Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 17

 

“М т з” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,  

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2017/0671 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч: “М т з" ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад холбогдох,

2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамжийн иргэн Ш.Б, О.Б нарт холбогдох хэсгийг, 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар захирамжийг, 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 200 дугаар захирамж, дугаар бүхий 4 газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 

Хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Г.М, Д.Б, гуравдагч этгээд С.Н, нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйл зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “М т з" ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамжийн Ш.Б, О.Б нарт холбогдох хэсгийг, 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 200 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “газрын 0300583, 0300584, 0332243, 0373359 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн  шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2017/0671 дүгээр магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт маргаан бүхий газрыг 2009 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн “Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” 441 дүгээр захирамжаар төмөр зам барих зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж улмаар дээрх төмөр замын зориулалтаар “Э р” ХХК-д олгосон газар эзэмших эрх “М т з” ТӨХК-д шилжсэн байна гэж дүгнэсэн байна.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох 1-р хавтаст хэргийн 116-р хуудсанд авагдсан 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн а/503 дугаар бүхий Өмнөговь аймгийн Засаг даргын захирамж авагдсан байдаг бөгөөд энэхүү захирамж нь “Э р” ХХК-иас “М т з” ТӨХК-д эрх шилжүүлэх биш хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай захирамж авагдсан байна. Гэтэл Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх үндэслэлийг заасан бөгөөд 38.4-т зааснаар тухайн Засаг дарга эрх шилжүүлэх шийдвэр гаргах талаар тодорхой заасан байна. Энэхүү нотлох баримт болох 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн а/503 дугаар бүхий Өмнөговь аймгийн Засаг даргын захирамж нь “Э р” ХХК-ийн төмөр замын зориулалтаар олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг.

Давж заалдах шатны шүүхээс “Э р” ХХК-иас “М т з” ТӨХК-д дээрх газрын эрх шилжүүлсэн талаар шүүхийн шийдвэрт хангалттай, зөв дүгнэсэн байна гэж дүгнэжээ.

Гэтэл эрх шилжүүлсэн талаар шүүхийн шийдвэрт хангалттай, зөв дүгнэсэн гэдэг нь өөрөө Газрын тухай хуулийн аль зүйл заалтыг үндэслэж эрх шилжүүлсэн нь тодорхойгүй хуульд байхгүй зүйл заалтын дагуу газар олгогдох ажиллагаа нь өөрөө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын саналыг авахаар заасан хуулийн зохицуулалт хүртэл хуульд заагдсан байгаа нь бидний гомдолд дурдсан нотлох баримтуудаар нотлогдож байхаас гадна эргэлзээтэй байдлуудыг нотлох баримтууд байсаар байхад үнэлэлгүйгээр шийдсэн нь нотлогддог.

Мөн Өмнөговь аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “Э р” ХХК-д явуулсан 2011 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн 72 дугаар албан бичгээр үзэхэд аймгийн Засаг даргын 2009 оны 441 дүгээр захирамжаар тус компанид эзэмшүүлсэн 6740 га газарт баригдах төмөр замын трансын байршлыг 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр газрын мэдээллийн санд оруулсан байх бөгөөд гуравдагч этгээд Н.Б, О.Б нарын тухайд үүнээс 5 хоногийн өмнө захирамж гарсан байдаг гэж дүгнэсэн нь Өмнөговь аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “Э р” ХХК-д явуулсан 2011 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн 72 дугаар албан тоотоор мэдээллийн санд зураг оруулсан бол дээрх Н.Б, О.Б нарын гуравдагч этгээдэд олгосон захирамжийн дагуу мэдээллийн санд зураг оруулах ажиллагаа хийгдэх боломжгүй юм. Гэтэл “М т з” ТӨХК-д газрын эрх шилжсэн талаар, шилжсэнтэй холбоотойгоор мэдээллийн санд зураг оруулсан талаар хавтаст хэрэгт ямар ч нотлох баримт авагдаагүй байдаг. Үүнээс гадна 1 дүгээр хавтаст хэргийн 109-112 дахь талд авагдсан Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны  11  дүгээр сарын 02-ны өдрийн 305 дугаар албан бичгийн сүүлийн хуудас зөрүүтэй байгааг тодруулаагүй гэсэн зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэжээ.

Гэтэл дээрх албан бичиг нь Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийдвэр гаргахад нөлөөлсөн нотлох баримтаар тооцогдон үнэлэгдэж шийдвэр гарсан төдийгүй энэхүү албан бичгээр “Э р” ХХК-ийн газар эзэмших эрхийг баталгаажуулах гэсэн боловч программд алдаа заагаад мэдээллийн санд оруулаагүй бөгөөд энэ оруулаагүй үндэслэл нь нэхэмжлэгчийн үүрэг биш гэж тодорхойлдог. Тэгэхээр энэхүү албан тоот болох нотлох баримтын зөрүүтэй байдлыг тогтоож хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтаар үнэлчхээд хэргийг нэг бүр бодитой шийдвэрлэж шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангах ёстой. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэрэгсэхгүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх” талаар маш тодорхой хуульчилсан байдаг. Газрын тухай хуулийн 38.4-т заасан хуулийг зөрчиж буруу захирамж гаргасан байдаг. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “... эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно ..." гэж заасан.

Хавтас хэрэгт “М т з” ТӨХК нь “Э р” ХХК-ийн газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаар хүсэлт гаргасаар атал аймгийн Засаг дарга анх шинээр газар эзэмшүүлэх гэж байгаа мэтээр хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг гаргасан нь өөрөө хууль бус захиргааны акт юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлалдаа "...шинээр газар эзэмшүүлэх байдлаар гарсан мэт боловч .." гэж дүгнэсэн нь аймгийн Засаг даргын захирамжийг шилжүүлэхээр хийх ёстой байсныг тодорхой болгож байна.

2. Өмнөговь аймгийн Газрын Харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “Э р” ХХК-д явуулсан 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 72 дугаар албан бичгээс үзэхэд аймгийн Засаг даргын 2009 оны 441 дүгээр захирамжаар тус компанид эзэмшүүлсэн 6740 га газарт баригдах төмөр замын трансын байршлыг 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр газрын мэдээллийн санд оруулсан явдал нь сумын Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамж гарснаас хойш 5 хоногийн дараагаар мэдээллийн санд оруулснаас үзэхэд, “Э р” ХХК нь 2009 оноос хойш 2 жилийн хугацаанд яагаад газрын мэдээллийн санд мэдээллээ оруулаагүй юм бэ гэдэг нь асуудал юм. Өөрөөр хэлбэл сумын Засаг даргын зүгээс газрын бүх мэдээллийг шалгахад мэдээлэл огт байгаагүй учраас газар эзэмшүүлэх захирамжийг гаргасан байхад, анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд сумын Засаг даргыг буруутгаж шалгаагүй гэж үзэж байгаа нь буруу юм. Нэхэмжлэгч тал бид мэдээллийн санд оруулах үүрэггүй, газрын алба оруулах ёстой гэж хэлдэг боловч, тэд өөрсдийн эзэмших газраа газрын мэдээллийн санд оруулсан эсэхийг магадлах, шалгах үүрэгтэй.

3.   Мөн аймгийн Засаг даргын 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр захирамж нь анхнаасаа хууль бус байсан. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ, бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна..." гэж шууд зааж өгсөн хуулийн заалт байхад, бүхэл бүтэн 3 сумын нутгаар төмөр замын транс дайран өнгөрч байхад, аймгийн Засаг дарга 441 дүгээр захирамжийг гаргахдаа Баян-Овоо, Цогтцэций, Ханбогд сумын Засаг дарга нарт мэдэгдэх, үүрэг болгох талаар захиргааны актад зааж өгөөгүй юм гэдэг бас асуудал. Тухайн захирамжаар мэдэгдсэн бол сумын Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргахгүй байх байсан.

4. Сумын Засаг дарга маргаан бүхий газарт захирамж гаргах үед Өмнөговь аймгийн газрын албыг төлөөлж байцаагч Ө.Н оролцсон бөгөөд бусдын газартай давхцаагүй учраас дуудлага худалдаа явуулсан болох нь нотлогдож байдаг. Анхан шатны шүүх нотолбол зохих асуудлыг бүрэн гүйцэд, тал бүрээс нь үнэлж, дүгнэж шалгаагүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

“М т з” ТӨХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад холбогдуулан 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамж, 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар захирамж, 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 200 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, дугаар бүхий 4 газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий 44 болон 125 дугаар захирамжаар Ханбогд сумын, Жавхлант багийн “Хөх үзүүр” гэх газарт иргэн С.Н, Ш.Б, О.Б нарт худалдаа үйлчилгээний зориулалтаар тус бүр 0.1 га газар эзэмшүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “дээрх газар нь манай 2008 онд эзэмшил үүссэн газар байхад давхцуулан эзэмшүүлж, эрх зөрчлөө” гэх үндэслэлээр маргаж байна.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт төрөөс газрын талаар баримтлах зарчмыг “газрын сан нэгдмэл байх”, 20 дугаар зүйлийн 20.2.3 дахь хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж тус тус заажээ.

Эндээс үзэхэд сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тус тус нийцсэн байх ёстой. Гэтэл энэ тохиолдолд Ханбогд сумын Засаг дарга нь тухайн сумынхаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа Засгийн газрын 2008 оны 252 дугаар тогтоол болон аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлээгүй, нэгэнт төмөр замын зориулалтаар бусдад олгосон газарт давхцуулан гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг эзэмшүүлж, хууль зөрчжээ.

Газрын тухай хуулийн 31.3 дахь хэсэгт зааснаар эзэмшихийг хүссэн газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх бөгөөд гуравдагч этгээдүүдэд 2011 онд газар эзэмшүүлэхээс өмнө нэхэмжлэгчид газар эзэмших эрх түрүүлж үүссэн байна.

Засгийн газрын 2008 оны 252 дугаар тогтоолоор Ухаа-худаг, Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг “Э Р” ХХК-д олгож, аймгийн Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 328 дугаар захирамжаар төмөр замын трансыг баталж, газрын асуудлыг шийдвэрлэсэн, үүний дараа Төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх гэрээгээр “М т з” ТӨХК-д эрх үүрэг шилжсэн байна.

Хариуцагчийн “сумын нутгаар төмөр замын транс дайран өнгөрч байхад сум Засаг даргын санал аваагүй, мэдэгдээгүй, хэрэв мэдэгдсэн бол бусдад газар эзэмшүүлэхгүй байсан” гэх гомдлын тухайд:

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт зааснаар аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн сумын Засаг даргын санал авсан байхаар зохицуулсан ба энэ нь маргааны үйл баримтад хамааралгүй буюу төмөр замын газартай холбоотой маргаан болохоос аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газар биш тул “сумын Засаг даргаас санал аваагүй” гэж үзэхгүй.

Нөгөө талаар аймгийн Засаг дарга болон сумын Засаг дарга нар нь засаг, захиргааны хувьд нэгдмэл, захирах захирагдах харилцаатай, дээд шатны Засаг даргын шийдвэрт нийцүүлэн газрын асуудлаар бодлого хэрэгжүүлэх нь сумын Засаг даргын үүрэг бөгөөд тухайн тохиолдолд нэгэнт Засгийн газрын тогтоолоор төмөр замын газрын асуудлыг шийдвэрлэсэн байхад түүнд нийцүүлэн холбогдох баримтыг боловсруулах, холбогдох хууль тогтоомжийг судлах, мэдэх үүрэг нь хариуцагч сумын Засаг даргад өөрт нь оногдох үүрэг тул дээрх гомдол үндэслэлгүй.

Үүнтэй адилаар хариуцагчийн “газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зохион байгуулах үед аймгийн Газрын албыг төлөөлж Нарангэрэл оролцсон, тухайн үед нь хориглоогүй” гэх үндэслэл нь хариуцагчийн хууль зөрчсөн захирамжийг зөвтгөх үндэслэл болохгүй, хоёр захиргааны байгууллагын үйл ажиллагааны уялдаа, холбоогүй байдал нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчих хуулийн үндэслэл болохгүй юм.

Хариуцагчийн “нэхэмжлэгч 2009 онд газар эзэмших эрх үүссэн атлаа 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр газрын мэдээллийн санд кадастрын зураг оруулсан, бүтэн 2 жил мэдээллээ өгөөгүй, мэдээлэл орсон эсэхийг магадлах шалгах үүргээ хэрэгжүүлээгүй, мэдээллийн санд зураг ороогүй байсан учир гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй” гэх гомдлын талаар:

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар Засаг даргын захирамж гарснаар газар эзэмших эрх үүсэх бөгөөд мэдээллийн санд кадастрын зураг оруулсан цаг хугацаанаас газар эзэмших эрхийг үүссэн гэж тоолохгүй болохоос гадна мэдээллийн санд мэдээлэл оруулж, түүнийг цаг тухайд нь шинэчлэн бүртгэж байх үүрэг нь захиргааны байгууллагад хамааралтай, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Хариуцагчийн “газар шилжүүлэн авахаар хүсэлт гаргасан байхад шинээр газар эзэмшүүлсэн мэтээр шийдвэр гаргасан, 305 дугаар албан бичгийн хавсралт зөрүүтэй байгааг тодруулаагүй” гэх гомдол нь маргааны үйл баримтад нөлөөлөхүйц ач холбогдолтой биш, албан бичгийн хавсралт хуудасны тоо зөрүүтэй бичигдсэнээс ямар үр дагавар үүссэн, үүсч болзошгүй талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, аймгийн Засаг даргын газар эзэмшүүлсэн шийдвэрийн нэршил, шийдвэр гаргах ажиллагааны үе шат, дараалалтай холбогдуулан сумын Засаг даргаас маргах эрхгүй, түүний хуулиар тогтоосон чиг үүрэгт хамааралгүй байна.

Хариуцагчаас “гуравдагч этгээдийн хохирлыг улсын төсвөөс гаргана, энэ нь манай байгууллагын эрхийг хөндөж байгаа” гэх агуулгаар маргаж байгаа нь  үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас хохирол учирсан бол төрөөс нөхөн олговрыг гаргуулах болохоос сумын Засаг даргын хууль бус захирамжийн улмаас, тодруулбал бусдын эзэмшил нэгэнт үүссэн газарт цаг хугацааны хувьд сүүлд газар эзэмших эрх үүссэн гуравдагч этгээдэд нөхөх олговор шаардах эрх үүсэхгүй, үүний улмаас хариуцагчийн байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, нөхөн төлбөр төлөх үүрэг үүсэхгүй.

Эдгээр үндэслэлүүдээр, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2017/0671 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн өмгөөлөгч нар тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                  Х.БАТСҮРЭН     

ШҮҮГЧ                                                                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ