Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 746

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

“ИАЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02465 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ИАЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Жд холбогдох

 

Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Гуравдагч этгээд Б.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О

Гуравдагч этгээд Б.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ИАЗ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ИАЗ” ХХК-ийн захирал М.Гансүх нь зар сонин дээр байсан утасны дугаараар Ж.Энхбаяртай холбогдож 50 000 000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй зээлэхээр болж, 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” болон “Гарааш худалдах-худалдан авах гэрээг М.Гансүх, Б.Мөнхбат нар байгуулсан. Ингэхдээ Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх 1270 Уурхайчид 2 тоотод байрлах нэгж талбарын 18669296328036 дугаартай 1800 м.кв талбай бүхий газар, мөн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 2 гудамжны 1 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2207003688 дугаар бүхий 1033 м.кв талбайтай гараашийг түр хугацаагаар барьцаалж, зээлсэн 50 000 000 төгрөгөө, хүүгийн хамт төлж барагдуулсны  дараа тухайн эд хөрөнгүүдээ буцаан авахаар харилцан тохиролцсон. “ИАЗ” ХХК-ийн захирал М.Гансүхийг Ж.Энхбаяр, Б.Мөнхбат нараас мөнгө зээлж байгаа үйлдлийн талаар нотариатч Т.Ж мэдсээр байж зээлийн болон барьцааны гэрээ хийгээгүй бөгөөд гарах үр дагаврыг тайлбарлахгүйгээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон гарааш худалдах-худалдан авах гэрээг үйлдэж баталсан. М.Гансүх зээлийн төлбөрөөс 33 382 000 төгрөгийг Б.Мөнхбатын түүнд өгсөн ХААН банкны дансанд төлөөд явж байх хооронд Б.Мөнхбат нь 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр дээрх эд хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь тухайн үед “ИАЗ” ХХК-ийн эзэмшил, өмчлөлд байсан. “ИАЗ” ХХК нь нэг гишүүнтэй, М.Гансүхийн эзэмшлийн компани хэдий ч тус компанийн өмч хөрөнгийг иргэн М.Гансүх захиран зарцуулах эрх хуулиар олгогдоогүй. Нотариатч Т.Ж дээрх эд хөрөнгүүдийг хэн нэгэн этгээдэд шилжүүлэх тухай нотариатын үйлдэл хийхдээ хуульд заасны дагуу эзэмшигч, өмчлөгч нь болох “ИАЗ” ХХК-иас заавал зөвшөөрөл авах, эсхүл дээрх эд хөрөнгүүд нь иргэн М.Гансүхийн өмч хөрөнгө мөн эсэх, мөн бол түүнийг захиран зарцуулах эрхтэй эсэхийг шалгах ёстой байсан. Иймд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн М.Гансүх, Б.Мөнхбат нарын хооронд байгуулсан нотариатын 1524 дугаарт бүртгэсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон нотариатын 1525 дугаарт бүртгэсэн гарааш худалдах-худалдан авах гэрээг баталгаажуулсан нотариатын үйлдлийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

      

Хариуцагч Т.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: М.Гансүх нь 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ж.Энхбаяр, Б.Мөнхбат нартай гарааш худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан ба барьцаатай зээлийн гэрээ хийх тухайгаа надад хэлээгүй. Би М.Гансүх нь дээрх хүмүүсээс зээлийн гэрээ хийх талаар мэдсэн бол зээлийн гэрээгээр хийх байсан тэгэх ч ёстой тэд надад барьцаатай зээл авах тухайгаа хэлээгүй. Зохигчдын хоорондоо тохиролцсоны дагуу тэдэнд маягтуудыг өгч тус хүмүүс өөрсдөө гараар маягтаа бөглөн гэрээ хийж гарын үсэг зурсан. М.Гансүх нь “ИАЗ” ХХК-ийн эзэн болохоор тус ХХК-ийн эзэмшилд байсан эд хөрөнгийг бусдад шилжүүлэх эрхийнхээ дагуу гэрээг хийсэн. Энэ гэрээ нь зохигчдын харилцан тохиролцож хийснээс хойш 3 жилийн хугацаанд тус гэрээнд зохигчдоос өөрчлөлт засвар оруулах талаар ямар нэг санал хүсэлт ирүүлээгүй. Иймд энэ гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Уг гэрээг батлагдсанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцох хэрэгтэй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхбат шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Мөнхбат би М.Гансүхтэй худалдах-худалдан авах гэрээ, газар шилжүүлэх гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлж, нэхэмжлэлд дурдсан газар, гараашийг худалдаж авсан. Бидний хооронд байгуулсан гэрээнд нотариатчийн буруутай үйлдэл байхгүй. М.Гансүх 2014 онд Хан-Уул дүүргийн шүүхэд одоогийн нэхэмжлэлдээ дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хуралдааны өмнө М.Гансүх эвлэрэх санал гарган эвлэрсэн. Гэтэл М.Гансүх эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй, эвлэрэл баталсан шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргасан бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШТ2015/00387 дугаар тогтоолоор хүсэлтийг хангаагүй. “ИАЗ” ХХК нь тухайн үедээ нотариатчийн үйлдлийг зөвшөөрсөн нь анхны нэхэмжлэлээс харагддаг. Өмнөх шүүхийн ажиллагааны үед нотариатчийн үйлдлийг буруутгаагүй тул уг асуудлыг шүүх дахин хэлэлцэхгүй.  

М.Гансүх нь хуулийн дагуу ажлаа хийсэн нотариатчийг буруутгах байдлаар Б.Мөнхбатын өмчийг хууль бусаар авах гэсэн оролдлого гэж үзэж байна. М.Гансүх нь нотариатчид өөрийгөө “ИАЗ” ХХК-ийг төлөөлөх эрхтэй мэт ойлгуулсан бөгөөд тэрээр тухайн компанийн ганц хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд юм. Энэ хэлцлийг хийсний дараа хуулийн этгээдээр хэлцлийг хийх ёстой байж гэж яригдсан боловч нэхэмжлэгч “...зүгээрээ, асуудал гарвал бичгээ компаниараа гаргаад газрын албанд өгнө, хугацаа хожихын тулд хурдан өгье” гэсэн. Хэрвээ нотариатын үйлдэл буруу гэж үзвэл түүнд нөлөөлсөн хүчин зүйл байгаа эсхийг үнэлэх ёстой. Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, 28.3 дахь хэсэгт зааснаар үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нотариатч хариуцахгүй.

Иймд шүүх үйлчлүүлэгчийн өөрийн буруутай үйлдэл, өөрийгөө төлөөлөх эрхтэй мэт ойлгуулсан байдал, өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг анхаарна уу гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Жгийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр М.Гансүх, Б.Мөнхбат нарын хооронд байгуулагдсан Гарааш худалдах-худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг бүртгэлийн 1524, 1525 дугаарт бүртгэж, гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд Б.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5-д заасан ажиллагаа хийгдээгүйг шүүх хуралдааны явцад шүүгчид мэдэгдэхэд "энэ ажиллагаа бол хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа, мөн хүсэлт хэлэлцэх үе шат өнгөрсөн" гээд хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны байх зарчимд харшилсан.

Нэхэмжлэгч тал тайлбар хийх явцад шүүгч тайлбар хийх бололцоо олголгүй тасалдуулж байсан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч "хэргийг шударгаар шийдэхэд эргэлзээтэй" гэхэд шүүгч "та нарын хүсэлт тавих шат өнгөрсөн" гэж хүсэлтийг хүлээн аваагүй, цагдаа дуудан дэг сануулсан. Энэ нь хэргийн оролцогчид олгогдсон эрхийг үгүйсгэсэн алдаа болсон. Ийм нөхцлийг шүүх дэгээр тогтоосон нь мөн хууль ёсны зарчмыг ноцтой зөрчсөн үндэслэл мөн.

Шүүх хуралдаан эхлэхийн өмнө маргааны зүйлтэй холбогдуулан эрх, үүрэг нь хөндөгдөх нэр тодорхой этгээд 1, нэр нь тодорхойгүй 1 этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан. Гуравдагч этгээд Б.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд бие даасан шаардлага гаргахаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байсан бөгөөд хураамж төлөх бололцоогоор хангаж өгнө үү гэхэд зохих журмаар хэлэлцээгүй, хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй. Бие даасан шаардлага нь хуульд заасан бүрдүүлбэр хангаагүй тохиолдолд түүнийг зохих журмаар хүлээн авахаас татгалзах ёстой байтал огт хэлэлцээгүй орхигдуулсан нь хууль ёсны зарчимд харшилсан.

Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад, нэхэмжлэгчээс өмнө дурдагдаагүй буюу зээлийн гэрээ байгуулж мөнгө төлөөлөн авсан гэх н.Билгүүний үйл ажиллагаатай холбоотой тайлбарыг шаардлагын үндэслэлээ болгож, үүнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад хэлсэн тайлбаруудыг баримтаар няцаахад нотлох баримт шаардагдсан тул хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлт гаргасан. Гэтэл шүүгч хуулийн 38.9 дэх заалтыг бүхэлд нь буруу ойлгож хэрэглэн "танд хангалттай хугацаа өмнө нь байсан" гэсэн хуульд нийцэхгүй үндэслэлээр хүсэлтийг хангаагүй. Түүнээс гадна, шүүгч нэхэмжлэгч талд хандан "та нар битгий нэмж шинэ үйл баримт яриад бай, тэгэхлээр чинь энэ тал үндэслэл бүхий хүсэлт тавиад байна" гэх мэтээр хуралдааныг явуулсан нь хууль ёсны зарчим, диспозитив зарчмыг бүхэлд нь үгүйсгэсэн гэж ойлгогдсон. Шаардлагатай нотлох баримтыг гаргуулалгүйгээр хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэргийг бүхэлд нь үнэн зөв шийдвэрлэх, хэрэгт хамааралтай баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт судлагдах боломжийг хаасан, эрх ашгийг ноцтой зөрчсөн алдаа юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн уг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02465 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

            Нэхэмжлэгч “ИАЗ” ХХК нь  хариуцагч Т.Жд холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүй тооцуулах нэхэмжлэл гарган үндэслэлээ “... намайг Ж.Энхбаяр, Б.Мөнхбат нараас мөнгө зээлж байгаа талаар нотариатч мэдсээр байж зээлийн болон барьцааны гэрээ хийгээгүй, гарах үр дагаврыг тайлбарлаагүй, ... үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн тухай нотариатын үйлдэл хийхдээ өмчлөгчөөс зөвшөөрөл авах, М.Гансүхийн өмч мөн эсэх, түүнийг захиран зарцуулах эрхтэй эсэхийг шалгаагүй” гэж тайлбарладаг. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...барьцаатай зээлийн гэрээ хийх тухай мэдэгдээгүй, ... М.Гансүх компанийг төлөөлөх эрхийнхээ хүрээнд гэрээ байгуулсан ...” гэж маргажээ.

            Нэхэмжлэгч “ИАЗ” ХХК-ийн төлөөлөгч М.Гансүх, гуравдагч этгээд Б.Мөнхбат нар 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Уурхайчдын 2 дугаар гудамжны 01 тоотод байрлах 1033 м.кв талбай бүхий гараашийг худалдах-худалдан авах, мөн тус гудамжны 02 тоотод байрлах “ИАЗ” ХХК-ийн 1800 м.кв талбай бүхий газрын эрхийг шилжүүлэх гэрээг тус тус байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх 5-6 дахь тал/ Дээрх үйл баримтын хувьд талууд маргаангүй.  

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор шүүхэд Нотариатчдын танхимаас гаргуулсан нотариатын бүртгэлийн дэвтэр, 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гарааш худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, “ИАЗ” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудыг гаргаж өгчээ. /хх 61-67 дахь тал/

Дээрх баримтуудад хариуцагч Т.Жгийн нотариатчийн тамга, 126 дугаартай баталгааны тэмдэг дарагдсан байх тул хариуцагчийг гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 27 дугаар зүйлд заасан үүргээ зөрчсөн гэж буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгч “ИАЗ” ХХК нь ганц гишүүнтэй хуулийн этгээд байх бөгөөд тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч М.Гансүх, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувиар компанийг төлөөлж, хэлцэл хийсэн байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн “... зээлийн гэрээ байгуулах байсныг мэдсэн атлаа үр дагаврыг танилцуулаагүй, өөр гэрээ байгуулсан” гэх тайлбар баримтаар нотлогдоогүй байхад нотариатчийг Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасны дагуу эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлах үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймээс давж заалдах шатны шүүхээс, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн гэж дүгнэн, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт нийцнэ гэж үзлээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгээс үзвэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... шүүгчээс татгалзахаас өөр аргагүйд хүрнэ” гэх тайлбарыг “шүүгчээс татгалзан гаргах тухай” хүсэлт гаргасан, шүүгч уг хүсэлтийг шийдвэрлээгүй гэж дүгнэх боломжгүй байна.

Шүүгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг татан оролцуулах, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэв.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан буюу нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлсөн байхыг шаарддаг.

Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлд гуравдагч этгээд энэ талаар хүсэлт гаргасан гэх байдал тусгагдаагүй тул анхан шатны шүүхийг хэргийн оролцогчийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу шийдээгүй гэж үзэхгүй юм.

Дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02465 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “ИАЗ” ХХК-ийн, нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                             ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Ч.ЦЭНД