Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2017/0671

 

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар0221/МА2017/0671

Улаанбаатар хот

 

“М т з” ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, түүний өмгөөлөгч Г.М, Д.Б, гуравдагч этгээд С.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, гуравдагч этгээд Ш.Б, О.Б нарын өмгөөлөгч Н.Н нарыг Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, Г.М, гуравдагч этгээд Ш.Б, О.Б нарын өмгөөлөгч Н.Н нарын гаргасан давж заалдах гомдлоор “М т з” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “М т з” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Т 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Ханбогд сумын Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамжийн Ш.Б, О.Б нарт холбогдох хэсэг, 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар захирамж, 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 200 дугаар захирамж, газрын 0300583, 0300584, 0332243, 0373359 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “М т з” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамжийн Ш.Б, О.Б нарт холбогдох хэсгийг, 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 200 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Гуравдагч этгээд Ш.Б, О.Б нарын өмгөөлөгч Н.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Шүүх шийдвэрийнхээ үндэслэлд “...Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 121 дүгээр тогтоол болон Зам тээврийн яам, Төрийн өмчийн хороо, “М т з” ТӨХК болон “Э р” ХХК, “Э р р” ХХК-уудын хооронд байгуулагдсан “У-Х Гашуун сухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх Концессийн гэрээг цуцлах гэрээ”, “М т з” ТӨХК, “Э р р” ХХК, “С С э Т” корпорацийн хооронд байгуулагдсан эрх шилжүүлэх гэрээний дагуу төмөр замын суурь бүтэц барихтай холбоотой эрх, үүрэг “М т з” ТӨХК-д шилжиж, Өмнөговь аймгийн Засаг даргын 2013 оны а/503 дугаар захирамжаар “М т з” ТӨХК-д уг газрыг эзэмшүүлсэн байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно”, 39.1.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон” гэж заасан. Өмнөговь аймгийн Засаг даргын 2009 оны 441 дүгээр захирамжийн “Э р” ХХК-тай холбоотой заалт нь тус аймгийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын а/503 дугаар захирамжаар хүчингүй болсон байдаг.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх талаар заасан байх бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн тохиолдолд тухайн шатны Засаг дарга “Газар эзэмших эрх шилжүүлсэн” захирамж гаргахаар заасан байна.

Гэтэл хэргийн нөхцөлд Өмнөговь аймгийн Засаг дарга “Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” захирамж гаргасан.

Өмнөговь аймгийн Засаг дарга газар эзэмшүүлэх тухай захирамж гаргасан байна гэсэн атлаа газар эзэмших эрх “М т з” ТӨХК-д шилжсэн байна гэж дүгнэж байгаагаас харахад шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг ойлголгүй, энэ талаар тодруулалгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.

2. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “Тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэн батлах”-аар заасан байдаг.

Хэрэгт авагдсан баримтаас гуравдагч этгээд Ш.Б, О.Б нар 2009 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын захирамжаар зарлагдсан газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд оролцож газар эзэмших эрхээ авч, улмаар газар эзэмших гэрээ байгуулан газар эзэмших эрхийн гэрчилгээгээ 2011 онд авсан байдаг.

2009 онд Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгуулагдсан газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газраас мэргэжилтнүүд оролцож дуудлага худалдааг зохион байгуулж явуулсан.

Хэрэв Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2008 оны тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж маргаан бүхий газрыг төмөр замын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бол 2009 онд Ханбогд суманд зохион байгуулагдсан газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газраас мэргэжилтнүүд очиж оролцохгүй байх байсан.

Иймд энэ талаар аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн нотлох баримтуудад эргэлзээ төрөхөөр байна.

Үүнээс үзэхэд Ш.Б, О.Б нарт эзэмшүүлсэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2011 оны 44 дүгээр захирамж гарсны дараа уг газартай давхцуулан Өмнөговь аймгийн Засаг даргын 2013 оны а/503 дугаар захирамж гарч “М т з” ТӨХК-д газар эзэмшүүлсэн байна гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч “М т з” ТӨХК-ийн нэхэмжлэлээс үзэхэд Өмнөговь аймгийн Засаг даргын 2009 оны 441 дүгээр захирамжаар “Э р” ХХК-д олгосон газартай Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2011 оны 44 дүгээр захирамжаар олгосон газар давхацсанаар нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь тодорхойгүй байна.

3. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлээд шийдвэрийнхээ үндэслэлийг шүүх хуралдааны төгсгөлд тайлбарлахдаа Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн Хөх үзүүр гэх газарт явагдсан дуудлага Газрын тухай хуульд заасан журмыг зөрчсөн байна гэж тайлбарласан атлаа шүүхийн шийдвэртээ энэ талаар огт дурдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй, хүчингүй болсон актыг үндэслэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.М, Д.Б нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...маргаан бүхий газрыг 2009 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн “Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” 441 дүгээр захирамжаар төмөр зам барих зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж улмаар дээрх төмөр замын зориулалтаар “Э р” ХХК-д олгосон газар эзэмших эрх “М т з” ТӨХК-д шилжсэн байна” гэж дүгнэсэн байна.

Гэтэл 1 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар талд 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн а/503 дугаар бүхий Өмнөговь аймгийн Засаг даргын захирамж байдаг бөгөөд энэхүү захирамж нь “Э р” ХХК-с “М т з” ТӨХК-д эрх шилжүүлэх биш “Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” захирамж авагдсан байдаг.

Гэтэл Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх үндэслэлийг заасан бөгөөд 38.4 дэх хэсэгт зааснаар тухайн Засаг дарга эрх шилжүүлэх шийдвэр гаргах талаар тодорхой заасан байна.

Энэхүү нотлох баримт болох 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн а/503 дугаар бүхий Өмнөговь аймгийн Засаг даргын захирамж нь “Э р” ХХК-ийн төмөр замын зориулалтаар олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх бөгөөд “М т з” ТӨХК-д эрх шилжүүлэх, эсхүл эрх олгож байгаа захирамж нь хуулийн шаардлагад нийцээгүй тул хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүйгээр гарсан акт байх тул маргаан бүхий газрыг “М т з” ТӨХК нь эзэмших эрхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй болохыг давхар нотолж байна.

Хэрвээ 2013 оны 9 дугаар сарын 26-ны өдрийн а/503 дугаар бүхий Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар “Э р” ХХК-ийн төмөр замын зориулалтаар олгосон эрхийг хүчингүй болгож, “М т з” ТӨХК-д шинээр эзэмшүүлж байгаа бол Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасны дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх ёстой байсан.

Дуудлага худалдаа, төсөл шалгаруулахгүйгээр олгосон болохоор харагдаж байгаа зэрэг үндэслэлүүд байхад шүүх дүгнээгүйгээр барахгүй хууль ёсны гэж үзэж байгаа нь буруу юм.

Мөн Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн шүүх “Э р” ХХК нь дээрх маргаан бүхий газрыг эзэмшиж байх хугацаанд газрын тухай хууль тогтоомж, эзэмших эрхийн гэрээнд заагдсан үүргээ хэрхэн биелүүлж, зориулалтын дагуу эзэмшиж, татварыг хугацаанд нь төлж байсан эсэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна.

2. Өмнөговь аймгийн Засаг даргын болон Ханбогд сумын Засаг даргын дээрх захирамжуудаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт эзэмшүүлэхээр олгосон газрууд нь Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3/9 дүгээр тогтоолоор батлагдсан аймгийн 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн З/05 дугаар хуралдааны тогтоолоор батлагдсан, сумын 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулаагүй Ханбогд сумын “2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, уг төлөвлөгөө батлагдсанаас үүдэн газар давхцуулан олгох нөхцөл үүссэн байна гэжээ.

Гэтэл Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3/9 дүгээр тогтоолоор батлагдсан аймгийн 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн З/05 дугаар хуралдааны тогтоол 1 дүгээр хавтаст хэргийн 113 дугаар хуудаст нотлох баримтаар авагдсан байх бөгөөд энэхүү тогтоолд заасан заалтад төмөр замын зориулалтаар олгогдсон газар нь бүхэл бүтэн 3 сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байхад зөвхөн аймгийн төвийн газарт төлөвлөгдсөн мэт сумын Засаг даргад үүрэг болгосон, мэдэгдэх талаар заалт оруулж бичээгүй байгаа, төмөр замын зориулалтаар төлөвлөсөн төлөвлөгөө батлагдсан байхад газрын албаны мэргэжилтэн Ханбогд суманд дуудлага худалдаа зохион байгуулахаар очиж, батлагдсан төлөвлөгөөнд хамаарагдсан газарт дуудлага худалдаа зохион байгуулаад явж байгаа зэрэг нотлох баримтуудаас харахад аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн нотлох баримтууд нь нөхөн хийсэн, нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэдэг нь нотлогдож байна. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй юм.

3. Шүүх “Ханбогд сумын Засаг дарга 2011 оны 44, 125 дугаар захирамжуудаар иргэн С.Н, Ш.Б, О.Б нарт газар эзэмшүүлэхдээ бусдад өмнө нь эзэмшүүлсэн газартай давхцаж байгаа эсэхийг шалгаагүй нь буруу байна” гэж дүгнэжээ.

Гэтэл С.Н, Ш.Б, О.Б нарт газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа зохион байгуулсан талаар нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд үүнээс 1 дүгээр хавтаст хэргийн 120, 121 дүгээр талд авагдсан дуудлага худалдааны явцын тэмдэглэлд комиссын даргаар Өмнөговь аймгийн газрын албыг төлөөлж байцаагч Ө.Н нь оролцож байгаа маргаан бүхий газар давхцалгүй учраас дуудлага худалдаа явагдсан гэдгийг нотолж байхад шүүх дээрх нотлох баримтыг үнэлэхгүй, эзэмшүүлсэн газартай давхцаж байгаа эсэхийг шалгаагүй талаар ямар ч нотлох баримтыг дурдалгүйгээр өөрөө шалгаагүй байна гэж дүгнэсэн нь буруу байна.

Дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анх Өмнөговь аймгийн Засаг даргын 2009 оны 441 дүгээр захирамжаар “Э р” ХХК-д төмөр замын зориулалтаар эзэмшүүлсэн 6740 га газрын эзэмших эрхийг одоогийн нэхэмжлэгч “М т з” ТӨХК-д шилжүүлсэн эзэмшүүлсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх бөгөөд аймгийн Засаг даргын 2013 оны а/503, а/553 дугаар захирамжаас үзэхэд давж заалдах гомдолд дурдсанчилан эдгээр нь нэхэмжлэгчид шинээр газар эзэмшүүлэх байдлаар гарсан мэт боловч бодит байдалд “Э р” ХХК-д эзэмшүүлсэн газрын эрхийг шилжүүлж, улмаар газрын хэмжээг багасгасан болох нь дээрх захирамжуудын тус тус 4 дэх заалт буюу 2009 оны 441 дүгээр захирамжийн “Э р” ХХК-д болон 2013 оны а/503 дугаар захирамжийн “М т з” ТӨХК-д холбоотой заалтыг хассан байдлаас тогтоогдож байна.

Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын 2012 оны тогтоол, Зам тээврийн яам, Төрийн өмчийн хороо, “М т з” ТӨХК, “Э р” ХХК, “Э р” ХХК болон “С С э Т” корпорацийн хооронд байгуулагдсан гэрээний хүрээнд дээрх захирамжууд гарч, өөрөөр хэлбэл “Э р” ХХК-ийн газар эзэмших эрх нэхэмжлэгчид шилжсэн болохыг шүүхийн шийдвэрт хангалттай, зөв дүгнэснээс гадна стратегийн ач холбогдол бүхий энэ байгууламжийн тухайд дуудлага худалдаа явуулахгүйгээр газрыг эзэмшүүлэх боломжтой.  

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэрийн хэсгийг ч буруутгах үндэслэлгүй, харин цаг хугацааны хувьд 2009 онд “Э р” ХХК-д эзэмшүүлсэн газарт давхцуулан хариуцагчаас 2011 онд гуравдагч этгээд Н.Б, О.Б, С.Н нарт тус бүрт нь газар олгосноос нэхэмжлэгчийн төдийгүй гуравдагч этгээд нарын эрх зөрчигдөхөд хүргэжээ.

Өөрөөр хэлбэл Ханбогд сумын Засаг даргаас зарласан сонгон шалгаруулалтад оролцож, шалгарсны үндсэн дээр нэр бүхий гуравдагч этгээд нарт тус тусын газар эзэмших эрх үүссэн байх боловч тухайн үед хариуцагчаас дуудлага худалдаагаар бусдад эзэмшүүлэх гэж буй газарт бусдын тухайлбал, нэхэмжлэгчийн эзэмшил үүссэн эсэхийг нягтлан шалгалгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд гуравдагч этгээд нарт үүссэн хохирлыг хариуцагчаас бүрэн төлж барагдуулах үүрэгтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “Э р” ХХК-д явуулсан 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 72 дугаар албан бичгээр үзэхэд аймгийн Засаг даргын 2009 оны 441 дүгээр захирамжаар тус компанид эзэмшүүлсэн 6740 га газарт баригдах төмөр замын трансын байршлыг 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр газрын мэдээллийн санд оруулсан байх бөгөөд гуравдагч этгээд Н.Б, О.Б нарын тухайд үүнээс 5 хоногийн өмнө, С.Н тухайд үүнээс 3 орчим сарын дараа газар эзэмшүүлэх захирамж гарсан байдаг. 

Төмөр замын трасс Н.Б, О.Б нарт газар эзэмшүүлэх үед мэдээллийн санд ороогүй байсан гэж үзвэл С.Н газар эзэмшүүлэх үед орсон, түүнчлэн аймгийн Засаг даргаас төмөр замын трассын солбилцлыг цаг тухайд нь мэдээллийн санд бүртгээгүйгээс шалтгаалан газар давхцуулан эзэмшүүлсэн талаар, үүнд одоогийн маргаан бүхий 2 захирамжийг дурдаад эдгээрийг эдгээрийг хянан үзэх чиглэлийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлж байсан зэрэг нь улсын эдийн засагт ач холбогдол бүхий Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын трасс болон түүний хамгаалалтын бүсэд гуравдагч этгээд нарт олгосон газар эзэмших захирамжийг хүчингүй болгох үүргийг дээд шатны Засаг даргаас өгч байжээ.           Энэ тохиолдолд хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй болно.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас аймгийн Засаг даргын орлогчид хүргүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 318 дугаар албан бичигт “Э р” ХХК 2009-2013 онд газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан талаар бичсэнээс үзэхэд энэ талаар тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй бөгөөд харин уг албан бичгэн дэх нэхэмжлэгчийн газрын төлбөр төлөлтийн байдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарахгүй.

Түүнчлэн хариуцагч болон гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргасантай холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад 1 дүгээр хавтаст хэргийн 109-112 дахь талд авагдсан Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 305 дугаар албан бичгийн сүүлийн хуудас  зөрүүтэй буюу хавсралт 21, хавсралт 28 хуудастай гэсэн 2 хувь байгааг тодруулаагүй, шүүх хуралдааныг шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 100 дугаар захирамжаар мөн сарын 16-ны өдрийн 15.00 цагт, 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 14 дүгээр захирамжаар мөн сарын 10-ны өдөр хийхээр тус тус товлосон атлаа ийнхүү товлосон өдрөөс 1-2 хоногийн өмнө шүүх хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсаны үр дагаврыг танилцуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт үйлдэж хэрэгт хавсаргаагүй зэрэг зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй ч цаашид анхаарвал зохино.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, Г.М, гуравдагч этгээд Ш.Б, О.Б нарын өмгөөлөгч Н.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН