Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 55

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

                                                                            Хэргийн индекс: 148/2018/00480/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч ерөнхий шүүгч                              Б.Батзориг

                            Шүүгчид                                                           Д.Буянжаргал

                                                                                                    Г.Давааренчин

                    

                          Оролцогчид

                              Нэхэмжлэгч                                                       *******

                              Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                            Г.Амартүвшин

                            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ш.Бат-Эрдэнэ                                                   Хариуцагчийн өмгөөлөгч                              Л.Доржпүрэв

                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Алтанбагана нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 506 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор *******ын нэхэмжлэлтэй *******од холбогдох “Хууль бус өмчлөлөөс газар чөлөөлүүлэх” үндсэн нэхэмжлэлтэй, *******ын сөрөг нэхэмжлэлтэй *******т холбогдох “2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ, газар худалдах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, газар, өвлийн байшин, хашаагаа эргүүлэн буцаан авах тухай” иргэний хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Top of Form

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие ******* нь 2011 оны 01 сарын 19-ний өдөр *******той худалдах, худалдан авах гэрээгээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр ******* тоотод байрлах 64 мкв талбайтай байшин 1030,9 мкв талбайтай газрыг тус тус худалдан авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдээ авсан. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүд нь миний нэр дээр бүртгэлтэй байгаа ба одоо ч байшиндаа амьдарсаар байгаа юм. Гэтэл дахин дээрх хөрөнгөө худалдсан О.Батболд нь надад худалдсан газраа чөлөөлөхгүй улмаар хашаан дундуур нь хашаа босгож байшин барьж эхэлсэн. Энэ талаар өөрт нь хэлэхэд үл тоосон байдал гаргаж байгаад гомдолтой байна. Иймд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, ******* тоотод байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1030,9 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-*******7000301 дугаар, ******* гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө болох миний өмчлөлийн газарт хууль бусаар халдаж байгаа *******ын үйлдлийг зогсоож хууль бус өмчлөлөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2007 онд манай ээж уг газрыг надад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн юм. Улмаар 2011 оны 01 дүгээр сарын 19-нд иргэн *******т 64 мк талбайтай өвлийн байшингаа 5.500.000 төгрөгөөр зарсан. Улмаар би өөрөө зуны амбаартай хэсгээ авч үлдсэн. Өөрөөр хэлбэл; өвлийн байшинтай хэсгээ таллаж зарсан юм. Үлдсэн газар дээрээ 2013 онд байшин барьж эхэлсэн. 2017 онд үргэлжлүүлээд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр барьж дуусгасан. Би уг газартаа байнга оршин суухгүй ч гэсэн байнга эргэж тойрдог байсан. Зарахгүй үлдсэн газарт манай дүү болон *******ын дүү амьдарч байсан. Түүнээс гадна тус тусдаа шонтой, тус тусдаа хаалгатай 2 хашаа юм. Би өөрийнхөө өмчлөлийн газар дээр байшингаа зарсан. Тиймээс иргэн *******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч ******* анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 2011 оны 01 дүгээр сарын 19-нд иргэн *******т хашаа байшин зарахдаа газрынх нь дундуур хашаа босгоод өвлийн байшинтай хэсгээ л *******т зарсан. Үлдсэн хэсэг нь миний гал голомт тул зарахгүй үлдээсэн юм. Ингээд намайг хашаандаа гэр бариад амьдарч байхад ******* нь намайг газар чөлөөлж өг гэсэн байдлаар ямар нэгэн шаардлага тавьж байгаагүй. Намайг 2013 онд байшингийн хундаам цутгаад 2017 онд дуусгахад аль ч үед нь ямар нэгэн зүйл хэлээгүй. Эдгээр нөхцөл байдлууд нь миний бие иргэн *******т хашаа байшингаа таллан худалдсан гэдгийг харуулж байгаа юм. ******* нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр газрын хэмжээ өөрчлөгдсөн шүү гэж над руу утсаар хэлсэн. Энэ үеэс эхлээд хашаанаасаа хөөж эхэлсэн. Би газрын асуудлаа хөөцөлдөж эхэлтэл 2018 оны 02 дугаар сар хүртэл уг газар манай ээжийн нэр дээр байсан тухай лавлагаа гарч ирсэн. Өөрөөр хэлбэл ******* нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байсан

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Орон сууц худалдах худалдан авах гэрээндээ үндэслэж газраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 506 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар *******ын өмчлөлийн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, ******* тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 1030.9м талбай бүхий улсын бүртгэлийн Г-*******7000301 дугаартай, ******* гэрчилгээний дугаар бүхий газар / үл хөдлөх хөрөнгө / -ыг чөлөөлөхийг хариуцагч *******од даалгаж,

- Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар *******ын *******тай 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан орон сууц худалдах худалдан авах, газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, газар, өвлийн байшин хашаагаа эргүүлэн буцаан авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн сөрөг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, уг улсын тэмдэгтийн хураамжаас илүү төлөгдсөн 41.650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж сөрөг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.  

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Гомдол гаргаж буй учир нь: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаж байгаа үйл явдлын талаар зөв дүгнэлт хийгээгүйн улмаас бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иргэн ******* би өөрийн өмчлөлийн хашаа байшингаа иргэн *******т 2011 онд 5.500.000 төгрөгөөр худалдсан бөгөөд ингэж худалдахдаа нийт хашаагаа дундуур нь хувааж тусд нь хашаа бариад өвлийн байшин байгаа хэсгийн хашаагаа байшингийн хамт худалдсан юм. ...Би урьд өмнө нь 2013 онд цутгасан байсан байшингийнхаа суурийг 2017 онд өргөжүүлэн дахин цутгасан бөгөөд ингэж байхад ч бас ******* юу ч хэлээгүй, ямар нэгэн маргаан гаргаагүй юм. Хэрвээ би бусдын өмчлөлийн хашаанд дураараа буугаад байшингийн суурь удаа дараа цутгаад байсан бол ******* нь зөвшөөрөхгүй гэж хуулийн байгууллагад хандах байсан гэж үзэж байна. Иргэн ******* нь энэ 2018 онд танай газрын хэмжээ өөрчлөгдсөн шүү гэж утсаар хэлсэн ба энэ үес эхлэн намайг хашаанаас хөөж эхэлсэн юм.

 Анх 2011 онд тал хашаагаа байшинтай нь хамт худалдах үед миний төрсөн эгч Ш.Бат-Эрдэнэ нь *******т манай газрын эрхийг шилжүүлэхдээ гэрчилгээн дээр байгаа хэмжээгээр шилжүүлээд дараа нь тал хашааныхаа газрыг тус тусдаа гэрчилгээн дээрээ бичүүлж авья гэж тохирсон байдаг юм. *******т ингэж итгэж байхад тэрээр бидний итгэлийг хөсөрдүүлж 7 жилийн дараа намайг тус хашаанаас хөөж байгаа юм. ******* нь одоогоос сар гаруйн өмнө манай ах Ц.Ганболдод хэлэхдээ та нар 3.000.000 гөгрөг өгөөд энэ тал хашаагаа ав гэж хэлсэн байдаг. ******* нь хашаанаас намайг яв гэж хөөж намайг хэл үгээр доромжилж дарамталж байгаад би гомдолтой байдаг.

Гэтэл шүүгч олон жилийн хугацаанд хамаарах асуудлыг нарийвчлан шүүн тунгааж шийдэлгүй, хашаа байшингаа шилжүүлсэн юм байна гэж үзэж зөвхөн нэхэмжлэгч талын байр суурийг баримталж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ олон талаас нь бодож шийдвэрлэх байсан гэж үзэж байна. Намайг тал хашаагаа худалдсан гэдгийг мэдэх олон гэрчүүд шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгсөн билээ. Гэтэл шүүгч эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг нотлогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь: Гэрчүүд шүүхэд үнэнийг мэдүүлж байхад шүүгч нотлогдоогүй гэж байгаа нь буруу гэж үзэж байна. Шүүгч шийдвэртээ заахдаа: нэхэмжлэгч *******ын эрхээ хамгаалуулах хөөн хэлэлцэх хугацаа нь 2013 оноос эхлэн шаардах эрх нь үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж заасан нь үндэслэлгүй юм. Учир нь: шүүгч ямар учраас, юуг баримталж 2013 оноос хөөн хэлэлцэх хугацааг эхлэж тооцсон тухайгаа шийдвэртээ заагаагүй байна.

...Шүүгч нэхэмжлэгч *******ын шаардах эрх нь 2013 он буюу 5 жилийн өмнөөс үүссэн гэж шийдвэртээ заасан байдаг. Хэрвээ ******* өөрийнхөө өмчийн хашаа гэж үзэж байгаа бол 5 жилийн өмнөөс энэ нэхэмжлэлээ гаргасан бол тухайн үед шүүх хуулийн байгууллага хянан үзэж хэний нь буруу вэ? хэний нь зөв вэ? гэдгийг олоод шийдвэрлэх байсан билээ. Хэрвээ миний эзэмшлийн хашаа биш байсан бол би ингэж их олон сая төгрөгийг бусдаас зээлж их зардал гаргаж байж байшин барихгүй байх байсан шүү дээ. Шүүгч өөрөө нэхэмжлэгч *******ыг 5 жилийн өмнөөс шаардах эрх нь үүссэн гэж үзсэн мөртлөө олон жилийн өмнөөс би суурийг нь цутгаж 2018 онд барьж ашиглалтанд оруулсан одоо манай амьдарч байгаа байшинтай газрыг чөлөөл гэж шүүхийн шийдвэр гаргасан нь миний эрхийг зөрчиж байгаа намайг хохироож байгаа шийдвэр гэж үзэж байна. Би өөрийнхөө эзэмшлийн хашаанаас хөөгдөж байгаа тул эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан билээ. Нэхэмжлэгч *******ын буруугаас болж би хохирч байгаа тул энэ байдлыг анхааран үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож анхан шатнышүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Энэ хашаа байшин зарах асуудлыг хамт ажилладаг байсан нэхэмжлэгч *******ын эхнэр Ж.Бямбажавт хэлснээр хашааг ирж үзэн худалдан авахаар тохирсон юм. Худалдах худалдан авах гэрээг би өөрийн биеэр байлцан хийсэн бөгөөд тухай үед газрын гэрчилгээг ажил ихтэй болохоор тус тусд нь болгож амжаагүй, ******* болон түүний эхнэр нь зээлийн гэрээний барьцаанд тавих хэрэгтэй байна гээд яаруулсан тул гэрээнд газрын хэмжээг бүтнээр нь бичсэн юм. Тэгээд ч өөрсдөө тал хашааг байшинтай нь авч байгаа гэдгээ мэдэж байсан тул татгалзаагүй шилжүүлсэн. Хашаа байшингаа зарахаас өмнө бид хашаагаа хуваасан байсан. 2011 оноос хойш энэ хоёр хашаа нь тус тусдаа хаалгатай, цахилгааны шон нь тус тусдаа байгаа үүнийг гэрчилсэн гэрчүүд ч гэсэн байгаа. Гэтэл энэ олон жил  хашааны хэмжээний талаар юу ч хэлээгүй байж байгаад дүүг  байшин барьсны дараа гэнэт ийм маргаан гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн дагуу гараагүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ заахдаа *******ын өмчлөлийн газарт хууль бусаар халдаж байгаа *******ын үйлдлийг таслан зогсоож нэхэмжлэлийн шаардлагыг хангалаа гэж гарсан. Энэ нь одоо *******ын өмчлөлд халдаж байшин барьж байгаа юм шиг харагдаж байгаа, гэтэл 2011 он буюу 7 жилийн өмнө энэ хоёр хүн тусдаа хашаандаа амьдарч байсан. Хэрэв хууль бус өмчлөлөөс чөлөөлөх гэж байгаа бол хууль бус гэдгийг эхлээд тогтоох ёстой түүний дараа шүүх дээр энэ асуудал нь нарийвчлан шийдэгдэх ёстой. Үүнийг анхан шатны шүүх огт анхаарч үзээгүй. ... Хэрэв *******ын эрх зөрчигдөж байсан бол яагаад хашааг буулгахгүй 7 жил тал хашаандаа амьдраад байсан гэх асуудал байна. Тийм учраас мэдэх ёстой байсан хугацаа нь 2011 он байсан тул хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж үзэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байгаа гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна.  Хариуцагч нь хашаагаа таллаж зарсан асуудал огт байхгүй. Талуудын хооронд байгуулсан худалдах худалдах авах гэрээгээр газрыг бүтэн хэмжээгээр худалдахаар тохирч гэрээ байгуулсан бөгөөд гэрээндээ газрын хэмжээний талаар ямар нэгэн маргаан байхгүй гэж тодорхойлсон. Хэрэгт авагдсан газар өмчлөх тухай гэрчилгээ нь хуулийн дагуу хүчинтэй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий  дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан бусдын хууль бус өмчлөлөөс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь талуудын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тус тус гаргажээ.

Хэргийг судлан үзвэл: нэхэмжлэгч  ******* хариуцагч ******* нар нь 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр газар худалдах худалдан авах, орон сууц худалдах худалдан авах гэрээг тус тус бичгээр байгуулан  тухайн өдрөө газар өмчлөх эрхээ худалдагч ******* нь худалдан авагч *******т шилжүүлэн худалдсан газрын үнэ 5.500.000 төгрөгийг хүлээн авснаар талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ дуусгавар болсон нь хэргийн 3-9 дүгээр талд авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч ******* нь худалдах худалдан авах гэрээний дагуу газрыг шилжүүлэн авч  газар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлснээр маргаан бүхий газрын өмчлөгч болсон байх тул түүний өмчлөх эрх зөрчигдсөн хэмээн гаргасан түүний шаардлага үндэслэлтэй.

 2011 онд талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулж гэрээний дагуу хөрөнгө шилжсэнээс хойш гэрээний  талаар  талуудын хооронд ямар нэгэн маргаан гарч байгаагүй  бөгөөд хариуцагч Ш.Батбаяр нь *******т худалдсан газартаа 2013 онд байшин барьснаар талуудын хооронд худалдсан газрын хэмжээний талаар маргаан гарсан байна. 

Хэргийн хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа 2011 онд талууд тохиролцон 1030.9м газрын талыг нь худалдсан, тал газрыг нь худалдаагүй, ...2011 оноос хойш уг газар дээр амьдарч, эзэмшиж байна гэж тайлбарлаж байгаа боловч талууд хооронд байгуулсан гэрээнд энэ талаар тодорхой тусгаагүй, энэхүү татгалзалаа нотлохын тулд гэрчүүдээс мэдүүлэг авахуулсан боловч гэрчүүдийн мэдүүлэг нь талуудын хооронд  үүссэн маргааны талаар буюу өөрөөр хэлбэл газрын хэмжээний талаар талууд  хэрхэн тохиролцсон талаар нотлож чадаагүй байна гэж үзлээ.

Хариуцагчийн  сөрөг нэхэмжлэлийн хувьд  талуудын хооронд байгуулсан 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ, газар худалдах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хууль зүйн үндэслэлээ тодорхойлоогүй бөгөөд  хэлцлийг итгэл алдаж, хууран мэхэлж, ноцтой төөрөгдүүлсэн хэлцэл хийсэн талаарх үндэслэлээ нотлоогүй, холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул түүний нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.

Иймд  анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг  дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 506 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

  

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                    Д.БУЯНЖАРГАЛ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН