Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2022/01986

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 о 04 с 28ө

Дугаар 101/ШШ2022/01986

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ..............., 

Хариуцагч: ..................., 

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ................, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ..................., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............., .................., нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгчийн төлөөлөгч ..............., шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ....................., дугаар ангитай ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Тээвэрлүүлэгчийн захиалгын дагуу Дорнод аймгийн Чойбалсан хот Дорнод ............., ХХК үйлдвэрийн талбайгаас Дорноговь аймгийн Мандах сум буюу тээвэрлүүлэгчийн заасан газарт Зам Төмөр болон Бетон Дэр, тоног төхөөрөмж, хавчаар, боолт, уулзварын бэхэлгээ зэрэг балласнаас бусад материалыг тээвэрлэн хүргэх, хүлээлгэн өгөх, тээвэрлүүлэгч нь гэрээт ажлыг хүлээн авч ажлын хөлс төлөх үүргийг хүлээсэн. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зорих ёсоор биелүүлж бараа материалыг тээвэрлүүлэгчийн заасан газар хүргэн хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр болох 39,281,279 төгрөгийг төлөхгүй нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчин хохироож байна. Иймд Зэвсэгт хүчний 7781 дугаар ангитай байгуулсан ачаа тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 39,281,279 төгрөгийг хариуцагч Зэвсэгт хүчний 7781 дугаар ангиас гаргуулж нэхэмжлэгч .................., ХХК-д олгож өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч .................., шүүхэд гаргасан тодруулсан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.

Ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу нийт тээврийн тооцоогоор 219,708,540 төгрөгийн ажил хийж гүйцэтгэснээс хариуцагч тал 178, 729,060 төгрөгийн төлбөрийг төлсөн. Үүнд:

-2020.10.30-ний өдөр 82, 677, 988 төгрөг

- 2020.12.31 -ний өдөр 24, 381, 035 төгрөг -

- 2021.03.05-ний өдөр 28, 378, 051 төгрөг

- 2021.02.05-ний өдөр 24, 373, 285 төгрөг

- 2021.12.21-ний өдөр 18, 918, 701 төгрөгийн төлбөр тус тус төлөгдсөн. Иймд Төмөр замын суурь бүтэц байгуулах хээрийн анги-тай байгуулсан ачаа тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 20,362,578 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Нэмэлт гэрээн дээр зурахгүй бол мөнгө орохгүй, шүүхдээд явбал 2 жил болно, чи залуу хүүхэд байна дараа дараагийн ажлаа бодох хэрэгтэй, бид нарт дараа дараагийн том төсөл олон байгаа гэж хэлсэн. Тэгээд би тайлбар хэлэх гэхээр чи хамгийн залуухан нь байна чи суу, чамайг дараа дараагийн ажлууд дээр бодолцоно гэж хэлж байсан. Тухайн үед өмгөөлөгч аваагүй байсан нь миний буруу байсан. Гэхдээ цагийн дотор шилжүүлнэ, үгүй бол маргааш гэхэд шилжүүлнэ гэж хэлсэн учраас зурсан. Тухайн үед өр маш их нэхэгдэж байсан. хэрэв хугацаандаа өгч чадвал болж байна, хугацаандаа өгч чадахгүй бол болохгүй гэдэг байдал хэлсэн. Хоёрт дараагийн ажлууд өгнө, дараагийн ажлуудаар алдагдлаа нөх гэж компаниудад санал тавьж байгаа. Одоо барилгын өртөөний ажил, цементийн ажил зөөгдөнө, үүнд танай компанийг номер нэгээр оруулна. Тийм учраас тэр ажилдаа ч алдагдлаа нөхөх боломжтой, хэрэв авахгүй гэвэл та нар мөнгөө авахгүй, хууль шүүхийн байгууллагаар яваад алдагдалтай болно гэж хэлээд нөлөөлсөн. Тэгээд би дараа нь ажилтай байх учир тэр ажлаараа алдагдлаа нөхье гэж бодсон боловч тийм байгаагүй. Нэг цагийн дотор мөнгөө шилжүүлээгүй учир гэрээг цуцалсан, анхны гэрээний үнийн дүнгээр мөнгөө нэхэмжилж байна ... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................., шүүхэд гаргасан тайлбартаа: Зэвсэгт хүчний Төмөр замын бүтээн байгуулалтын ..............., дүгээр анги ЗХББДГ-ын даргын 2020 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 1/2784 тоот албан бичгийг үндэслэн талуудын хүсэл зорилгын дагуу ........................, ХХК-тай 2020 оны 09 сарын 24-ний өдөр Ачаа тээвэрлэлтийн гэрээ №6 байгуулсан. Гэрээний дагуу Дорнод аймгийн Чойбалсан хотод байрлах Дорнод ................, ХХК-ний үйлдвэрийн талбайгаас Дорноговь аймгийн Мандах сумын төмөр замын бүтээн байгуулалтын талбайд дэр бетоныг 1тн/км-ийг 151 төгрөгөөр тооцон тээвэрлэлтийг зохион байгуулан хамтран ажиллаж байсан. Санхүүжилт удааширсан, зардал өссөн шалтгаанаар МТЗ ТӨҮГ-аас Дорнод аймгийн Чойбалсан хотоос хийсэн тээвэрлэлтийн зардлыг бууруулах зорилгоор МТЗ ТӨҮГ-ын Санхүү эрхэлсэн захирал ..............., ЗХ-ний Барилга инженерийн цэргийн Удирдах газрын дарга .............., ангиудын санхүүгийн дарга нар, тээвэрлэгч талуудыг захирлуудыг байлцуулан 2021 оны 02 сарын 25-ны өдөр Тээвэрлэлтийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтыг үндэслэн дараах нэмэлт, өөрчлөлтийг Ачаа тээвэрлэлтийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад Дорнод аймгаас Тээвэрлүүлэгчийн заасан төслийн талбай хүртэл тээвэрлэгдэх бетон дэрний төлбөрийг 137 төгрөг болгон өөрчлөлт оруулахыг харилцан тохиролцон шийдвэрлэсэн. Тус анги нь санхүүжилт орж ирэхээр тухай бүрд нь шилжүүлж байсан. Гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу Дорнод аймгаас тээвэрлэсэн нийт тээвэрлэсэн дэр бетоны 1 тн/км тээврийн хөлсийг 137 төгрөгөөр тооцон урд шилжүүлсэн төлбөрийг хасаад үлдэгдэл өглөгийн 60 хувийг Дорнод .............., ХХК-иас шилжүүлсэн тээврийн хөлснөөс тооцон олгосон. Тооцоо нийлсэн актаар эцсийн үлдэгдэл 18,918,700.61 төгрөгийн өглөгтэй байна. Тус ангийн хувьд дээд шатны байгууллагаас өгсөн санхүүжилтийг гэрээ байгуулсан тээвэрлэгч компанид тооцон олгох үүрэгтэй тул тус компанийн нэхэмжилж байгаа төлбөрийг төлөх боломжгүй. Тухайн нэмэлт гэрээ байгуулах шийдвэр өгсөн МТЗ ТӨҮГ, ЗХ-ний БИЦУГ нь энэ асуудалд хариу өгөх эрх бүхий байгууллагууд юм... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............., ................ нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн Шинэ төмөр зам" төслийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тус анги нь төмөр замын дээд бүтцийн ажилд шаардлагатай материал болох зам төмөр, бетон дэрийг тээвэрлэх хэрэгцээ шаардлага үүссэн. Иймд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Түрээсийн гэрээ байгуулж хамтран ажиллах тухай мэдэгдлийг үндэслэн нэхэмжлэгч ............., ХХК болон бусад аж ахуйн нэгж байгууллагатай "............. ХХК, .............. ХХК, ............" ХХК, ............... ХХК г.м/ Ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулан ажилласан. Тус төслийн ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах, худалдан авалт, аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 315 дугаар тушаалаар байгуулан Дэд ажлын хэсэг" зохион байгуулсан. Тус ажлын хэсгээс зам төмөр, бетон дэр тээвэрлэх үнийн тарифыг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны Норм батлах тухай 256 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтад заасан Автомашинаар ачаа тээвэрлэх 1 тн.км-ийн жишиг тариф-ыг үндэслэн зам төмөр, дэр бетоныг 151.56 төгрөгөөр 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 140 дүгээр зөвлөмж гарсан. Гэвч Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн явцтай Монгол Улсын Ерөнхийлөгч танилцах явцдаа Дорнод аймагт байрлах бетон дэр үйлдвэрлэгч Дорнод ..............% ХХК-ийн үйлдвэрийн талбайгаас Зэвсэгт хүчний ангиуд шууд тээвэрлэлт хийх чиглэл өгсөн. Тус шийдвэрийг хэрэгжилтийг хангахаар төслийн Захиалагч Монголын төмөр зам ТӨХК, Зэвсэгт хүчний Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар, Дорнод ............, ХХК харилцан тохиролцож Дорнод аймгаас Зэвсэгт хүчний ангиуд өөрийн хэрэгцээт бетон дэрийг тээвэрлэх чиглэл өгсөн. Дэд ажлын хэсгийн 2020 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн 140 дүгээр зөвлөмжид зааснаар тээвэр хийх байршлыг Зүүнбаянгаас Цогтцэций чиглэлд гэж тогтоож өгсөн, гэвч Ерөнхийлөгчийн өгсөн аман шийдвэрээр Зэвсэгт хүчний ангиуд Зүүнбаянгаас бус Дорнод аймгийн төвөөс дэр бетоныг тээвэрлэх бодит нөхцөл байдал үүссэн. Захиалагч Монголын төмөр зам ТӨХК-аас Дорнод-Зүүнбаян хооронд тээвэрлэх тарифыг 151.56 төгрөгөөр тогтоох шийдвэрийг Дэд ажлын хэсэг-ээр хэлэлцүүлэн зөвлөмж гаргуулна гэсэн боловч тус зөвлөмж нь гараагүй тул Зэвсэгт хүчний анги тээвэрлэлтийн тарифын зөрүүнээс алдагдал хүлээсэн. Тус асуудлаар Захиалагч Монголын төмөр зам ТӨХК-д хандахад дэр бетон тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэсэн туслан гүйцэтгэгч компаниудтай уулзалт зохион байгуулж, төслийн ажил оролцсон аль аль талынх нь алдагдлыг харилцан бууруулах хүрээнд нэмэлт гэрээ байгуулж, 1 тн.км-ийн тээврийн тарифыг 151.56 төгрөг байсныг аж ахуйн нэгж байгууллагуудтай харилцан тохиролцож 1 тн.км-ийн тээврийн тарифыг 137 төгрөг болгон бууруулсан. Дээрх 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №01 дугаартай нэмэлт гэрээг зөвхөн ................., ХХК-тай байгуулаагүй бусад тээврийн компаниудтай | байгуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдахдаа төлбөрийг нэн даруй шилжүүлнэ гэж тохиролцсон гэж байна гэвч Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн Шинэ төмөр зам төслийг Эрдэнэс таван толгой ХК-аас санхүүжүүлдэг. Захиалагч Монголын төмөр зам ТӨХК-д төслийн санхүүжилт орохгүй удааширсан нөхцөл байдлаас шалтгаалан Зэвсэгт хүчний ангиуд туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон. Тус анги нь санхүүжилт орсон даруйд гэрээ байгуулсан аж ахуйн нэгж байгууллагын төлбөрийг нэн даруй төлж байсан болно. Талуудын санхүү, нягтлан бодогч нар 2021 онд гэрээний дагуу тээвэрлэсэн дэр бетоны хэмжээ, анхан шатны баримтуудыг тулган шалгаж үлдэгдэл төлбөр нь 18,918,700.61 төгрөг болохыг тогтоож 2 талаас санхүүгийн тамга дарж баталгаажуулсан. Иймд Зэвсэгт хүчний тус анги нь талуудын тулган шалгасан баримтыг үндэслэн гэрээний үлдэгдэл төлбөр 18,918,700.61 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн болно. Зам тээврийн хөгжлийн яамны сайдын 2019 оны 310 дугаар тушаалын дагуу байгуулагдсан хээрийн ажлын хэсэг гэж байдаг. Энэ нь Таван толгой Зүүн баян чиглэлийн төмөр зам дахь төслийн ажлыг хийх, төслийн ажлын худалдан авалтыг шийдэх зохион байгуулалтыг хангах ажлын хэсэг байсан. Дорнод ............., ХХК нь тухайн төслийн ажлыг дэр бетоноор хангах үндсэн үүрэгтэй компани байсан. Тэр компани Дорнодоос Зүүн баян хүртэл тээвэрлээд Зүүн баянгаас Цогт цэций чиглэлд манай Зэвсэгт хүчний анги тээвэрлэх үндсэн үүрэгтэй байсан. Гэтэл Дорнод ..............., ХХК нь Грейт ложистик ХХК болон бусад компаниудыг 82 төгрөгөөр тээвэрлүүлдэг байсан. Тэгээд Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнод ган хийц ХХК дээр очоод энэ ажлыг эрчимжүүл, Зэвсэгт хүчний ангиудыг шууд тээвэрлэлтээр тээвэрлэ гэсэн албан бус шийдвэр өгсөн. Түүнийг үндэслээд Монголын төмөр зам буюу захиалагч компани хэлээд Зэвсэгт хүчний ангиудад дунджаар гэж үзээд 89 төгрөгөөр тээвэрлэх боломжтой юм байна гэж үзээд Зэвсэгт хүчний ангиудыг оруулсан. Тухайн үед 151 төгрөг гэдэг нь Таван толгой Зүүн баян Цогт цэций чиглэлийн хоорондох тээвэрлэлтийн үнэ байсан. Дорнодоос Зүүн баян хүртэл Дорнод ....................., ХХК тээвэрлэх үүрэгтэй. Үүнийг Ерөнхийлөгчийн шийдвэрээр Зэвсэгт хүчний ангиудыг оруул гэсний дагуу бид өөрсдийн техник болон туслан гүйцэтгэгч компаниудаар техникээр тээвэрлэсэн. Монголын төмөр зам компани 151 төгрөгөөр дэд ажлын хэсэг гаргуулна гэсэн боловч эхэлсэн ажилд бид шийдвэр гаргахгүй гэсний улмаас Зэвсэгт хүчний ангиуд хүртэл 89 төгрөгөөс 151 төгрөг хүртэл гэхээр 1 тэрбум гаруй төгрөгийн алдагдалд орчихоод байгаа. Иймд нэхэмжлэгч талаас 20,362,578 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагадаа талуудын хооронд байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №01 дугаартай гэрээг хүчээр байгуулж, гарын үсэг зуруулсан гэсэн. Гэвч хариуцагч талаас ямар нэгэн хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл гаргаагүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгч .................., ХХК-тай бус өөр олон тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагатай нэмэлт гэрээ байгуулж, нэмэлт гэрээгээр харилцан тохиролцсон төлбөрийг бүрэн шилжүүлж гэрээг дүгнэж ажилласан болно... гэв.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Зэвсэгт хүчний ...........:дүгээр анги, ................, ХХК нарын хооронд байгуулсан ачаа тээвэрлэлтийн гэрээний хуулбар 3 хуудас, тээвэр хийсэн бүртгэл 1 хуудас, нэхэмжлэх 1 хуудас, ...................., ХХК-иас Зэвсэгт хүчний .................., дүгээр ангийн захирагч хошууч генерал ..................., илгээсэн гэрээг цуцалсан тухай мэдэгдэл 1 хуудас, Зэвсэгт хүчний ............ дүгээр ангийн захирагч хошууч генерал ............., ............... ХХК-ийн захирал ...................., нарын хооронд байгуулсан ачаа тээвэрлэлтийн 2020.12.24-ний өдрийн 06-01 дугаартай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар 1 хуудас, Бетон дэр тээвэрлэлтийн бүртгэл тооцооны баримт 1 хуудас, .................... ХХК-ийн Хаан банкны депозит дансны хуулга 5 хуудас.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Тооцооны үлдэгдлийн баталгааны баримт 1 хуудас, ..............., ХХК-тай байгуулсан гэрээний дэр бетон тээвэрлэлтийн бүртгэлийн баримт 2 хуудас, зарлагын баримт 2 хуудас, төлбөрийн баримт 4 хуудас.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Зэвсэгт хүчний жанжин штабаас Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газарт хүргүүлсэн түрээсийн гэрээ байгуулж хамтран ажиллах тухай албан бичиг 2 хуудас, техник түрээслэгч аж ахуй нэгжээс Зэвсэгт хүчний ангиудын техник түрээслэх хуваарь 1 хуудас, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримт 4 хуудас, үзлэгийн тэмдэглэл, гэрч асуусан тэмдэглэл. 

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ................, ХХК хариуцагч Зэвсэгт хүчний ............, дүгээр ангид холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 39,281,279 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 18,918,701 төгрөгийг төлсөн үндэслэлээр багасгаж, 20,362,578 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Зэвсэгт хүчний ............, дүгээр анги улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь лавлагаагаар тогтоогдсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг Төмөр замын суурь бүтэц байгуулах хээрийн анги Улсын төсөвт үйлдвэрийн газар гэж тодорхойлсныг үндэслэн, иргэний хэрэг үүсгэх захирамжид өөрчлөлт оруулсан.

 

Хариуцагч тал манай байгууллагаас санхүүжээгүй, гэрээний нэмэлт өөрчлөлтөөр тохирсон 137 төгрөгөөр тооцож мөнгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Зохигчдын хооронд ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан байх ба ...................., ХХК зам төмөр, бетон дэр, тоног төхөөрөмжийг Дорнод аймаг Чойбалсан хот Дорнод ............., ХХК-ийн үйлдвэрийн талбайгаас Дорноговь аймгийн Мандах суманд тээвэрлэн ирж, ачааг хүлээлгэн өгөх, Төмөр замын суурь бүтэц байгуулах хээрийн анги УТҮГ ачааг хүлээн авч хөлс төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна. /хх-9-11/

 

Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Гэрээний 2.1-д ажлыг 2020 оны 09 сарын 24-ний өдрөөс 90 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон байх ба ...................., ХХК 2020 оны 10 сарын 2-ны өдрөөс 2021 оны 01 сарын 27-ны өдрийн хооронд 34 удаа авто машины тээвэрлэлтээр Дорнод аймаг Чойбалсан хот Дорнод ................, ХХК-ийн үйлдвэрийн талбайгаас Дорноговь аймгийн Мандах суманд нийт 32,136 километр зайд, 1,551 тонн зам төмөр, бетон дэр, тоног төхөөрөмжийг тээвэрлэсэн болох нь зохигчийн тайлбар, бетон тээвэрлэлтийн бүртгэл зэргээр тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй. /хх-12, 28-29/

 

Төмөр замын суурь бүтэц байгуулах хээрийн анги УТҮГ-аас ...................., ХХК-д 2020.12.20-нд 6,259,400 төгрөгийн, 2021.01.31-нд 14,357,502 төгрөгийн, нийт 20,616,152 төгрөгийн шатахуун өгсөн, дансаар 2020.10.30-нд 82,677,988 төгрөг, 2020.12.31-нд 24,381,035 төгрөг, 2021.02.05-нд 24,373,285 төгрөг, 2021.03.05-нд 28,378,051 төгрөг, 2021.12.21-нд 18,918,701 төгрөг, нийт 178,729,060 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, ...................., ХХК-ийн Хаан банк дахь 5115076587 тоот дансны хуулгаар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.

/хх-13, 30-31, 95-99/

 

Нэхэмжлэгч тал 2021.04.05-ны нэхэмжлэх дээр түлш 20,616,902 төгрөгийг төлөгдсөн үнийн дүнд тооцсон байна. /хх-13/

 

Нэхэмжлэгч тал ...2021 оны 2 сарын 25-ны өдөр нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулахад хүчээр гарын үсэг зуруулсан, үлдэгдэл төлбөрийг тэр өдөртөө багтаан хийх нөхцөлтэйгээр гэрээнд гарын үсэг зурсан, тэр өдрөө мөнгөө өгөөгүй учир үндсэн гэрээний дагуу тонн километрийг 151 төгрөгөөр тооцож нэхэмжилж байна... гэж тайлбарлаж байна.

 

2021 оны 02 сарын 25-ны өдөр Монголын төмөр зам ТӨХК-ийн төлөөлөл, Зэвсэгт хүчний ..........-р ангийн төлөөлөл, Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын төлөөлөл, ачаа тээвэрлэсэн компаниудын төлөөллийг оролцуулж ярилцсаны үндсэн дээр зохигчдын хооронд байгуулагдсан ачаа тээвэрлэлтийн гэрээнд 2021 оны 2 сарын 25-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, бетон дэрний төлбөрийг 1 тонн километрийг 151 төгрөгөөр тооцож 216,781,407137 төгрөг болохыг 1 тонн километрийг 137 төгрөгөө тооцож 196,682,468 төгрөг байхаар өөрчлөлт оруулсан болох нь зохигчийн тайлбар, ачаа тээвэрлэлтийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 06-01 дугаартай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, гэрч ....................., мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

/хх-16, 56-57/

 

Хариуцагч талын ....анх гэрээ байгуулахад 1 тонн километрийг 151 төгрөгөөр тооцсон үнэ нь Дорноговь аймгийн Зүүнбаянгаас Өмнөговь аймгийн Цогтцэций хүртэл тээвэрлэхэд баримтлах үнэ байсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн аман шийдвэрээр Зэвсэгт хүчний ангиудад Дорнод аймгийн төвөөс Зүүнбаян хүртэл тээвэрлэх чиглэл өгсөн. Захиалагч Монголын төмөр зам ТӨХК-иас Дорнод-Зүүнбаянгийн хооронд ачаа тээвэрлэх тарифыг 151.56 төгрөгөөр тогтоох шийдвэрийг дэд ажлын хэсэг-ээр хэлэлцүүлэн зөвлөмж гаргуулна гэсэн боловч тус зөвлөмж гараагүй... гэх тайлбар үндэслэлтэй, энэ нөхцөл байдлын улмаас гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Монголын төмөр зам ТӨХК-иас гаргасныг ачаа тээвэрлэсэн ..................., ХХК-ийн захирал .................., хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Санхжүүжилтийг 151 төгрөгөөр тооцох зөвшөөрөл авч чадаагүй үндэслэлээр 1 тонн километрийг 137 төгрөгөөр тооцож гэрээнд өөрчлөлт оруулах талаарх Монголын төмөр зам ТӨХК-ийн төлөөлөгч ...................., саналыг ачаа тээвэрлэсэн компаниудын төлөөлөл болох ........................, ХХК-ийн захирал .................., Арцын хишиг ХХК-ийн захирал ................., Эверест оллайнс транс ХХК-ийн төлөөлөл хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан болохыг гэрч ................., гэрчлэн мэдүүлсэн ба ................, ХХК-ийн захирал ..............., гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Гэрээний үнийн дүнг Төмөр замын суурь бүтэц байгуулах хээрийн анги дангаар шийдвэрлэх эрхгүй, санхүүжилт Монголын төмөр зам ТӨХК-иар дамжигдаж олгогдож байсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гар утсан дахь үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, хэргийн нөхцөл байдал зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч тал ...тэр өдрөө үлдэгдэл төлбөрөө хийгээгүй... гэж тайлбарлаж байх боловч нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулагдсан 2021.02.25-ны өдрөөс хойш 10 хоногийн дотор хариуцагч талаас нэхэмжлэгч талд 2021.03.05-нд 28,378,051 төгрөг шилжүүлэн өгсөн байна.

Талууд гэрээгээр үлдэгдэл төлбөрийг өгөөгүй тохиолдолд 1 тонн километрийг 151 төгрөгөөр тооцохоор тохироогүй байх тул нэмэлт өөрчлөлтийн гэрээний үнийн дүнгээр тооцож шийдвэрлэх нь зүйтэй.

 

2021.02.25-ны байдлаар нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр ..................., ХХК-ийн ачаа тээвэрлэлтийн гэрээний үүрэгт төлөхөөр тохирсон 196,682,468 төгрөгөөс 20,616,152 төгрөгийн шатахуун авсныг, дансаар 2020.10.30-нд 82,677,988 төгрөг, 2020.12.31-нд 24,381,035 төгрөг, 2021.02.05-нд 24,373,285 төгрөг, 2021.03.05-нд 28,378,051 төгрөг, 2021.12.21-нд 18,918,701 төгрөг, нийт 178,729,060 төгрөг авсныг тус тус хасаж тооцоход 2,662,744 төгрөгийг илүү төлсөн гэж үзэхээр байна.

 

Иймд ачаа тээвэрлэлтийн гэрээ, нэмэлт өөрчлөлтийн гэрээний үүргээ хариуцагч тал биелүүлсэн гэж дүгнэн, хариуцагч Төмөр замын суурь бүтэц байгуулах хээрийн анги УТҮГ-аас 20,362,578 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч .................., ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Төмөр замын суурь бүтэц байгуулах хээрийн анги УТҮГ-аас 20,362,578 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ..................., ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ