Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/00203

 

 

 

 

 

 

2018 01 15

210/МА2018/00203

 

 

 

А.Ариунзулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25ы өдрийн 183/ШШ2017/02292 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Ариунзулын нэхэмжлэлтэй, хариуцагч Тайкун ХХК-д холбогдох

 

Хохирол 5 682 400 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Тайкун ХХК болон иргэн А.Ариунзул нар нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 1 500 000 төгрөгийн Хьюндай сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг 5 сарын хугацаатайгаар барьцаанд тавьж, зээлийн гэрээ байгуулсан. 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Тайкун ХХК-ийн ажилтан сүүлийн төлөлт дутуу байна, тиймээс машиныг чинь хурааж авлаа гээд А.Ариунзулын нөхрөөс түүний зөвшөөрөлгүйгээр, хурааж авсан. А.Ариунзул Тайкун ХХК руу залгаж асуухад бид өөрсдийн гараашид харуул, хамгаалалттай газар хадгална, 10 хоногийн дотор төлөлтөө хийгээд машинаа авч болно гэсэн. Тиймээс А.Ариунзул 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үндсэн зээл болон хүүг төлөхөөр ярьсан боловч таны машиныг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өглөө зарсан гэж хэлсэн, уг тээврийн хэрэгслийг 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэн Баттулга овогтой Насантогтоход худалдаалсан гэсэн Авто тээврийн үндэсний төв, тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн лавлагаа гарч ирсэн. Нэхэмжлэгч нь уг тээврийн хэрэгслийг Тэ Бэ сервис ХХК-аас 7 000 000 төгрөгөөр, зээлээр худалдаж авсан. Гэтэл 1 500 000 төгрөгийн хүү төлөөгүйн төлөө зарсан үйлдлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн тээврийн хэрэгслийг худалдаалахдаа нэхэмжлэгчид ямар нэгэн байдлаар утсаар болон бичгээр мэдэгдээгүй. Мөн А.Ариунзулд өгсөн зээлийн гэрээний нэг хувь дээр тамга, тэмдэг гарын үсэг зураагүй бөгөөд түүнийг тамга, тэмдэгтэй гэрээг шаардахад зүгээр ингээд болдог юм, битгий санаа зов гэж хэлсэн. Иймд А.Ариузулд гэм хор учруулж, хууль бусаар зарсан тээврийн хэрэгслийн үнийн зөрүү болох 5 682 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний дагуу 1 сарын хугацаатай байгуулагдсан. Эргэн төлөлт нь 5 сарын хугацаатай байгуулагдахаар болсон. Гэтэл үүргийн гүйцэтгэлээ зээлээ төлөөгүй тохиолдолд фидуцаар хангана гэж заасан хэрнээ Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт тус барьцаанд байгаа эд хөрөнгийг хангуулахаар бичсэн. Зээлийн гэрээн дээр ямар нэгэн фидуцын гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар энэ үнийн дүнгээр худалдана гэсэн үг байдаггүй. Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар харилцаагаа үүсгээд зээлийн гэрээгээ фидуцаар хангуулах гэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 286 дугаар зүйл буюу барьцаалан зээлдүүлэх журам яригдах ёстой. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3 дахь хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгэгч, үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас 10 хоногийн дотор үүргээ гүйцэтгэх ёстой. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно. Хугацааны хувьд 5 сарын зээлийн эргэн төлөлт дээр энэ гэрээ хүчин төгөлдөр бус болж байна гэжээ.

Хариуцагч Тайкун ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь Тайкун компаниас 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээгээр 1 500 000 төгрөгийг 6%-ийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлж авсан. Мөн өдрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор УНИ 5131 дугаартай Hyundai Sonаta-6 маркийн авто машиныг фудицын гэрээ байгуулан Тайкун ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байдаг. Гэвч А.Ариунзул зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй. А.Ариунзултай холбогдож уулзахад нөхөр нь энэ машиныг зараад зээлээ хаа гэж машиныг өгч явуулсан байдаг. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хүлээгээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүрэг дуусгавар болдог. Тухайн машиныг гаргуулан авсан өдрөө фидуци дуусгавар болсон. Фидуци нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргын нэг. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.2 дахь хэсэгт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хугацаа дууссан өдрөөс фидуцын гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг захиран зарцуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир фидуцын гэрээгээр машиныг зарсан нь хууль зөрчөөгүй байна. Талууд фидуцын гэрээгээр авто машины үнийг худалдан борлуулах аливаа бусад хэлбэрээр тохиролцохдоо 1 500 000 төгрөгөөр тохиролцсон. Эргэн төлөлт 300 000 төгрөг төлсөн. 1 800 000 төгрөгөөр авто машиныг худалдан борлуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ 1 сарын хугацаатай. А.Ариунзул гэрээнд заасан хугацаанд эргэн төлөлт хийгээгүй нь хавтаст хэрэгт байгаа баримтаар нотлогдож байна. Автомашины үнэлгээг талууд 1 500 000 төгрөг байхаар тохирсон. Манайх 1 804 000 төгрөгөөр худалдсан. Тухайн аваагүй байгаа зээл хүү, алданги тооцоогоо оруулаад нийт зээлийг 1 804 000 төгрөгөөр хаасан. Фидуцын онцлог нь авто машин манай өмчлөлд байх, зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд авто машиныг бодитоор гаргуулан авсан тохиолдолд гэрээ дуусгавар болдог, гэрээнд заасан үнээрээ зээлийг хаасанд тооцдог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2, 286.3, 235 дугаар зүйлийн 235.1, 235.3, 235.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Тайкун ХХК-иас хохирол 5 682 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Ариунзулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 870 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Ариунзул давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээ байгуулагдаж, уг гэрээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэсэн боловч Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасныг үнэлж үзээгүй. Шүүх хурааж авсан эд хөрөнгийн хугацааг тогтоож үзсэн бөгөөд нийт 6 хоногийн дотор борлуулсан тухай үнэлсэн хэрнээ Иргэний хуулийн 286.3-т заасныг үнэлээгүй бөгөөд тус зүйл заалтын 10 хоногийн хугацаа нь ерөнхий зохицуулалтад тусгагдаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчиж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, үндэслэл болгосон баримтыг буруу үнэлсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Мөн барьцаалан зээлдүүлэгчийн талаарх Иргэний хуульд тусгайлан зааж өгсөн зүйл заалтыг үнэлээгүй гагцхүү тус харилцаанд хууль тогтоогч оруулж өгсөн зээлдэгчийн эрхийг хамгаалах хугацааг огт үнэлээгүй хууль буруу тайлбарлан, хэрэглсэн гэж үзэхээр байна. Зах зээл дээр 5 500 000 төгрөгөөр борлуулагдаж байгаа тээврийн хэрэгслийг 1 800 000 төгрөгөөр үл маргах журмаар борлуулах нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч А.Ариунзул нь хариуцагч Тайкун ХХК-д холбогдуулан хохиролд 5 682 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зээлийн болон фидцуцийн гэрээ байгуулагдаж, хариуцагч нь нэхэмжлэгчид 1 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлж, нэхэмжлэгч уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон, хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж авто машиныг худалдан борлуулсан үйл баримт тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг фидуцийн гэрээний үүргийг зөрчсөнөөс өөрт нь хохирол учирсан гэж үзэж байгаа тохиолдолд уг хохирлын хэмжээ буюу захиран зарцуулагдсан автомашины үнэлгээ тодорхой байх шаардлагатай. Авто машиныг нэхэмжлэгч нь 7 000 000 төгрөг, хариуцагч нь 1 800 000 төгрөг гэж маргаж байх ба зохигчдыг уг маргаантай асуудалд шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх, шинжээч томилуулах зэрэг хүсэлт гаргах боломжтой байсан гэж үзэхээргүй байна.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар иргэний хэрэг үүсгэсэн шүүгч хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлах үүрэгтэй. Гэтэл шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 06430 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжид эрх, үүрэг тайлбарлаж танилцуулахыг шүүгчийн туслах Э.Отгончимэгт даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн болно.

 

Шүүх хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгөөгүй, гүйцэтгэвэл зохих ажиллагааг гүйцэтгээгүй байх тул хэргийн оролцогчийн эрх хангагдсан гэж үзэх боломжгүй.

 

Түүнчлэн фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хугацааг 2 сараар гэж, харин зээлийн гэрээний хугацаа болон зээл эргэн төлөх хуваарийг урт хугацаагаар тогтоосон баримт хэрэгт авагдсан байхад шүүх энэ талаар талуудаас тодруулж дүгнэлт өгөөгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25ы өдрийн 183/ШШ2017/02292 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Ариунзулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

А.МӨНХЗУЛ