| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 104/2017/00098/И |
| Дугаар | 183/ШШ2017/02465 |
| Огноо | 2017-11-13 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2017/02465
| 2017 оны 11 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2017/02465 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 2 дугаар гудамжны 1 тоот хаягт байрлах, “Ирээдүйн аяны зам” ХХК/рд:5063493/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын гудамжны 2-4 тоотод оршин суух, 1938 онд төрсөн, 79 настай, эрэгтэй, Иш дорж овогт Тавхайн Жигжидсүрэн/рд:АЭ38071871/-д холбогдох,
Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунням /ШТЭҮД-0375/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ирээдүйн аяны зам” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Ирээдүйн аяны зам” ХХК-ийн захирал М.Гансүх нь зар сонин дээр байсан утасны дугаараар Жудагийн Энхбаяртай холбогдож 50 000 000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй зээлэхээр болсон. Ингээд иргэн М.Гансүх 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” болон “Гарааш худалдах, худалдан авах гэрээ”-г Б.Мөнхбаттай байгуулсан бөгөөд Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх 1270 Уурхайчид 2 тоотод байрлах нэгж талбарын 18669296328036 дугаар бүхий 1800 м.кв талбайтай газар, мөн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 2 гудамжны 1 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2207003688 дугаар бүхий 1033 м.кв талбайтай гараашийг түр хугацаагаар барьцаалж, зээлсэн 50 000 000 төгрөгөө, хүүгийн хамт төлж барагдуулсны дараа тухайн эд хөрөнгүүдээ буцаан авахаар тус тус харилцан тохиролцсон юм. “Ирээдүйн аяны зам” ХХК-ийн захирал М.Гансүхийг Ж.Энхбаяр, Б.Мөнхбат нараас мөнгө зээлж байгаа үйлдлийн талаар нотариатч Т.Жигжидсүрэн мэдсээр байж зээлийн болон барьцааны гэрээ хийгээгүй бөгөөд гарах үр дагаврыг тайлбарлахгүйгээр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” болон “Гарааш худалдах, худалдан авах гэрээ”-г үйлдэж баталсанд гомдолтой байна. М.Гансүх зээлийн төлбөрөөс 33 382 000 төгрөгийг Б.Мөнхбатын түүнд өгсөн Хаан банкны дансанд төлөөд явж байх хооронд Б.Мөнхбат нь 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр дээрх эд хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байна. Энэхүү Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх 1270 Уурхайчид 2 тоотод байрлах нэгж талбарын 18669296328036 дугаар бүхий 1800 м.кв талбайтай газар болон Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 2 гудамжны 1 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2207003688 дугаар бүхий 1033 м.кв талбайтай гарааш нь тухайн үед “Ирээдүйн аяны зам” ХХК-ийн эзэмшил, өмчлөлд байсан. “Ирээдүйн аяны зам” ХХК нь М.Гансүхийн эзэмшлийн компани бөгөөд нэг гишүүнтэй хэдий ч иргэн М.Гансүх болон “Ирээдүйн аяны зам” ХХК нь нэг этгээд биш тул “Ирээдүйн аяны зам” ХХК-ийн өмч хөрөнгийг иргэн М.Гансүх захиран зарцуулах эрх хуулиар олгогдоогүй байсан. Гэтэл 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” болон “Гарааш худалдах худалдан авах гэрээ”-г иргэн М.Гансүх, Б.Мөнхбат нарын хооронд байгуулж байхад “Ирээдүйн аяны зам” ХХК-ийн дээрх эд хөрөнгүүдийг бусдад шилжүүлж байгаа нотариатч Т.Жигжидсүрэнгийн үйлдэл нь Иргэний хууль, Нотариатын тухай хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нотариатч Т.Жигжидсүрэн нь дээрх эд хөрөнгүүдийг хэн нэгэн этгээдэд шилжүүлэх тухай нотариатын үйлдэл хийхдээ хуульд заасны дагуу эзэмшигч, өмчлөгч нь болох “Ирээдүйн аяны зам” ХХК-иас заавал зөвшөөрөл авах, эсхүл дээрх эд хөрөнгүүд нь иргэн М.Гансүхийн өмч хөрөнгө мөн эсэх, мөн бол түүнийг захиран зарцуулах эрхтэй эсэхийг шалгах ёстой байжээ. Иймд нотариатч Т.Жигжидсүрэн нь нотариатын үйлдэл хийхдээ хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн байх тул 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн М.Гансүх, Б.Мөнхбат нарын хооронд байгуулсан нотариатын 1524 дугаарт бүртгэсэн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” болон нотариатын 1525 дугаарт бүртгэсэн “Гарааш худалдах, худалдан авах гэрээ”-г баталгаажуулсан нотариатын үйлдлийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Т.Жигжидсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Гансүх нь 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ж.Энхбаяр, Б.Мөнхбат нартай “гарааш худалдах, худалдан авах гэрээ”, “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” хийсэн ба барьцаатай зээлийн гэрээ хийх тухайгаа надад хэлээгүй. Би М.Гансүх нь дээрх хүмүүсээс зээлийн гэрээ хийх талаар мэдсэн бол зээлийн гэрээгээр хийх байсан тэгэх ч ёстой тэд надад барьцаатай зээл авах тухайгаа хэлээгүй. Зохигчдын хоорондоо тохиролцсоны дагуу тэдэнд маягтуудыг өгч тус хүмүүс өөрсдөө гараар маягтаа бөглөн гэрээ хийж гарын үсэг зурсан. М.Гансүх нь “Ирээдүйн аяны зам” ХХК-ийн эзэн болохоор тус ХХК-ийн эзэмшилд байсан эд хөрөнгийг бусдад шилжүүлэх эрхийнхээ дагуу гэрээг хийсэн гэж үзэж байна. Энэ гэрээ нь зохигчдын харилцан тохиролцож хийснээс хойш 3 жилийн хугацаанд тус гэрээнд зохигчдоос өөрчлөлт засвар оруулах талаар ямар нэг санал хүсэлт ирүүлээгүй. Иймд энэ гэрээг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Уг гэрээг батлагдсанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцох хэрэгтэй байна. Миний бие өндөр настай, даралт ихтэй, хууч өвчтэй, гадуур эмчилгээтэй тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул надгүйгээр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрч байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхбат шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Мөнхбат иргэн М.Гансүхээс 2013 онд хуулийн болон зохих бичиг баримтын дагуу нотариатаар гэрчлүүлж “худалдах, худалдан авах гэрээ”, “газар шилжүүлэх гэрээ” хийж нэхэмжлэлд дурдсан газар болон гараашийг худалдаж авсан. Түүнээс биш түүнд мөнгө төгрөг зээлдүүлсэн зүйл огт байхгүй юм. Б.Мөнхбат, М.Гансүх нарын хооронд хийсэн гэрээнүүдэд нотариатчийн ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй. М.Гансүх нь бас л 2014 онд Хан-уул дүүргийн шүүхэд одоогийн нэхэмжлэлдээ дурдсан "гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү" гэсэн нэхэмжлэл гаргасан. Харин хурал эхлэхийн өмнө М.Гансүх нь шүүх хурлын танхимд өмгөөлөгчөөрөө дамжуулан эвлэрэх санал тавьж хурлын танхимд эвлэрлийн гэрээ байгуулсан. М.Гансүх нь уг эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргаж үүнээс нь үүдэн нийтдээ 8 удаагийн шүүхийн захирамж тогтоолууд гарсан болно. Ингээд 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр бүрэлдэхүүнтэй шүүх хурал болж М.Гансүх, Б.Мөнхбат нарын хооронд байгуулсан эврэлийн гэрээг баталсан бөгөөд 102/ШТ2015/00387 тоот "Эцсийн шийдвэр болох" тогтоол гарч асуудал эцэслэн шийдэгдсэн. Үүний дараа “Ирээдүйн аяны зам” ХХК -ийн гаргасан хүсэлтийг шүүх мөн л хангаагүйгээр уг асуудал дууссан. “Ирээдүйн аяны аяны зам” ХХК нь тухайн үедээ нотариатчийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байсан нь анхны дээрхи нэхэмжлэлийг гаргаснаас нь тодорхой харагдаж байна. Тэгээгүй бол түхайн үедээ энэ асуудлаа яагаад тавиагүй юм бэ? Өмнө болсон шүүхийн бүх процесс нь мэдээж нотариатчийн үйлдийг буруутгаагүйгээр хэлэлцэн шийдэгдсэн асуудал тул уг асуудлыг хуулийн дагуу шүүхээр дахин хэлэлцэх боломжгүй юм. Шүүхээс гарсан эцсийн шийдвэрийг Налайх дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн ажилтнууд албадан гүйцэтгэж газар болон гараашийг Б.Мөнхбатад чөлөөлж өгч байсан. Мөн “Ирээдүйн аяны зам” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 29-нд Б.Мөнхбатын гараашийг түрээслэн ашиглах гэрээ хийж ашигласан явдал нь бас л нотариатчийг буруутгаагүй үйлдэл юм. Тэгээд мөн л түрээсийн 24 000 000 төгрөгөө төлөхгүй байсаар бас л 3 шатны шүүхээр орж байж мөн л албадан төлж байсан. Мөн 2016 оны 3 дугаар сард гараашийг худалдаж авах санал тавьж "Атибус" компанийн удирлагуудтай хамт очиж хэлцлүүд хийж байсан байдаг. Энэ бүх нөхцөл байдлуудаас харахад л нь М.Гансүх нь хуулийн дагуу ажлаа хийсэн нотариатчийг буруутгах, ямар ч хамаагүй байдлаар Б.Мөнхбатын өмчийг хууль бусаар авах гэсэн ээлжит нэг оролдлого гэж үзэж байна. Нэхэмжлэгч М.Гансүхийн зүгээс нотариатчид өөрийгөө “Ирээдүйн аяны зам” ХХК-ийг төлөөлөх эрхтэй мэтээр ойлгуулсан тул үйлчлүүлэгчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас болсон. Өөрөө тухайн компанийн ганцхан хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь юм. Энэхүү хэлцлийг хийсний дараа хуулийн этгээдээр гэрээ хэлцлийг хийх ёстой байж гэсэн асуудал яригдсан боловч нэхэмжлэгч “...зүгээрээ, газрын албанд шаардлагатай асуудал гарвал би бичгээ компаниараа бичээд өгнө, одоо хугацаа хожихын тулд хурдан өгье” гэсэн. Хэрвээ нотариатын үйлдэл алдаатай байна гэж үзэх гэж байгаа бол түүн дээр нөлөөлсөн хүчин зүйл байна уу үгүй юу гэдгийг үнэлэх ёстой. Иймд дээрх байдлаас үзэхэд үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаа байгаа тул Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, 28.3 дахь хэсэгт зааснаао үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нотариатч хариуцахгүй. Иймд шүүх үйлчлүүлэгчийн өөрийн буруутай үйлдэл, өөрийгөө төлөөлөх эрхтэй мэтээр ойлгуулсан байдал, өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг анхаарч үзнэ үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ирээдүйн аяны зам” ХХК нь хариуцагч Жигжидсүрэнд холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр М.Гансүх, Б.Мөнхбат нарын хооронд байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” болон “Гарааш худалдах, худалдан авах гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “..М.Гансүх нь “Ирээдүйн аяны зам” ХХК-ийн эзэн болохоор тус ХХК-ийн эзэмшилд байсан эд хөрөнгийг бусдад шилжүүлэх эрхийнхээ дагуу гэрээг хийсэн гэж үзэж байна” гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ”... “Ирээдүйн аяны зам” ХХК нь М.Гансүхийн эзэмшлийн компани боловч “Ирээдүйн аяны зам” ХХК-ийн өмч хөрөнгө болох Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх 1270 Уурхайчид 2 тоотод байрлах нэгж талбарын 18669296328036 дугаар бүхий 1800 м.кв талбайтай газар, мөн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 2 гудамжны 1 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2207003688 дугаар бүхий 1033 м.кв талбайтай гараашийг захиран зарцуулах эрх М.Гансүхэд хуулиар олгогдоогүй. Гэтэл нотариатч Т.Жигжидсүрэн нь дээрх эд хөрөнгүүдийг хэн нэгэн этгээдэд шилжүүлэх тухай нотариатын үйлдэл хийхдээ хуульд заасны дагуу эзэмшигч, өмчлөгч болох “Ирээдүйн аяны зам” ХХК-иас заавал зөвшөөрөл авах, эсхүл дээрх эд хөрөнгүүд нь иргэн М.Гансүхийн өмч хөрөнгө мөн эсэх, мөн бол түүнийг захиран зарцуулах эрхтэй эсэхийг шалгах үүргээ биелүүлээгүй” гэж тайлбарласан.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар “...Нэхэмжлэгч М.Гансүхийн зүгээс нотариатчид өөрийгөө “Ирээдүйн аяны зам” ХХК-ийг төлөөлөх эрхтэй мэтээр ойлгуулсан тул үйлчлүүлэгчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас болсон. Өөрөө тухайн компанийн ганцхан хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь юм. Энэхүү хэлцлийг хийсний дараа хуулийн этгээдээр гэрээ хэлцлийг хийх ёстой байж гэсэн асуудал яригдсан боловч нэхэмжлэгч “...зүгээрээ, газрын албанд шаардлагатай асуудал гарвал би бичгээ компаниараа бичээд өгнө, одоо хугацаа хожихын тулд хурдан өгье” гэсэн. Хэрвээ нотариатын үйлдэл алдаатай байна гэж үзэх гэж байгаа бол түүн дээр нөлөөлсөн хүчин зүйл байна уу үгүй юу гэдгийг үнэлэх ёстой. Иймд дээрх байдлаас үзэхэд үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаа байгаа тул Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, 28.3 дахь хэсэгт зааснаао үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нотариатч хариуцахгүй. Иймд шүүх үйлчлүүлэгчийн өөрийн буруутай үйлдэл, өөрийгөө төлөөлөх эрхтэй мэтээр ойлгуулсан байдал, өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг анхаарч үзнэ үү” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж маргасан.
Хариуцагч Т.Жигжидсүрэн нь М.Гансүх болон Б.Мөнхбат нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан “Гарааш худалдах, худалдан авах гэрээ”, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” хэлцлийг мөн өдөр бүртгэлийн 1524, 1525 дугаарт бүртгэж, гэрчилсэн байна.
Нотариатч нь дээрх гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар нотариатын үйлдэлд хийлгэж байгаа этгээдийн хувийн байдлыг тогтоох бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу түүний иргэний баримт бичиг, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэж, итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эсэхийг шалгаж, тогтоох үүрэгтэй байжээ.
Хэргийн баримтаас үзэхэд худалдах худалдан авах гэрээний зүйл болсон Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 2 дугаар гудамж, 1 тоот гараашийн зориулалттай 1033 м.кв талбайтай, Ү-2207003688 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 18669296328036 дугаар бүхий 1800 м2 талбатай Налайх, Баянзүрх 1270 Уурхайчид 2 тоотод байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай газрын өмчлөгч болон эзэмшигч нь “Ирээдүйн аяны зам” ХХК байх бөгөөд тус компанийн үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд нь М.Гансүх мөн байх боловч энэ талаар компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгаагүй байна. /хх15-17, 41-43, 127/
Гэтэл хариуцагч Т.Жигжидсүрэн нь “Ирээдүйн аяны зам” ХХК-ийн өмчлөл болон эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7-д заасан уг хөрөнгө, эрх нь тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нотлох эрхийн баримт бичгийг, хуулийн этгээдийн хувьд үүсгэн байгуулах гэрээ, дүрмийг үндэслэл болгох үүргээ биелүүлээгүй.
Түүнчлэн “..М.Гансүх нь “Ирээдүйн аяны зам” ХХК-ийн эзэн болохоор тус ХХК-ийн эзэмшилд байсан эд хөрөнгийг бусдад шилжүүлэх эрхийнхээ дагуу гэрээг хийсэн гэж үзэж байна” гэх тайлбарыг шүүхэд гаргасан нь хариуцагчийг Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана” гэж заасныг зөрчсөн болохыг нь нотолж байна.
Иймд нотариатч Т.Жигжидсүрэн нь 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Гарааш худалдах, худалдан авах гэрээ”, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г гэрчлэхдээ хуульд заасан журмын дагуу уг үйлдлийг хийгээгүй байх тул нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Жигжидсүрэнгийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр М.Гансүх, Б.Мөнхбат нарын хооронд байгуулагдсан “Гарааш худалдах, худалдан авах гэрээ”, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г бүртгэлийн 1524, 1525 дугаарт бүртгэж, гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ
|
|