Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1119

 

П.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан         даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/01167 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч  МЗХННУБТЗ-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоож, тэтгэмжийн мөнгө 2 463 547 төгрөг, 2018 оны 11, 12 сарын ажлын хөлс 1 843 783 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 6 034 200 төгрөг, нийт 10 341 530 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороогийн  гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, Д.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгч П.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Х нь 2016 оны 3 дугаар сараас МЗХННУБТЗ-ын даргын хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б-I-208 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор П.Х-ыг ажилд нь эгүүлэн тогтоосон. Ийнхүү УБТЗ нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б-I-257 тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилд нь эгүүлэн авсан боловч 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлэх болсныг мэдээд эрүүл мэндийн байдал эрс доройтож, эмнэлэгийн магадлагааны дагуу эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б-I-379 тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.3 дахь хэсэг УБТЗН-ийн дүрмийн 22а заалтыг тус тус үндэслэн З даргын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А-257 тоот тушаалаар  МЗХННУБТЗ даргын хуулийн зөвлөхийн орон тоог хассан тул Здаргын хуулийн зөвлөх П.Х-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хариуцагч тал өмнө нь тушаал гаргахдаа мөн энэ тушаалаар орон тоо хасагдсан хэмээн маргасан бөгөөд 3 шатны шүүх хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан нь үндэслэлгүй болохыг тогтоосон. Мөн 2018 оны 9, 10 дугаар сарын хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийн мөнгө, 11, 12 сарын цалин хөлсийг олгоогүй. Ажилгүйдлийн тэтгэмж 6.034.200 төгрөг нийт 10.341.530 төгрөгөөр хохироосон тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Харицагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар өмнөх албан тушаал нь байхгүй болсон бол ажилтан, ажил олгогч хоёр хоорондоо тохиролцох заалттай байхад тохиролцоог явуулаагүй. Шууд орон тоо үүсгээд тушаал гаргаад ирж ажилла гэж шаардсан. П.Х зөвшөөрөхгүй хүсэлтээ бичгээр байгууллагад гаргаж, хүсэлтийн дагуу 8 дугаар сарын 15-ны өдөр хуучин эрхэлж байсан ажилд нь томилж тушаал гаргасан. Хариуцагч тал 1 сарын дотор ажилтныхаа тушаал, нийгмийн даатгалын дэвтрийг өгөөгүй. Шүүх хуралдаанд хариуцагч тал актны мөнгө 1.642.373 төгрөг төлнө гэснийг зөвшөөрч байна. Мөн хариуцагч талын тайлбарласнаар ажилгүйдлийн тэтгэмжийг 45 хувиар бодож 2.482.372 төгрөг болсон. Иймд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж байна. П.Х-ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилж, ажилгүйдлийн тэтгэмж хариуцагчийн тайлбарласан 45 хувиар бодож 2.482.372 төгрөг, актны мөнгө 1.642.373 төгрөг, 11, 12 сарын цалин 1.843.783 төгрөг нийт 5.968.528 төгрөгийг МЗХННУБТЗ-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, Д.Энхтуяа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Өнөөдрийн байдлаар, мөн өмнө нь з даргын хуулийн зөвлөх гэсэн орон тоо МЗХННУБТЗ байхгүй. Энэ орон тоо байхгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж зааснаар 2018 оны 5 дугаар сараас хойш нэхэмжлэгчтэй харилцан тохиролцох талаар уулзаж байсан. Манайх 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр адил чанарын албан тушаал буюу УБТЗН хууль зүйн албаны ахлах хуулийн зөвлөхийн орон тоонд томилж, мэдэгдсэн боловч өөрөө өргөдөл гаргаж хийхгүй гэсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн мэдэгдлээр хуучин эрхэлж байсан албан тушаалд нь томил гэсэн мэдэгдэл ирүүлсэн тул аргагүйн эрхэнд з даргын хуулийн зөвлөхийн албан тушаалд томилсон. Нэгэнт тухайн орон тоо 2016 оны 8 дугаар сард байхгүй болсон тул мэдэгдэл өгөхөөс аргагүй болсон. Ингээд 8 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэл өгсөн. Энэ өдрөөс нэхэмжлэгч өвдөж ажилдаа ирээгүй. 8 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-нийг хүртэл хугацаанд өвчтэй гэсэн актыг ирүүлсэн. Актыг үндэслэн 1.642.373 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. 11 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 12-ныг хүртэл ажил тасалсан. Иймд 11, 12 сарын цалинг олгох ёсгүй. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас харахад 9, 10 дугаар сар хүртэл бичилт хийгээд, Нийгмийн даатгалын байгууллага баталгаажуулсан. Ажилгүйдлийн тэтгэмжийг 45 хувиар бодох ёстой. Нэгэнт энэ хүний ажиллаж байсан орон тоо байхгүй болсон тул ажилд нь эргүүлэн авах боломжгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Х-ыг адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагч МОХН УБТЗ үүрэг болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хариуцагч МЗХНН УБТЗ 5.968.528 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Х-р-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч П.Х-ын эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт МЗХННУБТЗ-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох, цалин гаргуулах шаардлагад төлөх тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, нэхэмжлэгчээс үлдэх шаардлагад төлсөн 180.420 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч  МЗХННУБТЗ-аас 80.946 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Х-т олгож, 44.450 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч тал ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжлээгүй. 2018 оны 11, 12 дугаар сарын цалин 1.843.783 төгрөг нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч нь ажлаас халагдахаас өмнөх хугацааны буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс олгоогүй гэж нэхэмжилсэн байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэх үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч П.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй болох нь хэрэгт авагдсан цагийн бүртгэл, УБТЗ-ын Аж ахуйн хэлтсийн 2019-03-07-ны өдрийн 22/182 тоотоор хавсарган ирүүлсэн П.Х-ын УБТЗ-ын Удирдах газарт нэвтэрсэн бүртгэл, гэрч П.Баяржаргалын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байхад шүүх үүнд дүгнэлт хийлгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар цалинд 1.843.783 төгрөг олгохоор шийдвэрлэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийн зохицуулалт нь эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлүүлэх агуулгатай. Гэтэл нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд бодитой хохироп учраагүй бөгөөд ажилгүйдлийн тэтгэмжийг олох ёстой байсан орлого гэж үзэх үндэслэлгүй. Олох ёстой байсан орлого гэдэг нь гэм хор учруулсан үйл явдал болоогүй бол зайлшгүй олох ёстой байсан ашиг орлогыг ойлгох атал нэхэмжлэгчийн өөрийнх нь эс үйлдэхүйгээс шалтгаалсан, ажилгүйдлийн тэтгэмжээ авахаар хугацаандаа хандсан эсэх, ажилгүйдлийн тэтгэмж авах хуульд заасан нөхцөл болзлыг хангасан эсэх нь тодорхойгүй, Нийгмийн даатгалын газраас тэтгэмжийг ямар үндэслэлээр олгохоос татгалзсан эсэх олгогдсон эсэх нь ч тодорхойгүй, тэр тухай баримтуудыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй, шаардлагаа нотлоогүй байхад хариуцагчийн гэм буруу гэж үзэж,  тэтгэмж 2.482.372 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.  П.Х-ыг өмнө нь шүүхийн шийдвэрээр З даргын хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд тухайн орон тоо нь УБТЗ-ын даргын 2016 оны А-257 дугаар тушаалаар хасагдсан, орон тоо байхгүй тул УБТЗ нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах заалтыг үндэслэн адил чанарын албан тушаал болох Хууль зүйн албаны Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн хэлтсийн ахлах хуулийн зөвлөхөөр УБТЗ-ын даргын 2018 оны 8 дугаар сарын 10-ныөдрийн Б-1-247 тоот тушаалаар ажилд томилж, өөрт нь мэдэгдсэн. Гэвч нэхэмжлэгч П.Х нь тухайн ажил, албан тушаалд ажиллахгүй талаар өргөдөл бичиж, улмаар орон тоо байхгүй гэдгийг мэдсээр байж, зөвхөн З даргын хуулийн зөвлөхийн ажил, албан тушаалд томилохыг шаардсан, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрт заагдсан ажилд л томилохыг удаа дараа шаардаж, биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн хэрэг үүсгэнэ гэх зэргээр дарамталж байсан тул аргагүйн эрхэнд П.Х-ыг өөрийнх нь хүсэлтийн дагуу байхгүй ажил, албан тушаалд буюу З даргын хуулийн зөвлөхийн ажилд 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А-257 тоот тушаалаар томилсон. Түүнчлэн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр танихгүй өөр дугаарын утаснаас залгахад утсаа авч, давж заалдах гомдол гаргасан тул ажил санал болгосон бичгийг хүлээн авахгүй гэж мэдэгдсэн. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч П.Х нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа ажилд нь томилоод дуудахаар ирэхгүй, та нарын дуудсан цагт очиж чадахгүй, би цагаа өөрөө тогтооно гэх зэргээр аргацааж байгаагаас ажил хийхгүйгээр "зүгээр сууж байгаад" цалин хөлс авах хүсэлтэй болох нь дээрх нөхцөл байдлаас илэрхий харагдаж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, П.Х-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагын хангаагүй байна.

 Нэхэмжлэгч П.Х нь хариуцагч МЗХННУБТЗ-д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгож, тэтгэмжийн мөнгө 2 463 547 төгрөг, 2018 оны 11, 12 сарын ажлын хөлс 1 843 783 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 6 034 200 төгрөг, нийт 10 341 530 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийн мөнгийг авахаар эмнэлгийн хуудсыг УБТЗ-д өгсөн боловч холбогдох байгууллагад шилжүүлээгүйн улмаас нийгмийн даатгалын газраас тэтгэмжийг олгоогүй, нийгмийн даатгалын дэвтрийг 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр олгосон учир ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болсон гэж хариуцагчаас 10 341 530 төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн үндэслэлээ тайлбарласан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 5 968 528 төгрөг болгож багасгасан. /хх-ийн 122 /

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч хохирол гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбож гэм хорын хохирол нэхэмжилсэн агуулгаар гаргасан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-82.1.8-т заасан хэрэг маргаанд хамааруулж шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

 Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг зөрчиж дангаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэл болно.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасан журмын дагуу дагуу нэхэмжлэгчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг даатгалын сангаас олгох, ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болох нь тус тус нотлогдсон тохиолдолд нэхэмжлэгчид хохирол шаардах эрх үүсэх бөгөөд шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэгт нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/01167 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлсөн 80 946 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОГТСАЙХАН

                              ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

                                                                                   Н.БАТЗОРИГ