Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/ма2022/01279

 

 

 

 

 

 

 

 

2022 07 06 210/МА2022/01279

 

 

Г ХХК К-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/01986 дугаар шийдвэртэй, Г ХХК К-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т Г-т холбогдуулан гаргасан 20,362,578 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Г.Ба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Зэвсэгт хүчний 7781 дугаар ангитай ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу тээвэрлүүлэгчийн захиалгын дагуу Дорнод аймгийн Чойбалсан хот Дорнод Ган хийц ХХК үйлдвэрийн талбайгаас Дорноговь аймгийн Мандах сум буюу тээвэрлүүлэгчийн заасан газарт Зам Төмөр болон Бетон Дэр, тоног төхөөрөмж, хавчаар, боолт, уулзварын бэхэлгээ зэрэг балласнаас бусад материалыг тээвэрлэн хүргэх, хүлээлгэн өгөх, тээвэрлүүлэгч нь гэрээт ажлыг хүлээн авч ажлын хөлс төлөх үүргийг хүлээсэн. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж бараа материалыг тээвэрлүүлэгчийн заасан газар хүргэн хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн. Ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу нийт тээврийн тооцоогоор 219,708,540 төгрөгийн ажил хийж гүйцэтгэснээс хариуцагч тал 178,729,060 төгрөгийн төлбөрийг төлсөн. Үүнд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 82,677,988 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 24,381,035 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 28,378,051 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 24,373,285 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 18,918,701 төгрөгийн төлбөр тус тус төлөгдсөн. Иймд тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 20,362,578 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Зэвсэгт хүчний Төмөр замын бүтээн байгуулалтын 7781 дүгээр анги ЗХББДГ-ын даргын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1/2784 тоот албан бичгийг үндэслэн талуудын хүсэл зорилгын дагуу Г ХХК К-тай 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Дорнод аймгийн Чойбалсан хотод байрлах Дорнод Ган Хийц ХХК-ийн үйлдвэрийн талбайгаас Дорноговь аймгийн Мандах сумын төмөр замын бүтээн байгуулалтын талбайд дэр бетоныг 1 тн.км-ийг 151 төгрөгөөр тооцон тээвэрлэлтийг зохион байгуулан хамтран ажилласан. Санхүүжилт удааширсан, зардал өссөн шалтгаанаар талуудын захирлуудыг байлцуулан 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тээвэрлэлтийн гэрээний 8.2заалтыг үндэслэн дараах нэмэлт, өөрчлөлтийг ачаа тээвэрлэлтийн гэрээний 3.3 Дорнод аймгаас тээвэрлүүлэгчийн заасан төслийн талбай хүртэл тээвэрлэгдэх бетон дэрний төлбөрийг 137 төгрөг болгон өөрчлөлт оруулахыг харилцан тохиролцсон шийдвэрлэсэн. Тус анги нь санхүүжилт орж ирэхээр тухай бүрд нь шилжүүлж байсан. Гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу нийт тээвэрлэсэн дэр бетоны 1 тн.км тээврийн хөлсийг 137 төгрөгөөр тооцон урд шилжүүлсэн төлбөрийг хасаад үлдэгдэл өглөгийн 60 хувийг Дорнод Ган хийц ХХК-иас шилжүүлсэн тээврийн хөлснөөс тооцон олгосон. Тооцоо нийлсэн актаар эцсийн үлдэгдэл 18,918,700.61 төгрөгийн өглөгтэй байна. Тус ангийн хувьд дээд шатны байгууллагаас өгсөн санхүүжилтийг гэрээ байгуулсан тээвэрлэгч компанид тооцон олгох үүрэгтэй тул тус компанийн нэхэмжилж байгаа төлбөрийг төлөх боломжгүй. Тус төслийн ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах, худалдан авалт, аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 315 дугаар тушаалаар байгуулан дэд ажлын хэсгээс ачаа тээвэрлэх 1 тн.км-ийн жишиг тарифыг үндэслэн зам төмөр, дэр бетоныг 151.56 төгрөгөөр тогтоох шийдвэрийг Дэд ажлын хэсгээр хэлэлцүүлэн зөвлөмж гаргуулна гэсэн боловч тус зөвлөмж нь гараагүй тул Зэвсэгт хүчний анги тээвэрлэлтийн тарифын зөрүүнээс алдагдал хүлээсэн. Тус асуудлаар уулзалт зохион байгуулж, төслийн ажил оролцсон аль аль талынх нь алдагдлыг харилцан бууруулах хүрээнд нэмэлт гэрээ байгуулж, 1 тн.км-ын тээврийн тарифыг 151.56 төгрөг байсныг аж ахуйн нэгж байгууллагуудтай харилцан тохиролцож 1 тн.км-ын тээврийн тарифыг 137 төгрөг болгон бууруулж нэмэлт гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдахдаа төлбөрийг нэн даруй шилжүүлэхээр тохиролцсон гэж байна. Гэвч Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн Шинэ төмөр зам төслийг Эрдэнэс таван толгой ХК-аас санхүүжүүлдэг. Захиалагч Монголын төмөр зам ТӨХК-д төслийн санхүүжилт орохгүй удааширсан нөхцөл байдлаас шалтгаалан Зэвсэгт хүчний ангиуд туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон. Тус анги нь санхүүжилт орсон даруйд гэрээ байгуулсан аж ахуйн нэгж байгууллагын төлбөрийг нэн даруй төлж байсан болно. Талууд баримтуудыг тулган шалгаж үлдэгдэл төлбөр нь 18,918,700.61 төгрөг болохыг тогтоож 2 талаас санхүүгийн тамга дарж баталгаажуулан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн. Монголын төмөр зам компани 151 төгрөгөөр дэд ажлын хэсэг гаргуулна гэсэн боловч эхэлсэн ажилд бид шийдвэр гаргахгүй гэсний улмаас Зэвсэгт хүчний ангиуд хүртэл 89 төгрөгөөс 151 төгрөг хүртэл гэхээр 1 тэрбум гаруй төгрөгийн алдагдалд орчихоод байгаа. Иймд нэхэмжлэгч талаас 20,362,578 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагадаа талуудын хооронд байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №01 дугаартай гэрээг хүчээр байгуулж, гарын үсэг зуруулсан гэсэн. Гэвч хариуцагч талаас ямар нэгэн хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл гаргаагүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгч Грейт ложистик ХХК-тай бус өөр олон тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагатай нэмэлт гэрээ байгуулж, нэмэлт гэрээгээр харилцан тохиролцсон төлбөрийг бүрэн шилжүүлж гэрээг дүгнэж ажилласан болно гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т Г-аас 20,362,578 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г ХХК К-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх үедээ хуулийн дээрх зүйл, заалтыг хангаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй. Учир нь шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг нотлох баримтаар дурдсан атлаа үндэслэх хэсэгт нэмэлт өөрчлөлтийг цуцалсан мэдэгдэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мэдэгдлийг нотлох баримтаар үнэлээгүй тухайгаа дурдаагүй байгаа шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Тус мэдэгдэлд гэрээний нэмэлт өөрчлөлтийг талууд харилцан тохиролцох үедээ төлбөрийг нэг цагийн дотор төлөхөөр харилцан тохиролцож гарын үсэг зурсан боловч энэ үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлийг дурдаж үндсэн гэрээний 7.1 дэх хэсэгт зааснаар нэг талын санаачлагаар цуцалж байгаа болохыг мэдэгдсэн холбогдох нотлох баримтыг шүүхэд гарган өгсөн. Энэ тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Д.Отгонцэдэв мэдүүлэхдээ ... гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж мэдүүлсэн. Манай компани Зэвсэгт хүчний 7781 ангитай нэмэлт, өөрчлөлтийн гэрээ байгуулах болсон гол шалтгаан нь үлдэгдэл төлбөрийг нэг цагийн дотор төлнө гэж хэлснээс болж нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулах болсон. Гэтэл хариуцагч тохиролцсон үүргээ биелүүлэхгүй байсан тул үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсаны эцэст арга буюу нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан. Ингэхдээ Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангитай 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 3.3 болон 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан ачаа тээвэрлэлтийн үндсэн гэрээний 7.1-д зааснаар гэрээг цуцалж энэ тухай хариуцагч талд даруй мэдэгдэж ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу төлбөрөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх нотлох баримтад тал бүрээс нь бүрэн, бодит дүгнэлт хийж, нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцлах болсон шалтгаанд хууль зүйн дүгнэлт хийхгүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтад хууль зүйн болон бодит үндэслэлийг дутуу үнэлж байгаа нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд дордуулж байна. Иймд дээрх нөхцөлд байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн гэж тайлбарласан. Тухайн гэрээг цуцалсан талаарх мэдэгдлийг хүргүүлсэн, хүлээж аваад гарын үсэг зурсан болон гардуулж өгсөн талаар баримт огт байдаггүй бөгөөд хэрэгт авагдаагүй. Талуудын хооронд байгуулагдсан үндсэн гэрээний дагуу нэмэлт гэрээг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан. Гэрээнд дурдсанаар нэхэмжлэгчийн 2021 оны 03 дугар сарын 18-ны өдөр өгсөн албан бичигт санхүүжилтын талаар бүх тайлбарыг дэлгэрэнгүй бичсэн. Тухайн нэмэлт гэрээг байгуулагдсанаас хойш 10 хоногийн дотор манай зүгээс 18,918,701 төгрөгийг шилжүүлсэн. Нэг хоногийн дотор шилжүүлнэ гэж талууд огт тохиролцоогүй. Гэрээ хийгдэх үед 70 хувь хүртэлх төлбөрийг төлсөн байсан. Гэрээ байгуулагдсанаас хойш Т Г-аас санхүүжилт хуваарийн дагуу орж ирсэн даруйд мөнгийг шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г ХХК К нь хариуцагч Т Г-т холбогдуулан 20,362,578 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тээвэрлэлтийн гэрээний үлдэгдэл хөлсөө гаргуулна гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...төслийн санхүүжилт орохгүй удааширсан нөхцөл байдлаас болж төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон, гэрээнд өөрчлөлт оруулж дэр бетоныг 1 тн.км-ын тээврийн хөлсийг 137 төгрөгөөр тооцож төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан.

4. Зохигчд хоорондоо 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ачаа тээвэрлэлтийн гэрээг байгуулж, уг гэрээгээр тээвэрлэгч нь Дорнод аймгийн Чойбалсан хот, Дорнод Ган хийц ХХК үйлдвэрийн талбайгаас Дорноговь аймгийн Мандах сум хүртэл 32,136 км зайд 1,551 тн.км зам төмөр болон бетон дэр, тоног төхөөрөмжийг хүргэх, тээвэрлүүлэгч нь 1 тн.км-ыг 151 төгрөгөөр тооцон хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх9-11/

5. Зохигчдын тайлбар, дээрх гэрээнд заасан зорилго, агуулга хэрэгжсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Талууд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дээрх гэрээний 2.1-д Дорнод аймгаас тээвэрлүүлэгчийн заасан төслийн талбай хүртэл тээвэрлэгдэх бетон дэрний төлбөр болох 216,781,407 төгрөгийг 196,682,468 төгрөг болгон өөрчлөлт оруулахыг харилцан тохиролцон шийдвэрлэв. гэж нэмсэн өөрчлөлт оруулж, уг тээврийн ажлын хөлсийг талууд 1 тн.км-ыг 137 төгрөгөөр тээвэрлэхээр тохиролцож өөрчилсөн байх ба нэхэмжлэгч Грейд ложистикс ХХК нь ачааг тээвэрлэсэн үйл баримт хэргийн баримтаар болон талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-16, 56-57, 94-99/

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтад хамаарна. Гэрч Д.Отгонцэдэв ...1 тонн ачааг 137 төгрөг болгох саналыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ажлаа үргэлжлүүлэх, бодитоор тээвэрлэсэн авлагынхаа 60 хувийг амжвал өнөөдөртөө багтааж компаниудын данс руу шилжүүлье гэсэн тохиролцоотой гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан... гэж мэдүүлсэн байна.

6. Зохигчид 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Г ХХК К нь 18,918,700 төгрөгийн авлагатай гарсныг харилцан баталсан болох нь тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогджээ. /хх-27/

Хариуцагч нь нэхэмжлэгчид 20,616,152 төгрөгийн шатахуун, гэрээний хөлсөнд 178,729,060 төгрөгийг дансаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх13, 30-35/

7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтыг зөв тогтоож, хариуцагч нь нэхэмжлэгчид тээврийн хөлс төлөх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгчийн тайлбарлаж буй нэмэлт өөрчлөлтийн гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан, төлбөрийг 1 цагийн дотор хийж гүйцэтгэх нөхцөлтэйгөөр гэрээнд өөрчлөлт оруулсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/01986 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 259,765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Д.ЦОГТСАЙХАН