Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2528

 

 

 

 

 

 

Б.У-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02151 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.У,

Хариуцагч “З” ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.У, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Автобус 3” НӨҮГ-т жолоочоор ажилд орсон. Өмнө нь “Автобус нэг” ОНӨҮГ-т жолоочоор ажиллаж байгаад 2013 онд Үйлдвэрчний эвлэл /цаашид ҮЭ гэх/-ийн гишүүн, хорооны дарга Н.Төрбаттай найз гэдэг шалтгаанаар ялгаврлан гадуурхагдсаар байгаад ажлаас халагдсан. Ингээд миний бие ажилгүй байж байгаад Автобус-3 ОНӨҮГ-т Daewoo маркийн 03-68 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодож, сарын 908 303 төгрөгөөр цалин авч ажиллаж байтал намайг шалтгаангүйгээр ажилд гаргахгүй болсон. Яагаад ажилд гаргахгүй байгааг асуутал, Автобус-1-т ажиллаж байгаад халагдсан учраас шинэ дарга Д.Одонтунгалаг ажиллуулахгүй гэсэн үүрэг өгсөн гэж хэлсэн.

Өнөөдрийг хүртэл ҮЭ-ийн хороо, дарга нарт хүсэлт гаргасаар байхад ажлаас халсан тушаал гаргахгүй байж, ажил хийлгэхгүй хохироож байна. Ямар ч тушаал шийдвэр гаргаагүй, дарга нар надтай уулздаггүй. Миний бие “З” ОНӨААТҮГ-ын захиргаанд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дээрх асуудлаар өргөдөл гаргасан.

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Автобус 3” баазын жолоочийн ажлаас чөлөөлсөн тушаалыг ирүүлсэн. Уг тушаалтай огт танилцуулаагүй болно. Тиймээс ажил үүрэг гүйцэтгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа ажилд эгүүлэн тогтоолгох болгон өөрчилж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, өмгөөлөгч Н.Буянжаргал нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.У нь 2009 онд Автобус 1 компанид орж ажиллаж байгаад 2010 онд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж жолоодох эрх нь хасагдсан тул хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан байдаг. 2011 онд дахин ажилдаа орсон боловч сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан тул 2013 онд хөдөлмөрийн гэрээ цуцалж Автобус 1 компанитай хөдөлмөрийн харилцаагаа дуусгавар болгосон.

Автобус 3 компанид 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Б/267 тоот тушаалаар ажилд томилогдож, улмаар 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/297 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Б.У Автобус 3 баазад хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу анх ажилд орж байгаа тул барьцаа мөнгөө тушаасан, энэ талаарх баримт хавтаст хэрэгт байгаа. Энэ үйл явдал нэгтгэл болохын өмнө болсон. Үүний дараа Зорчигч тээврийн нэгтгэлийн автобусны 3 компани нэгдэж Зорчигч тээврийн нэгтгэл үүсгэн байгуулагдсан.

Үүний дараа 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ”З” ОНӨААТҮГ-аас бэлэн мөнгө зарлагын баримтаар анх ажилд орохдоо тушаасан барьцаа мөнгөө буцааж авсан баримт байгаа. 200 000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтад өөрөө гарын үсэг зурж, мөнгөө өөрөө хүлээн авсан байдаг. Үүнээс Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа талаар хандаж байсныг нотлох баримт шүүгчийн захирамжаар гарсан хэдий ч, манайд ийм өргөдөл авагдаагүй байна гэдэг тайлбарыг холбогдох өргөдөл гомдлын дэвтрийн хамт нотлох баримтын шаардлага хангуулж, шүүхэд өгсөн. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.У-г ”З” ОНӨААТҮГ-ын жолоочийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлс 25 172 664 төгрөгийг хариуцагч ”З” ОНӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Б.У-д олгож, мөн хугацаан дахь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамжийг төлж, бичилт хийхийг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “З” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 283 813 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ гомдол гаргах хугацааг сэргээн тогтоосон гэж тодорхойлсон. Шүүх Иргэний хуулийн  82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээхээр зохицуулсан боловч энэ нь шүүхийн практикт хэргийн оролцогчийн хүсэлтээр хийгддэг. Нэхэмжлэгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар гомдол гаргах хугацааг сэргээсэн нь нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болж байна.

Б.У барьцаа 200 000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буцаан авсан үйлдэл нь тус байгууллагад дахин ажиллахгүй болохоо мэдэж байсан ухамсарт үйлдэл мөн бөгөөд үүнээс хойш дахин ажиллах эсэх, ажлаас чөлөөлөгдсөн эсэхээ мэдэхгүй байсан гэж үзсэн шүүгчийн дүгнэлтийг үгүйсгэх үйл баримт юм. 3 жил орчим хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн, ажлаас халагдсанаа мэдэхгүй хүлээж байсан гэх дүгнэлт нь илт үндэслэлгүй байна.

Б.У өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хүсэлтээ өгснөөс хойш 30 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг гардан авалгүйгээр ажлын байраа орхин явах эрхтэй. Б.У ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дараа өөрөө ажлын байраа орхиж явсан бөгөөд нэхэмжлэлд ажлыг нь хийлгэхгүй байсан гэж дурдсан нь үндэслэлгүй бөгөөд үүнийгээ нотлох баримтаар нотолж чаддаггүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлж чадаагүй учир шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан хэдий ч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгтэй холбогдуулсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул хэрэгт авагдсан баримтын хэмжээнд зөвтгөн дүгнэж, шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч “З” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч байгууллага намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн, ажлаас чөлөөлсөн тушаалаа гардуулаагүй гэснийг хариуцагч татгалзсан үндэслэлээ нэхэмжлэгч өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн, уг тушаал гарснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрч, энэ талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, барьцаа 200 000 төгрөгөө авснаар ажлаас халагдсан гэдгээ мэдсэн гэж тайлбарласан байна.

            Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл Автобус-3 компанийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/267 дугаар тушаалаар /хх  82/ нэхэмжлэгч Б.Уыг Тээвэрлэлт, үйлчилгээний хэлтэст амраагч автобусны жолоочоор томилж, улмаар мөн оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/297 дугаар тушаалаар /хх 81/ Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн ажлаас чөлөөлжээ.

            Хариуцагчаас нэхэмжлэгч Б.Уыг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөнийг нотлох баримт болон ажлаас чөлөөлсөн Б/267 дугаар тушаалыг түүнд танилцуулсан талаарх баримтыг гаргаагүй байна.

Түүнчлэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “Зорчигч тээвэрийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс үүсгэн байгуулж, Автобус-1, Автобус-3, Цахилгаан тээвэр НӨҮГ-ыг татан буулгасан, улмаар 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “З” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгон, гүйцэтгэх захирал Ц.Одонтунгалаг болох нь гэрчилгээнд тэмдэглэгдсэн байна.

Дээрхээс үзвэл Автобус-3 компанийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/297 дугаар тушаалаар Б.Уыг ажлаас чөлөөлсөн байх боломжгүй ба  нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт тус тус зааснаар ажлаас чөлөөлсөн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, хариуцагчаас ажлаас чөлөөлсөн тушаалаа гардуулаагүй, хүлээж бай шийдэж өгнө гэсээр хугацаа алдсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг баримтаар няцаагаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны  улмаас зөрчигдсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байх тул шүүх түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Харин шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг 25 172 664 төгрөгөөр тооцохдоо урьд авч байсан дундаж цалин хөлсийг 713 658 төгрөгөөр тооцсон нь буруу, энэ талаарх дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Учир нь, нэхэмжлэгчийг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ажилд томилсон Б/267 дугаар тушаалд үндсэн цалинг 344 000 төгрөг гэж тогтоосон ба мөн 2014 оны 10 дугаар сард 366 313 төгрөгийн цалин олгосон баримт хэрэгт авагдсан /хх 33/ тул бодитоор олгогдсон уг дүнгээр ажилгүй байсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх 35 сар 8 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговор 12 957 255 төгрөгийг /366 313*35 сар+136 300 /8хоног*17000 төгрөг/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хангасан дүнд дээрх байдлаар өөрчлөлт оруулна.

            Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтыг буруу бичсэн техникийн шинжтэй алдааг залруулна.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02151 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “59.1” гэснийг “69.1” гэж, “25 172 664 төгрөг” гэснийг “12 957 255 төгрөг” гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “283 813 төгрөгийг” гэснийг “222 266 төгрөгийг” гэж

тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 284 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

                        ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ