Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
Хэргийн индекс | 102/2016/04943/И |
Дугаар | 183/ШШ2017/02291 |
Огноо | 2017-10-25 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2017/02291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Ч-д холбогдох,
Зээлийн төлбөрт төлсөн 202 606,85 ам.доллар буюу 449 716 295 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б*******, түүний өмгөөлөгч Д.Н******* /ШТЭҮД-0327/, хариуцагч Ж.Ч*******, түүний өмгөөлөгч Б.Б******* /ШТЭҮД-0893/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт тайлбарлахдаа: “Э*******” ХХК нь 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Т*******” ХК-иас хөрөнгө оруулалт авч, хамтран ажиллахыг хүссэн албан бичиг ирүүлсэн тул компанийн гүйцэтгэх захирал хамтран ажиллах гэрээ байгуулах, банкнаас их хэмжээний зээл авах “Э*******” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж хөрөнгө оруулалт хийх асуудлыг Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, Компанийн дүрмийн 7.3.4 дэх хэсэг, гүйцэтгэх захирлын төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан хөдөлмөр менежментийн гэрээний 8.4 дэх хэсэгт зааснаар төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэр гаргуулах шаардлагатай байсан боловч ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, шийдвэр гаргуулаагүй байж дур мэдэн дээрх гэрээг байгуулж хууль болон дүрэмд гэрээний заалтыг ноцтой зөрчсөн тул түүнийг хөдөлмөрлөх үедээ байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж учирсан Ж.Ч*******гээс хохирлоо гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч Ж.Ч******* нь компанийн гүйцэтгэх захирлын хувьд байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, ашигтай ажиллах бүх нөхцлийг бүрдүүлэн ажиллах үүргийг Компанийн тухай хууль болон компанитай байгуулсан хөдөлмөр менежментийн гэрээгээр хүлээсэн байсан. Хариуцагч Ж.Ч*******тэй байгуулсан хөдөлмөр менежментийн гэрээний 8.3 дахь хэсэгт ТУЗ-өөс тухай бүр олгодог их хэмжээний хэлцлээс бусад хэлцлийг бие дааж хийнэ гэж тохиролцсон ба их хэмжээний хэлцэл хийх тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлөөс заавал зөвшөөрөл авах ёстой гэдгийг мэдэж байсан. Энэ тухай мэдсээр байж их хэмжээний хэлцэл хийхдээ ТУЗ-өөс зөвшөөрөл аваагүй учраас түүний энэ үйлдлийг санаатай үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй байна. Хариуцагч ТУЗ-өөс зөвшөөрөл авахгүй их хэмжээний хэлцэл дур мэдэн хийхдээ үүсэх хэлцлийг тооцоолж ийм үйлдэл хийсэн гэж үзэж байгаа учраас үүнээс гарсан үр дагаврыг хариуцан арилгах ёстой. Хариуцагч эхний ээлжинд хөдөлмөр менежментийн гэрээний дагуу “Т*******” ХК-ийн өмнө хариуцлага хүлээж, “Э*******” ХХК-иас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэн авах нь шударга ёсонд нийцнэ. Хариуцагч нь гүйцэтгэх захирлын хувьд “Э*******” ХХК-тай гэрээ байгуулахдаа эдийн засгийн үр ашгийг тооцож, тооцоо судалгаа хийсний үндсэн дээр хамтран ажиллахаар тохиролцох ёстой байсан бөгөөд хамтран ажиллах болон дамжин зээлдүүлэх гэрээ байгуулсан нөхцөл байдлаас харахад ямар ч тооцоо судалгаа хийгээгүй, байдалтай байсан. Энэ нь түүний асуудалд ямар байдалтай хандсаныг харуулж байгаа бөгөөд ямар ч удирдах албан тушаалтан байгууллагаа алдагдалд оруулах гэрээ хийдэггүй. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч хөдөлмөр менежментийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардаж байгаа бөгөөд их хэмжээний хэлцлийг хууль гэрээний заалт зөрчиж хийсэн хариуцлагаа хүлээх нь зүйтэй. Х*******аас хүлээсэн үүргийг “Э*******” ХХК төлөх ёстой, Ж.Ч******* аваагүй зэрэг нь эрх зүйн өөр харилцаагаар зохицуулагдах асуудал бөгөөд Ж.Ч******* “Т*******” ХК-ийн хооронд үүссэн асуудал нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаагаар зохицуулагдсан болно. 1999 оны Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1 дэх хэсэгт зааснаар их хэмжээний хэлцэлд, хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын нийт дүнгийн 25%-иас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө барьцаалахтай холбогдсон хэлцлийг тооцохоор заасан бөгөөд тухайн үед “Х*******” ХХК-иас 158 ам.долларын зээл авахдаа банкны барьцаанд тавьсан компанийн үл хөдлөх эд хөрөнгө болох Ч 22-2 тоотод байх, дэлгүүр засварын зориулалттай барилгын үнэ 254 000 000 төгрөг байсан бөгөөд барьцаанд тавьсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүн “Т*******” ХК-ийн нийт хөрөнгийн 32,3%-ийг эзэлж байсан нь “И*******” ХХК-ийн 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гаргасан 01 тоот дүгнэлтээр их хэмжээний хэлцэл болох нь тогтоогдож байх тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж зээл авахдаа “Т*******” ХК-ийн ТУЗ-өөс зөвшөөрөл авах шаардлагатай байсан байна. 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн шугамын гэрээ анхан шатны нягтлан бодох бүртгэлийн болон тухайн үед үйлчилж байсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу жилийн тайлан баланс буюу эсхүл жилийн санхүүгийн тайлан 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болдог. Түүнээс биш 2008, 2009, 2010 онд биш. Эсхүл 2007 оны тайлан баланс яригдана. Энэ нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тайлан баланс байна. Гэрээ хийхдээ тухайн үед үйлчилж байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу жилийн тайлан баланс 12 дугаар сарын 31-ний өдрөөр, болон улирлаар гардаг байсан. Үүнийг шүүх анхаарах хэрэгтэй. Ингээд асуудлыг хэлцэл хийх сүүлийн активын нийт дүнг тогтоодог. Активын нийт дүнгийн 25%-иас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө гэж орж байгаа. Хариуцагчийн маргаж байгаа нь дандаа балансан дээр тогтоосон дүн. Балансан дээр тогтоож байгаа нь тухайн эд хөрөнгийн өртөг байдаг. Зах зээлийн үнийн дүн хэзээ тодорхойлогддог бэ гэхээр аудитын тайлан болон мөрдөн шалгах ажиллагаанд явагдаж байсан тайлан балансаар тодорхой зааж өгсөн. Балансан дээр анх худалдаж авсан үнийн дүн, элэгдэж хорогдсон үнийн дүнгээ хасаад байж байдаг дүн. Тийм учраас гарцаагүй барьцаалсан болон зээлийн үйл ажиллагаа нь нотлох баримтуудаар 25%-иас дээш байж гэдгийг тогтоосон. Үүнийг мэргэжлийн хяналт болон шинжээчийн дүгнэлтүүдийг хариуцагч няцааж чадсангүй. Аудитын тухай хууль болон шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ тодорхойлсон. 25%-иас хэтэрсэн гэдэг нь тодорхойлогдож байгаа. Ж.Ч******* гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа гэрээ буюу зээлийг авахдаа бүх эрх мэдлийг ашиглаад ТУЗ-д мэдэгдэхгүйгээр энэ хэлцэл хийсэн нь тогтоогдох боломжтой. Компани хохирсон. Хөдөлмөр менежментийн гэрээтэй байснаа хүлээн зөвшөөрсөн. Их хэмжээний хэлцэл мөн гэдэг нь шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоолоор тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтанд хөдөлмөрийн, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага оногдуулна гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан. Хөдөлмөрийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгөтэй байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заасан бөгөөд гүйцэтгэх захиралтай байгуулсан хөдөлмөр менежментийн гэрээний 9.10 дахь хэсэгт захирал өөрийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас компанид эд хөрөнгийн хохирол учруулсан бол учруулсан хохирлын хэмжээгээр компанийн өмнө өөрийн эд хөрөнөөр хариуцлага хүлээнэ. 9.12 дахь хэсэгт захирал хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болно гэж байгуулсан. Тийм учраас гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ёстой гэж заасан учир хариуцлагаа хүлээх ёстой. Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол компанийн эрх бүхий албан тушаалтан өөрийн хууль бус үйл ажиллагааны улмаас компанид учирсан хохирлыг хариуцна гэж заасан тул хариуцагч Ж.Ч******* дээрх компанид учирсан хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцан арилгах ёстой. 1999 оны Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт гүйцэтгэх захирал нь компанийн эрх бүхий албан тушаалтан байхаар заасан бөгөөд эрх бүхий албан тушаалтан мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө захиран зарцуулах эрх хэмжээ хэтрүүлсэн бол 82.1 дэх хэсэгт компанийн болон түүний хувь нийлүүлэгчдэд учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр хариуцна гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэж байгаа. Дээрх зүйлээс үндэслэн хариуцагч Ж.Ч******* “Т*******” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авалгүй их хэмжээний хэлцэл байгуулж, компанид их хэмжээний хохирол учруулсан бөгөөд уг хохирлыг “Т*******” ХК бүрэн төлж барагдуулсан болох нь Х*******ны 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 41511 дүгээр тоот албан бичгээр бүрэн нотлогдож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч Ж.Ч******* “Т*******” ХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа учруулсан Х*******тай байгуулсан 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2300178 дугаар зээлийн гэрээний төлбөрт “Т*******” ХК-иас төлсөн 202 606,84 ам долларыг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Монгол банкны ханш буюу 2 219,65 төгрөгөөр тооцож 449 716 295 төгрөгийг хариуцагч Ж.Ч*******гээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Ч******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 150 000 ам.долларын зээлийг миний бие гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Э*******” ХХК-тай гэрээ байгуулж “Х*******” ХХК-иас авч, тухайн компанид олгосон байдаг. Нэхэмжлэлийн үндэслэлдээ намайг эрх хэмжээгээ хэтрүүлж их хэмжээний үнийн дүнтэй хэлцэл байгуулсан гэдэг, гэтэл Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт их хэмжээний хэлцэл гэсэн үг өгүүлбэр байхгүй. Мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1 дэх хэсэгт их хэмжээний хэлцэл гэдэг нь өмнөх сүүлчийн балансын актив хөрөнгийн 25%-иас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, худалдан авах захиран зарцуулах болон түүнийг барьцаалахтай холбогдсон хэлцлийг их хэмжээний хэлцэл гэж тодорхойлсон. “Э*******” ХХК тухайн үед Гаалийн ерөнхий газраас татваргүй барааны дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрөл авсан байсан. Эхлээд уулзалтын хэмжээнд явж байгаад хамтран ажиллах хүсэлтийг 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан. Энэхүү саналыг үндэслэн 2007 оны 02 дугаар сарын 27-ний өдөр “Э*******” ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу “Э*******” ХХК татваргүй барааны дагуу бараагаа татан авч зээлийн хүү эрсдэлээ компанид бүрэн төлж барагдуулна, төлүүлсэн ашгаа хуваана гэсэн ерөнхий зарчмыг “Э*******” ХХК-тай тохирсон байгаа. “Т*******” ХК, “Э*******” ХХК-тай гэрээ байгуулсан учир 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Х*******тай зээлийн шугамын болон барьцааны гэрээ байгуулан 150 000 ам.доллар авсан. 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 47 тоот төлбөрийн даалгавраар “Э*******” ХХК-д шилжүүлсэн. Х*******наас зээл авахдаа “Т*******” ХК-ийн 147 496,3 төгрөгийн үнэтэй дэлгүүрийн цехийн барилгыг барьцаалсан. Дээрх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2003 оны 8 дугаар сарын 25-ны өдөр НИММ-Аудит ХХК нь зах зээлийн хандлагын аргаар 127 587,6 төгрөг, зардлын хандлагын аргаар 120 708,4 төгрөг, орлогын хандлагын аргаар 151 842,5 төгрөг байна гэж тогтоогоод “Т*******” ХК-ийн электрон барааны дэлгүүрийн барилгын өнөөгийн зах зээлийн өртгийг зардлын хандлагаар 120 708,4 төгрөгөөр тогтоолоо гэж хийсэн байгаа. Энэ үнэлгээг үндэслэн “Т*******” ХК тайлан балансыг энэ үнэлгээний дүнгээр бүртгэсэн. “Т*******” ХК-ийн 2007 оны хэлцэл хийхийн өмнөх тайлан баланс нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр гарсан. Тухайн тайлан балансад аудитын үнэлгээ хийж баталгаажуулсан. Санхүүгийн болон татварын байгууллагуудаар хянуулж баталгаажуулж, уг тайлан балансад компанийн нийт актив хөрөнгийн хэмжээ 756 707 төгрөг гэдгийг тогтоосон. Актив хөрөнгийн бүрэлдэхүүнд компанийн үндсэн хөрөнгө багтдаг. Актив хөрөнгийн бүрэлдэхүүнд миний гэрээ байгуулахдаа барьцаалсан 147 496,3 төгрөгийн зах зээлийн үнээр бүртгэгдсэн. 147,496,3 төгрөгийг байгуулахад барьцаалсан хөрөнгө нь нийт активын 19,5%-ийг эзэлж байсан тул тухайн гүйцэтгэх захирал эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэж болох хэлцэл байсан. Бид хөдөлмөрийн менежментийн гэрээнд энэ талаар тодорхой заасан байгаа. Мөн тухайн үед банктай байгуулсан гэрээ хэлцэл, авсан зээлийн хэмжээ бүртгэлд бүртгэгдэхдээ санхүүгийн зохицуулах хорооноос ирсэн тайлан балансад 174,7 сая төгрөг байна гэж тодорхойлсон. Үүнийг аудитын байгууллага тухайн үед байсан татварын байгууллагууд авсан байгаа. Зээлийн төлбөрийн 1 жилийн хугацаатай авсан учир татварын барааны дэлгүүр Ховд аймгийн Яын боомт дээр байрлах улирлын үйл ажиллагаатай байсан учраас борлуулалт эрсдэл орсон жилийн дотор зээлээ төлөөгүй нь үнэн. Зээлийг төлөөгүй учир банк нь “Т*******” ХК-иар зээлийг төлүүлж авсан байдаг. “Э*******” ХХК-тай акт баримт үйлдэж авсан. Төлүүлэх талаар шаардлага тавьж ажиллаж байгаад “Э*******” ХХК-ийн захиралд 2009 оны 3 дугаар сарын 15-нд ТУЗ-д хандаж зээлийнхээ төлбөрийг сунгуулах тухай хүсэлт тавьж байсан. Тухайн үед хүлээж аваад шийдвэр гарч байсан. Энэ хугацаанд төлбөрөө төлүүлэх боломжгүй, би тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2010 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний шүүхэд “Э*******” ХХК-тай холбогдуулан өр төлбөрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байсан. 2013 оны 5 дугаар сард Эрүүгийн журмаар энэ асуудлыг шалгуулахад биечлэн оролцож байсан. 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр намайг гүйцэтгэх захирлын албан тушаалаас үндэслэлгүй халсан. Энэ үеэс хойш зээлийн төлбөрийн тухай холбогдсон материалыг авч үзэх, эрх зүйн харилцаа үүсэх боломжгүй болсон. Миний дараагаар Л.Б*******ын төрсөн эгч Л.Э гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тухайн хүн нь ямар үйл ажиллагаа явуулж байгаа, зээлийг хөөцөлдсөн талаар ямар ч мэдээлэл надад байхгүй. Л.Б******* тухайн үед “Т*******” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Зээлийг сунгах хүсэлтийг хүлээн авч ТУЗ-өөр хэлэлцүүлэхийг мэдэж байна. 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ТУЗ-ын хурал хийгээд намайг ажлаас түдгэлзүүлж байхдаа ярьсан зүйл байгаа. Зээл авахдаа эрх хэмжээгээ хэтрүүлээгүй боловч гол нь ашиг олох ёстой байтал компанид үргүй зардал гаргасан байна гэж тодорхойлсон хурлын протоколд тусгасан. Эрх хэмжээгээ хэтрүүлээгүй гэдгийг өөрөө сайн мэдэж байсан. Х******* зээл олгохдоо барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 140 000 000 төгрөг гэж үнэлсэн баримтууд байдаг. Л.Б******* нь 2012 оноос 2016 он хүртэл Компанийн тухай хууль зөрчиж их хэмжээний хэлцэл байгуулж, хохирол учруулсан гэх асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн 4 жил шалгуулсан. Энэ үед прокурорын байгууллагаас удаа дараа хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгосон тэмдэглэлдээ Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1 дэх заалтыг зөрчөөгүй их хэмжээний хохирол гэж үзэхгүй гэсэн. Нэхэмжлэгч энэ асуудлыг эрүүгийн журмаар шалгуулж байх үедээ 2006 онд дэлгүүрийн барилгын үнийг үнэлүүлэх тухай хүсэлт гаргасан. Энэ журмын дагуу хөндлөнгийн аудитын газраар үнэлгээ хийлгэсэн. 245 000 000 төгрөгийн үнэлгээтэй гэж дүгнэсэн. Энэ үнэлгээг үндэслэж намайг их хэмжээний хэлцэл байгуулсан байна гэж буруутгаж байгаа. Хэрвээ хөрөнгийн үнэлгээ 245 000 000 төгрөг байсан юм бол тэр үнэлгээг үндэслэн “Т*******” ХК-ийн тайлан балансыг өөрчлөх шаардлагатай болно. Тайлан балансад хөрөнгө хэдий хэмжээгээр тусгасан бэ, тэр нь актив хөрөнгөнд яаж эзэлж байна, дотор нь бүрэлдэхүүн багтаж байгаа учир өөрчлөх хэрэгтэй. Хэрвээ бүх үнэлгээг өөрчлөх гэж байгаа бол компанийнхаа бүх тайлан балансыг өөрчилж засвар хийх асуудлыг тавих байх. Тайлан балансыг өөрчлөх боломжгүй. 2006 оны тайлан баланс тухайн үедээ хийгдээд, аудитын байгууллагаар баталгаажаад үнэлэлт дүгнэлтийг хийсэн байдаг. Үүнд их хэмжээний хохирол учруулсан байна гэсэн үг өгүүлбэр байхгүй. 2007 оны хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол санхүүгийн ерөнхий хорооноос ирэхэд байгаагүй. 2008 оны 3 дугаар сард гүйцэтгэх захирлын ажлыг жил бүр дүгнэдэг. Тухайн үед миний ажлыг дүгнээд их хэмжээний хэлцэлтэй холбоотой ямар ч зүйл яригдаагүй. Би 2010 он хүртэл ажилласан. 2010 он хүртэл миний холбогдох шагнал урамшууллыг өгөөд хэвийн үйл ажиллагаа үйлчилж байсан. 2006 оны тайлан балансын дүнгээр хувь нийлүүлэгчдийн хурал хийдэг. Хурлаар хувьцаа эзэмшигчдэд нийлүүлдэг хувьцаа яригддаг. Ашгаа Л.Б******* ч авсан. Мөн би ч авсан байгаа. Тайлан балансыг өөрчлөх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тийм учраас “Э*******” ХХК-тай эрх зүйн харилцаанд орж гэрээ хэлцэл хийхдээ компанийн тухай хууль, их хэмжээний хэлцлийг зөрчөөгүй. Миний эрх хэмжээний хүрээнд хийгдсэн хэлцэл байгаа. Нөгөө талаар намайг их хэмжээний өр төлбөрт оруулж миний хувьцаанаас битүүмжилсэн байгаа. Миний хувьцаанаас авах зорилго байгаа гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс тухайн байгуулсан хэлцлийг их хэмжээний хэлцэл биш гэж үзэж байна. Нэхэмжлэгч их хэмжээний хэлцэл мөн гэдгийг нотолж байгаа 2 баримтыг дурдаж эх баримтаа болгож байгаа. Аудитын тогтоол, эрүүгийн тогтоолоор буруутай гэж нэхэмжлэгч тал тайлбарлаад байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан үйлдэлдсэн гэм буруутай юм байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуусан учир энэ асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлж байгаа гэж тайлбарлаж байна. Их хэмжээний хэлцэл хийгээд компанид хохирол учирсан гэж үзэж байгаа бол Монгол Улсын прокурорын тухай хуулиар шүүхээр гэм буруугийн асуудал шийдвэрлэдэг юм уу. Шүүхийн шийдвэрээр гэм буруутай асуудал шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэр тогтоол хэрэгт байхгүй. Тийм учраас миний үйлчлүүлэгчийг прокурорын тогтоолоор буруутгах нь үндэслэлгүй. Их хэмжээний хэлцэл биш гэж үзэж байгаа шалтгаан нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт их хэмжээний хэлцлийн эд хөрөнгийн зах зээлийн үнийг ТУЗ энэ хуульд заасны дагуу тогтооно. Гэтэл нэхэмжлэгч аудитын дүгнэлтээр тогтоосон гэж ярьж байна. Асуулт хариултад хэлцэл хийх гэж байгаа хөрөнгийг үнэлсэн зах зээлийн үнийг тогтоосон ТУЗ-ын шийдвэр гараагүй нь тодорхой болсон. Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зах зээлийн үнийг тодорхой заасан. Эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийг тодорхойлох 56 дугаар зүйлд мөн зах зээлийн үнийг ТУЗ тогтооно гэж заасан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагадаа аудитын дүгнэлт яриад байгааг шүүх анхаарч үзнэ үү. Нэгэнт ийм баримт хэрэгт байхгүй байгаа тохиолдолд балансын үнэд харьцуулсан үнэлгээг 25%-иас дээш, доош байсныг хэрэгт байгаа тайлан балансын үнэлгээгээр тогтоохоос өөр арга байхгүй. 2003 оноос хойш энэ үнэлгээнд өөрчлөлт оруулсан ТУЗ-ын шийдвэр гараагүй. Гүйцэтгэх удирдлага тухайн үед хэлцэл хийх санал ороод ирлээ, үүнийг аваад нягталж үзэхийн тулд хүчин төгөлдөр байгаа балансыг барихаас өөр аргагүй. Нөгөө талаар энэ хөрөнгийн зах зээлийн үнэлгээг банк үнэлсэн байгаа. Хэрэв их хэмжээний хэлцэл гэж үзэж байгаа бол балансад байгаа бүх хөрөнгийг үнэлээд харьцуулах юм бол 17,5 гарахаар байгаа. Тийм учраас их хэмжээний хэлцэл биш гэж үзэж байгаа. Гүйцэтгэх удирдлага хууль бус ажиллагааны улмаас компанид учирсан хохирлыг төлүүлэх гэж байгаа агуулгаар ярьж байна. Гүйцэтгэх удирдлагад хариуцлага тооцохдоо ажлын биелэлтийг дүгнэх ёстой. Тухайн жилд дүгнэсэн ТУЗ-ийн тогтоол дээр эрх хэмжээгээ хэтрүүлсэн зүйл байхгүй. Өөрийн үйл ажиллагаанаас хууль бус ажиллагаа хийсэн байна гэдгийг тогтоож Ж.Ч*******д эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх ёстой байсан. Шийдвэр байхгүй байхад нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт зааснаар хохирлыг гаргуулж өгнө үү гэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Х*******анд 2009 онд төлбөрөө төлж барагдуулж дуусгасан, тэгэхээр гэм хорын хохирол нэхээд байх шиг байна. Иймд Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйл дээр хөөн хэлэлцэх хугацааны асуудал дээр 5 жил заасан байгааг шүүх анхаарч үзнэ үү. “Т*******” ХК, “Э*******” ХХК нар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний үүрэг хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгнө, харилцан ашиг алдагдлаа тэнцүү хэмжээгээр хуваана гэсэн агуулгатай гэрээ байгуулсан байна. Энэ гэрээний үүрэг биелэгдсэн үү гэхээр “Э*******” ХХК, “Т*******” ХК-д хохирол төлбөрөө төлсөн талаар баримт гараагүй учир мэдэхгүй байна. Хохирол төлбөр удсантай холбоотой гэрээний үүрэг төлөгдөөгүй, гэрээний эрх зүйн хариуцлагын дараа Ж.Ч******* хэлцэл байгуулснаар компани хэрхэн яаж хохирсон юм бэ гэдэг талаар ялгаа заагтай байх ёстой. Өөрөөр хэлбэл “Э*******” ХХК-иас авах ёстой төлбөрөө хариуцах ёсгүй этгээд Ж.Ч*******гээс нэхээд байгаа асуудлыг харах ёстой. Хэрэв хохирол гэж байгаа бол “Э*******” ХХК-тай учирсан хохирлыг Ж.Ч*******гээс шаардаж болох юм. Энэ нөхцөл байдал тодорхой биш байгаа. Тийм учир их хэмжээний хэлцэл болохыг тодорхойлсон ТУЗ-ийн шийдвэр байхгүй, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн шийдвэр байхгүй байхад хувьцаа эзэмшигчийнхээ хувьд энэ хохирлыг компанид төлүүлэхээр гаргаж байгаа нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. Харин “Э*******” ХХК-иар төлүүлж, хохирлоо барагдуулах боломж “Т*******” ХК-д бүрэн бий гэж үзэж байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б******* нь хариуцагч Ж.Ч*******д холбогдуулан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад учруулсан хохирол 325 015 ам.доллар буюу 647 556 636 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 202.606,85 ам.доллар буюу 449 716 295 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч эс зөвшөөрч, “...дээрх хэлцэл нь их хэмжээний хэлцэл биш тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Л.Б******* “Т*******” ХК-ийн хувьцаа эзэмшигч болох нь “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01/549 тоот албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдож байх тул тэрээр Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д “Компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учруулсан хохиролыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй байна. /1хх 19-33/
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндлэслэлээ “...хариуцагч нь “Э*******” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн банкнаас их хэмжээний зээл авахдаа Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, Компанийн дүрмийн 7.3.4 дэх хэсэг, гүйцэтгэх захирлын төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан хөдөлмөр менежментийн гэрээний 8.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр 150 000 ам.долларын их хэмжээний хэлцэл байгуулж, компанид хохирол учруулсан бөгөөд уг хохирлыг “Т*******” ХК бүрэн төлж барагдуулсан тул 449 716 295 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэж тайлбарласан.
Хариуцагч “...Энэ зээлийг гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Э*******” ХХК-тай гэрээ байгуулж “Х*******” ХХК-иас авч, тухайн компанид олгосон. Намайг эрх хэмжээгээ хэтрүүлж, их хэмжээний зээл олгосон гэж буруутгасан. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт их хэмжээний хэлцэл гэсэн үг өгүүлбэр байхгүй. Мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1 дэх хэсэгт их хэмжээний хэлцэл гэдэг нь өмнөх сүүлчийн балансын актив хөрөнгийн 25%-иас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, худалдан авах захиран зарцуулах болон түүнийг барьцаалахтай холбогдсон хэлцлийг их хэмжээний хэлцэл гэж тодорхойлсон. Х*******наас зээл авахдаа “Т*******” ХК-ийн 147,496,3 төгрөгийн үнэтэй дэлгүүрийн цехийн барилгыг барьцаалсан байгаа. Дээрх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг НИММ-Аудит ХХК нь зах зээлийн хандлагын аргаар 127 587,6 төгрөг, зардлын хандлагын аргаар 120 708,4 төгрөг, орлогын хандлагын аргаар 151 842,5төгрөг байна гэж тогтоогоод “Т*******” ХХК-ийн электрон барааны дэлгүүрийн барилгын өнөөгийн зах зээлийн өртгийг зардлын хандлагаар 120 708,4 төгрөгөөр гэж тогтоосон. Энэ үнэлгээг үндэслэн “Т*******” ХХК тайлан балансыг энэ үнэлгээний дүнгээр бүртгэсэн. “Т*******” ХХК-ийн 2007 оны хэлцэл хийхийн өмнөх тайлан баланс нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдөөр гарсан. ...Актив хөрөнгийн бүрэлдэхүүнд миний гэрээ байгуулахдаа барьцаалсан 147 496,3 төгрөгийн зах зээлийн үнээр бүртгэгдсэн бөгөөд энэ нь нийт активын 19,5%-ийг эзэлж байсан. Иймд тухайн гүйцэтгэх захирал эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэж болох хэлцэл байсан” гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Ж.Ч******* нь 2000 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Т*******” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Р.тай хөдөлмөр, менежментийн гэрээ байгуулж, компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн байх бөгөөд 2004 оны 5 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн байгуулагдсан гэрээний 2.1-д “энэхүү гэрээ нь 2005 оны компанийн тайлан тэнцэл болон гүйцэтгэх захирлын жилийн тайланг компанийн ТУЗ-ын хурлаар хэлэлцэх өдөр хүртэл хугацаагаар үргэлжилнэ”, 6.3-т “энэхүү гэрээний хугацаа дуусахад талуудын аль нэг нь түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд захирал ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа бол уг гэрээг 2-р хэсгийн 1-д заасантай адил хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу сунгагдаж явсаар, 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөр, менежментийн гэрээг “Т*******” ХК-ийн ТУЗ-ын дарга Л.Б*******тай байгуулах хүртэл дээрх 2004 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байжээ.
Ийнхүү Ж.Ч*******г “Т*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг гүйцэтгэж байх үед “Э*******” ХХК-иас татваргүй барааны дэлгүүр ажиллуулах талаар хамтран ажиллахыг хүсч албан бичиг ирүүлснийг тэрээр хүлээн авч, 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хамтран ажиллах гэрээг “Э*******” ХХК-тай байгуулсан, улмаар Ж.Ч******* нь “Т*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд компаниа төлөөлөн 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Х*******тай зээлийн шугамын гэрээ байгуулж, 150.000 ам.доллар зээлсэн ба зээлийн барьцаанд тус компаний өмч Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах , тоотод байх дэлгүүр, засварын газрын зориулалттай барилгыг барьцаалсан, зээлсэн 150.000 ам.долларыг “Э*******” ХХК-д дамжуулан зээлдүүлсэн, “Э*******” ХХК нь “Т*******” ХК-иас авсан 150.000 ам.долларын зээлээ эргүүлж төлөөгүйгээс Х*******наас авсан уг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт “Т*******” ХК нийт 202 606,85 ам.доллар төлж дуусгасан болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээл дамжуулан олгох гэрээ, “Э*******” ХХК-д мөнгө шилжүүлэн өгсөн 47 дугаартай төлбөрийн даалгавар, Х*******ны 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 41/517 дугаартай албан бичиг зэрэг баримт зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч дээрх асуудлаар маргаагүй, зөвхөн их хэмжээний хэлцэл мөн эсэх талаар маргасан.
“Т*******” ХК-ийн дүрмийн 7.3.4-т “энэ дүрэмд заасан төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулах шаардлагатай их хэмжээний хэлцлээс /компанийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой түүхий эд, материал, сав, баглаа боодол, сэлбэг хэрэгсэл, түлш шатахуун худалдан авах, бараа, бэлэн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, үйлчилгээ үзүүлэх зэрэг компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд хамаарах хэлцэл үүнд хамаарахгүй/ бусад хэлцэл хийх...”, 2004 онд гүйцэтгэх захирлын ТУЗ-тэй байгуулсан хөдөлмөр, менежментийн гэрээний 8.5-д “Компанийн ТУЗ-өөс тухай бүр олгосон эрх хэмжээний хүрээнд компанийн байшин барилга, дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны суурин буюу барилгаас салгашгүй төхөөрөмжөөс бусад тоног төхөөрөмж (тээврийн, технологийн үндсэн ба туслах машин, төхөөрөмж, хэрэгсэл, багаж, сэлбэг), эд аж ахуйн зүйлийг компанид ашигтайгаар түрээслэх, худалдан борлуулах, барьцаалах... эрх эдэлнэ”, 1999 оны Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д “их хэмжээний хэлцэлд ... хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө ... захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл ...хамаарна”, 85 дугаар зүйлийн 85.1-д “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл/ байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иас Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүргүүлсэн хөрөнгө үнэлсэн тухай 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 187 тоот дүгнэлтэд: “Ч, тоотод байх дэлгүүр, засварын цехийн зориулалттай барилгын 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх зах зээлийн үнэ цэнэ 245 000 000 төгрөг болохыг тодорхойлов”, /1хх-18/
“Од бүртгэл аудит” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 17/58 тоот албан бичгээр хүргүүлсэн тайланд: “...“Т*******” ХК-ийн нийт актив 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр 756,706,995.76 төгрөг байх тул 2007 онд 189,176,748.95 төгрөгөөс дээш үнийн дүнтэй хэлцэл нь “Т*******” ХК-ийн хувьд их хэмжээний хэлцэлд тооцогдохоор байна. ... “Т*******” ХК нь 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Х*******”-тай 150 000 ам.долларын /174 750 000 төгрөг/ 23000178 дугаар зээлийн шугамын гэрээ байгуулжээ. ...Барьцааны гэрээгээр 150 000 ам.долларын зээлийг сарын 1.9 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаанд төлөх үүрэг хүлээсэн. 23000178/1 дугаар барьцааны гэрээгээр хүлээсэн үүрэг нь нийт 214 593 000 төгрөг байгаа нь компанийн сүүлийн балансын активын нийт дүнгийн 28.36% буюу аудитаар баталгаажсан “Т*******” ХК-ийн 2006 оны санхүүгийн тайлан дах нийт хөрөнгийн 25.36 хувьтай тэнцэж байна”, /2хх-65-68/
“Үл хөдлөх хөрөнгө үнэлсэн тухай тайлан”-д: “...Ч, тоотод байх дэлгүүр, засварын цехийн зориулалттай барилгын 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх зах зээлийн үнэ цэнэ 245 000 000 төгрөг болохыг тодорхойлов”, /2хх-70-72/
“Юнистар-аудит” ХХК-ийн 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “...Барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б тоотод байх дэлгүүр, засварын цехийн зориулалттай барилгын 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх зах зээлийн үнэ цэнэ 245 000 000 төгрөг болж байна” /1хх-79-80/
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 78 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухуй прокурорын тогтоолд: ...Ж.Ч*******г Х*******тай хийсэн барьцаа тавьсан зээлийн гэрээгээр бол 243 147 150 төгрөгийн хэлцэл хийсэн, эд хөрөнгийн хувьд бол 245 000 000 төгрөгийн эд хөрөнгөтэй холбоотой /их хэмжээний/ хэлцэл хийсэн болохыг нь нготолж тогтоосон байна. Ж.Ч*******гийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн, өөрөөр хэлбэл хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн байх тул ... Ж.Ч*******д холбогдох 201201051695 дугаартай хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийг 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэжээ.
Хариуцагч Ж.Ч******* “...Дээрх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2003 оны 8 дугаар сарын 25-ны өдөр НИММ-Аудит ХХК-тай хийсэн. Зах зээлийн хандлагын аргаар 127 587,6 төгрөг, зардлын хандлагын аргаар 120 708,4 төгрөг, орлогын хандлагын аргаар 151 842,5 төгрөг байна гээд “Т*******” ХХК-ийн электрон барааны дэлгүүрийн барилгын өнөөгийн зах зээлийн өртгийг зардлын хандлагаар 120 708,4 төгрөгөөр тогтоосон. “Т*******” ХХК-ийн 2007 оны хэлцэл хийхийн өмнөх тайлан баланс нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр гаргахдаа компанийн нийт актив хөрөнгийн хэмжээ 756 707,0 төгрөг гэж тогтоосон. Актив хөрөнгийн бүрэлдэхүүнд компанийн үндсэн хөрөнгө багтдаг. Актив хөрөнгийн бүрэлдэхүүнд миний гэрээ байгуулахдаа барьцаалсан 147 496,3 төгрөгийн зах зээлийн үнээр бүртгэгдсэн байгаа. 147,496,3 төгрөгийг байгуулахад барьцаалсан хөрөнгө нь нийт активын 19,5%-ийг эзэлж байсан” гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан аудитын болон шинжээчдийн дүгнэлтийг няцааж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, татгалзлаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Дээрх үйл баримтуудаас хариуцагч Ж.Ч******* нь “Т” ХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах , тоотод байх дэлгүүр, засварын газрын зориулалттай барилгыг барьцаанд тавьж, 1999 оны Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 81.1.1-д заасан заасан их хэмжээний хэлцэл хийхдээ мөн хуулийн 85 дугаар зүйлд заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл аваагүй болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Хариуцагч Ж.Ч*******гийн 2004 онд ТУЗ-ын даргатай байгуулсан хөдөлмөр менежментийн гэрээний 9.11-т “...захирал өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас компанид эд хөрөнгийн хохирол учруулбал жинхэнэ учирсан хохирлын хэмжээгээр компанийн өмнө эд хөрөнгийн хариуцлага хүлээнэ”, 9.12-т “захиралд хөдөлмөрийн хуульд заасан үндэслэлээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болно” гэж талууд тохиролцсон байх бөгөөд Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт гүйцэтгэх захирал нь компанийн эрх бүхий албан тушаалтан байхаар заасан, мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т компанийн эрх бүхий албан тушаалтан ...учруулсан хохиролыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө, 85 дугаар зүйлийн 85.4-т “өөрийн буруугаас компанид хохирол учруулсан эрх бүхий албан тушаалтанд энэ хууль болон бусад хуульд заасан хариуцлагыг оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр энэ хуулийн 85-д заасан хариуцлага хүлээлгэж болно” гэж тус тус заажээ.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “Хөдөлмөрлөх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтанд хөдөлмөрийн, сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 “ажилтан дор дурдсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ”, 135.1.2-т “...хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан” гэж заасныг үндэслэн хариуцагч Ж.Ч*******гээс 449 716 295 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т*******” ХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 395 733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2 406 531 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2-т заасныг баримтлан хариуцагч Ж.Ч*******гээс 449 716 295 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т*******” ХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 395 733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2 406 531 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авах хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ