Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2018/02900

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2018/02900

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Нэхэмжлэгч: Ммс п ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д п м ХХК-д холбогдох,   

 

Худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 11.828.960 төгрөг, хохирол 15.571.272.00 төгрөг, нийт 27.400.232 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, гэрээний үлдэгдэл төлбөр 2.957.240 төгрөг гаргуулах, захиалсан будгаа хүлээн авахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нандинцэцэг, өмгөөлөгч Р.Мөнхзул, гэрч Э.Ануу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ммс п ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Манай компани Азура архитекс ХХК-ийн санал болгосны дагуу Д п м -д хандан 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 01/07 дугаартай захиалгын хуудсаар нийт 14.786.200 төгрөгийн будаг захиалсан. Уг захиалгын хуудсаар захиалагч талын төлбөр төлөх график болон нийлүүлэгчийн бараа нийлүүлэх хугацааг тохиролцон тодорхойлсон. Захиалгын хуудсыг үндэслэн Д п м -аас 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 8.871.720 төгрөгийн нэхэмжлэл ирүүлснийг үндэслэн захиалагч талаас банк хоорондын гүйлгээгээр төлбөрийг бүрэн шилжүүлсэн. Улмаар 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Д п м -аас 2.957.240 төгрөгийн нэхэмжлэл ирүүлснийг үндэслэн захиалагч талаас банк хоорондын гүйлгээгээр төлбөрийг бүрэн шилжүүлсэн. Захиалгын хуудсанд зааснаар үлдэх 2.957.240 төгрөгийн төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлэн өгөх ёстой байсан боловч нэхэмжлэлээ ирүүлээгүй тул шилжүүлэг хийгдээгүй. Түүнчлэн Д п м нь захиалсан будгийг 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэн өгөх ёстой байсан боловч хугацаандаа нийлүүлээгүй, улмаар будгийн мөнгөө буцаан өгөлгүй захиалагчийг хохироож байна. Захиалагч болох Ммс п ХХК нь зочид буудлын барилга захиалан бариулж байсан бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нээлтийн үйл ажиллагаа хийхээр төлөвлөж улмаар урьдчилсан захиалга аван ажиллаж байсан боловч нийлүүлэгч талын хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас төлөвлөсөн хугацаандаа үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй. Барилга ашиглалтад оруулах төлөвлөгөөт хугацаа маш бага үлдсэн, түүнчлэн нээлтийн үйл ажиллагааны тов зарлагдсан байсан тул заслын ажилд шаардлагатай дараах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэлтээр авсан. Үүнд бараа материалд “Зуун найман суварга” ХХК-аас будаг 971.250 төгрөг, обой Япон улсаас захиалан 285.876 иен буюу 6.289.272 төгрөг, туслах бараа материал 245.450 төгрөг, нийт 7.505.972 төгрөг болсон. Ажлын хөлс болон тээврийн зардалд Японоос Монголд 3.995.300 төгрөг, “Эрдэнэт орчлон” ХХК-аар обой наах ажлын өртөг нийт 405 м.кв талбайд 1 м.кв талбайд ажил гүйцэтгэх зардал 6.000 төгрөг бөгөөд 2.430.000 төгрөг болсон. Будгийн ажлын хөлс “Монгол микрон констракшн” ХХК-д 1.640.000 төгрөг, нийт 8.065.300 төгрөг болсон. Үүргээ цаг тухайд нь биелүүлээгүй нийлүүлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас захиалагч нь дээр дурдсан бараа материал болон ажлын гүйцэтгэлийн хөлс зэрэгт нийт 15.571.272 төгрөгийн төлөвлөөгүй зардлыг гаргаж цаг хугацааны болон санхүүгийн бодит хохирол амссан. Энэхүү хохирлыг Д п м хариуцан барагдуулах ёстой гэж үзэж байна. Түүнчлэн төлөвлөсөн цаг хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүйн улмаас зочид буудлын болон рестораны урьдчилсан захиалгуудаа цуцалсан бөгөөд зочид буудлаас 45.000.000 төгрөгийн, рестораны хүлээн авалтын захиалгаар 77.000.000 төгрөгийн орлого орох боломжуудаа тус тус алдан хохирсон. Д п м -ийн буруутай үйл ажиллагааны улмаас захиалагч талд тодорхой хохирол учирсан тул Д п м -аас ирүүлсэн нэхэмжлэлийг үндэслэн шилжүүлсэн нийт 11.828.960 төгрөгийг буцаан гаргуулах, хугацаандаа бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээгүйн улмаас Ммс п ХХК-д бодитой учирсан хохирол 15.571.272.00 төгрөг, нийт 27.400.232.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Д п м шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Д п м -ийн зүгээс Ммс п ХХК-ийг ирж будгаа авч, үлдэгдэл мөнгөө төлөхийг шаардахад будгаа аваагүй. Эдгээр будаг нь Ммс п ХХК-д зориулагдсан буюу өрөө тасалгааны хэмжээгээр захиалагдсан, тусгай кодтой учраас өөр этгээдэд худалдах боломжгүй. Захиалагч будгуудаа авахаас үндэслэлгүйгээр татгалзсанаар манай компанид хохирол учруулсан. Уг будагнууд одоо хэр нь манай компани дээр хадгалагдаж байна. Нэхэмжлэгч эдгээр будгаа авч, төлбөрөө төлөх ёстой. Түүнчлэн нэхэмжлэгч тал нотлох баримтын шаардлага хангаагүй, юуг нотлох гэж байгаа нь ойлгомжгүй баримтуудыг үндэслэн хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Будгуудыг ашиглах талбайг захиалгын хуудаст заасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Д п м шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Ммс п ХХК-д 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр будаг ирсэн, гаалийн мэдүүлэг хийх хэрэгтэй байгаа учраас будгийн үлдэгдэл төлбөр болох 2.957.240 төгрөгөө төл, мөн будгаа ирж ав хэмээн мэдэгдэхэд үлдэгдэл мөнгөө төлөөгүй ба будгаа ирж авахгүй байсаар байна. Худалдагч болох Д п м хуульд заасны дагуу будгийг хадгалсаар өнөөдийг хүрлээ. Эдгээр будаг нь Итали улсаас оруулж ирсэн, Ммс п ХХК-ийн IBIS SYLES зочид буудлын 517 м.кв талбайд тусгайлан дотор засал, интерьерт зориулагдсан тусгай кодтой юм. Хэдийгээр Ммс п ХХК нь худалдагчийг будгаа нийлүүлээгүй мэтээр нэхэмжлэл гаргасан боловч үнэн хэрэгтээ 14.786.200 төгрөг төлж манай компаниар Итали улсаас будаг захьж авах тохиролцооноосоо татгалзаж, өөр газраас хямд үнээр буюу 971.250 төгрөгөөр будаг худалдан авахыг илүүд үзсэн байдаг. 2018 оны 04 дүгээр сарын 27, 2018 оны 04 дүгээр сарын 28, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр болон түүнээс хойш будгийн үлдэгдэл төлбөрөө төл, будгаа ав хэмээн удаа дараа мэдэгдсэн. Үүнийг гэрчлэх гэрч бий. Ийнхүү Ммс п ХХК манай компанитай тохиролцсоноос хямд үнээр өөр газраас будаг авахын тулд л захиалсан будгуудаа авахгүй өөр газраас худалдан авалт хийсэн байгаа юм. Ммс п ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн бараа материал худалдан авсан гэх баримтуудын огноо 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхэлж байна. Харин манай компани будгуудаа 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр оруулаад ирчихсэн, Ммс п ХХК-д мэдэгдсэн байдаг. Тийм учраас хариуцагч Ммс п ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 2.957.240 төгрөг гаргуулж, захиалсан будгаа хүлээн авахыг даалгаж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч Ммс п ХХК шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Хариуцагч нь 2017  оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 2.957.240 төгрөг төлүүлэх нэхэмжлэхээ ирүүлээгүй учир бид уг төлбөрийг төлөөгүй. Мөн хариуцагч нь Итали улсаас будаг ирсэн талаар манай компанид мэдэгдээгүй. Хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрсөн, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн. Бид Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.7-д тус тус зааснаар учирсан хохирлоо нэхэмжилж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ммс п ХХК нь хариуцагч Д п м -д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 11.828.960 төгрөг, хохирол 15.571.272.00 төгрөг, нийт 27.400.232 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Д п м нь нэхэмжлэгч Ммс п ХХК-д холбогдуулан  нь гэрээний үлдэгдэл төлбөр 2.957.240 төгрөг гаргуулах, захиалсан будгаа хүлээн авахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ. 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь эсрэг талын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж, үндсэн нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Талууд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 01/17 тоот захиалгын хуудас бичгээр үйлдэж, захиалагч Ммс п ХХК нь IBIS зочид буудлын 1, 6 дугаар давхарт нийт 517 м.кв талбайд хэрэглэх encanto silver, bianco, oro, ottocento нэр төрлийн будгийг нэг м.кв талбайд 26.000 төгрөгөөр тооцон нийт 14.786.200 төгрөгөөр захиалах, хариуцагч Д п м нь уг будгийг Итали улсаас захиалж тээвэрлэн 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тус тус харилцан тохиролцжээ /хх-6/.

 

Дээрх баримт нь “захиалгын хуудас” нэртэй байх боловч агуулгын хувьд, худалдах, худалдан авах гэрээний шинжтэй байх ба талууд энэ талаар шүүхэд маргаагүй.

 

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэстэй.

 

Захиалгын хуудаст тал тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлсон байх ба нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төлбөрийн 60% болох 8.871.720 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 20% болох 2.957.240 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 20% болох 2.957.240 төгрөгийг тус тус хариуцагчид төлөх, хариуцагч нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр захиалга баталгаажуулах, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Италиас бараа бэлэн болгох, 2017 оны 04 дүгээр сарын 05-28-ны өдрийн хугацаанд Италиас Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх, 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгчид бараа хүлээлгэн өгөх үүрэг тус тус хүлээжээ.

 

Захиалгын хуудаст “бараа хүлээлгэн өгөх хугацаа” гэсний дараа “ажил гүйцэтгэх хугацаа 2017.04.29-2017.05.07” гэсэн нөхцөл тусгагдсаныг нэхэмжлэгч нь өөрт хамааралтай буюу хариуцагчийн нийлүүлсэн будгаар ажил гүйцэтгэх хугацаа гэж, хариуцагч нь будаг нийлүүлэх хугацаа гэж тус тус өөрөөр тайлбарлаж байх ба Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-д заасан гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах, аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлох журмын дагуу тайлбарлавал тухайн нөхцөл нэхэмжлэгчид хамааралтай байна.

 

Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 8.871.720 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2.957.240 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна /хх-7-10/.

 

Мөн хариуцагч нь Худалдаа хөгжлийн банкны гадаад шилжүүлгээр 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2.000 евро шилжүүлэн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гаалийн бүрдүүлэлт хийж, Итали улсаас будаг импортолсон болох нь гадаад шилжүүлгийн даалгавар, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, зохигчийн тайлбараар тус тус нотлогдож байна /хх-142-144, 145/. Түүнчлэн шүүхээс хариуцагчийн хүсэлтээр хийгдсэн үзлэгээр encanto, ottocento, supercolor зэрэг нэр төрлийн нийт 39 сав будаг хариуцагчид хадгалагдаж байгааг тодруулсан болно /хх-110-119/.

 

Дээр дурдсан үйл баримтыг зохигчид шүүхэд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тул гэрээний дагуу төлсөн төлбөрөө буцаан гаргуулна, өөр этгээдээс будаг, обой, бусад туслах материал худалдан авч, ажил гүйцэтгэх болон тээврийн зардал төлсөн хохирлыг төлүүлнэ гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаагаас үзэхэд гэрээнээс татгалзсан агуулгатай байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалсан будгийг 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохирсон атлаа 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гаалийн бүрдүүлэлт хийснээс үзэхэд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д заасан “үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх” зарчмыг зөрчсөн, иймээс мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэх үндэстэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг төлбөр төлөх хугацааг 7 хоногийн хугацаагаар хэтрүүлсэн гэж маргасан ба захиалгын хуудаст заасан хуваарьт өдөр нэхэмжлэгч төлбөр төлөөгүй байх хэдий ч тэрээр хариуцагчийн нэхэмжлэхийг үндэслэн нэхэмжлэхэд заасан хугацааны дотор төлжээ. Иймээс нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

 

Гэрээнээс татгалзах үндэслэл, журмыг зохицуулсан Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах эрх эдлэх хэдий ч гэрээнээс татгалзах тухайгаа хариуцагчид урьдчилан мэдэгдсэн, мөн хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбогдуулан түүнд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй нөхцөлд түүний татгалзах эрх хэрэгжих учиртай.

 

Гэвч нэхэмжлэгч хуулиар тогтоосон дээрх журмын дагуу гэрээнээс татгалзсан байдал шүүхэд баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн /12 хоног/ байдлыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан үзвэл нэмэлт хугацаанд хариуцагчаас үр дүн гарахгүй байсан гэж үзэхээргүй байна. Учир нь, нэхэмжлэгч нь хариуцагч будаг импортолсны дараа 2017 оны 05 дугаар сарын 18-31-ний өдрүүдэд будаг, туслах материалын үнэ, ажлын хөлсийг тус тус бусдад төлжээ /хх-14, 19, 21, 27, 28, 30, 31, 36/.

 

Нэхэмжлэгч нь захиалсан будаг хэзээ ирснийг хариуцагч мэдэгдээгүй гэж шүүхэд маргаж байх боловч хариуцагч байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрч Э.Ануу будаг ирсэн өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч байгууллагын захирал Н.Ариунаад захиалсан будгаа хүлээж авахыг өөрийн биеэр утсаар мэдэгдсэн гэж мэдүүлж байна.

 

Нэхэмжлэгч нь гэрч хариуцагч байгууллагын ажилтан учир үгсэн хуйвалдсан гэж гэрчийн мэдүүлгийг татгалзаж байх хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хэрэгт ач холбогдол бүхий байдлыг мэдэх хэн ч гэрч байж болохоос гадна гэрч нь хуулийн 43.8-д заасан мэдүүлэг авч болохгүй этгээдэд хамаарахгүй болно. Иймд гэрчийн мэдүүлэг хуульд заасан журмын дагуу нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ. 

 

Дээр дурдсанаар нэхэмжлэгчийг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болоогүй байх тул нэхэмжлэгч гэрээний дагуу будгийн үнэд төлсөн 11.828.960 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс будаг 971.250 төгрөг, туслах бараа материал 245.450 төгрөг, Япон улсаас обой 285.876 иен буюу 6.289.272 төгрөгөөр тус тус бусдаас худалдан авсан, мөн ажлын хөлс, тээврийн зардалд нийт 8.065.300 төгрөг төлсөн, нийт 15.571.272 төгрөгийн төлөвлөөгүй зардал гаргасан гэж нэхэмжилсэн ба Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 222 дугаар зүйлийн 222.7-д үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэжээ.

 

Гэвч нэхэмжлэгчийн дээрх зардал нь худалдах, худалдан авах гэрээнд заасан IBIS зочид буудлын 1, 6 дугаар давхрын 517 м.кв талбайд ашиглагдсан гэж үзэх баримтгүйгээс гадна цаг хугацааны хувьд хариуцагч үүргээ хугацаа хэтрүүлэн гүйцэтгэснээс хойно байна. Мөн гэрээтэй холбоогүй ажлын хөлс, тээврийн зардлыг оруулж тооцсон нь үндэслэлгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний улмаас учирсан хохирол 15.571.272 төгрөг төлөхийг шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээний үлдэгдэл төлбөр 2.957.240 төгрөг гаргуулах, захиалсан будгаа хүлээн авахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба шүүх сөрөг нэхэмжлэлийг дор дурдсан үндэслэлээр хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Дээр дүгнэсэнчлэн талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болоогүй, мөн хариуцагч гэрээнд заасан encanto silver, bianco, oro, ottocento нэр төрлийн будгийг нэхэмжлэгчид нийлүүлэх үүргээ хугацаа хэтрүүлсэн боловч гүйцэтгэсэн байна. Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг болон үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан будгууд нэхэмжлэгчийн захиалсан нэр төрөл, тоо хэмжээний будаг мөн эсэх талаар нэхэмжлэгч шүүхэд маргаагүй, эдгээр нотлох баримтыг баримтаар үгүйсгэж няцаагаагүй, будгийн нэр төрөл худалдах, худалдан авах гэрээнд заасантай тохирч байх тул шүүх хариуцагчийг гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэв.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба шүүх зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар, үндэслэл, нотлох баримтыг харьцуулан үзсэний үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                         

          1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дүгээр зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д п м -аас 27.400.232 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ммс п ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ммс п ХХК-аас 2.957.240 төгрөг гаргуулан хариуцагч Д п м -д олгож, хариуцагч Д п м -аас захиалсан будгаа хүлээн авахыг нэхэмжлэгч Ммс п ХХК-д даалгасугай.

                        

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 294.951 төгрөг, хариуцагчийн төлсөн 132.466 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 49 төгрөгийг нэхэмжлэгчид, 4 төгрөгийг хариуцагчид тус тус улсын орлогоос буцаан олгож, нэхэмжлэгч Ммс п ХХК-аас 132.466 төгрөг гаргуулан хариуцагч Д п м -д олгосугай.

 

3. Нэхэмжлэгч Ммс п ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА