Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2017/02094

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2017/02094

Улаанбаатар хот

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 45/3 байрны 501 тоотод оршин суух, Жагд овогт Гонгорын Төгөл/рд:УХ88071267/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа, өөрийн байранд байрлах Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох,

Цалин 7 050 589 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Төгөл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Төгөл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Төгөл нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөрөнгө оруулалтын тасгийн ахлах эдийн засагчаар ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/227 дугаар тоот тушаалаар ажлаасаа үндэслэлгүй халагдсан. Уг асуудлаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00608 дугаартай шийдвэрээр үндэслэлгүй халагдсаныг шүүх тогтоож, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор олгох, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийх шийдвэр гарсан. Уг шийдвэр гарснаас хойш Иргэний нисэх ерөнхий газраас буцааж ажилд томилох тухай ямар нэгэн холбоо бариагүй тул миний бие 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад өргөдөл гаргаж, 2 сар гаруй хугацаа өнгөрсний дараа Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/271 дүгээр тушаал гарч ажилдаа эгүүлэн томилогдон, ажиллаж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгон гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор болох 7 050 589 төгрөгийг олгуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Цалингаа тооцохдоо 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойш, баяр ёслолын өдрүүдийг тооцож гаргасан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр Г.Төгөлийг өмнө нь эрхэлж байсан ахлах эдийн засагчийн ажилд дүйцэхүйц ажил албан тушаалд томилохыг даалгасан. Үүний дагуу манайх бүтцийн өөрчлөлт хийж орон тоог нь өөрчилсөн. Шүүхийн шийдвэр гарсан даруйдаа шууд биелэгдэх боломжгүй, бүтцийн өөрчлөлт хийх гээд бэлтгэл ажлууд хийгдсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүн хэтэрхий нэмэгдүүлсэн байна. Өргөдлийн дагуу бүтэц өөрчлөгдөөд явж байсан талаар тухайн үед нэхэмжлэгчид мэдэгдэж байсан гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Төгөл нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд орох хүртэл хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 7 050 589 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...шүүхийн шийдвэр гарсан даруйдаа шууд биелэгдэх боломжгүй, бүтцийн өөрчлөлт хийх гээд бэлтгэл ажлууд хийгдсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүн хэтэрхий нэмэгдүүлсэн байна” гэж маргаж байна.  

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/227 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан “орон тоо хасагдсан” гэх  үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон нэхэмжлэгч Г.Төгөлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. Нэхэмжлэгч шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, урьд ажиллаж байсан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, тус тусын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн ба тус шүүх хэргийг хянан шийдвэрлэж 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 608 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.  

 

Нэхэмжлэгч Г.Төгөл нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/271 тоот тушаалаар мөн өдрөөс буюу шүүхийн шийдвэр гарснаас хойш 91 хоногийн дараа Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны Нисэх буудлын үйлчилгээ төлөвлөлтийн хэсгийн Эдийн засгийн төлөвлөлтийн тасагт хүний нөөц, сургалт төлөвлөлтийн мэргэжилтний ажилд томилогджээ. /хх15/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажилд эргүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг олгох бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч Г.Төгөлийн ажилгүй байсан 91 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /1 өдрийн цалин хөлсийг 77 479 төгрөгөөр тооцож/ 77 479х91 хоног=7 050 589 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Төгөлийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй байна.  

 

Дээрх нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх иргэний хэрэгт багтах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгднө. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 127 760 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                 

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 050 589 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Г.Төгөлд олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгасугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоо гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 127 760 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ