Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 0026

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Бид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

               Прокурор                                          Г.Э /онлайнаар/

               Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ц.Э

               Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолтой Н.Бид холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э-н давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Ш овогт Н-н Б.

 

Н.Б нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг хуурч, төмс нийлүүлнэ гэж итгэл төрүүлэн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2.300.000 төгрөг дансаар, 860.000 төгрөг бэлнээр, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 200.000 төгрөг дансаар тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор:

  Шүүгдэгч Ш овгийн Н-н Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бид оногдуулсан 2.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 8 /найм/ сарын хугацаанд сар бүр 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Боос 2.060.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Б -д олгох,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э давж заалдах гомдолдоо:

“... Н.Бийн Хаан банкны дансны хуулга нь тухайн иргэнтэй хийсэн гүйлгээг харуулсан баримт, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас нь урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, баримтууд нь яллагдагчийн хувийн байдалтай холбоотой баримт юм.

Гэтэл анхан шатны шүүх нь Н.Бийг дээрх дансны хуулга болон эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар гэм буруутайд тооцсон нь хэргийн нөхцөл байдал, үйл баримтад хууль ёсны болоод үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 56 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ:  “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бид холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Н.Б нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар иргэн Ц.Б-г хуурч, түүнд “... төмс нийлүүлнэ ...” гэж итгэл төрүүлэн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2.300.000 төгрөгийг дансаар, 860.000 төгрөг бэлнээр, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 200.000 төгрөгийг дансаар, нийт 3.360.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э нь “ ... анхан шатны шүүх Н.Бийг дээрх дансны хуулга болон эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар гэм буруутайд тооцсон нь хэргийн нөхцөл байдал, үйл баримтад хууль ёсны болоод үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй ... хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

Шүүгдэгч Н.Б нь дээрх гэмт хэргийг үйлдэхээсээ өмнө иргэн Ц.Бд тодорхой хэмжээгээр төмс нийлүүлж байсан байх ба 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөн түүнд “төмс нийлүүлнэ” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар 2.300.000 төгрөгийг ХААН банкин дахь өөрийн дансаар, 860.000 төгрөг бэлнээр, мөн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 200.000 төгрөгийг ХААН банкин дахь өөрийн дансаар тус тус шилжүүлэн авсан байна.

 

Залилах гэмт хэргийн онцлог нь бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авахаас гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авах идэвхтэй үйлдлээр илэрнэ.

 

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч Н.Бийн гэм буруутай үйлдлийг залилах гэмт хэргийн шинжийг агуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна.

 

Хэдийгээр шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй.

 

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Бийг оролцуулан түүний төмс хадгалж байсан гэх Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт байрлалтай цоожтой зооринд үзлэг хийх гэсэн боловч тэрээр “ ... уг зоорийг баз Б хариуцдаг, миний мэдлийн зоорь биш ... ” гэж /хх 16/ мэдүүлсэн атал гэрчээр мэдүүлэхдээ “...  би хүний зоорь түрээсэлж байсан ... үлдэгдэл төмсөө ямар хэмжээтэй байгааг мэдээгүй ...” гэжээ. /хх 23/

 

Мөн тэрээр яллагдагчаар мэдүүлэхдээ “... би Б-с мөнгө аваад төмс нийлүүлээгүй ... авсан 2.300.000 төгрөгийг өөрийнхөө өрөнд өгсөн, төмс тарьсан газар болох Булган аймгийн Хангал сумын нутагт хүний газар дээр 1 жил төмс тарьсан ... одоо тэр газрын эзнийг танихгүй, надад өөрийн гэсэн зоорь, төмс тарих газар байхгүй ... 10 га талбайд 20 тонн төмс тарьсан ...” гэж,

харин анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ ... 20 га газарт 33 тонн төмс тарьсан ...” гэх зэргээр өөр хоорондоо илтэд зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад төмс тарьсан газар болон зооринд дахин үзлэг хийлгэх талаар ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаагүй байна.

 

Түүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасанчлан шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт “Гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, ... гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал”-ыг тусгана.

 

            Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирогч Ц.Б-с мөнгө шилжүүлэн авсан гэх банкны дансны хуулга, Н.Бийн урьд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг дурьдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дээрх шаардлагад нийцсэн байна.

 

Өөрөөр хэлбэл шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн ... цаг хугацаа, арга, ... гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ зэргийг тодорхойлохын тулд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дээрх нотлох баримтуудыг дурдсан нь  “... шүүх хэргийн нөхцөл байдал, үйл баримтад хууль ёсны болоод үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй ... ” гэх үндэслэл болохгүй юм.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Н.Бид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч  Ц.Э “... хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                                   С.УРАНЧИМЭГ