Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 118/2016/0028/з |
Дугаар | 221/MA2017/0269 |
Огноо | 2017-04-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 221/MA2017/0269
2017 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 221/МА2017/0269 | Улаанбаатар хот |
Ч.Дашхүүгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ч.Дашхүү нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Дашхүүгийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Дашхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/123 дугаар захирамжийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Ч.Дашхүүг Завхан аймгийн Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ч.Дашхүүгийн ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 66 хоногийн цалин, хөлс 3141458 төгрөгийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж холбогдох дэвтрүүдэд бичилт хийж олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Шүүхийн шийдвэрт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримталсан нь буруу байна гээд дээрх заалтыг хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд аливаа нэгэн албан тушаалтанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглосон агуулгатай байна гэж хуулийг буруу тайлбарлаж байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэж албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэхийг хориглосон. Мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглосон байна.
Гэтэл шүүхийн шийдвэрт ганцхан хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглосон агуулгатай гэж хуулийг өрөөсгөл тайлбарлаж байгаа нь өөрөө хууль зөрчиж байна.
Аймгийн Засаг даргын зүгээс захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн технологийн багш Ч.Эрдэнэцэцэг нэхэмжлэгчийн эхнэр, нягтлан бодогчоор ажиллаж байсан Р.Норовсамба нэхэмжлэгч Ч.Дашхүү нар нь төрсөн ах дүүгийн хүүхдүүд, дунд ангийн сургалтын менежер Д.Оюунчимэг хадам ахынх нь хүүхдүүд, дотуур байрны багш авга ахынх нь бэр, сургуульд бензин шатахуун, дотуур байрны хүнсний мах нийлүүлдэг хүн хадам ах нь сургуулийн нягтлан бодогч, нярав нар нь төрсөн ах дүүсийн хүүхдүүд юм гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргаагүй байна. Ч.Дашхүү нь 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр тушаалаар нягтлан бодогч Р.Норовсамбад ур чадварын нэмэгдлийг 25 хувиар олгохоор, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр тушаалаар Д.Оюунчимэгийг дунд ангийн сургалтын менежерээр томилох, 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 39, 11 дүгээр сарын 14-ний өдрийн 50, 12 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тушаалуудаар Д.Оюунчимэгийн цалингийн шатлалыг ахиулж, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/02, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/08, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаар тушаалуудаар Д.Оюунчимэгийг жирэмсний амралтын хугацаагаар түр чөлөөлөхөөр, ажилд эгүүлэн томилохоор, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/01 тушаалаар эхнэр болон нэр бүхий багш, ажилчдад 5 хувийн ур чадварын нэмэгдэл олгохоор, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/04, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/12 дугаар тушаалаар нийт багш ажилчдад ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохоор, үүнд эхнэрийг хамруулсан шийдвэрүүдийг тус тус гаргажээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.6 дахь хэсэгт зааснаар албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй. Ч.Дашхүү нь өөрт хамаарал бүхий этгээд болох эхнэрт ур чадварын нэмэгдэл, урамшуулал олгосон шийдвэрийг гаргасан бөгөөд энэ талаараа эрх бүхий албан тушаалтанд мэдэгдээгүй байна” гэж шүүхийн шийдвэрт нотлох баримтуудыг үнэлсэн байгаа тул тогтоогдож байна. Дээрх зөрчилд хүлээлгэх хариуцлага нь дээрх хуульд ажлаас халахаар заасан тул авах арга хэмжээ нь тодорхой юм. Боловсрол соёлын газраас ирүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/397 дугаар албан бичигт “... Баянтэс сумын сургуулийн захирал төрөл, саднаа сургуульд ажиллуулж байгаа ... тул арга хэмжээ авахуулах саналтай байна” гэсэн саналд ямар арга хэмжээ авахыг тодорхой тусгах шаардлагагүй бөгөөд ямар сахилгын шийтгэл ногдуулах нь аймгийн Засаг даргын бүрэн эрх юм.
Ч.Дашхүү нь өөрийн эхнэрт ур чадварын нэмэгдэл, урамшуулал олгосон шийдвэрийг гаргасан байх бөгөөд энэ талаараа эрх бүхий албан тушаалтанд мэдэгдээгүй нь тогтоогдсон, мэдэгдэл тайлбар гаргаагүй, хуульд заасан хориглолтыг зөрчсөн, авах арга хэмжээг нь хуульд тодорхой заагаад өгчихсөн байхад Боловсрол соёлын газрын 1/397 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг анхан шатны шүүхээс “...хууль тогтоомжид нийцүүлэн санал гаргах шаардлагыг хангаагүй байна” гэсэн нь ойлгомжгүй байна.
Иймд нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтуудыг тус тус үндэслэж Завхан аймгийн Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ч.Дашхүүг уг ажил, албан тушаалаас чөлөөлж, аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/123 дугаар тушаалыг гаргажээ.
Харин дээрх шийдвэрийг эс зөвшөөрч иргэн Ч.Дашхүү нь “Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/123 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийг Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.
Завхан аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/281 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ч.Дашхүү нь Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн захирлын ажил, албан тушаалд томилогдсон байна.
Дээрх тушаалаар Ч.Дашхүүг Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн захирлын ажил, албан тушаалд томилсон бөгөөд ингэхдээ “эхнэр Ч.Эрдэнэцэцэг нь тус сургуульд багшаар ажиллаж байгаа нь тухайн албан үүрэг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллах”-ыг түүнд үүрэг болгож байжээ.
Харин хариуцагч маргаан бүхий Б/123 дугаар тушаалыг гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно”, 29.2.4-д “энэ хуулийн 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах” гэж заасныг үндэслэл болгон нэхэмжлэгч Ч.Дашхүүг Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн захирлын ажил, албан тушаалаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж шүүх үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн захирлын ажил, албан тушаалд томилогдсон буюу 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд нэхэмжлэгч Ч.Дашхүү нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасныг зөрчиж, хувийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргасан, уг хуульд заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Ч.Дашхүүтэй Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Р.Норовсамба нь төрсөн ах дүүгийн хүүхдүүд, сургалтын менежер Д.Оюунчимэг нь хадам ахынх нь хүүхэд, дотуур байрны багш П.Гүрмаа нь авга ахынх нь бэр, нягтлан бодогч Г.Мөнхжаргал, нярав Г.Намжилмаа нар нь төрсөн ахынх нь хүүхдүүд зэргээс үзэхэд тэрээр эдгээр хүмүүстэй хуульд заасан нэгдмэл сонирхолтой этгээдүүд биш бөгөөд уг нэр бүхий багш, ажилчдад урамшуулал олгох, ажилд томилсон шийдвэрийг гаргахдаа Ч.Дашхүү нь албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн гэх тохиолдол тогтоогдоогүй, энэ талаар хариуцагч бүрэн нотлолгүйгээр маргаан бүхий тушаалыг гаргасан.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Ч.Дашхүүг сургуулийн захирлын ажил, албан тушаалд томилогдохоос өмнө эхнэр Ч.Эрдэнэцэцэг нь тус сургуулийн технологийн багшаар томилогдон ажиллаж байсан. Тэрээр эхнэр Ч.Эрдэнэцэцэгт ур чадварын нэмэгдэл олгох шийдвэрийг гаргахдаа бусад багш, ажилчдаас илүү хувиар олгосон гэх үндэслэл болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зөрчиж эхнэр Ч.Эрдэнэцэцэгт зориулан шийдвэр гаргасан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч Ч.Дашхүү нь сургуулийн захирлын ажил, албан тушаалыг гүйцэтгэх хугацаанд эхнэр Ч.Эрдэнэцэцэгийн төрсөн ах Ч.Ганболдтой “сургуульд шатахуун, мах нийлүүлэх” гэрээ, хэлцэл хийж байгаагүй, мөн өөрийн болон иргэн Ч.Ганболдын хувийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргасан гэх нөхцөл хэргийн нотлох баримтаар нотлогдоогүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Давж заалдах шатны шүүхээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гарсан маргаан бүхий тушаал нь тухайн хуульдаа нийцсэн эсэхэд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй гэж үзлээ.
Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт удирдлага болгосон хуулийн заалтаас “106.3.7” гэсэн заалтыг хасч зөвтгөх шаардлагатай байна.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хохирол учирсан” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй байхад шүүх энэхүү хуулийн заалтыг удирдлага болгосон нь буруу юм.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт бичвэрийн болон дугаарлалтын алдаа гаргасан байх тул эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсэгт удирдлага болгосон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн “106.3.7” гэснийг хасч, “Тогтоох” хэсгийн сүүлийн заалтын дугаарыг “3” гэснийг “4” гэж дугаарлан, 3 дахь заалтын “... дүгээр” гэснийг “... дугаар” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР