Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2017/02292

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2017/02292

Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол,******* тоотод оршин суух, 1992 онд төрсөн, 25 настай, эмэгтэй, Вавуло овогт Алтанхүүгийн*******/рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Тоовангийн гудамж,******* зочид буудал 303 тоотод байрлах, “Тайкун ХХК”/рд:2831988/ -д холбогдох,

Хохирол 5 682 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайкун” ХХК болон иргэн******* нар нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 1 500 000 төгрөгийн “Хьюндай сонота-6” маркийн тээврийн хэрэгслийг 5 сарын хугацаатайгаар барьцаанд тавьж, зээлийн гэрээ байгуулсан. 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “Тайкун” ХХК-ийн ажилтан ирээд “сүүлийн төлөлт дутуу байна, тиймээс машиныг чинь хурааж авлаа” гээд*******ын нөхрөөс түүний зөвшөөрөлгүйгээр, хурааж авсан.******* “Тайкун” ХХК руу залгаж асуухад “бид өөрсдийн гараашид харуул, хамгаалалттай газар хадгална, 10 хоногийн дотор төлөлтөө хийгээд машинаа авч болно” гэсэн. Тиймээс******* 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр үндсэн зээл болон хүүг төлөхөөр ярьсан боловч таныг машиныг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өглөө зарсан гэж түүнд хэлсэн, уг тээврийн хэрэгслийг 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэн Баттулга овогтой Насантогтоход худалдаалсан гэсэн Авто тээврийн үндэсний төв, тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар гарч ирсэн. Нэхэмжлэгч нь уг тээврийн хэрэгслийг “Тэ Бэ сервис” ХХК-иас таксинд түүний нөхөр 1 жил явж өөрийн болгосон бөгөөд тус компаниас 7 000 000 төгрөгөөр зээлээр худалдаж авсан байдаг. Гэтэл 1 500 000 төгрөгийн хүү төлөөгүйн төлөө зарсан үйлдлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн тээврийн хэрэгслийг худалдаалахдаа нэхэмжлэгчид ямар нэгэн байдлаар утсаар болон бичгээр мэдэгдээгүй. Мөн*******д өгсөн зээлийн гэрээний нэг хувь дээр тамга, тэмдэг гарын үсэг зураагүй бөгөөд түүнийг тамга, тэмдэгтэй гэрээг шаардахад “зүгээр ингээд болчдог юм, битгий санаа зов” гэж хэлсэн байгаа. Иймд А.Ариузулд гэм хор учруулж, хууль бусаар зарсан тээврийн хэрэгслийн үнийн зөрүү болох 5 682 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний дагуу 1 сарын хугацаатай байгуулагдсан. Эргэн төлөлт нь 5 сарын хугацаатай байгуулагдахаар болсон. Гэтэл үүргийн гүйцэтгэлээ зээлээ төлөөгүй тохиолдолд фидуцаар хангана гэж заасан хирнээ Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт тус барьцаанд байгаа эд хөрөнгийг хангуулахаар бичсэн. Зээлийн гэрээн дээр ямар нэгэн фидуцын гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар энэ үнийн дүнгээр худалдана гэсэн үг байдаггүй. Фидуцын гэрээн дээр фидуцын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэдэг. Хариуцагч талаас Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэдэг. Энэ гэрээн дээр буруу бичсэн байна. Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар харилцаагаа үүсгээд зээлийн гэрээгээ фидуцаар хангуулах гэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 286 дугаар зүйл буюу барьцаалан зээлдүүлэх журам яригдах ёстой. Бичгээр 10 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байсан. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3 дахь хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгэгч, үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас 10 хоногийн дотор үүргээ гүйцэтгэх ёстой. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсанаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан тооцно. Хугацааны хувьд 5 сарын зээлийн эргэн төлөлт дээр энэ гэрээ хүчин төгөлдөр бус болж байгаа гэв.

 

Хариуцагч “Тайкун” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь “Тайкун” компаниас 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зээл болон фидуцын гэрээгээр 1 500 000 төгрөгийг 6%-ийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатайгаар зээлж авсан. Мөн өдрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор УНИ******* дугаартай “Hyundai Sonаta-6” маркийн авто машиныг фудицын гэрээ байгуулан “Тайкун” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байдаг. Гэвч А.Ариунзул зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй.*******тай холбогдож уулзахад нөхөр нь энэ машиныг авч зараад зээлээ хаа гэж машиныг өгч явуулсан байдаг. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хүлээгээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүрэг дуусгавар болдог. Тухайн машиныг гаргуулан авсан өдрөө фидуци дуусгавар болсон. Фидуци өөрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргын нэг. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.2 дахь хэсэгт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хугацаа дууссан өдрөөс фидуцын гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг захиран зарцуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тохиролцсон байдаг. Иймд******* гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир фидуцын гэрээгээр машиныг зарсан нь хууль зөрчөөгүй байна. Талууд фидуцын гэрээгээр авто машины үнийг худалдан борлуулах аливаа бусад хэлбэрээр тохиролцохдоо 1 500 000 төгрөгөөр тохиролцсон. Эргэн төлөлт 300 000 төгрөг төлсөн. 1 800 000 төгрөгөөр авто машиныг худалдан борлуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ 1 сарын хугацаатай.******* гэрээнд заасан хугацаанд эргэн төлөлт хийгээгүй нь хавтаст хэрэгт байгаа баримтаар нотлогдож байна. Автомашины үнэлгээн дээр талууд 1 500 000 төгрөг байхаар тохирсон. Манайх 1 804 000 төгрөгөөр худалдсан. Тухайн аваагүй байгаа зээл хүү, алданги тооцоогоо оруулаад нийт зээлийг 1 804 000 төгрөгөөр хаасан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэдэг. Зээлийн гэрээ байгуулагдаад мөнгө өгсөн авсан дээр талууд маргадаггүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дүгээр зүйл хамааралгүй. Талуудын хооронд зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх барьцаа, фудици гэсэн аргаар хүсэл зоригоо илэрхийлээд хүчин төгөлдөр байгаа. Фидуцын онцлог нь авто машин манай өмчлөлд байх, зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд авто машиныг бодитоор гаргуулан авсан тохиолдолд гэрээ дуусгавар болдог, гэрээнд заасан үнээрээ зээлийг хаасанд тооцдог. Авто машиныг худалдан борлуулсан нь хууль зөрчөөгүй учир нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* нь хариуцагч “Тайкун ХХК”-д холбогдуулан хохирол 5 682 400 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “...Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.2 дахь хэсэгт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хугацаа дууссан өдрөөс фидуцын гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг захиран зарцуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тохиролцсон. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хүлээгээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүрэг дуусгавар болдог. Фидуцын гэрээгээр авто машины үнийг худалдан борлуулах аливаа бусад хэлбэрээр тохиролцохдоо 1 500 000 төгрөгөөр тохиролцсон. Эргэн төлөлт 300 000 төгрөг төлсөн. 1 800 000 төгрөгөөр авто машиныг худалдан борлуулсан. Иймд А.Ариунзул зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй учир фидуцын гэрээгээр машиныг зарсан нь хууль зөрчөөгүй” гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/” байгуулагдаж, хариуцагч “Тайкун” ХХК-ийн “Тайкун” авто ломбард нь нэхэмжлэгч*******д 1 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн бол нэг өдрийн 7 500 төгрөгийн алданги тооцохоор тохиролцон зээлдүүлж, нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Хьюндэй Соната-6” маркийн 51-31 УНИ улсын дугаартай автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлжээ.  

Хариуцагчийн дугаар улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл хариуцагч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах эрхтэй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд дээрх гэрээний агуулга, шинж, зүйл, гэрээний талуудын эрх үүрэг зэргээс үзвэл талуудын хооронд зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг гүйцэтгэгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэгтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлэнэ” гэж заасан фидуцийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байх бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2-т “Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлээгүй тохиолдолд гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн барьцааны зүйлийн захиран зарцуулах эрхийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлнэ”, 3.1-д “Энэхүү гэрээний дагуу үүрэг хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгө нь хөдлөх эд хөрөнгө байна. Доорхи эд хөрөнгийг хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлнэ. “Хьюндэй Соната-6” маркийн 51-31 УНИ улсын дугаартай автомашин, тохиролцсон үнэ 1 500 000 төгрөг. Өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг зарж борлуулахдаа энэхүү гэрээний 3.1-д заасан үнийг баримтална” гэж тус тус заажээ.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас  үзэхэд талууд зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан, нэхэмжлэгч 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төлөх ёстой 390 000 төгрөгийг 4 дүгээр сарын 06-ны өдөр төлснөөс хойш үндсэн зээл 1 500 000 төгрөгийг үлдэх хүүгийн хамт төлөөгүй, уг зээлийн гэрээг сунгасан талаар баримт хэрэгт авагдаагүй, шилжүүлсэн эд хөрөнгийг 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хураан авч, 13-ны өдөр борлуулсан зэрэг үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж зааснаар барьцааны эд хөрөнгийн борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсныг буруутгах үндэслэлгүй байна.  

 

Иймд гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хохирол шаардах эрхгүй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2, 286.3, 235 дугаар зүйлийн 235.1, 235.3, 235.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч “Тайкун” ХХК-иас хохирол 5 682 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2, дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.МӨНГӨНТУУЛ