээсийн төлбөр төлөөгүй байна гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах итгэмжлэл олгогдоогүй байхад, Ц ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх Д.Н-ээс тодорхой хэмжээний төлбөр гаргуулж байгаа нь Ц ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна гэж үзэж байна. Учир нь Д.Н- нь 1 орон сууц дээр 3 газар төлбөр төлөх боломжгүй. 2013 оноос хойш түрээсэлж байхдаа Э ХХК-д 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд сар бүр 300,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан. Эрх, үүрэг нь дуусгавал болсон байхад, Ц ХХК тухайн оршин суугчидтай гэрээ хийж түрээсийн төлбөр төл, төлөхгүй бол гаргана гэх байр суурь илэрхийлж, хүч хэрэглэдэг байсныг нотолж хэд хэдэн баримтууд өгсөн. Уг дарамтыг тэсэхгүй нийт орон сууц эзэмшигчдийн 20 хувь орчим нь Ц ХХК-тай орон сууц түрээслэх гэрээг байгуулсан. Оршин суугчид нийлээд түрээсийн байр эзэмшигчдийн эрхийг хамгаалах холбоог байгуулсан. Тус ОХУ-ын өмчийг Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хувьчлах асуудал яригдаж байгаа. Тэгэхээр Э ХХК, Ц ХХК-ууд түрээсийн төлбөр авах эрхгүй болсон. Тухайн төрийн бус байгууллага нь оршин суугчдаас сар бүр ашиглалтын зардал гэх 35,000 төгрөгийг хураан авч, түрээсийн төлбөргүй болсон. Гэтэл итгэмжлэлгүй, ОХУ-руу шилжүүлдэг гэх баримтгүйгээр Ц ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахад, шүүх хүлээж авч хянан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь буруу юм. Д.Н- гэх хүн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээнээс Ц ХХК-ийг гэрээ байгуулах эрхгүй гэх үндэслэлээр татгалзахаа мэдэгдсэн. Гэтэл татгалзах эрхээ эдэлснийг шүүх татгалзах эрхээ нотлохгүй байна гэж шийдвэрлэсэн. Шүүх хууль буруу хэрэглэж түрээсийн гэрээний хугацаа 5 сар байхаар заасан атал 10 сар гэж үзэж, тус хугацаагаар сунгаад алдангийг гаргуулж шударга бус шийдвэрлэсэн. Тус татгалзлыг нотлоогүй гэдэг боловч Д.Н-ийн хувьд фото зураг шүүхэд гаргаж өгсөн. 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн гэрээнээс 04 дүгээр сард татгалзаж, төрийн бус байгууллагатай гэрээ байгуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан. Үйл баримтын талаар зөв дүгнээгүй. Шаардах эрхийн хугацаа 2018 оны 04 дүгээр сард үүссэн. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад 2021 оны 10 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хууль буруу хэрэглэж орон сууц хөлслөх гэрээ байгуулсан гэж үндэслэлгүй дүгнэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1.а. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

2. Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч Д.Н-т холбогдуулан орон сууцны түрээсийн төлбөрт 2,700,000 төгрөг, алданги 1,350,000 төгрөг, нийт 4,050,000 төгрөг гаргуулах нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 72/

 

2.а. Д.Н- нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны 7 тоот орон сууцанд 2013 оноос 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Э ХХК-д сарын 300,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж амьдарч байсан. Мөн өдрөөс эхлэн оршин суугчдын эрх ашгийг хамгаалах холбоонд сар тутам 35,000 төгрөг төлж, нэхэмжлэгчийн дарамт шахалтын улмаас өөрийн хүсэл зоригийн эсрэг гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсон, цаашид сунгагдаагүй, түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь хүчин төгөлдөр бус, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Лхагвасүрэнгийн гудамж, 2 дугаар байр, 5 давхар угсармал байр тоот хаягт байршилтай, 6292,18 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008821 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Оросын Холбооны Улс болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хх 10/

 

4.а. Нэхэмжлэгч Ц ХХК нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газартай 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ц ХХК нь дээрх орон сууцыг эзэмшиж хөлсийг өмчлөгчид төлөхөөр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрээ зэргээр тогтоогдсон байна.

 

4.б. Улмаар талууд гэрээний хугацааг хоёр удаа буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан байх бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх 12-34/ Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц ХХК нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газартай байгуулсан гэрээний дагуу орон сууцны эзэмших эрхийг шилжүүлэн авч, хариуцагч С.Уянгатай орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан байх тул орон сууцны хөлсийг нэхэмжлэх эрхгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4.в. Нэхэмжлэгч Ц ХХК нь дээрх гэрээг үндэслэн, хариуцагч Д.Н-тэй 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр орон сууц түрээслэх, түрээслүүлэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ц ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны 7 тоот, 1 өрөө орон сууцыг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал түрээслүүлэх, хариуцагч Д.Н- нь түрээсийн төлбөр 300,000 төгрөгийг сар бүрийн 05-ны дотор нэхэмжлэгч Ц ХХК-д төлөхөөр тохиролцож, хариуцагч нь өнөөдрийг хүртэл тус орон сууцыг эзэмшиж байгаа болох нь талуудын тайлбар, орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх 5/

 

4.г. Анхан шатны шүүх зохигчдын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ гэж зөв дүгнэжээ.

 

Талуудын байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний 4.4-т хэрвээ түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Ц ХХК нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцсэн байна.

 

4.д. Иймд анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 9 сарын хөлс нийт 2,700,000 төгрөг, алданги 1,350,000 төгрөг, нийт 4,050,000 төгрөгийг хариуцагч Д.Н-ээс гаргуулж нэхэмжлэгч Ц ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд тус тус нийцсэн.

 

5. Нэхэмжлэгч Ц ХХК, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газрын хооронд байгуулагдсан гэрээ нь Байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх нэртэй байх боловч гэрээг хэрхэн нэрлэсэн нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй. Гэрээний агуулгаас үзвэл нэг тал нь орон сууцны эзэмшлийг шилжүүлэх, нөгөө тал нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн буюу гэрээний агуулгыг талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулан үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээг мөн хуулийн 305 дугаар зүйлд заасан дамжуулан түрээслэх эрхтэйгээр байгуулсан гэж үзэхээр байна. Иймд зохигчийн байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/01413 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД