Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00419

 

 

ММС П ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/02900 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2243 дугаар магадлалтай,

ММС П ХХК-ний нэхэмжлэлтэй

“Д П М” ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний дагуу төлсөн 11 828 960 төгрөг, хохирол 15 571 272 төгрөг, нийт 27 400 232 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үлдэгдэл төлбөр 2 957 240 төгрөг гаргуулах, захиалсан будагаа хүлээн авахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нандинцэцэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч ММС П ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани Азура архитекс ХХК-ийн санал болгосны дагуу “Д П М” ХХК-д хандан 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 01/07 дугаартай захиалгын хуудсаар нийт 14 756 200 төгрөгийн будаг захиалсан. Уг захиалгын хуудсаар захиалагч талын төлбөр төлөх график болон нийлүүлэгчийн бараа нийлүүлэх хугацааг тохиролцон тодорхойлсон. Захиалгын хуудсыг үндэслэн “Д П М” ХХК-иас 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 8 871 720 төгрөгийн нэхэмжлэл ирүүлснийг үндэслэн захиалагч талаас банк хоорондын гүйлгээгээр төлбөрийг бүрэн шилжүүлсэн. Улмаар 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Д П М” ХХК-иас 2 957 240 төгрөгийн нэхэмжлэл ирүүлснийг үндэслэн захиалагч талаас банк хоорондын гүйлгээгээр төлбөрийг бүрэн шилжүүлсэн. Захиалгын хуудсанд зааснаар үлдэх 2 957 240 төгрөгийн төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлэх ёстой байсан боловч нэхэмжлэлээ ирүүлээгүй тул шилжүүлэг хийгдээгүй. Түүнчлэн ”Д П М” ХХК нь захиалсан будгийг 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэн өгөх ёстой байсан боловч хугацаандаа нийлүүлээгүй, улмаар будгийн мөнгөө буцаан өгөлгүй захиалагчийг хохироож байна. Захиалагч болох ММС П ХХК нь зочид буудлын барилга захиалан бариулж байсан бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нээлтийн үйл ажиллагаа хийхээр төлөвлөж улмаар урьдчилсан захиалга аван ажиллах байсан боловч нийлүүлэгч талын хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас төлөвлөсөн хугацаандаа үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй. Барилга ашиглалтад оруулах төлөвлөгөөт хугацаа маш бага үлдсэн, түүнчлэн нээлтийн үйл ажиллагааны тов зарлагдсан байсан тул заслын ажилд шаардлагатай дараах бараа бүтээгдэхүүнийг нэмэлтээр авсан. Үүнд: бараа материалд Зуун найман суварга ХХК-иас будаг 971 250 төгрөг, обой Япон улсаас захиалан 285 876 иен буюу 6 289 272 төгрөг, туслах материал 245 450 төгрөг, нийт 7 505 972 төгрөг болсон. Ажлын хөлс болон тээврийн зардалд Япон улсаас Монгол улсад 3 995 300 төгрөг, Эрдэнэт орчлон ХХК-иар обой наалгах ажлын өртөг 405 м.кв талбайд 1 м.кв талбайд ажил гүйцэтгэх зардал 6 000 төгрөгөөр тооцон 2 430 000 төгрөг болсон. Будгийн ажлын хөлс Монгол микрон констракшн ХХК-д 1 640 000 төгрөг, нийт 8 065 300 төгрөг болсон. Үүргээ цаг тухайд нь биелүүлээгүй нийлүүлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас захиалагч нь дээр дурдсан бараа материал болон ажил гүйцэтгэлийн хөлс зэрэгт нийт 15 571 272 төгрөгийн төлөвлөөгүй зардал гаргаж цаг хугацааны болон санхүүгийн бодит хохирол учирсан. Энэхүү хохирлыг ”Д П М” ХХК хариуцан барагдуулах ёстой гэж үзэж байна. Түүнчлэн төлөвлөсөн цаг хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүйн улмаас зочид буудлын болон рестораны урьдчилсан захиалгуудаа цуцалсан бөгөөд зочид буудлаас 45 000 000 төгрөгийн, рестораны хүлээн авалтын захиалгаар 77 000 000 төгрөгийн орлого олох боломжуудаа тус тус алдан хохирсон. ”Д П М” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас захиалагч талд тодорхой хохирол учирсан тул ”Д П М” ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэлийг үндэслэн шилжүүлсэн нийт 11 828 960 төгрөгийг буцаан гаргуулах, хугацаандаа бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээгүйн улмаас ММС П ХХК-д учирсан бодит хохирол 15 571 272 төгрөг, нийт 27 400 232 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Д П М” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Д П М” ХХК-ийн зүгээс ММС П ХХК-ийг ирж будгаа авч, үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардахад будагаа аваагүй. Эдгээр будаг нь ММС П ХХК-д зориулагдсан буюу өрөө тасалгааны хэмжээгээр захиалагдсан, тусгай кодтой учраас өөр этгээдэд худалдах боломжгүй. Захиалагч будагнуудаа авахаас үндэслэлгүйгээр татгалзсанаар манай компанид хохирол учруулсан. Уг будагнууд одоо хэр нь манай компани дээр хадгалагдаж байна. Нэхэмжлэгч эдгээр будагаа авч, төлбөрөө төлөх ёстой. Түүнчлэн нэхэмжлэгч тал нотлох баримтын шаардлага хангаагүй, юу нотлох гэж байгаа нь ойлгомжгүй баримтуудыг үндэслэн хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Д П М”ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ММС П ХХК-д 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр будаг хүргэгдсэн, гаалийн мэдүүлэг хийх хэрэгтэй байгаа учраас будгийн үлдэгдэл төлбөр болох 2 957 240 төгрөгөө төл, мөн будгаа ирж ав хэмээн мэдэгдэхэд үлдэгдэл мөнгөө төлөөгүй ба будгаа ирж авахгүй байсаар байна. Худалдагч болох “Д П М” ХХК хуульд заасны дагуу будгийг хадгалсаар өнөөдрийг хүрлээ. Эдгээр будаг нь Итали улсаас оруулж ирсэн, ММС П ХХК-ийн IBIS SYLES зочид буудлын 517 м.кв талбайд тусгайлан дотор засал, интерьерт зориулагдсан тусгай кодтой юм. Хэдийгээр ММС П ХХК нь худалдагчийг будгаа нийлүүлээгүй мэтээр нэхэмжлэл гаргасан боловч үнэн хэрэгтээ 14 786 200 төгрөг төлж манай компаниар Итали улсаас будаг захьж авах тохиролцооноосоо татгалзаж, өөр газраас хямд үнээр буюу 971 250 төгрөгөөр будаг худалдан авахын илүүд үзсэн байдаг. 2018 оны 4 дүгээр сарын 27, 2018 оны 4 дүгээр сарын 28, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр болон түүнээс хойш будгийн үлдэгдэл төлбөрөө төл, будгаа ирж ав гэж удаа дараа мэдэгдсэн. Үүнийг гэрчлэх гэрч бий. ММС П ХХК манай компанитай тохиролцсоноос хямд үнээр өөр газраас будаг авахын тулд л захиалсан будгуудаа авахгүй байгаа. ММС П ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн бараа материал худалдан авсан гэх баримтуудын огноо 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхэлж байна. Харин манай компани будгуудаа 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр оруулаад ирчихсэн, ММС П ХХК-д мэдэгдсэн байдаг. Тийм учраас ММС П ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 2 957 940 төгрөг гаргуулж, захиалсан будгаа хүлээн авахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ММС П ХХК шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 2 957 240 төгрөг төлүүлэх нэхэмжлэлээ ирүүлээгүй учир бид уг төлбөрийг төлөөгүй. Мөн хариуцагч нь Итали улсаас будаг ирсэн талаар манайд мэдэгдээгүй. Хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн. Бид Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.1, 222.7-д тус тус зааснаар хохирлоо нэхэмжилж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/02900 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ”Д П М” ХХК-иас 27 400 232 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ММС П ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ММС П ХХК-иас 2 957 240 төгрөг гаргуулан хариуцагч ”Д П М” ХХК-д олгож, хариуцагч ”Д П М” ХХК-иас захиалсан будгаа хүлээн авахыг нэхэмжлэгч ММС П ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 294 951 төгрөг, хариуцагчийн төлсөн 132 466 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 49 төгрөгийг нэхэмжлэгчид, 4 төгрөгийг хариуцагчид тус тус буцаан олгож, нэхэмжлэгч нэхэмжлэгч ММС П ХХК-иас 132 466 төгрөг гаргуулан хариуцагч “Д П М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2243 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/02900 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Д П М” ХХК-иас 11 828 960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ММС П ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 15 571 272 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ММС П ХХК-иас үлдэгдэл төлбөр 2 957 240 төгрөг гаргуулах, захиалсан будагаа хүлээн авахыг нэхэмжлэгч ММС П ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын нэхэмжлэгч ММС П ХХК-иас 132 466 төгрөг гаргуулан хариуцагч ”Д П М” ХХК-д олгосугай гэснийг хариуцагч ”Д П М” ХХК-иас 204 213 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ММС П ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ММС П ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 951 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нандинцэцэг хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 1. Давж заалдах шатны шүүхээс Иргэнии хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 225 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зохицуулсан байдаг. Үүнээс авч үзвэл гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэхийн тулд нөгөө талдаа мэдэгдэх, гэрээний үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоох, үүний дараа ямар нэг үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэхээр байна. Гэвч нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж буй талаар хариуцагч талд мэдэгдээгүй байдаг. Улмаар нэхэмжлэгч тал нь гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацааг хариуцагч талд тогтоож өгөөгүй байдаг. Тиймээс анхан шатны шүүхийн гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, гэрээнээс татгалзах журмыг хэрэгжүүлээгүй байна гэж үзэж, худалдах худалдан авах гэрээ дуусгавар болоогүй байх тул нэхэмжлэгч гэрээний дагуу будгийн үнэд төлсөн 11 828 960 төгрөгийг буцаан шаардах үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн байдаг. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт заасан “Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэх зохицуулалт нь хариуцагч талыг гэрээний үүргээ зөрчсөн байгааг л илэрхийлэх болохоос, нэхэмжлэгч талд хуульд заасны дагуу гэрээнээс татгалзах журмыг биелүүлэхгүй байх эрхийг олгохгүй. 2. Давж заалдах шатны шүүхээс ““Д П М”” ХХК-ийн зүгээс 2017.04.29-2017.05.01-ний өдрийг хүртэлх хугацаанд барааг нийлүүлээгүй байсан, захиалсан будгаа хүлээлгэн өгөх талаар баримтаар нотлоогүй байх тул бараа нийлүүлэх хугацаа хэтрүүлсэн байгааг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт заасан ялимгүй зөрчил гэж үзэхгүй” гэжээ. Гэвч манай компанийн зүгээс “ММС П” ХХК-д 2017.04.28-ны өдөр будаг ирсэн гаалийн бүрдүүлэлт хангаж оруулж ирэх гэж байна, будгийн үлдэгдэл төлбөрөө төлөө талаар мэдэгдсэн. Үүний дараа 2017.05.11-ний өдөр мөнгөө өгөөгүй боловч манай компанийн зүгээс гаалийн бүрдүүлбэр ханган будгийг оруулж ирж, будгаа аваарай, үлдэгдэл мөнгөө төлөөрэй гэж мэдэгдсэн талаар нотлох баримт хэргийн материалд авагдсан байдаг. Энэхүү үйл баримтыг үгүйсгэх тайлбар, нотлох баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй байдаг. Хугацаа хожимдуулсан боловч энэ нь ялимгүй зөрчил болох нь хэрэгт цугларсан баримтаас харагддаг. Учир манай компанийн зүгээс гаалийн бүрдүүлэлт хийн 2017.05.11-ний өдөр будгийг оруулж ирж, нэхэмжлэгчид будгаа авах талаар мэдэгдсээр байтал, нэхэмжлэгч нь будгийг хүлээж авалгүй улмаар хямд үнэтэй будгийг 2017.05.13-ны өдрөөс эхэлж өөр газруудаас худалдан авалтыг хийж, 2017.05.18-2017.05.31-ний өдрийн хугацаанд бусдад будаг, туслах материалын үнэ, ажлын хөлсийг тус тус төлсөн байдаг. Үүнээс үзвэл нэгэнт гаалийн бүрдүүлэлт ханган оруулж ирсэн будгаар ажлыг нэхэмжлэгч тал гүйцэтгэх боломжтой байсан болох нь харагддаг. Тиймээс хугацаа хэтрүүлсэн үйлдэл нь нэхэмжлэгч талын худалдан авалт хийсэн хугацаа, хэрэгт цугларсан нотлох баримтаас харвал ялимгүй зөрчил гэж үзэхээр байна. 3. Давж заалдах шатны шүүхээс “нэг тал гэрээнээс татгалзах эрх үүссэн байхад уг гэрээний үүргийг биелүүлэхийг нөгөө тал шаардах боломжгүй” гэжээ. Нэг тал гэрээнээс татгалзах эрхтэй байхын тулд гэрээнээс татгалзах талаар нөгөө талдаа мэдэгдэх, нэмэлт хугацаа тогтоох шаардлагатай байдаг. “ММС П” ХХК будгийг хамгийн анх 2017.05.13-ны өдөр худалдан авч, түүнээс хойш дараа дараагийн худалдан авалтуудыг хийсэн байдаг. Гэвч манай будаг 2017.05.11-ний өдөр гэхэд гаалийн бүрдүүлэлт хийн оруулж ирж, будгийг авахыг мэдэгдсээр байхад нэхэмжлэгч тал өөр газраас хямд үнэтэй будгийг худалдан авсан. Улмаар гэрээнээс татгалзах талаар манай компанид мэдэгдээгүй байдаг. Хэрэв нэмэлт хугацаа тогтоосон бол нэхэмжлэгч талын будаг худалдан авалт хийхээс өмнө буюу хамгийн анхны 2017.05.13-ны өдрийн худалдан авалтаас өмнө будгийг нийлүүлэх бүрэн боломжтой байсан нь хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогддог. Тиймээс нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүссэн гэж үзэх боломжгүй юм. Гэрээнээс татгалзаж буй талаар нэхэмжлэгч нь манай байгууллагад мэдэгдээгүй тул бид гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, будгийг 2017.05.11-ний өдөр хүлээж авахыг “ММС П” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ариунаад мэдэгдсэн байдаг. Худалдах худалдан авах гэрээ дуусгавар болоогүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан авагч будгуудыг хүлээж авах, хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй байсан. Тиймээс анхан шатны шүүхийн гэрээний харилцаа дуусгавар болоогүй байх тул “ММС П” ХХК-ийг будгийг хүлээж авахыг даалгаж, 2 957 240 төгрөгийг хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ММС П ХХК нь хариуцагч “Д П М” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан тул 11 828 960 төгрөг, хохирол 15 571 272 төгрөг, нийт 27 400 232 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөр 2 957 240 төгрөг гаргуулах, захиалсан будгаа хүлээн авахыг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу хариуцагчаас 11 828 960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт хэрэгт байгаа баримт буюу маргааны бодит байдалд нийцээгүй тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчдын гарын үсэг бүхий 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “захиалгын хуудас” гэж нэрлэсэн баримт нь гэрээний гол нөхцөл, шинжийг агуулсан, худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Гэрээний дагуу “Д П М” ХХК нь гэрээнд заасан будгийг Итали улсаас захиалж, тээвэрлэн 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэн өгөх, ММС П ХХК нь 14 786 200 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр харилцахаар тохирчээ. /хх-6/

Нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 8 871 720 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2 957 240 төгрөгийг тус тус хариуцагчид шилжүүлжээ. /хх 7-10/

Хариуцагч “Д П М” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэрээний зүйл болох будгийг хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Монгол улсад оруулж ирсэн, үүрэг гүйцэтгэх хугацааг 12 хоног хэтрүүлсэн нь тогтоогдсон байна.

Хариуцагч нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр захиалсан будгаа хүлээн авах, үлдэгдэл төлбөрөө шилжүүлэхийг нэхэмжлэгч талд мэдэгдсэн боловч аваагүй, хямд үнээр будаг авахаар шийдвэрээ өөрчилсөн, 5 сарын 11-нээс хойш ажлаа хийсэн гэсэн үндэслэлийг заасан бол нэхэмжлэгч нь энэ талаар хариуцагч  мэдэгдээгүй, барилгаа хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд бусдаас будаг худалдан авч, ажлаа дуусгасан гэж маргасан, хоёр шатны шүүх гэрээг цуцласан үндэслэлийг өөрөөр дүгнэснээс өөр, өөр шийдвэрийг гаргажээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч будгийн материал худалдан авсан, ажил гүйцэтгүүлсэн нь захиалсан будгийг оруулж ирснээс буюу 2017 оны 05 сарын 11-нээс хойш байсан, гэрээнд зааснаар будаг Итали улсаас ачигдсан талаар нэхэмжлэгч нь мэдээлэлтэй байсан, хариуцагч үлдэгдэл 2 957 240 төгрөгийн нэхэмжлэхийг нэхэмжлэгч буюу худалдан авагч талд хүргүүлсэн, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн зөрчлийг ялимгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсон, нэхэмжлэгч гэрээнээс татгалзахдаа нөгөө талд мэдэгдэх, нэмэлт хугацаа тогтоох зэрэг хуульд заасан журмыг баримтлаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.4.1-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй байна.

ММС П ХХК нь гэрээнээс татгалзах шаардлагатай гэж үзсэн бол гэрээний нөгөө талд сануулах, мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ журмыг хэрэгжүүлээгүйгээс гадна хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн байдлыг ялимгүй зөрчил гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул “гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгө, учирсан хохирлыг буцаан гаргуулах” ММС П ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй бөгөөд харин гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээлнэ.” гэж заасан тул хариуцагч нь гэрээнд заасан хэмжээ, код, өнгө бүхий будгийг оруулж ирсэн тул нэхэмжлэгч ММС П ХХК нь гэрээний зүйлийг хүлээн авч, үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээнээс татгалзах үндэслэл журам, гэрээг дуусгавар болсны үр дагавар зэрэг эрх зүйн асуудлаар Иргэний хуулийн дагуу хийвэл зохих дүгнэлтийг хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр  сарын 05-ны өдрийн 2243 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/02900 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 336 680 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА