Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 921

 

Ё.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын  20-ны өдрийн 102/ШШ2019/00781 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Ё.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ИОЭЛ” ХХК-д холбогдох

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 19 327 000 төгрөг, алданги 9 663 000 төгрөг, нийт   28 990 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөнөөс учирсан хорхиролд 12 000 000 төгрөг  гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонжаргалын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ё.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

            Нэхэмжлэгч Ё.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “ИОЭЛ”  ХХК-ийн удирдлагуудтай гэрээ хийж тэдний эзэмшлийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт байх ил уурхайд хөрс хуулалтын шороо зөөх ажлыг өөрсдийн өмчлөлийн 14-15УНТ, 13-72УБВ, 01-22УБӨ улсын дугаартай гурван ширхэг ново маркийн хүнд даацын өөрөө буулгагч автомашинаар хийж, сард 10.000.000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцож хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс ажлаа гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэсэн. О.Батаа нь гэрээнд гарын үсэг зураагүй гэж тайлбарлаж болохгүй, гэрээ хийгдэж байж бид ажил гүйцэтгэж, өөрөө ч хөлсийг шилжүүлж байсан. 8 дугаар сард тооцоо мөнгө нь орж ирэхгүй болсон тул 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тооцоо нийлж 23.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй тооцоо гарч баталгаажуулсан. Энэ тооцоо нийлсэн акт хийснээс хойш 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөөөс 07-ны өдрийг дуустал 14-15УНТ, 13-72УБВ дугаартай машинууд 7 хоног, 01-22УБӨ дугаартай машин 5 хоног тус тус ажилласан. Хариуцагч төлбөрөө өгөөгүйгээс бид сэлбэгээ авч чадахгүйд хүрч хоорондоо харилцан тохиролцож тооцоо нийлсэн акт үйлдсэн. Хамгийн сүүлд тооцоо нийлж 23.000.000 төгрөг өгөхөөр тохирч үүнээс 10.000.000 төгрөгийг авч үлдэгдэл 13.000.000 төгрөг үлдсэн. Тооцоо нийлснээс хойш 2 машины 7 хоногийн хөлс, 1 машины 5 хоногийн хөлс нийт 6.327.000 төгрөг болсонг тухайн үед О.Батаа зөвшөөрсөн. Иймд нийт 19.327.000 төгрөг, алданги 9.663.000 төгрөг нийт 28.990.000 төгрөгийг хариуцагч “ИОЭЛ” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ИОЭЛ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ё.Б, Б.Ганхөлөг, Ё.Батболд нартай байгуулсан бичгийн гэрээ хэрэгт авагдсан. Тэр гэрээнд “ИОЭЛ” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд О.Батаа гарын үсэг зураагүй. О.Батаа тайлбарлахдаа эдгээр 3 хүнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ амаар байгуулсан болохоос бичгээр байгуулж гарын үсэг зурсан юм байхгүй гэдэг. Миний хувьд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаад ажил хийгээд явсан гэдэгт маргахгүй. Хэрэгт авагдсан бичгээр байгуулагдсан гэрээг алдангийн гэрээ гэж харж байгаа. Тиймээс “ИОЭЛ” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох О.Батаа нь алданги төлөх эрх зүйн үр дагварыг хүсэж гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй. Тиймээс алдангийг төлөхгүй. Компанийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хөлсөөр ажиллах гэрээний үр дагварыг хариуцах эрх зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ гэж харж байна. Хөлсөөр ажиллах гэрээний онцлог нь юу байдаг вэ гэхээр Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь гэрээнд заасан ажил үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тооцоо нийлэхдээ 23.000.000 төгрөгөөр нийлсэн. Үүнээс 10.000.000 төгрөгийг авсан. Дээр нь нэмээд 2017 оны 8 дугаар сарын 02-ноос 08-ны өдрүүдэд ажилласан хөлс 6.327.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 8 дугаар сарын 02-ноос 07-ны хооронд ажилласан жолооч гэдэгт хөлсөөр ажиллах гэрээний тал буюу үүрэг гүйцэтгэгч Ё.Б, Б.Ганхөлөг нар ажиллаагүй. Өөр жолооч буюу Саагий, Тайван гэсэн хүмүүс ажилласан байна. Ё.Батболд-ын хувьд энэ хугацаанд ажилласанг хүлээн зөвшөөрч байна. Хөлсөөр ажиллах гэрээгээр талууд өөрсдөө хүлээсэн үүргээ өөрөө биечлэн гүйцэтгэх ёстой байтал Тайван, Саагий гэх хүмүүс гүйцэтгэсэн. Бичгээр байгуулсан 3 гэрээг харвал Б.Ганхөлөгтэй байгуулсан гэрээнд алданги дурдаагүй тул алданги шаардах эрхгүй. Нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл 2017 оны 8 дугаар сарын     01-ний өдөр тооцоо нийлж гэрээ дуусгавар болсон гэж үзэж байгаа тул алданги мөн адил энэ өдрөөр дуусгавар болно. Манай зүгээс нэхэмжлэлийн 13.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч ИОЭЛ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ИОЭЛ” ХХК нь Ё.Б, Б.Ганхөлөг, Ё.Батболд нартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, үүрэг гүйцэтгэгч нар гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэх, гүйцэтгүүлэгч нь хөлс төлөх үндсэн үүргийг тус тус хүлээсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нар шороо зөөх үүргээ биелүүлээгүйн улмаас үүрэг гүйцэтгүүлэгч буюу “ИОЭЛ” ХХК-д 12.000.000 төгрөгийн хохирол учирсан. Өөрөөр хэлбэл 2017 оны 8 дугаар сарын  02-ны өдрөөс эхлэн ажлаа хаяж явсны улмаас хөрс хуулалтын машинууд сул зогссон. Хөрс хуулалтын ажил хийсний дараа тухайн хуулсан хөрс буюу шороог зөөх үүрэгтэй байсан боловч ажлаа хаяж явсан тул 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 8 дугаар сарын 18-ны өдрүүдэд хөрс хуулалтын машинууд сул зогссон. Хөрс хуулалтын машинууд сул зогссоны зардал болон шороо зөөх хүнд даацын машинууд олоход харицагчийн зүгээс 12.000.000 төгрөг зарцуулсан. Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцох тул дээрх зардлыг хохиролд тооцох нь зүйтэй. Хохирлоо дансны хуулгаар гарч ирсэн экска түрээс, ковш түрээс гэсэн гүйлгээний утга бүхий үнийн дүнгүүдээр тодорхойлсон тул 12.000.000 төгрөгийг Ё.Б-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ё.Б сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч компани гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тул талууд 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр харилцан тохиролцож, гэрээг дүгнэн дуусгавар болгож, тооцоо нийлсэн. Анх тооцоо нийлснээс хойш ажлын хөлсийг дутуу шилжүүлж байсан нь он сартайгаа харагдана. 8 дугаар сарын 08-ны өдөр харилцан тохиролцож ажлыг дуусгавар болгосон байхад тэрнээс хойш та нараас болж сул зогссон гэж хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Бидний зүгээс ажлаа хаяад явсан юм байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний Хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ИОЭЛ”  ХХК-иас 19.327.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.Б-д олгож, үлдэх 9.663.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321.494 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “ИОЭЛ” ХХК-наас 254.585 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.Б-д олгож,  Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ё.Б-д холбогдох хохиролд 12.000.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “ИОЭЛ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч ИОЭЛ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гүенбат нь 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчийг төлөөлөн хохиролд 12.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг Ё.Б, Б.Ганхөлөг, Ё.Батболд нарт холбогдуулан гаргасныг шүүгчийн 102/Ш32018/09942 дугаар захирамжаар хүлээн авч хариуцагч нарт гардуулсан. Улмаар сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Б.Ганхөлөг нь сөрөг нэхэмжлэлийг гардан авч хариу тайлбар гаргасан бөгөөд тус хариу тайлбартаа "...миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү" гэснийг дурьдах нь зүйтэй. 2018 оны 12 сарын 10-ны өдрийн хариуцагчаас олгосон итгэмжлэлийн дагуу тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох болсон Ц.Отгонжаргал миний бие 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг шүүгчийн 102/Ш32018/16896 дугаар захирамжаар хүлээн авсан боловч 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн "Захирамжид өөрчлөлт оруулж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай" 102/Ш32019/01250 дугаар захирамжаар дээрх захирамжуудын "сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага өөрчилснийг хүлээн авсан" хэсгийг тус тус хүчингүй болгосон. Ингээд шүүгчийн тус захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу Ё.Б, Ё.Батболд, Б.Ганхөлөг нар нь тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран нэхэмжлэгчээр оролцож байгаа бөгөөд мөн зүйлийн 27.2 дах хэсэгт заасны дагуу хамтран нэхэмжлэгч Ё.Батболд болон Б.Ганхөлөг нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ё.Бат-Эрдэнийг төлөөлүүлэн оролцуулахаар итгэмжлэл олгосон. Гэтэл нэхэмжлэгч Ё.Б нь Ё.Батболд болон Б.Ганхөлөг нараас итгэмжлэл олгосны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлөөлөн нэхэмжлэгчийн хувиар нэхэмжлэл гаргаагүй техникийн алдаа гаргасан байхад шүүх сөрөг нэхэмжлэлийн хариуцагч нар болох Ё.Батболд, Б.Ганхөлөг нарыг хэргийн оролцогч биш гэж үзсэний улмаас сөрөг нэхэмжлэлээ Ё.Б-д холбогдуулан дахин гаргахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Шүүх өмнө нь Ё.Батболд, Б.Ганхөлөг нарыг хэргийн оролцогч биш гэж үзсэн атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ё.Б-д Б.Ганхөлөг, Ё.Батболд нар шүүхэд төлөөлж нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэлээр олгосон болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Мөн шүүхийн шийдвэр гарах өдөр Ё.Б-д Б.Ганхөлөг, Ё.Батболд нараас олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан байхад шүүх үүнийг анхааралгүй шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд дээр дурьдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас жинхэнэ хариуцагч болох Ё.Батболд, Б.Ганхөлөг нарт холбогдуулан хохирол шаардах боломжгүй болсон. Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг нь үүрэг гүйцэтгүүлэгчид үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд үүний улмаас учирсан хохирлоо үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрх олгодог үндсэн зохицуулалт юм. Үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-ийн дагуу хохирлоо шаардах эрхтэй байхын тулд үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гэм буруутай зөрчснөөс үүрэг гүйцэтгүүлэгчид хохирол учирсан байх шаардлагатай. Талуудын хооронд Иргэний хуулийн  359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд, үүрэг гүйцэтгэгчид нь гэрээгээр хүлээсэн шороо зөөх ажлыг санаатайгаар зөрчсөний улмаас үүрэг гүйцэтгүүлэгчид 12.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байхад шүүхээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу хөлсөөр ажиллах гэрэээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт зааснаар "хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй". Талууд хөлсөөр ажиллах гэрээ байгуулахдаа гэрээнд заасан ажил, үйлчилгээг бусдаар гүйцэтгүүлж болох эсэх талаар тусгайлан тохиролцоогүй тул ажиллагч үүргээ биечлэн гүйцэтгэх ёстой. Тиймээс ажиллуулагчийн зөвшөөрөлгүй ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болохгүй. 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Ё.Б, Б.Ганхөлөг нар нь гэрээгээр хүлээсэн ажил үйлчилгээг биечлэн гүйцэтгээгүй тул ажиллуулагч нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн дагуу энэ хугацааны хөлс болох 6.327.000 төгрөгийг төлөхөөс татгалзах эрхтэй. Дээрх хугацаанд Ё.Б болон Б.Ганхөлөг нар бус Тайван, Саагий гэх хүмүүс ажилласан болох нь 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн баримтаар тогтоогдож байхад хариуцагчаас энэ хугацааны хөлс болох 6.327.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхээс хэрэглэх ёстой хууль Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1, 209 дүгээр зүйлийн 209.1 дэх заалтыг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг бүхэлд нь, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан үнийн дүнгийн 6.327.000 төгрөгийг гаргуулсан хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хангаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ё.Б нь хариуцагч “ИОЭЛ” ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 19 327 000 төгрөг, алданги 9 663 000 төгрөг нийт 28 990 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөнөөс учирсан хорхиролд 12 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Б.Ганхөлөг, Ё.Батболд нараас иргэн Ё.Б “ИОЭЛ” ХХК-д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байхад /хх-ийн 13-15/ шүүх зөвхөн Ё.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй хэрэг үүсгэж, Б.Ганхөлөг, Ё.Батболд нарын нэхэмжлэлд хэрэг үүсгээгүй алдаа гаргасан. Зохигчийг зөв тодорхойлоогүйгээс болж хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан атлаа дараа нь хүлээн авахаас татгалзах зэргээр хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг зөрчжээ. Шүүхийн шийдвэрийн үр дагавар зөвхөн төлөөлүүлэгчид бий болох юм. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгчид холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Ё.Б нь нэхэмжлэлдээ “ИОЭЛ” ХХК-ийг хариуцагчаар тодорхойлсон байхад  2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШЗ2018/05478 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжид “ИОЭЛ” ХХК-ийн захирал н.Байгальд холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, улмаар хариуцагч “ИОЭЛ” ХХК-д холбогдох  хэргийг хянан шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дах хэсэгт бичгээр олгосон итгэмжлэлд тавигдах  шаардлагын талаар тусгасан. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5-д заасны дагуу Б.Ганхөлөг, Ё.Батболд нараас иргэн Ё.Б-д 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийн хугацаа 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дууссан байтал 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар Ё.Б-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөгдөж болзошгүй байдал, итгэмжлэлийн хугацаа зэргийг магадлаагүйгээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын  20-ны өдрийн 102/ШШ2019/00781 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 585 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

                                                                                               Н.БАТЗОРИГ