Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0958

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, шүүгч Ц.Мөнхзул, шүүгч А.Мөнх-Өлзий нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: С*** Н*** /РД:***/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Ө.Ц*** /РД:***/ нарын хооронд үүссэн газар эзэмших эрхийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Н***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н***, гуравдагч этгээд Ө.Ц***, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.О***, иргэдийн төлөөлөгч Г.А***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч С.Н*** нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн 3 дахь хэсгийн С.Н***од холбогдох хэсгийг болон уг захирамжийн хавсралтын 47-д заасан С.Н*** болон 48-д заасан Ө.Ц*** нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2. Хэргийн нөхцөл байдал: Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 290 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 8013/0027 дугаар бүхий 3010 м.кв газрыг “О*** т***” ХХК-д үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181 дүгээр захирамжаар “О*** т***” ХХК-ийн эзэмших эрх бүхий тус газраас 1210 м.кв газрын эзэмших эрхийг С.Н***од шилжүүлсэн байна.

Харин нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” А/1111 дүгээр захирамжаар нэхэмжлэгч С.Н***ын эзэмших эрхтэй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 1210 м.кв газраас 846 м.кв газрыг С.Н***од үлдээж, 363 м.кв газрыг нь гуравдагч этгээд Ө.Ц***д эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

3. Процессын түүх: Хариуцагчаас маргаан бүхий захирамжийг нэхэмжлэгчид гардуулж, мэдэгдээгүй байх ба нэхэмжлэгч С.Н*** нь эзэмших эрх бүхий газрын талбайн хэмжээ өөрчлөгдсөнийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэнтэй уулзахдаа мэдсэнээр 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч С.Н*** нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

4.1. Миний бие нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 181 дүгээр захирамжаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт 1210 м. кв. талбайтай газрыг /нэгж талбарын дугаар 8013/0027/ 15 жилийн хугацаатай эзэмшиж, уг газар дээр 594 м. кв. талбайтай тухайн үед 361.039.712 төгрөгийн үнэлгээтэй үйлдвэр, үйлчилгээ, орон сууцны барилга бүхий үл хөдлөх хөрөнгийг барьсан бөгөөд улмаар өргөтгөл хийж өмчлөх эрхийг өөрийн болон эхнэр, хүүхдийн нэр дээр хэсэгчлэн баталгаажуулж, гэрчилгээ гаргуулсан болно.

4.2. Гэтэл нийслэлийн газрын албаны Хан-Уул дүүргийг хариуцсан ажилтан н.Л***-тэй 2018 оны 12 дугаар сарын 19-нд уулзах үед дээрх миний эзэмшлийн газраас 363 м. кв. талбай бүхий газрыг иргэн Ө.Ц***д эзэмшүүлэх тухай Засаг даргын шийдвэр 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гарсныг анх удаа мэдлээ.

4.3. Засаг даргын дээрх захирамж нь миний эзэмшиж байсан 1210 м. кв. газрын хэмжээг 363 м.кв.-аар багасгаж 846 м. кв. хэмжээтэй болгосноор эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маань хөндөж, намайг хохироосон шийдвэр болжээ. Намайг газрын албаны ажилтан н.Л***, дарга н.З*** нартай урьд нь хэд хэдэн удаа уулзаж байхад тэд дээрх шийдвэрийн талаар болон түүнийг гаргах үйл явцын тухай надад огт мэдэгдээгүй, түүнд миний оролцоог хангаагүй болно.

4.4. Захиргааны байгууллага нь дээрх шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1-т заасныг баримталж, биелүүлээгүй, захиргааны акт нь 40 дүгээр зүйлийн 40.2.2, 40.2.5-д заасан шаардлагыг хангаагүй, хууль бусаар гарч газар эзэмшигч миний эрхийг зөрсөн байх тул Нийслэлийн засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дугаар захирамжийн болон түүний хавсралтын С.Н***, Ө.Ц*** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч өөрийн эзэмшил газар дээр барьсан барилга нь 2 давхар, зоорь, гарааштай 594 м.кв хэмжээтэй бөгөөд хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан байсан. Зөвхөн 212 м.кв хэмжээ газрыг бэлэглэлийн гэрээгээр н.Р.Э*** гэж хүнд шилжүүлж н.Р.*** нь барьцаанд тавьж зээл авч, зээлээ төлсний дараа барьцааг гаргуулах байсан гэтэл зуурдаар нас барсан. Энэ нь тусдаа иргэний хэрэг байх, эрүүгийн журмаар ажиллагаа явуулсан боловч шийдвэр гараагүй. Гэтэл барилгыг бүхэлд нь өөрийн эзэмшил мэтээр бусдыг төөрөгдүүлж 212 м.кв объектын доод газар, объектын эргэн тойрны газар бүхэлдээ манай газар гэдэг байдлаар хүсэлт гаргасан. Газар дээр үзлэг хийж суурийн давхраар хэмжилт хийж, яаж 212 м.кв объект биш 4 дахин том объект байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг зээл авах шалтгаанаар хүчингүй болгуулсан нөхцөл байдал байгаа. Энэ нөхцөл байдлыг далимдуулж газрыг гуравдагч этгээдийн нэр дээр шилжүүлсэн нь шударга бус юм.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргаж байгаа газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байх ёстой гэсэн үндсэн шаардлага байдаг. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.-т газар эзэмших нутаг дэвсгэрийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарын дугаарыг харуулсан зураг зэрэг газар эзэмших хүсэлтэд хавсаргасан байна. Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын хүчин төгөлдөр кадастрын зургийн үндсэн дээр газрын харилцаа бүхэлдээ явагддаг. Гэтэл газрын үзлэг хийсэн зүйл байхгүйгээр зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үндэслэн газар олгосон. Газрын тухай хуульд зааснаар газар олгох гэж байгаа тохиолдолд газрын давхцал байгаа эсэхийг шалгах ёстой байхад огт шалгаж үзэлгүйгээр газар олгосон. Ер нь бүхэлдээ төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас энэ маргаан үүссэн. Хуульд заасан шаардлагыг хангаж ажиллаагүй гэдэг нь дээрх нөхцөл байдлаас тодорхой харагдаж байгаа юм. Газрын кадастрын зураг, үл хөдлөх эд хөрөнгийн кадастрын зураг байхгүй учраас шүүгчийн захирамж нь биелэгдэх боломжгүй. Шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шинжээчийн дүгнэлт шүүхийн асуултад бүрэн дүүрэн хариулж чадаагүй. Анхдагч баримт бичиг байхгүй учраас маргаан үүссэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирсэн бичиг, иргэн Ө.Ц***гээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн захирамж гаргасан гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна...” гэв.

5. Хариуцагч нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

5.1. Иргэн С.Н***ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь иргэн Ө.Ц*** тус байгууллагад хандаж Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Н***ын эзэмшил газарт орших 212 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул үл хөдлөх эд хөрөнгө байрлах газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авах тухай хүсэлтийг ирүүлсний дагуу хүсэлтийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирсэн албан бичгийг үндэслэн иргэн Ө.Ц***д газрыг хэрхэн шийдвэрлэх тухай шүүхийн шийдвэр хүргүүлж, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/8656 дугаар албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгийн суурийн газрын хэмжээгээр газрыг олгох нь зүйтэй гэсэн хариуг ирүүлсэн. Эдгээр иргэн Ө.Ц***гийн гаргасан хүсэлтийн дагуу маргаан бүхий А/1111 дүгээр захирамж гарсан.

5.2. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 5.1-д заасны дагуу газар эзэмшигчийн өмчлөгчид байгаа тухайн газар дээр эд хөрөнгө эзэмших эрх өөрийн этгээдэд тухайн газрыг эзэмших эрхийг дуусгавар болж, шинээр газар эзэмших эрх тогтоох гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга уг захирамжийг гаргасан байх тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Маргаан бүхий захирамж нь шүүхийн маргаантай байгаа гэсэн бүртгэлд байгаа учраас кадастрын нэгдсэн санд одоогоор бүртгэл нь бүртгэгдээгүй байгаа. Анх захирамжийг гаргахдаа шүүхийн эцсийн шийдвэр гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бичиг ирсний дагуу газар олгогдсон. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байна гэж заасан үндэслэлээр газар олгож шийдвэрлэсэн.” гэв.

6. Гуравдагч этгээд Ө.Ц***гээс нэхэмжлэлийг үгүйсгэж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

6.1. Хан-Уул Дүүргийн шүүгчийн 2007.03.09-ны өдрийн 135 дугаартай захирамжаар “Зохигчдын эвлэрлийг баталж” Б*** К*** ББСБ-д 47.392.000 төгрөгийг Р.Э***-ээс төлүүлэх, төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Уг захирамжийн улмаас иргэн С.Н*** түүний эхнэр гэх Р.Э*** нар нь Б*** к*** ББСБ-с зээлсэн 45 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавигдсан Хан уул дүүргийн 3-р хороо, Ажилчны гудамжны 12 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 212.8 м.кв үл хөдлөх хөрөнгө болон 3010 м.кв газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлж 45 сая төгрөгийг ББСБ-д төлсөн тохиолдолд иргэн Ө.Б***, С.Б*** нарт С.Н*** өөрийн эзэмшлийн 3010 м.кв газраасаа эмнэлгийн барилга барих болон амины орон сууцны барилга барих талбайг А, 15*15м2, Б, 15*20 м2 газар буюу 600 м2 газрыг тасалж өгнө гэсэн “Баталгаа”-г 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гарган өгсөн байдаг. С.Н*** нь өөрийн эзэмшлийн газраас Ө.Б***, С.Б*** нарт тасалж өгнө гэсэн газрынхаа зургийг кадастраар хийлгэн 2007 оны нотариатаар баталгаажуулсан баримтаар газрыг хууль бусаар авсан гэх үндэслэлгүй.

6.2. “Б*** к***” ББСБ-д зээлдэгч Р.Э***ийн зээлийн төлбөрт 45 сая төгрөгийг Ө.Б***, С.Б*** нар төлснийг 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 07/244 тоот албан бичгээр тодорхойлсон тодорхойлолт Ө.Б***, С.Б*** нарт “Б*** к***” ХХК-ийн өмчлөлд байсан Хан уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны 12 тоот гудамжинд байрлах 212.8 м2 талбайтай үйлчилгээний V-2206005102 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр 10 сая төгрөгөөр үнэлэн шилжүүлж өгч Ө.Б***ү нь С.Б***д зээл чөлөөлөхөд оруулсан 40 сая төгрөгийг хүүгийн хамт төлж зөвхөн өөрийн буюу Ө.Б***гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг 2008 оны 06 дугаар сарын 04-ний өдөр авсан.

6.3. Ө.Б*** нь өмчлөлдөө 9 жил байсан уг үл хөдлөх эд хөрөнгийг төрсөн эгч Ө.Ц***д 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн бөгөөд энэхүү үл хөдлөх хөрөнгө нь С.Н***ын эзэмшил гэх газар дээр анхнаасаа байсан, одоо ч миний өмчлөлд хэвээр байгаа болно.

6.4. “Б*** к***” ББСБ нь зээлийн төлбөрт 45 сая төгрөг төлөхөд иргэн Ө.Б***, С.Б*** нарт 3010 м2 талбай бүхий С.Н***ын нэр дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг 2007.10.25-нд барьцаанаас суллаад шууд өгсөн байсныг “Та нарт өгнө гэсэн 600 м2 газраа шилжүүлж өгье” хэмээн С.Н*** авч яваад Сэр Од овогтой Дуламжавт бидэнд өгнө гэсэн 600 м2 газрыг оролцуулан нийт 1800 м2 газрыг худалдан шилжүүлсэн байсныг 2008 оны 05 сард мэдээд залилан мэхэлсэн үйлдэл гэж цагдаагийн байгууллагад хандаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан. Мөн цагдаагийн байгууллага 2009 онд битүүмжилсэн байсан 1210 м2 газраас 2011 онд “Т*** ө***” ХХК-н захирал Б***-д өгнө гээд 50 орчим сая төгрөг урьдчилсан аваад сендвичэн барилга бариулж төмрийн үйлдвэрлэл эрхлүүлж байна. Энэ газрын битүүмжлэл 2009 оноос 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүчинтэй байсан болно.

6.5. Эрүүгийн хэргийг Хан уул дүүргийн прокурорын газрын 2017оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 5/621 дугаартай мэдэгдэх хуудсаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгосныг хохирогч нарт мэдэгдэн “Ө.Б***д Газрын тухай хуулийн 60-р зүйлийн 60.1.2, 60.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмших, ашиглах талаарх гомдлоо эхлээд дүүргийн Засаг даргад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэж дурдан хариу өгсөн тул нийслэлийн Засаг даргад хандан 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өргөдөл гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дугаартай захирамжаар “Иргэн Ө.Ц*** миний өмчлөлд байгаа 212.8 м2 үл хөдлөх хөрөнгийн доор байрлах газрыг түүний эргэн тойрны орчны тохижилтод хамаарах 30 хувийн газар болох 150 м.кв газрыг нэмж нийт 363 м.кв газрыг надад өмчлүүлэхээр шийдсэн нь С.Н***ын эрх ашгийг огт хөндөөгүй. Харин С.Н***ын залилан мэхэлсэн үйлдлийн улмаас 12 дахь жилдээ хохирч үл хөдлөх эд хөрөнгө маань балгас болсон

6.6. Биднийг 3010 м.кв газрыг чөлөөлж өгсний дараа нэхэмжлэгч нь 3010 м.кв газраа өөрийн хуучин эхнэр н.О***ээс С.Д***т шилжүүлж өгч үлдсэн 1210 м.кв газраа С.Н***ын нэр дээр шилжүүлсэн. Гэтэл бид нар Б*** к*** ББСБ-с газрын хэмжээ 3010 м.кв газар байсан тэр хэмжээгээр чөлөөлж авсан. С.Н***, Ө.Б***, С.Батзан, Батс кридет ББСБ-ын төлөөлөгч н.О*** нар хамт очиж чөлөөлүүлсэн хэр нь одоо мэдэхгүй гэж хэлж байгааг ойлгохгүй байна. С.Н***ын зээлийг төлөхийн тулд миний дүү Ө.Б*** 2 өөрөө байраа Капитал банк-д барьцаанд тавьж зээл авч төлсөн байдаг. С.Б***-ны мөнгийг төлсөн учраас нэрээ татсан. 2008 оны 06 дугаар сараас эхлэн Ө.Б***гийн нэр дээр зээл дангаар үлдсэн байдаг. 2016 онд Ө.Б***гийн бие нь муу байсан учраас надад итгэмжлэл олгосон. Анх үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж авсан. 15 жилийн турш хамгийн их хохирсон хүн нь бид нар. Хэрвээ чөлөөлж өгөөгүй бол Б*** к*** ББСБ-ын нэр дээр шилжих байсан. 2007 онд н.Л***, дараа нь орлогч н.Г***, н.З*** гэж орлогчид нь миний бие өргөдөл гаргаж байсан. 1 жил гаруй явсны үндсэн дээр шийдэгдсэн. Шийдвэр гарсны дараа С.Н*** шүүхэд нэхэмжлэл гаргаж Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба кадастрын зураг гаргахгүй хүлээсэн гэж бодож байна. Анх 2003 онд газар дээр нэхэмжлэгч нь барилга барьж эхэлсэн бөгөөд ямар шалтгаанаар тухайн үед кадастрын зураг гаргуулаагүй болохыг тодруулахаар хүсэлт гаргасан. Миний эзэмшлийн газар биш учраас кадастрын зураг гаргаж өгөөгүй. 212,8 м.кв барилгын доод газар нь 16 м.кв нь С.Н***ын охин Н*** гэж хүний нэр дээр байсан. Гуравдагч этгээдийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа. Анх өргөдөл 600 м.кв газрын асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Зөвхөн С.Н*** өөрөө хохирсон мэтээр тайлбар гаргаж байгааг гайхаж байна. Хамгийн ир хохирсон этгээд нь бид нар. Нийслэлийн Засаг даргын А/1111 дүгээр захирамжийг гаргуулах хуралдаанд миний бие хэд хэдэн удаа оролцож байсан. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр захирамж гарснаар одоог хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй үргэлжилж байна. Миний дүү болон би цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зарцуулсан гомдолтой байна” гэв.

6.6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2007 оноос хойш гуравдагч этгээд хохирсон гэдэг нь эрүүгийн хэрэг, иргэний хэрэг болон захиргааны хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно. Шүүхээс шаардсан албан тоотын хариуд 594 м.кв байр С.Н***ын нэр дээр байхгүй гэдгийг Улсын бүртгэлийн газраас тогтоосон баримт ирсэн. 2 дугаар хавтаст хэргийн 2 дахь хуудаст талийгаачийг нас барснаас хойш хуурамч гэрчилгээг алга болгосон, дахин гэрчилгээ гаргуулж өгнө үү гэж гэрчилгээг өөрийн нэр дээр авсан. 212 м.кв үл хөдлөх эд хөрөнгө нь Р.Э***ийнх гэж хэлээд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулж залилан хийсэн. Н.Н***т болон С.Н***ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг давхардуулан олгосон байна гэж нэр дээрх гэрчилгээг хүчингүй болгож улсын бүртгэлээс хассан. Маргаан бүхий газрыг 2003 оны 03 дугаар сарын 13-ны өдөр авахдаа холбогдох бүх баримтыг бүрдүүлж авсан хүн нь С.Н***, 212,8 м.кв объектыг өөрийн нэр дээр гаргуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүн нь С.Н***, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б***-гийн зохигчдын эвлэрлийг баталсан шүүхийн эцсийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. 3010 м.кв газрыг Р.Э***ийн нэр лүү шилжүүлсэн баримт, 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр “Б*** к***” ББСБ-д барьцаанд 212,8 м.кв объектыг нэр дээрээ шилжүүлэхдээ мөн барьцаанд байгаа газрыг шилжүүлж өгсөн баримт байгаа. 2007 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 130 дугаартай Зохигчдын эрхийг батлах тухай шүүгчийн захирамжид хэрвээ “Б*** к***” ББСБ-д барьцааны зээлийг төлөөгүй тохиолдолд объектыг газрын хамт албадан хураах нөхцөл байдал үүсэхийг дурдсан байдаг. Хавтаст хэргийн 80 дугаар хуудаст 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн С.Н***ын гаргасан баталгаанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын гудамжны 12 тоот үйлдвэр үйлчилгээний барилгыг “Б*** к***” ББСБ-д барьцаанд байсныг 45 сая төгрөгийн барьцаанаас чөлөөлж байгаа тул харилцан тохиролцох зарчмын дагуу дараах баталгааг гаргаж байна. Үүнд эмнэлгийн барилга нь С.Б***ын амины орон сууц барихад эдгээр барилгад инженер техникийн нөхцөлөөр цахилгаан, дулааныг бүрэн хариуцна гэсэн байдаг. Үүнд мөн кадастрын зураг хийлгэж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаар баталгаажуулсан баримт авагдсан. Эдгээр баримтуудыг үндэслэн С.Б***, Ө.Б*** нар барьцааны төлбөрийг төлсөн. 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдөр баталгаанд “Б*** к***” ББСБ-д барьцааны 45 сая төгрөгийг төлсөн болох нь үнэн. Өөрийн хөрөнгө болох 2 өрөө байраа зарж барьцаанаас газрыг чөлөөлсөн. Эдгээр үйл баримтуудын улмаас хохирсон хүн нь гуравдагч этгээд Ө.Ц***,. Кадастрын зураггүй газарт өмчлөх эрхийн гэрчилгээ авсан этгээд нь С.Н***, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн баталгааг хэнээс хэн рүү шилжүүлсэн болох лавлагаа хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Гуравдагч этгээд Ө.Ц*** нь Иргэний хуулийн 101, 106 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэг буцаагдсан. Хууль зөрчиж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон байна гэж хэн ч маргаагүй. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т зааснаар газраас үл хөдлөх эд хөрөнгийг салгасан тохиолдолд зориулалтаа алдана гэж заасан байдаг.

Барилгын тухай хуульд зааснаар барилгын ажлын тохижилт гэдэг орчны тохижилт, барилгад олгосон газарт барилгажилт, нормын дагуу мод, ногоон байгууламж тарих, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг зэргийг байрлуулах ёстой гэж заасан. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх гэж заасан. Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудаст газар ашиглах тухай гэрээнд газрын төлбөрт 200 төгрөг төлнө гэж заасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл газрын төлбөрөө огт төлөөгүй. 3010 м.кв газар, 1200 м.кв газрыг эзэмшиж байхдаа ч мөн газрын төлбөр төлж байгаагүй. Газар эзэмшигчтэй байгуулсан 2008 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээний 5.1, Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар газар эзэмшигчийн нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ өөр этгээдэд шилжих тохиолдолд тухайн газрыг эзэмших эрх дуусгавар болж, шинээр газар эзэмших эрхийг шилжүүлнэ. Ө.Ц*** нь С.Н***ын гаргасан баталгааны дагуу Б*** к*** ББСБ-с авсан. Тэгэхээр С.Н***оос авсан гэж үзэхгүй. Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

7. Иргэдийн төлөөлөгч Г.А*** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч С.Н***ын тухайд үл ойлголцол үүссэн гэж үзэж байна. Газрыг авах үндэслэл С.Н***од байхгүй гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж үзэж, нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актын холбогдох хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” А/1111 дүгээр захирамжаар нэхэмжлэгч С.Н***ын эзэмших эрх бүхий Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 1210 м.кв газрыг хоёр хувааж, 846 м.кв газрыг нэхэмжлэгч С.Н***од, үлдэх 363 м.кв газрыг гуравдагч этгээд Ө.Ц***д тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэж, нэхэмжлэгчид анх газар эзэмших эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 181 дүгээр захирамжийн С.Н***од холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчээс дээрх захирамжийг эс зөвшөөрч, 1210 м.кв газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь 2 давхар, нийт 594 м.кв талбайтай, үүнээс 212,8 м.кв талбайд хамаарах үл хөдлөх хөрөнгөө бусдад шилжүүлсэн болохоос газар эзэмших эрхээ шилжүүлээгүй. Гэтэл хариуцагчаас ямар нэг зөвшөөрөл авахгүйгээр гуравдагч этгээдэд үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар дээр нэмж орчны газрыг хамт эзэмшүүлсэн нь хууль бус, газар эзэмших эрхийг нь зөрчсөн гэж маргасан.

4. Хариуцагч нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэлээ гуравдагч этгээдээс өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмших хүсэлт гаргаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/8656 дугаартай албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгийн суурийн хэмжээгээр газрыг олгох нь зүйтэй гэснийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө газрын салшгүй хэсэг учраас доорх газрыг, нэмж орц, гарцыг шийдвэрлэн 363 м.кв газрыг эзэмшүүлсэн гэж тайлбарласан.

5. Гуравдагч этгээдээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргаан бүхий газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь нийт 212,8 м.кв талбайтай гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн, нэхэмжлэгчээс тус үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсныг чөлөөлснөөр шилжүүлэн авсан, ингэхдээ газар эзэмших эрхээ шилжүүлнэ гэсэн баталгааг гаргасан тул газар эзэмших эрх шилжсэн гэж үзнэ, ийнхүү үл хөдлөх эд хөрөнгөө ашиглах боломжтой байдлаар орчны газартай нь хамт баталгаажуулан авсан гэсэн тайлбарыг гаргажээ.

6. Талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд, Газрын тухай хуульд заасан аль үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгож, гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг эзэмших эрх хэрхэн үүссэн гэж дүгнэхээс хамаарч, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг дүгнэхээр байна.

7. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 290 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 8013/0027 дугаар бүхий 3010 м.кв газрыг анх “О*** т***” ХХК-д үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж[1], газар эзэмших 0044407 дугаартай гэрчилгээг[2] олгожээ.

8. Нэхэмжлэгч С.Н***ын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт, гэрээний[3] үндсэн дээр нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181 дүгээр захирамжаар “О*** т***” ХХК-ийн эзэмших эрх бүхий 3010 м.кв газраас 1210 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлснээр нэхэмжлэгчид тус газрыг эзэмших эрх үүссэн байна.

9. Харин газар эзэмших эрх үүсэхээс өмнө нэхэмжлэгч нь тус газар дээр 212,8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө барьж, 2003 оны 12 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлд мэдүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2*** дугаарт бүртгүүлж, 0*** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байх ба нэхэмжлэгчээс тус үл хөдлөх эд хөрөнгө нь нийт 594 м.кв талбайтай гэж маргадаг ч анх бүртгүүлснээс хойш үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн өөрчлөлт эрхийн улсын бүртгэлд хийгдэж байгаагүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 6/10367 дугаартай лавлагаа болон эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийн баримтуудаар тогтоогдсон, иймд нэхэмжлэгчийн “.... үл хөдлөх эд хөрөнгөө өргөтгөсөн, зарим хэсгийг нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан...” гэх тайлбарууд үндэслэлгүй.

10. Үүнээс гадна нэхэмжлэгч С.Н*** нь 212,8 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөө 2006 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Р.Э***д шилжүүлсэн атлаа тус үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг дахин мэдүүлж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2*** дугаарт давхар бүртгүүлсэн болохыг улсын бүртгэлийн байгууллагаас шалган тогтоож, Улсын ерөнхий бүртгэгчийн 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 60 дугаар тушаалаар хүчингүй болгосон зэргээс дүгнэвэл нэхэмжлэгч С.Н*** нь маргаан бүхий газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгөө бүхлээр нь Р.Э***д шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

11. Хэдийгээр шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр тус үл хөдлөх эд хөрөнгө нь суурийн хэмжээгээр 254 м.кв талбайтай гэж тогтоосон боловч талбайн хэмжээ өөрчлөгдөх нь гуравдагч этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

12. Гуравдагч этгээдээс үл хөдлөх эд хөрөнгийн хамт газар эзэмших эрх давхар шилжсэн гэж маргасан, энэ талаар дараах үйл баримт тогтоогдож байна.

12.1. Р.Э*** нь тус үл хөдлөх эд хөрөнгийг 2006 оны 08 дугаар сарын 16-ны өдөр барьцаалан[4] “Б***” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулсан, улмаар Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 135 дугаартай захирамжаар “Б***” ББСБ-д 47,932,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн Р.Э***ийн зөвшөөрлийг баталсан шийдвэрийг гаргасан.

12.2. Үүний дараа “Б***” ББСБ, Р.Э*** нар 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “Б***” ББСБ-д өмчлөх эрх шилжсэн бүртгэл хийгдсэн байх ба “Б***” ББСБ-д төлөх Р.Э***ийн өр төлбөрийг С.Б***, Ө.Б*** нар төлж барагдуулснаар 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр С.Б***, Ө.Б*** нар үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйгээр улсын бүртгэлд бүртгэл хийгджээ.

12.3. Мөн С.Б***ын гаргасан хамтран өмчлөгч өөрчлөх мэдүүлгийн дагуу улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, Ө.Б*** нь дангаараа 212,8 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон бөгөөд Ө.Б***, Ө.Ц*** нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээгээр Ө.Ц*** өмчлөх эрхийг шилжүүлэн авсан.

12.4. Ийнхүү гуравдагч этгээд нь маргаан бүхий газар дээр байрлах 212,8 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болсон, түүний өмчлөх эрхийг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000576100 дугаар гэрчилгээ хүчин төгөлдөр байна.

12.5. Улмаар гуравдагч этгээд Ө.Ц***гээс анх удаа үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг орчны газрын хамт эзэмших хүсэлтийг Нийслэлийн газрын албанд гаргахад Нийслэлийн газрын албанаас хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 03/4257 дугаар албан бичгийг явуулсан.

12.6. Үүний хариуд Нийслэлийн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх газрын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/8656 дугаар албан бичгээр “Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 328 дугаар захирамжаар С.Н***оос 21,117,000 төгрөг гаргуулж, “Э*** и***” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхээр албан бичгүүдийг холбогдох байгууллагад хүргүүлэхэд, эзэмшилд нь бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 1210 м.кв газрыг түдгэлзүүлсэн талаар танай албанаас хариу ирүүлсэн. Иймд төлбөр төлөгч С.Н***ын эзэмшлийн газрын захиран зарцуулах эрхийг сэргээх хууль зүйн үндэслэлгүй тул Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасаар иргэн Ө.Ц***д түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн суурийн хэмжээгээр газрыг олгох нь зүйтэй” гэжээ.

12.7. Тус албан бичигт дурдсан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 328 дугаар захирамжаар “Э*** и***” ББСБ-ын нэхэмжлэлтэй, С.Н***од холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ингэхдээ маргаан бүхий газрын талаар шийдвэр гаргаагүй, тус шүүхийн шийдвэр нь 212,8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөтэй огт хамааралгүй байна. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг хэн нэгэнд шилжүүлсэн ямар нэг шүүхийн шийдвэр байхгүй, улсын бүртгэлийн баримтуудаар зөвхөн үл хөдлөх эд хөрөнгө дангаараа шилжсэн бүртгэлүүд хийгдсэн.

13. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх газрын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/8656 дугаар албан бичгийг үндэслэн Нийслэлийн газрын албаны газрын эрхийн хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар гуравдагч этгээдийн хүсэлтийг хэлэлцэн газар эзэмших эрхийг шилжүүлэхийг зөвшөөрсөн дүгнэлт гаргаснаар[5] нийслэлийн Засаг даргын  2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 1210 м.кв газраас 363 м.кв газрыг Ө.Ц***д, 846 м.кв газрыг С.Н***од эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

14. Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, газрын бүрдэл хэсэг болсон үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг гуравдагч этгээдэд орчны газартай нь хамт эзэмшүүлсэн хэмээн тайлбарлах боловч Газрын тухай хуульд заасан аль үндэслэлээр шийдвэр гаргаснаа тайлбарлаж чадахгүй, газрын кадастрын мэдээллийн санд кадастрын зургийг бүртгээгүйн улмаас орчны газар гэж 150,2 м.кв газрыг нэмж эзэмшүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн аль хэсэгт хэрхэн олгосон, орц гарцыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

15. Иймд хэрэгт авагдсан баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч С.Н*** нь 2008 онд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 1210 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон, 212,8 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 2006 онд Р.Э***д шилжүүлэх үед маргаан бүхий газрыг эзэмших эрхгүй байсан учраас газар эзэмших эрх давхар шилжсэн гэж үзэх боломжгүй бөгөөд харин хариуцагч нийслэлийн Засаг даргаас 2008 оны 181 дүгээр захирамжаар бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газарт давхцуулан нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон байна.

16. Энэ тохиолдолд хариуцагчийн “үл хөдлөх эд хөрөнгө газартай салшгүй холбоотой, газрын бүрдэл хэсэг учраас доорх газрыг эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлийг буруутгах боломжгүй ч тус үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгоогүй.

17. Түүнчлэн маргаан бүхий газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн улсын бүртгэлд 212,8 м.кв гэж бүртгэгдсэн хэдий ч бодит байдалд 254 м.кв газарт байрлаж байгаа, тус үл хөдлөх эд хөрөнгийг Ө.Ц*** өмчлөх эрхтэй нь нотлогдсон боловч доорх газрыг шилжүүлсэн ямар нэг шүүхийн шийдвэр байхгүй атал хариуцагчаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодруулга авч, түүнд үндэслэн шийдвэр гаргасан нь буруу, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй алдаа гаргажээ.

18. Харин газрын эрхийн хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын тэмдэглэлээс үзвэл, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байж болохоор хэдий ч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 38.2.1.-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2.-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо;”, 38.2.3.-д “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”, 38.2.4-д “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт.” гэж заасан холбогдох баримт бичгүүдийг талууд гаргаагүй, хэргийн оролцогчид үүнийг зөвшөөрөх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн гэж дүгнэх нь үндэслэлгүй.

19. Мөн хариуцагчаас газар эзэмших эрхийг шилжүүлэх шийдвэр гаргаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгосноос үзвэл Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хууль бус захирамжаа хүчингүй болгосон эсэхийг шалгахад тус үндэслэлийг тогтоох ажиллагаа хийгээгүй, энэ үндэслэлээр захирамж гараагүй, түүнчлэн маргаан бүхий актад тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийн аль нэгийг заагаагүй,  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болох хуульд заасан аль нэг үндэслэл бий болсон нь тогтоогдоогүй, энэ талаар хариуцагч маргахгүй байна.

20. Ийнхүү хариуцагчаас Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгоогүй тул маргаан бүхий захирамж хууль бус болох нь тогтоогдож байна.

21. Гэвч Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7.-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх.” зарчмыг баримтлахаар заасан, хариуцагчаас энэ үндэслэлээр тайлбар гаргасан, маргаан бүхий газар дээр нэгэнт бусдын өмчлөх эрхтэй үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа энэ тохиолдолд гуравдагч этгээдэд үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлсэн үндэслэлийг буруутгах боломжгүй гэж үзлээ.

22. Түүнчлэн хариуцагч нийслэлийн Засаг даргаас 2008 онд С.Б***, Ө.Б*** нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байсан газарт давхцуулан нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон байх тул нэгэнт хууль ёсоор үүсээгүй нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг шүүхээс хамгаалах боломжгүй, Газрын тухай хуулиар хамгаалагдах нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй, энэ талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн “...газрыг авах үндэслэл С.Н***од байхгүй” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.

23. Ийнхүү гуравдагч этгээдэд үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх боловч үл хөдлөх эд хөрөнгийн орчны газар хэмээн нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газраас 150,2 м.кв газрыг хасаж, гуравдагч этгээдэд эзэмшүүлэхдээ орц, гарцыг хэрхэн, хаагуур төлөвлөсний үндсэн дээр шийдвэр гаргасан үндэслэл тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй, хариуцагчаас хээрийн болон суурин судалгаа хийгээгүйн улмаас үл хөдлөх эд хөрөнгийг 212,8 м.кв газарт байрлаж байгаа гэж үзээд орц, гарцыг шийдвэрлэн 150,2 м.кв газрыг нэмэж олгосон, гэтэл тус үл хөдлөх эд хөрөнгө 254 м.кв газарт байрлаж байгаа энэ тохиолдолд 363 м.кв газар бодит байдалд нийцэх эсэх нөхцөл байдлыг шүүхээс тогтоох боломжгүй, шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, хариуцагчийн эрх хэмжээнд хамаарах асуудал байна.

24. Иймд маргаан бүхий акт хууль бус болох нь тогтоогдсон ч өөр бусад үндэслэлээр хууль ёсны байж болохуйц нөхцөл байдал бий болсон гэж үзэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу маргаан бүхий актын холбогдох хэсгийг дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

25. Дээрх үндэслэлээр хариуцагчаас шийдвэр гаргахдаа гуравдагч этгээдийн өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгө нийт хэдэн м.кв газарт байрлаж байгаа, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн орц, гарцыг шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газраас зайлшгүй олгох ямар шаардлага үүсэхийг нарийвчлан тогтоож шийдвэр гаргах нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн Захирамжлах хэсгийн 3 дахь заалтын С.Н***од холбогдох хэсэг, мөн уг захирамжийн хавсралтын 47-д заасан С.Н*** болон 48-д заасан Ө.Ц*** нарт холбогдох хэсгийг дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан хариуцагчаас шинжээчийн зардалд 1391185 төгрөгийг гаргуулан шинжээч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар /РД:***, төрийн сангийн 100900029403 данс/-т төлүүлж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ГАНГЭРЭЛ

                                           ШҮҮГЧ                                    Ц.МӨНХЗУЛ

                                                ШҮҮГЧ                                    А.МӨНХ-ӨЛЗИЙ

 

[1] 4 дүгээр хавтаст хэргийн 134 дүгээр хуудас

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 110 дугаар хуудас

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 104-111 дүгээр хуудас

[4] 3 дугаар хавтаст хэргийн 141-149 дүгээр хуудас

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 248 – 2 дугаар хавтаст хэргийн 01 дүгээр хуудас