Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 148/ШШ2018/00506

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 2 дугаар баг, Бэлчир гэх газарт оршин суух, малчин ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх ******* овогт *******ын ******* /РД:МН-71041571-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 131б тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх ******* овогт *******ын ******* /РД:МЮ-80061694/-д холбогдох

Хууль бус өмчлөлөөс газар чөлөөлүүлэх, Ш.*******ын сөрөг нэхэмжлэлтэй О.*******т холбогдох 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ, газар худалдах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, газар, өвлийн байшин, хашаагаа эргүүлэн буцаан авах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч буюу сөрөг нэхэмжлэлийн хариуцагч О.*******, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Ш.*******, түүний өмгөөлөгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...

Миний бие О.*******ын нь 2011 оны 01 сарын 19-ний өдөр Ш.*******той худалдах, худалдан авах гэрээгээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр 131 тоотод байрлах 64 мкв талбайтай байшин 1030,9 мкв талбайтай газрыг тус тус худалдан авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдээ авсан. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүд нь миний нэр дээхр бүртгэлтэй байгаа ба одоо ч байшиндаа амьдарсаар байгаа юм. Гэтэл дахин дээрх хөрөнгөө худалдсан О.******* нь надад худалдсан газраа чөлөөлөхгүй улмаар хашаан дундуур нь босгож байшин барьж эхэлсэн. Энэ талаар өөрт нь хэлэхэд үл тоосон байдал гаргаж байгаад гомдолтой байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 131 тоотод байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1030,9 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-1317000301 дугаар, 000102679 гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө болох миний өмчлөлийн газарт хууль бусаар халдаж байгаа Ш.*******ын үйлдлийг зогсоож хууль бус өмчлөлөөс чөлөөлж өгнө үү гэх,

 

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие О.******* нь 2011 оны 01 сарын 19-ний өдөр Ш.*******той худалдах, худалдан авах гэрээгээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр 131 тоотод байрлах 64 мкв талбайтай байшин 1030,9 мкв талбайтай газрыг тус тус худалдан авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдээ авсан. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүд нь миний нэр дээр бүртгэлтэй байгаа ба одоо ч байшиндаа амьдарсаар байгаа юм. Газрыг нь 500.000 төгрөгөөр хашаа байшинг 5.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл Ш.******* нь надад зарсан газар чөлөөлөхгүй дээр нь дур мэдэн хашаа босгоод байшин барьчихаад байгаа юм. Би олон удаа шаардлага тавьсан боловч хүлээж аваагүй. Тиймээс газраа хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх,

 

Хариуцагч Ш.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2007 онд манай ээж уг газрыг надад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн юм. Улмаар 2011 оны 01 дүгээр сарын 19-нд иргэн О.*******т 64 мк талбайтай өвлийн байшингаа 5.500.000 төгрөгөөр зарсан. Улмаар би өөрөө зуны амбаартай хэсгээ авч үлдсэн. Өөрөөр хэлбэл; өвлийн байшинтай хэсгээ таллаж зарсан юм. Үлдсэн газар дээрээ 2013 онд байшин барьж эхэлсэн. 2017 онд үргэлжлүүлээд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр барьж дуусгасан. Би уг газартаа байнга оршин суухгүй ч гэсэн байнга эргэж тойрдог байсан. Зарахгүй үлдсэн газарт манай дүү болон О.*******ын дүү амьдарч байсан. Түүнээс гадна тус тусдаа шонтой, тус тусдаа хаалгатай 2 хашаа юм. Би өөрийнхөө өмчлөлийн газар дээр байшингаа зарсан. Тиймээс иргэн О.*******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх,

 

Хариуцагч Ш.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ ...

Иргэн Ш.******* би өмчлөлийн хашаа байшингаа иргэн О.*******т 2011 онд 5.500.000 төгрөгөөр худалдсан. Ингэж худалдахдаа нийт хашаагаа дундуур нь хувааж, тусад нь хашаа барин өвлийн байшинтай хэсгийг тал газрын хамт худалдсан билээ. О.*******, эхнэр Ж.Баябажавт тухайн үедээ зуны сууц байгаа тал хэсгийгээ худалдахгүй, өссөн гал голомт тул Монгол ёсоо дагаж айлын бага хүү учир би байшин барьж амьдарна гэж хэлж байсан. Өвлийн байшин байгаа хэсэг, талласан газар хашааг худалдана гэж хэлээд зарсан бөгөөд газрын хувьд бүтнээр 1030.9мкв байна. Тухайн үед таллан бичиг баримт авах завгүй, дээрээс нь хоног хугацаа алдаж хүндрэл учруулаад яахав, таньдаг хүмүүс юм чинь танд итгээд газраа бүтнээр нь шилжүүлье гээд та авсан хашаа газрынхаа хэмжээгээр газрынхаа гэрчилгээг гаргаад авчих гэж тохирсон. О.*******, Ж.Бямбажав нар нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд бид нар хүний итгэл алдаж муухай зүйл хийх хүмүүс биш ээ гээд бичиг баримт, худалдах худалдан авах гэрээг аваад явсан. 1 сарын дараа эхнэр Ж.Бямбажаваас газраа салгаж авсан уу гэж миний төрсөн эгч Ш.Бат-Эрдэнэ асуухад бид нар өөрийнхөө газрыг салгаад авсан гэж хэлсэн. Түүнээс хойш 7 жил гаруй хугацаанд тус газрыг өмчилж эзэмшиж байна. Би анх 2011 онд тал хашаа байшингаа худалдсанаас хойш нөгөө авч үлдсэн тал хашаандаа 2013 онд байшингийн суурь цутгасан. Ингэж байшингийн суурь цутгахад юу ч хэлээгүй, ямар ч маргаан гаргаж байгаагүй. Мөн хашаандаа цахилгаан шон татаж, тогоо тусад нь залгуулж, хаалганы номер тусад нь авсан байдаг. Намайг хашаандаа гэрээ бариад амьдарч байхад мөн л юм хэлдэггүй байсан. Би 2013 онд цутгасан байсан байшингийн сууриа 2017 онд үргэлжлүүлэн цутгасан. Ингэж байхад О.******* юу ч хэлээгүй болно. Дээрх болсон явдлыг гэрчлэх гэрчүүд байгаа. Хэрвээ би бусдын өмчлөлийн хашаанд дураараа буугаад байшингийн суурь цутгаад тогоо тусдаа татаж аваад амьдарч байсан бол эзэн нь зөвшөөрөхгүй хуулийн байгууллагад хандах ёстой байсан гэж үзэж байна. Энэ бүх нөхцөл байдлууд нь О.******* бид хоёр анхнаасаа хашаагаа таллаж худалдсан талаар тохиролцсон гэдгийг бодит байдал дээр харуулж байгаа билээ. Гэтэл О.******* нь 2018 оны 07-р сарын 08-нд танай газрын хэмжээ өөрчлөгдсөн шүү гэж утсаар хэлсэн. Энэ үеэс эхлэн хашаанаас маань хөөж маргаан хийж эхэлсэн. Энэ байдал нь О.******* 7 жил нуун дарагдуулж ноцтой төөрөгдөлд оруулан хууран мэхэлж залилсан байгаагаа гаргаж ирсэн гэж үзэж байна. Би газрын албанд шалгуулахад 2018 оны 02-р сар хүртэл миний ээж Д.*******ын нэр дээр бүтэн 7 жилийн хугацаанд бүртгэлтэй байдаг. Би өмнө нь ч асуухад газар чинь танай нэр дээр байна гэж хэлж байсан. 2017 оны 09-р сарын 27-нд кадастрын зургийг 507 м2-аар хийлгүүлж авсан. 2011 оны 01-р сарын 19-ний худалдах худалдан авах гэрээн дээр өөрийн өмчлөлд байсан зуны сууцаа зараагүй байхад миний өмчид халдаж шилжүүлэн авсан байсан. Миний ээж Д.******* 2007 онд надад бичиг баримтаа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхэд нэгж талбарын дугаар нь 171201050 дугаартай байсан. Миний нэр дээр шилжихэд 1712001060 ийм дугаартай болж буруу бичигдсэн. Мбн Д.*******ын нэр дээр газрын гэрчилгээний эх хувь улсын бүртгэлд байхгүй байна. Гэрчилгээ болон худалдах худалдан авах гэрээ дээр газрын хэмжээ 1030.9 м2, албан ёсны кадастр дээр болохоор 1007 м2 байгаа нь худалдах худалдан авах гэрээ дээр газрын хэмжээ, нэгж талбарын хэмжээ буруу бичигдсэн байна. О.******* нь 2018 оны 02-р сард миний талласан хашаа, байшингийн суурь, зуны сууц, шонгийн мод жорлон, хашааны хаалга тусдаа, би өөрөө амьдарч байхад надаас нэг ч үг асуулгүй өөрийн нэр дээр кадастрын гарын зураг хийлгэн шилжүүлж миний өмчид дахин халдсан байна. Би анхнаасаа залилан гэж үзээд цагдаагийн газар, прокурорын газраар шалгуулсан. Улсын Ерөнхий прокурорын хариу мэдэгдэх хуудсанд Ш.******* намайг өөрийн амьдарч байгаа 507м2 газрыг өөрийн өмчлөлд байгаа гэж ойлгон 7 жилийн турш эзэмшиж байсан болох нь тогтоогдсон байна гэж хариу ирсэн. Намайг 7 жилийн хугацаанд тэр хашаандаа амьдарч байхад юу ч хэлээгүй, хэл ам гаргаагүй мөртлөө 2018 оны 07-р сарын 08-ны өдрөөс эхлэн хэл ам хийж, хашаанаас минь хөөж, дарамтлан хэлэх хэлэхгүй үгээр доромжилж сэтгэл санааны дарамтад оруулж байна. Одоогоор ах дүү хамаатан саднаасаа мөнгө зээлэн 8x6 хэмжээтэй нийт 16 сая төгрөгийн 2 давхар байшин бариад эхнэр 4 сартай хүүгийн хамт амьдарч байгаа болно.

Иймд О.*******тай 2018 оны 01-р сарын 19-нд хийсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, миний хашаа байшинг эргүүлж О.*******аас авч өгнө үү гэх,

 

Хариуцагч Ш.******* сөрөг нэхэмжлэлийнхээ талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн орон сууц газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Учир нь миний бие 2011 оны 01 дүгээр сарын 19-нд иргэн О.*******т хашаа байшин зарахдаа газрынх нь дундуур хашаа босгоод өвлийн байшинтай хэсгээ л О.*******т зарсан. Үлдсэн хэсэг нь миний гал голомт тул зарахгүй үлдээсэн юм. Ингээд намайг хашаандаа гэр бариад амьдарч байхад О.******* нь намайг газар чөлөөлж өг гэсэн байдлаар ямар нэгэн шаардлага тавьж байгаагүй. Намайг 2013 онд байшингийн хундаам цутгаад 2017 онд дуусгахад аль ч үед нь ямар нэгэн зүйл хэлээгүй. Эдгээр нөхцөл байдлууд нь миний бие иргэн О.*******т хашаа байшингаа таллан худалдсан гэдгийг харуулж байгаа юм. О.******* нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр газрын хэмжээ өөрчлөгдсөн шүү гэж над руу утсаар хэлсэн. Энэ үеэс эхлээд хашаанаасаа хөөж эхэлсэн. Би газрын асуудлаа хөөцөлдөж эхэлтэл 2018 оны 02 дугаар сар хүртэл уг газар манай ээжийн нэр дээр байсан тухай лавлагаа гарч ирсэн. Өөрөөр хэлбэл О.******* нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байсан гэх,

 

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч О.*******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Орон сууц худалдах худалдан авах гэрээндээ үндэслэж газраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх,

 

Шүүх О.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Ш.*******ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч О.*******ын шүүхэд гаргасан.... миний өмчлөлийн газарт хууль бусаар халдаж байгаа Ш.*******ын үйлдлийг зогсоож, хууль бус өмчлөлөөс газар чөлөөлүүлэхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь; О.*******, Ш.******* нар нь 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр газар худалдах худалдан авах, орон сууц худалдах худалдан авах гэрээг тус тус бичгээр хийсний үндсэн дээр дээрх газар, орон сууцыг тус бүрийг 500.000 төгрөгөөр (бодит байдал дээр 5.500.000 төгрөгөөр) үнийг тохиролцон бэлнээр төлж, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан болох нь зохигчийн шүүхэд гаргасан бичгийн чанартай нотлох баримт болох гэрээнүүд, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мөн хавтаст хэргийн 3-9 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 1030.9 м газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1317000301 дугаартай, 000102679 дугаар бүхий гэрчилгээний хуулбар, кадастрын зураглал, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот багуулалтын газрын хэлтсийн даргын тодорхойлолт, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ зэргээр нотлогдож байхаас гадна Газар худалдах, худалдан авах гэрээ-ний 7 дугаар зүйлд ... гэрээ байгуулах үед уг газар нь худалдаагүй, барьцаанд тавигдаагүй, битүүмжлэгдээгүй, түрээслэгдээгүй, ямар нэгэн маргаан байхгүй болно гэж талууд тохирсон байна.

Харин хариуцагч талаас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа үндэслэл нь; ... уг 1030.9м газрын талыг нь худалдсан, тал газрыг нь худалдаагүй, ... 2011 оноос хойш уг газар дээр амьдарч, эзэмшиж байна гэж маргаж байгаа боловч талууд газар худалдах, худалдан авах гэрээндээ уг 1030.9 м газрын талыг нь зарсан, зараагүй гэх талаар харилцан тохиролцон тусгасан зүйлгүй байна.

Мөн хариуцагч, сөрөг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс ... тухайн маргаж буй газрыг анх гэрээ хийхдээ таллаж хувааж зарсан, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт зааснаар ... нэхэмжлэгч О.*******ын эрхээ хамгаалуулах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил өнгөрсөн гэх зэргээр маргаж байгаа боловч хариуцагч Ш.*******ын шүүхэд бичгээр өгсөн тайлбар (хх-ийн 20-21 дүгээр тал), сөрөг нэхэмжлэл (хх-ийн 30-31 дүгээр тал), гэрч Р.Сэлэнгэ (хх-ийн 74-75 дугаар тал), гэрч Ш.Бар-Эрдэнэ (хх-ийн 80-82 дугаар тал), гэрч Ц.Ганболд (хх-ийн 83-85 дугаар тал), гэрч Э.Мөнхтөр (хх-ийн 97-98 дугаар тал), гэрч Ж.Батбилэг (хх-ийн 93-94 дүгээр тал), гэрч Ц.Ганболд (хх-ийн 97-98 дугаар тал) нарын мөрдөн байцаалт болон шүүхэд хууль сануулагдан өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд; энэ байдал нь дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтаар нотлогдоогүй, хариуцагчаас нотлоогүйгээс гадна уг тал газар дээр нь Ш.******* 2013, 2017, 2018 онуудад байшингийн суурь цутгаж улмаар байшин барьж дуусгасан гэх дээрх гэрчүүдийн мэдүүлэг, мөн нэхэмжлэгч О.*******аас шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ...2018 онд гэнэт байшин барихад л би мэдсэн гэх тайлбар зэргээр нэхэмжлэгчийн эрхээ хамгаалуулах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар ... 2013 оноос эхлэн шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан ... хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж шүүх үзэв.

Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Ш.*******ын шүүхэд гаргасан ... 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ, газар худалдах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, газар, өвлийн байшин, хашаагаа эргүүлэн буцаан авах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь; Ш.*******ын дээрх сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... бидний итгэлийг алдаж, хууран мэхэлж, ноцтой төөрөгдүүлсэн хэлцэл хийснээр бидний газар, хашаа, байшингийн өмчлөх эрхийг зөрчиж, сэтгэл санааны асар их дарамтанд оруулж байгаа тул гомдолтой байна гэх боловч хавтаст хэрэгт авагдсан газар болон орон сууц худалдах худалдан авах гэрээ, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай бусад нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд; хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Ш.******* нь О.*******т хууран мэхлэгдсэн, залилуулсан, нотцой төөрөгдсөн гэх үйлдэл тогтоогдоогүй, харин талуудын хооронд хийгдсэн дээрх гэрээ нь хуульд нийцсэн гэж үзнэ. Мөн хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Ш.******* нь энэхүү худалдах худалдан авах гэрээний улмаас ноцтой төөрөгдсөн, хууран мэхлэгдэж, залилуулсан болохоо шүүхэд нотлоогүй бөгөөд тэрээр Цагдаа, Прокурорын байгууллагад гомдол гарган шалгуулсан боловч энэ байдал тогтоогдоогүй болох нь хавтаст хэргийн 3-9, 24-25, 42-45, 72 - 73 дугаар талд авагдсан талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын тогтоол, Цагдаагийн байгууллагад хандан гаргасан өргөдөл, Улсын ерөнхий Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас зэргээр нотлогдож байна.

Иймд Ш.*******ын шүүхэд гаргасан ...2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, газар, өвлийн байшин, хашаагаа эргүүлэн авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хууль зүйн дүгнэлт: Хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтууд болон нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд; Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар ... талуудын хооронд хуулийн хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулагдсанд тооцох үндэслэлтэйгээс гадна нэхэмжлэгчээс гэрээ байгуулагдсан эсэх дээр маргаангүй боловч, хариуцагч, сөрөг нэхэмжлэгчээс ... хууран мэхэлсэн буюу ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн хэлцэл гэж үзэж дээрх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар маргаж байгаа боловч энэ байдал нь нотлогдоогүй, тэрээр шүүхэд нотлоогүй байна.

Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар ...нэхэмжлэгч О.*******ын газар өмчлөх эрх нь зөрчигдсөн тул түүний өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 131 тоотод байрлах 1030.9м талбай бүхий, улсын бүртгэлийн Г-1317000301, 000102679 гэрчилгээний дугаатай үл хөдлөх хөрөнгө бүхий газрыг чөлөөлөхийг хариуцагч Ш.*******од даалгах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн сөрөг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-д зааснаар илүү төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамжийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар О.*******ын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 131 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 1030.9м талбай бүхий улсын бүртгэлийн Г-1317000301 дугаартай, 000102679 гэрчилгээний дугаар бүхий газар / үл хөдлөх хөрөнгө / -ыг чөлөөлөхийг хариуцагч Ш.*******од даалгасугай.

2. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ш.*******ын О.*******тай 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан орон сууц худалдах худалдан авах, газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, газар, өвлийн байшин хашаагаа эргүүлэн буцаан авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн сөрөг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, уг улсын тэмдэгтийн хураамжаас илүү төлөгдсөн 41.650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж сөрөг нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН