Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2019/02725

 

    2019 оны 10 сарын 15 өдөр

     Дугаар 102/ШШ2019/02725

                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, шүүгч М.Мөнхтөр, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, дугаар хороо,  дугаар хороолол,  дугаар байрны тоотод оршин суух, П.Х нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ХНН холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинд 15,234,124 төгрөг гаргуулах, 2018 оны 11, 12 дугаар сарын цалинд 1,843,783 төгрөг, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид 2,463,547 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 6,034,200 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Н.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.                                                                                                                                 

                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч П.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ашүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Х нь 2016 оны 3 дугаар сараас ХНН-ийн даргын хуулийн зөвлөхөөр ажилд орж, 2016 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн В1-208 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 114 дугаартай магадлал, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 214 дугаартай Дээд шүүхийн тогтоолоор ажилд эгүүлэн тогтоосон. ХНН-ийн даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн В1-257 дугаартай тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилд эгүүлэн авсан ч 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэх үед нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдал доройтож, эмнэлгийн магадлагааны дагуу эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн В1-379 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлсөн. Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43 дугаар зүйлийн 43.3, ХНН-ийн дүрмийн 22 дугаар зүйлийн А-д заасныг тус тус үндэслэн Замын даргын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А-257 дугаартай тушаалаар даргын хуулийн зөвлөхийн орон тоо цомхтгосон тул Д.Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай гэжээ.

ХНН 2016 онд Д.Х ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А-257 дугаартай тушаалаар орон тоо хассан хэмээн маргасан ч шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр эгүүлэн ажилд авсан атлаа маргааш нь буюу 8 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хохироосон. Тушаалын 2 дахь заалтад 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр холбогдох этгээдэд ажил хүлээлцэхийг даалгасан боловч ямар нэг тооцоогүй, байгууллагад хохирол учруулаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасныг зөрчсөн, 2018 оны 11, 12 дугаар сарын цалин хөлс олгоогүй. Иймд ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэнд, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд П.Хнь хөдөлмөрийн чадвар түр алдалтын нөхөн олговор авахаар эмнэлгийн хуудсыг ХНН-д өгсөн боловч хариуцагчаас Нийгмийн даатгалын газарт эмнэлгийн хуудас шилжүүлээгүйн улмаас листны мөнгө олгогдоогүй. 2018 оны 10, 11, 12 дугаар сарын цалин, ажилласан хугацаанд нийгэм, эрүүл мэндийн даатгалд бичилт хийсэн боловч тодорхой шалтгаанаар мөнгө олгогдоогүй. Иймд  П.Хыг ажилд эгүүлэн тогтоож, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажлын 45 хоногийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж болох 2,463,547 төгрөг, 11, 12 дугаар сарын цалин 1,843,780 төгрөг, мөн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 10 сар 02 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 15,234,124 төгрөг тус тус гаргуулж өгнө үү. П.Х нь ажилгүйдлийн тэтгэмжид 6,034,200 төгрөг нэхэмжилж байсан ба энэхүү шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.УБТЗ ХНН-т замын даргын хуулийн зөвлөхийн орон тоо байхгүй. П.Х замын даргын хуулийн зөвлөхийн ажилд тогтоосон шүүхийн шийдвэр гарсан ч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д зааснаар тухайн орон тоо байхгүй цомхтгосон бол ажилтантай харилцсан тохирч, адил чанарын өөр албан тушаалд томилохоор заасан. Дээрх хуулийн заалтын дагуу нэхэмжлэгчтэй 2018 оны 5 дугаар сараас харилцан тохиролцох гэж хичээсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй. 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдэл ирсэн. Мэдэгдлийн дагуу 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийг өмнөх ажлаас дордуулахгүйгээр адил чанарын хууль зүйн албаны ахлах хуулийн зөвлөхийн албан тушаалд томилсон. Энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, ажилдаа орооч гэсэн. Гэтэл нэхэмжлэгч би ийм ажил хийхгүй гээд 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн гараар өргөдөл бичиж өгсөн. Өргөдөл хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд нотлох баримтаар авагдсан. Нэхэмжлэгч зөвхөн замын даргын хуулийн зөвлөхийн албан тушаалд ажиллана гэсэн шаардлага тавьсан учраас 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр аргагүйн эрхэнд П.Х замын  даргын хуулийн зөвлөхийн албан тушаалд томилсон шийдвэр гаргасан. Орон тоо байхгүй учраас 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэл өгсөн. Нэхэмжлэгч 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажилд томилогдоод л  өвчтэй гэж алга болсон. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ажилдаа огт ирээгүй. Нэхэмжлэгчтэй утсаар холбогдохоор өвчтэй байгаа, актаа удахгүй аваачиж өгнө гэдэг. Иймд бидний зүгээс нэхэмжлэгчид хүргүүлсэн мэдэгдлийн дагуу хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал шийдвэр гаргаж чадахгүй, 2018 оны 12 сарын 12-ны өдөр хүртэл нэхэмжлэгчийг харсан.  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг  үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Шүүхэд маргаан үүсэж, асуудал ийм хэмжээнд хүрэхэд нэхэмжлэгчийн буруутай, санаатай үйлдэл нөлөөлж байгааг шүүхийг харгалзаж үзэхийг хүсч байна. Нэхэмжлэгчид мэдэгдсээр байхад санаатай, байхгүй албан тушаалд томилуулсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.  Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн талаар маргахгүй гэсэн хуулийн заалт байдаг. Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийг ажилд тогтоосон. Давж заалдах шатны шүүх тухайн байгууллагад хууль зүйн алба ажиллаж  байна. Хууль зүйн алба үйл ажиллагаа явуулж байгаа учраас П.Х-г ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нэхэмжлэгчийг 2016 оны 3 дугаар сард ХНН-ын замын дарга хувийн хуулийн зөвлөх хэрэгтэй гэж үзээд ажилд авсан. 3 сар ажиллуулж үзээд хувийн хуулийн зөвлөх шаардлагагүй гээд орон тоо цомхтгосон. ХНН-ийн хууль зүйн алба 15 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг, даргын хуулийн зөвлөх гэсэн тусдаа орон тоо байх шаардлагагүй. Бид нар хууль зүйн албанд нэхэмжлэгчийг ахлах хуулийн зөвлөхөөр авъя гэхэд нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгч хуулийн хийдэл, цоорхой ашиглаж, өнөөдрийг хүртэл зүгээр сууж байгаад цалин, хөлс авах сонирхолтой байгаа нь харагдаж байна. Өмнөх анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Давж заалдах гомдол гаргахгүйгээр нэхэмжлэгчид ажлын байр санал болгосон. Гэтэл нэхэмжлэгч би Давж заалдах гомдол гаргасан, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй гэдэг. Бодит байдал дээр нэхэмжлэгч гомдол гаргаагүй байсан. Энэ мэтээр нэхэмжлэгч хууль, шүүхийн байгууллагаар тоглож байна. Нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмжийг ХНН-ийн буруутай үйл ажиллагаанаас аваагүй гэдэг. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлж байна. Маргаан 3 шатны шүүхээр явсаар 2018 он хүргэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа 2018 оны 5 дугаар сараас нэхэмжлэгчид ажил санал болгож тохиролцохоор хичээсэн боловч тохиролцоод хүрээгүй.

Нэхэмжлэгч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, хөлс нэхэмжилсэн. Шүүхийн шийдвэр 2018 оны 10 сард гарсан. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны цалин хөлс, нийгэм, эрүүл мэндийн даатгалыг ХНН төлөөгүйн улмаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч чадаагүй гэж тайлбарладаг. Хэрэв нэхэмжлэгчтэй тохиролцоонд хүрч, ажилд нь эгүүлэн тогтоосон байсан бол 2018 оны 8 дугаар сараас өвчилсөн хугацааны шимтгэл тасалдахгүй байх байсан.Нийгмийн даатгалаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан дүнгээр шимтгэл төлөх ёстой гэж шаарддаг. 2018 оны 10 дугаар сард цалин хөлсний маргаан шийдсэн шүүхийн шийдвэр гараагүй байсан учраас 8 дугаар сарын 20-ны өдрөөс нэхэмжлэгчийн өвдсөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан. Энд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байгаа. Гэм хорын зохицуулалтад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн бол гэм хорын хохирлын хэм хэмжээ бууруулахад харгалзаж үзнэ гэсэн хуулийн зохицуулалтыг шүүхээс харгалзаж үзээсэй. Нэхэмжлэгчийн 2,463,547 төгрөг тооцсон тооцоолол үндэслэлгүй байна. Хэрэгт 4 эмнэлгийн хуудас, нэг магадалгаа авагдсан байдаг. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны эмнэлгийн хуудсыг нэхэмжлэгч өгсөн. Хуанлийн 18 хоног буюу ажлын 14 хоног 766,441 төгрөг байна. Нэхэмжлэгч ХНН-ийг 8 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэл өгснөөр сэтгэл санаа нь хүчтэй цочирч эмнэлэгт хэвтэхээс өөр аргагүй болсон гэдэг. Гэтэл эмнэлгийн хуудсанд зүүн гар нь хугарсан гэдэг. Нэхэмжлэгчийн зүүн гар хугарснаар 8 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажлын 14 хоног эмнэлгийн хуудас авсан, 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хуанлийн 10 хоног, ажлын 7 хоног эмнэлгийн хуудас авсан байна. Энэ хугацааны цалин, хөлс 380,220 төгрөг байна. 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хуанлийн 18 хоног, ажлын 14 хоног байна. Эмнэлгийн магадлагаанд цалин хөлс олгох үндэслэл байхгүй. 3 дахь магадлагаа нь 10 дугаар сарын 08-ны өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хуанлийн 10 хоног ажлын 9 хоног хувийн эмнэлгийн магадалгаа байдаг. Энэ хугацааны цалин, хөлс 492,712 төгрөг. 10 дугаар сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх эмнэлгийн магадлагаа хугацаа хэтэрсэн. Нийгмийн хамгааллын сайдын баталсан 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А-30 дугаар тушаалаар баталсан эмнэлгийн хуудас олгох журмын 2.8.1-д эмнэлгийн хуудсыг хугацаа хэтрүүлсэн бол мөнгө олгох үндэслэлгүй гэж заасан. Эмнэлэгт хэвтэж гарснаас хойш 5 хоногийн дотор эмнэлгийн хуудас олгох ёстой. 11 дүгээр сарын 01-ний өдөр эмнэлгийн хуудасны хугацаа дууссан байхад 11 дүгээр сарын 16-ны өдөр олгосон. 15 хоногийн хугацаа хэтэрсэн байхад эмнэлгийн хуудасны дагуу мөнгө олгогдох үндэслэлгүй байна.  Нэхэмжлэгч 1,642,373 төгрөг шаардах эрхтэй байхад нэхэмжлэгч тал 2,463,547 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Мөн мөнгө олгогдохгүй байхад нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлснийг шүүх анхаарч үзээсэй.  11, 12 дугаар сарын цалин 1,843,783 төгрөг нэхэмжилсэн. Ажилтан ажлаа хийсэн тохиолдолд цалин, хөлс олгогдох ёстой. Ажил хийснийг цагийн бүртгэлээр нотолно. Хөдөлмөрийн хуулинд ажлын цаг 8, 7 хоногийнх 40 цаг байна гэж заасан. Хөдөлмөрийн дотоод журмын 5.2-д удирдах газрын ажил эхлэх цаг 8 цаг, тарах цаг 17 цаг байна. Ажилтны цагийн бүртгэлийг алба, хэлтэс төв бүртгэнэ. Цаг ашиглалтын байдалд алба, хэлтэс төвийн дарга нар хяналт тавина. Цалин хөлс олгох үндэслэл цагийн бүртгэл байна гэж Хөдөлмөрийн дотоод журмын 5.3, 5.2, 5.6-д тус тус заасан.  Нэхэмжлэгчийн ажилласан гэдэг нь цагийн бүртгэлээр тогтоогдсон тохиолдолд цалин хөлс олгох асуудал яригдана. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд ажилдаа огт ирээгүй. Ажлын цаг бүртгүүлээгүй байна. Дээрх хугацаанд нэхэмжлэгчийг ажил тасалсан гэсэн цагийн бүртгэлийн тайлан нотлох баримтаар авагдсан. ХНН-т нэвтэрч орж байгаа ажилтан бүр карт уншуулж, цагаа бүртгүүлдэг. Бүртгэлээр ажилтны ажилдаа ирсэн, тарсан цаг тэмдэглэгдэж байдаг. Ажилтан ажлаас хоцорвол сахилгын, хариуцлагын асуудал яригддаг. Хэрэгт нэхэмжлэгчийн 4 удаа 15, 14 цагуудад ирсэн бүртгэл, үүдний бүртгэл авагдсан байдаг. Дээрх 4 удаагийн бүртгэлээс өөрөөр нэхэмжлэгч ажилдаа ирээгүй. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийн хугацаанд нэхэмжлэгч ажилдаа огт ирээгүй, ажил тасалсан учраас энэ хугацааны цалин хөлс олгох үндэслэлгүй байна. Энэ нь удирдах газар нэвтэрч орсон бүртгэл, гэрч н.Бын мэдүүлэг зэргээр тогтоогдох тул 1,843,783 төгрөгийг олгох үндэслэлгүй байна.  Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин, хөлсөнд 15,234,124 төгрөг нэхэмжилсэн байна. Гэтэл нэхэмжлэгчийн 10 сар 02 хоног ажилгүй байсан гэх тайлбар хууль тогтоомжид нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлс хэрхэн гаргасан нь тодорхойгүй байна. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгчийн цалин  хөлсийг 1,005,700 төгрөг гэсэн. Нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин 46,777 төгрөг, ажилгүй байсан хугацааг тооцож үзвэл 209 гарахаар байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хууль тогтоомжид нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай талаас нэхэмжлэгчид ажлын байр санал болгосон, мэдэгдлийг шуудангаар хүргүүлж, утсаар холбогдож тодруулсан баримтууд хэрэгт авагдсан байгаа гэжээ.

 

Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч П.Х нь  хариуцагч /ХНН гэх/ холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинд 15,234,124 төгрөгийг, 2018 оны 11, 12 дугаар сарын цалинд 1,843,783 төгрөгийг, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид 2,463,547 төгрөгийг, ажилгүйдлийн тэтгэмж 6,034,200 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажилгүйдлийн тэтгэмжид 6,034,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул нэхэмжлэгчийг уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Шүүх үлдэх нэхэмжлэлийн шаардлагаас  зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч П.Х нь 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ХНН-ийн даргын хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр “Орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.

            Нэхэмжлэгч нь энэхүү ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн  2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 102/ШШ2016/05685 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч П.Хыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 114 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

 

            Хариуцагч ХНН нь дээрх шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэх зорилгоор 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А-370 дугаартай “Орон тоо нэмэх” тухай тушаалаар  Хууль зүйн албаны хөдөлмөрийн харилцааны эрх зүйн хэлтэст ахлах хуулийн зөвлөхийн орон тоог нэмж, мөн өдрийн Б-1-247 дугаартай тушаалаар “П.Хыг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авах тухай” тушаал гаргаж, П.Хыг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Хууль зүйн албаны хөдөлмөрийн харилцааны эрх зүйн хэлтсийн ахлах хуулийн зөвлөхийн ажилд томилсон байна.

           

Ажил олгогчийн Хууль зүйн албаны хөдөлмөрийн харилцааны эрх зүйн хэлтсийн ахлах хуулийн зөвлөхийн ажилд томилсон тушаалыг нэхэмжлэгч П.Х нь эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрээр даргын хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон тул уг ажилд томилсон тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргажээ.

 

Улмаар хариуцагч ХНН нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б-1-257 дугаартай “П.Хыг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авах тухай” тушаал гаргаж, П.Хыг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн замын даргын хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба мөн өдрийн А-377 дугаартай тушаалаар 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б-1-247 дугаартай “П.Хыг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авах тухай” тушаалыг болон  2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А-370 дугаартай “Орон тоо нэмэх” тухай тушаалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

 

            Хариуцагч ХНН нь П.Хыг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр замын даргын хуулийн зөвлөхийн ажилд томилсон хэрнээ 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс орон тоо хасагдсан гэж хөдөлмөрийн гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 17-ний өдрөөс цуцлах тухай мэдэгдэл өгсөн байна.

 

            Нэхэмжлэгч П.Х нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр замын даргын хуулийн зөвлөхийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл өвчтэй гэх шалтгаанаар ажиллаагүй, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй байна. 

 

            Хариуцагч ХНН-ийн даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б-1-379 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу Замын даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А-257 дугаартай тушаалаар замын даргын хуулийн зөвлөхийн орон тоо хасагдсан гэж П.Хтай байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцалж, ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, замын даргын хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

 Хариуцагч ХНН-ийн даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А-257 дугаартай тушаалаар Улаанбаатар төмөр замын даргын хуулийн зөвлөхийн орон тоог 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс хассан байх ба энэ тушаал өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэвээр байхад ажил олгогчийн зүгээс байхгүй орон тоонд нэхэмжлэгчийг ажилд авч, уг ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч П.Хыг замын даргын хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн томилсон 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б-1-257 дугаартай тушаал нь үндэслэлгүй, биелэгдэх боломжгүй байх боловч уг тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг зохигчийн хэн алин гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу нэхэмжлэгч П.Хыг ажлаас халсан тушаалын үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгч, түүний үр дагаврыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэжээ.

 

Хэдийгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр П.Хыг замын даргын хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн томилохыг даалгасан боловч уг ажлын байр хариуцагч байгууллагын бүтцээс хасагдсан байсан тул шүүхийн шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар биелүүлэх үүрэгтэй байжээ.

 

Хариуцагч нь энэхүү үүргээ зөрчиж, П.Хыг байхгүй орон тоонд ажилд авсан тушаал гаргаж, уг ажлаас халсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч П.Хыг түүнтэй тохиролцох замаар замын даргын хуулийн зөвлөхийн ажилтай адил чанарын өөр ажилд томилон ажиллуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч П.Х нь ажилгүй байсан хугацааны цалинд 15,234,124 төгрөг, 2018 оны 11, 12 дугаар сарын цалинд 1,843,783 төгрөг, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид 2,463,547 төгрөгийг тус тус гаргуулахаар шаарджээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгч П.Хын сарын үндсэн цалинг 1,005,700 гэж тохиролцсон байх тул  ажлын 1 өдрийн цалин 46,777 төгрөг байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас халагдах хүртэлээ ажилдаа ирээгүй гэх боловч уг ажлын байр хариуцагч байгууллагад байхгүй, уг ажлын байранд хийх ажил нь тодорхойгүй байсан байх тул  хариуцагч байгууллагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтныг ажлаар, ажиллах орчин нөхцлөөр хангах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд нэхэмжлэгч нь 2018 оны 11,12 дугаар сарын цалинг шаардах эрхтэй тул 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас халсан өдөр буюу  2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийт ажлын 30 хоног байх тул  2018 оны 11,12 дугаар сарын цалинд нийт 1,403,310 төгрөгийг, ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэл нийт 217 өдрийн цалинд 10,150,609 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид 2,463,547 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ... хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас уг тэтгэмжийг авч чадаагүй гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч байгууллагын яг ямар буруутай үйл ажиллагааны улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг авч чадаагүй болох нь тодорхойгүй байх ба нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй байна. Иймд хариуцагч байгууллагаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид авах байсан гэх 2,463,547 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

 

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч П.Хыг замын даргын хуулийн зөвлөхийн ажилтай адил чанарын өөр ажилд томилон ажиллуулахыг хариуцагч ХНН-д даалгаж, нэхэмжлэгчийн 2018 оны 11,12 дугаар сарын цалин болон ажилгүй байсан хугацааны цалинд нийт 11,553,919 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,987,535 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                       ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Хыг замын даргын хуулийн зөвлөхийн ажилтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагч ХХН-д үүрэг болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч “ХНН-с 11,553,919 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч П.Х-т олгож, үлдэх 7,987,535 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч П.Хын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “ХНН-д даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Х нь “ажилгүйдлийн тэтгэмжид 6,034,200 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох, цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс үлдэх шаардлагад төлсөн 180,420 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч “Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-аас улсын тэмдэгтийн хураамжид 199,812 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ                              Х.ЭНХЗАЯА

 

        ШҮҮГЧ                                       М.МӨНХТӨР

 

                                                           А.САРАНТУЯА