Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/56

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

 

Улсын яллагч Б.О

Хохирогч Ц.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э

Шүүгдэгч Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бид холбогдох эрүүгийн 2025000000451 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Булган аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-9-38 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овгийн Н.Б, регистрийн дугаар ........

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.Б нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг хуурч, төмс нийлүүлнэ гэж итгэл төрүүлэн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2.300.000 төгрөг дансаар, 860.000 төгрөг бэлнээр, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 200.000 төгрөг дансаар тус тус шилжүүлсэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Н.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны хавар би Батцэнгэлтэй 20 га газарт 32-33 тн төмс тарьсан. Намар нь 6000 гаруй үр тавар нийлсэн төмс хураан авсан. Би захынханд төмсөө ялгаж зардаг байсан. Өвөрхангай яваад ирэхэд баз Батцэнгэл Хаан хүнс ХХК-д нилээн их төмс зарж, үрийн төмс л үлдсэн байсан. Би хохирогч Бадамсүрэнд 168 шуудай төмс зарна гэж нийт 3.360.000 төгрөг авснаас 1.300.000 төгрөг буцаан төлсөн. Би Бадамсүрэнгээс авсан мөнгөө гэр бүлдээ зарцуулсан. 2019 онд Булган аймгийн Хангал сумын Улаан бургас гэх газар төмс тарьсан. Дахин төмс ногоо тариагүй.Намайг Өвөрхангай яваад ирэхэд 1000 гаруй шуудай дан үрийн төмс л үлдсэн байсан. Ингээд би Бадамсүрэнд төмсийг нь өгч чадаагүй. Одоо үлдэгдэл 2.060.000 төгрөг хохирогчид төлнө гэсэн мэдүүлэг, 

-Хохирогч Ц.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Н.Б нь 2019 оны 12 сарын 13-ны өдөр лангуун дээрээ сууж байхад төмс авах уу эгчээ гээд ороод ирэхээр нь төмсийг нь үзтэл их гоё төмс байхаар нь 68 шуудайг 1.320.000 төгрөг бэлнээр өгч авсан. Гэтэл Бямбадорж надад зөндөө төмс байгаа та дахиад авч болно шүү гэхээр нь 168 шуудайг авья гэсэн чинь 68 шуудайг нь яг одоо аваад ирье, үлдсэнийг нь он гаргаад өгнө санаа зоволтгүй гэхээр нь итгээд 3.360.000 төгрөг өгсөн. Үүнээс нийт 1.300.000 төгрөг өгсөн. Одоо 2.060.000 төгрөг нэхэмжилнэ. Хохирлоо даруйхан гаргуулж авмаар байна, өөр ярих зүйлгүй гэв.

 

-Хохирогч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Цах маркетын 127 дугаар лангуун дээрээ сууж байсан чинь Н.Б нь төмс авах уу? эгчээ гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би төмсийг нь үзтэл их гайгүй байхаар нь 68 шуудайг 1.320.000 төгрөгөөр бэлнээр өгч авсан. Бямбадорж надад хандаж одоо надад 500 шуудай төмс байгаа та дахиад авч болно шүү гэхээр нь ахиад эгч нь 168 шуудайг авъя гэж хэлсэн. Тэгсэн чинь би яг одоо 68 шуудайг нь аваад ирье 100 шуудайг нь он гарсны дараа авч ирж өгнө гэж хэлээд 3.360.000 төгрөгийг аваад явсан  2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр лангуун дээр ирээд надад дахиад нилээн их төмс байна авах уу гэхээр нь 168 шуудай төмс авна гэж хэлж байсан. Та мөнгөө хийчих, оны дараа төмсийг чинь авч ирж өгье гэж хэлэхээр нь өмнө нь надад 2-3 удаа гайгүй төмс авч ирж өгөөд байхаар нь итгээд өгсөн. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2.300.000 төгрөгийг Бямбадоржийн хаан банкны данс руу шилжүүлсэн. Мөн тэр өдрөө бэлнээр 860.000 төгрөгийг өгсөн. Нийт 3.160.000 төгрөг өгсөн. Харин дараа нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Бямбадорж нь таны төмсийг авч ирж өгье, бензин, түлшний мөнгө хэрэгтэй байна үлдэгдэл 200.000 төгрөгөө авъя гэхээр нь данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш удаагүй төмсөө авъя яасан бэ? гэхэд Өвөрхангайд ажил явдалтай явна, ах нас барчихлаа гэсэн. Түүнээс хойш 20 гаран хоног хүлээгээд дахин залгахад эгчээ би очоод өгье, ажил гараад Баян-Өлгий аймагт явна гэсэн. Түүнээс хойш утсаа авахгүй болсон. Гар утас руу нь мессеж бичихээр төмсийг чинь өгнөө л гэсээр байгаад зун болсон. Түүний дараа мөнгийг чинь өгнөө гэсээр өдийг хүрсэн. 168 шуудай төмснөөс нэг ч шуудай төмс өгөөгүй,..” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21, 22 дугаар хуудас/

 

        - Хэргийн газарт үзлэг хийсэн "... Б нь уг зоорийг баз Батцэнгэл хариуцдаг түлхүүр нь Б-д байгаа, миний мэдлийн зоорь биш 2019 онд хамтран төмс тарьж ургацаа түр хурааж байсан, надад өөрийн гэсэн зоорь, төмс тарих газар байхгүй ...” гэх тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн16-18 хуудас/

 

- Яллагдагч Н.Бийн хаан банкны 5090560561 дугаарын дансны хуулгууд /хх-ийн 67-127хуудас/

 

-Шүүгдэгч Н.Бийн яллагдагчаар өгсөн: "... өнгөрсөн жилийн 12 сарын сүүлээр иргэн Б-г “Цах” маркетийн 00 давхарт лангуун дэрээ байхад нь төмс авах уу гэж хэлээд эхлээд 66 шуудай төмсийг 1.320.000 төгрөгөөр зарж байсан. Улмаар Б-тэй танилцаж шинэ жилийн өмнө төмс нийлүүлэхээр болоод өөрийнхөө дансаараа 2.000.000 төгрөгийг, бэлнээр 1.360.000 төгрөгийг авч байсан...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг/хх-ийн 28-31 хуудас/

 

-Н.Бийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 27-31хуудас/

 

      -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 36 хуудас/

 

     -Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохиролд 1.000.000 төгрөг төлсөн тухай баримт  зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

           Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.Б нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг хуурч, төмс нийлүүлнэ гэж итгэл төрүүлэн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2.300.000 төгрөг дансаар, 860.000 төгрөг бэлнээр, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 200.000 төгрөг дансаар тус тус шилжүүлсэн авч залилсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, хохирол 2.060.000 төгрөг гаргуулж, хохирогчид олгох, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй гэжээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Н.Бид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь сэдэлт зорилго нь тогтоогдоогүй, шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй, хэргийн газрын үзлэг дутуу хийгдсэн, Батцэнгэлийг гэрчээр асуугаагүй байх тул хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. Мөн залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй байна. Иргэний хуульд заасан хэлцэлээр үүссэн иргэний хэрэг байна гэж мэтгэлцжээ.

        

   Шүүгдэгч Н.Б нь  бусдыг хуурч хохирогч Ц.Бд 168 шуудай  төмс зарна, яг одоо 68 шуудайг нь аваад ирье,100 шуудайг нь он гарсаны дараа авчирч өгнө гэж  2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2.300.000 төгрөг дансаар, 860.000 төгрөг бэлнээр, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 200.000 төгрөг дансаар нийт 3.360.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн...Би хохирогч Бадамсүрэнгээс нийт 3.360.000 төгрөг авснаас 1.300.000 төгрөг төлсөн. Би Бадамсүрэнгээс авсан мөнгөө гэр бүлдээ зарцуулсан нь үнэн.” гэсэн мэдүүлэг, хохирогч Ц.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Надад зөндөө төмс байгаа санаа зоволтгүй, яг одоо 68 шуудайг нь аваад ирье 100 шуудайг нь он гарсаны дараа авчирч өгнө гэхээр нь итгээд 3.360.000 төгрөг өгсөн. Үүнээс  1.300.000 төгрөгөө буцаан авсан. Одоо 2.060.000 төгрөгөө нэхэмжилж байна. Хохирлоо даруйхан гаргуулж авъя” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Н.Бийн хаан банкны 5090560561 дугаарын дансны хуулгууд, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч... хохирогч Ц.Б, шүүгдэгч Н.Б нарын хооронд иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасан хэлцэл хийгдсэн, мөн хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн, гэрчээр Батцэнгэлийг асуугаагүй зэрэг мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэж байх боловч хавтаст хэргийн 16-18 дугаар талд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан, үзлэгийн тэмдэглэлд шүүгдэгч энэ миний мэдлийн зоорь биш 2019 онд баз Батцэнгэлтэй хамтран төмс тарьж ургацаа түр хадгалж байсан, надад өөрийн гэсэн зоорь, төмс тарих газар байхгүй гэсэн байна. Мөн шүүгдэгч Н.Б нь одоо надад 500 шуудай төмс байгаа, ...би яг одоо 68 шуудайг нь аваад ирье 100 шуудайг нь он гарсны дараа авч ирж өгнө гэж хохирогчийг хуурч итгэлийг эвдэх аргаар залилан 3.360.000 төгрөгийг нь өөрийн мэдэлд шилжүүлэн авсан байх тул түүнийг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Н.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Улсын яллагч шүүгдэгч Н.Бид Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг санал болгосон ба  шүүх гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэх нь зохимжтой гэж үзлээ.

 

          Энэ хэргийн улмаас хохирогчид 3.360.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт 1.300.000 төгрөг авсан гэж байх тул шүүгдэгчээс 2.060.000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овгийн Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бид оногдуулсан 2.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 8 /найм/ сарын хугацаанд сар бүр 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчилэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Боос 2.060.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Б /Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-4-.... тоот, регистрийн дугаар ......, утас 9......../-д олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ш.Э.