Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2019/03338

 

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2019/03338

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо Сонгино 0 дугаар гудамж 0 тоотод оршин суух, Ш овогт Ё-ийн Б /РД: 00000000/,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо Сонгино 0 дугаар гудамж 0 тоотод оршин суух, Ш овогт Ё-ийн Б /РД: 00000000/,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Бага нарангийн 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, Б овогт Б-ын Г /РД: 00000000/,

Хариуцагч: Баянгол дүүрэг 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 8 тоотод оршин байх, И.О.Э.Л /РД: 000000/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 25,658,333 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хохиролд 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Ё.Б, Ё.Ба, Б.Г  нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр И.О.Э.Л ХХК-ийнудирдлагуудтай гэрээ хийж тэдний эзэмшлийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт байх ил уурхайд хөрс хуулалтын шороо зөөх ажлыг өөрсдийн өмчлөлийн 14-15 УНТ, 13-72 УБВ, 01-22 УБӨ улсын дугаартай гурван ширхэг Хово маркийн хүнд даацын өөрөө буулгагч автомашинаар хийж, сард 10,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцож Хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс ажлаа гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэсэн. Хариуцагчийн төлөөлөгч О.Б нь гэрээнд гарын үсэг зураагүй гэж тайлбарлаж болохгүй, гэрээ хийгдэж байж бид ажил гүйцэтгэж, өөрөө ч хөлсийг шилжүүлж байсан. Компанийн захирал О.Б нь хүндэтгэх шалтгаантай байна, ойлгоорой гээд ажлын хөлсийг уван цувуулж өгдөг байснаа 2017 оны 7 дугаар сараас эхлэн хэлсэн ярьсан нь хойшлогдож, тооцоо нь уддаг болсон. 2017 оны 8 дугаар сард тооцоо мөнгө нь орж ирэхгүй удаад, цаашид ажиллах боломжгүй болсон тул дансны хуулгаа харж байгаад үлдсэн тооцоогоо бид нийлж, ажилласан өдрийнхөө хоног бүрийг нэгтгэсний үндсэн дээр 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр тооцоо нийлж 23,000,000 төгрөгийн тооцоо гарч баталгаажуулсан. Энэ тооцоо нийлсэн акт хийснээс хойш 2017 оны 8 дугаар сарын 2-ноос 7-ны өдрийг дуустал 14-15 УНТ, 13-72 УБВ дугаартай машинууд 7 хоног, 01-22 УБӨ дугаартай машин 5 хоног тус тус ажилласан. Тухайн үед бидний ажлын хөлсийг өгөхгүй удсан шалтгаан нь эд нар Дорноговь аймгийн Сайхандулаан суманд алтны уурхайд орд газар авч тэндээ хөрөнгө оруулалт хийсэн. Захирал О.Б нь бид нарын хөлсийг Дорноговь аймгийн засаг дарга, цагдаа, техникийн урсгал зардалд оруулж байгаа, ойлгоорой, мөнгийг чинь ажил эхлэхээр удахгүй өгнө, 2 зэрэг алтны уурхай ажиллаад ирэхээр мөнгө төгрөг асуудалгүй гэж хэлээд хойшлуулж ажиллуулж байсан юм. Сүүлдээ боломжгүй болж мөнгө төгрөгөө өгөхгүйгээс бид сэлбэгээ авч чадахгүйд хүрч хоорондоо тохиролцон тооцоо нийлсэн акт үйлдсэн юм. Ингээд хотод ирээд мөнгө нэхэхэд сарын дараа өгнө гэж хэлсэн боловч сүүлдээ утсаа авахаа больсон. Бид байнга тооцоо нийлж явдаг байсан. Хамгийн сүүлд тооцоо нийлж 23,000,000 төгрөг өгөхөөр тохирч үүнээс 10,000,000 төгрөгийг авч үлдэгдэл 13,000,000 төгрөг үлдсэн. Тооцоо нийлснээс хойш 2 машины 7 хоногийн хөлс, 1 машины 5 хоногийн хөлс нийт 6.327.000 төгрөг болсонг тухайн үед О.Б зөвшөөрсөн. Нийт 19,327,000 төгрөгийн авлагатай ба алданги 9,663,000 төгрөг, нийт 28,990,000 төгрөгийг хариуцагч И.О.Э.Л-наас гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг бид гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа агуулгын хувьд дэмжиж байх боловч О.Б-ийн 01-22УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ажлын хөлс 8,997,500 төгрөг, Ё.Б-ын 14-16УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ажлын хөлс 9,996,500 төгрөг, Б.Г ийн 13-72 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ажлын хөлс 6,664,333 төгрөг, үндсэн төлбөр, алдангид нийт 25,658,333 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар алдангийн хэмжээгээ багасгах замаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Хариуцагч компани гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тул талууд 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр харилцан тохиролцож, гэрээг дүгнэн дуусгавар болгож, тооцоо нийлсэн. Анх тооцоо нийлснээс хойш ажлын хөлсийг дутуу шилжүүлж байсан нь он сартайгаа харагдана. Хариуцагч нь төлбөрийг боломжтой үедээ төлье, та нар сайн ажиллаа баярлалаа гээд бид 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хот руу буцсан. Сөрөг нэхэмжлэлийн хувьд нотлох баримтаар өгсөн ковш, экскаватор, ачигч зэрэг техникүүдэд хөлс төлсөн баримт нь сул зогсоогүй байсан ч төлдөг төлбөр бөгөөд уг баримтаар хариуцагч компани бидний буруугаас болж сул зогсож, хохирол учирсан болохыг нотлохгүй гэж үзэж байна. 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр харилцан тохиролцож ажлыг дуусгавар болгосон байхад тэрнээс хойш та нараас болж сул зогссон гэж хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Бидний зүгээс ажлаа хаяад явсан юм байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч И.О.Э.Л ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Ё.Б, Ё.Ба, Б.Г  нартай байгуулсан бичгийн гэрээ хэрэгт авагдсан. Тэр гэрээнд И.О.Э.Л ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд О.Б гарын үсэг зураагүй. О.Б тайлбарлахдаа эдгээр 3 хүнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ амаар байгуулсан болохоос бичгээр байгуулж гарын үсэг зурсан юм байхгүй гэдэг. Манай зүгээс хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаад ажил хийгээд явсан гэдэгт маргахгүй. Хэрэгт авагдсан бичгээр байгуулагдсан гэрээг алдангийн гэрээ гэж харж байгаа. Тиймээс И.О.Э.Л ХХК-ийнитгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох О.Б нь алданги төлөх эрх зүйн үр дагварыг хүсэж гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй. Тиймээс алдангийг төлөхгүй. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ гэж харж байна. Хөлсөөр ажиллах гэрээний онцлог нь юу байдаг вэ гэхээр Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь гэрээнд заасан ажил үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тооцоо нийлэхдээ 23,000,000 төгрөгөөр нийлсэн, үүнээс 10,000,000 төгрөгийг авсан. Дээр нь нэмээд 2017 оны 8 дугаар сарын 2-ноос 8-ны өдрүүдэд ажилласан хөлс 6,327,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 8 дугаар сарын 2-ноос 7-ны хооронд ажилласан жолооч гэдэгт хөлсөөр ажиллах гэрээний тал буюу үүрэг гүйцэтгэгч Ё.Б, Б.Г  нар ажиллаагүй. Өөр жолооч буюу Саагий, Тайван гэсэн хүмүүс ажилласан байна. Ё.Б-ын хувьд энэ хугацаанд ажилласанг хүлээн зөвшөөрч байна. Ё.Б, Б.Г  нар ажиллаагүй. Хөлсөөр ажиллах гэрээгээр талууд өөрсдөө хүлээсэн үүргээ өөрөө биечлэн гүйцэтгэх ёстой байтал Тайван, Саагий гэх хүмүүс гүйцэтгэсэн. Бичгээр байгуулсан 3 гэрээг харвал Б.Г тэй байгуулсан гэрээнд алданги дурдаагүй тул алданги шаардах эрхгүй. Нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл 2017 оны 8 дугаар сарын 1-нд тооцоо нийлж гэрээ дуусгавар болсон гэж үзэж байгаа тул алданги мөн адил энэ өдрөөр дуусгавар болно. Манай зүгээс нэхэмжлэлийн 13,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч И.О.Э.Л нь Ё.Б, Ё.Ба, Б.Г  нартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, үүрэг гүйцэтгэгч нар гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэх, гүйцэтгүүлэгч нь хөлс төлөх үндсэн үүргийг тус тус хүлээсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нар шороо зөөх үүргээ биелүүлээгүйн улмаас үүрэг гүйцэтгүүлэгч буюу И.О.Э.Л-нд 12,000,000 төгрөгийн хохирол учирсан. Өөрөөр хэлбэл 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн ажлаа хаяж явсны улмаас хөрс хуулалтын машинууд сул зогссон. Хөрс хуулалтын ажил хийсний дараа тухайн хуулсан хөрс буюу шороог зөөх үүрэгтэй байсан боловч ажлаа хаяж явсан тул 2017 оны 8 дугаар сарын 8-наас 18-ны өдрүүдэд хөрс хуулалтын машинууд сул зогссон. Хөрс хуулалтын машинууд сул зогссоны зардал болон шороо зөөх хүнд даацын машинууд олоход харицагчийн зүгээс 12,000,000 төгрөг зарцуулсан. Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцох тул дээрх зардлыг хохиролд тооцох нь зүйтэй. Хохирлоо дансны хуулгаар гарч ирсэн экска түрээс, ковш түрээс гэсэн гүйлгээний утга бүхий үнийн дүнгүүдээр тодорхойлсон тул 12,000,000 төгрөгийг Ё.Бэс гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ё.Б нь хариуцагч И.О.Э.Л-нд холбогдох гэрээний үүрэгт 19.327.000 төгрөг, алданги 6,331,333 төгрөг нийт 25,658,333 төгрөг гаргуулах, И.О.Э.Л нь нэхэмжлэгчид холбогдуулж хохиролд 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг шүүхээс хуульд заасан арга, хэлбэрээр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

Хариуцагч И.О.Э.Л нь 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг Шарын гол сумын газар нутагт уурхайд шороо зөөх ажлыг гүйцэтгүүлэхээр Б.Гөнхөлөгтэй /13-72 УБВ/ сарын 10,000,000 төгрөг, Ё.Бтэй /14-16УНТ/ сарын 11,000,000 төгрөг, Ё.Батой /01-22УБӨ/ сарын 11,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр тус тус тохиролцож хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээг ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, зөвшөөрч гарын үсэг зурсан, хүчин төгөлдөр хэлцэл ба нэхэмжлэгч нар шаардах эрхтэй байна.

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нар Хово, норд бенз загварын автомашинаар шороо зөөх, ажиллуулагч нь гэрээнд заасан ажлын хөлсийг сар бүрийн 20-нд шилжүүлж төлөх үүргийг тус тус хүлээжээ. Гэрээгээр тохирсон ажил үүргийг нэхэмжлэгч гүйцэтгэж, хариуцагч хөлс төлж байсан үйл баримт шүүх хуралдаанд тайлбарласан талуудын тайлбараар тогтоогдож, зохигч гэрээгээр тохирсон ажлын хөлсний үлдэгдэл 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 23,000,000 болж байгааг харилцан тохиролцож, гэрээг дүгнэн тодорхойлж тооцоо нийлсэн акт үйлдэж гарын үсгээр баталгаажуулсан байна. Тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш И.О.Э.Л нь ажлын хөлс 10,000,000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 13,000,000 төгрөгийг төлөөгүй ба энэ үнийн дүнд зохигч маргаагүй, 13,000,000 төгрөгийг хариуцагч нь төлөхийг зөвшөөрч тайлбарласан байна.

Хариуцагч тал 2017 оны 8 дугаар сарын 2-ноос 8-ны өдрүүдэд гэрээ байгуулснаас өөр хүмүүс ажилласан тул хөлсийг төлөхгүй гэж тайлбарласан боловч 01-22 УБӨ, 13-72 УБВ, 14-16 УНТ маркийн автомашинууд 8 дугаар сарын 2-ноос 8-нийг хүртэл зогсолтгүй ажилласанг зөвшөөрч Их Ор Эко лайн ХХК нь тооцоо нийлсэн акт үйлдэж, захирал О.Б гарын үсэг зурж баталгаажуулсан тул дээрх хоногийн ажлын хөлсийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. Хариуцагч тал тухайн өдрүүдийн ажлын хөлсөнд нэхэмжилсэн 6,327,000 төгрөгийн үнийн дүнд маргаагүй байна.

Нэхэмжлэгч нар нь алдангийн хэмжээг багасгаж 6,331,333 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ., зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.2-т Тооцоог нэг сараар хийх ба сарын 20 доор тасалж ажлын 3-5 хоногт багтаан шилжүүлэх бөгөөд хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,3 хувийн алданги бодно гэж заасантай нийцсэн, нэхэмжлэгч нар алданги нэхэмжлэх эрхтэй, хариуцагч алданги төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч И.О.Э.Л-наас гэрээний үүргийн биелэлтэд 19,327,000 төгрөг, алдангид 6,331,333 төгрөг, нийт 25,658,333 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.Б, Ё.Ба, Б.Г  нарт олгох нь зүйтэй.

Хариуцагч И.О.Э.Л нь хохиролд 12,000,000 төгрөг нэхэмжлэгч Ё.Б нараа гаргуулахыг шаардсан боловч талууд 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээг дүгнэн дуусгавар болгож, гэрээ дүгнэснээс хойших 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхийг зөвшөөрч тооцоо нийлсэн акт үйлдэж, бичгээр болон амаар байгуулсан гэрээг тус тус дуусгавар болгосон тул нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй тул хариуцагчаас хохирол 12,000,000 төгрөг гаргуулахыг шаардсан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний Хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч И.О.Э.Л-наас 25,658,333 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.Б, Ё.Ба, Б.Г  нарт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321.494 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч И.О.Э.Л-наас 286.242 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.Бд олгосугай.

3.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгч Ё.Б нарт холбогдох хохиролд 12,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч И.О.Э.Л ХХК-ийнсөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР