Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 0031

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М, Б.З, С.Д,

 Б.У, С.Д, Д.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

Прокурор                                                      Ц.М

Шүүгдэгч                                                       Б.М, С.Д, С.Д, Б.У, Б.З

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                      Т.Э, М.Г, Д.Н, М.М, Б.Б/онлайн/

Нарийн бичгийн дарга                             Б.Ганчимэг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолтой, Б.М, Б.З, С.Д, Б.У, С.Д, Д.С нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.У, С.Д, Б.З, Б.М, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г, М.М нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, И овогт Б М.

 

Монгол улсын иргэн, , Ж овогт Б З.

 

Монгол улсын иргэн, Ж овогт С Д.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Б-н У.

 

Монгол Улсын иргэн, Ж овогт С-н Д.

 

Монгол Улсын иргэн, Г овогт Д-н С.

 

Шүүгдэгч Б.М, С.Д, Б.У, С.Д, Б.З нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 01 сарын 19-20-нд шилжих шөнө  аймгийн  сумын  багийн  тоот хашаанаас Г.Б-ний 46 боодол өвсийг хулгайлан 276 000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Д.С нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр аймгийн сумын нутаг  уулын зүүн талд мал хариулж явахдаа С.Дтой маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч С.Д нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр  аймгийн  сумын нутаг  уулын зүүн талд мал хариулж явсан Д.Сг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч И овогт Б-н М, Бо овогт Б-н У, Ж овогт С-н Д, Ж овогт Б-н З, Ж овогт С-н Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Гт овогт Д-н С, Ж овогт С-н Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.З, С.Д, С.Д, Б.У нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д, Д.С нарыг тус бүр 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 10-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Дид оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялаар тооцон 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тус тус тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, С.Д, Д.У нарт оногдуулсан 2 жилийн хорих ял, Б.Зд оногдуулсан 5 жилийн хорих ял, С.Дид оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мы цагдан хоригдсон 579 хоног, Б.Згийн цагдан хоригдсон 140 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай жил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн Д.Уын эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж,

 

          Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Д.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.З, С.Д, С.Д, Б.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч С.Д, С.Д, Б.У, Д.С нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 262 дугаар захирамжаар:

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт огноог 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэж алдаатай бичсэнийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэж, шүүгдэгч Б.М 42 нас гэснийг 44 нас, Б.У 41 нас гэснийг 43 нас, Б.Д 48 нас гэснийг 51 нас, Б.З 33 нас гэснийг 35 нас, С.Д 51 нас гэснийг 54 нас гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Б.Мы цагдан хоригдсон “579” хоног гэснийг “578” гэж тус тус залруулж,

Шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу гардуулахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г давж заалдах гомдолдоо:

... Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор С.Д, С.У, С.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо ... урьдчилан тохиролцож, бүлэглэн, машин механизм ашиглаж шөнийн цагаар, өмчлөгч, эзэмшигч, харуул, сахиул байхгүйг далимдуулан бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь тогтоогдож байна ... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал ... шүүгдэгч Б.Мы мэдүүлэг ... энэ хүмүүс өвч хулгайлахад би байгаагүй. Дараа нь над дээр ирж өвс хулгайлсан хэргийг даачих гэж гуйсан. Ах дүү нараараа нийлж намайг гүтгэж байна ... гэж мэдүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгддэг бөгөөд уг мэдүүлэг нь хуульд зааснаар С.Д, Б.У, С.Д нарыг гэм буруутайд тооцох үндэслэл болох учиргүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй”, 7.4 дүгээр зүйлийн 2-т “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, 7.1 дүгээр зүйлийн 2-д “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа шүүгдэгчид энэ бүлэгт заасан эрх, үүрэг нэгэн адил хамаарна” гэж зааснаар түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг нь хоорондоо эрс зөрүүтэйгээс гадна хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, өөрийгөө өмгөөлөх эрхийнхээ хүрээнд гаргаж байгаа мэдүүлгийг анхан шатны шүүх үнэн гэж тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн сонгож авсан өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөхдөө ... шүүх хуралдаанд мэдүүлснээс тэс өөрөөр мэдүүлэг өгдөг ба үүнийг нотлох баримтаас хассан, хууль зөрчсөн, яллагдагч, шүүгдэгчийн эрхийг зөрчиж мэдүүлэг авсан гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар прокурор, шүүхээс нотлох баримтаас хассан, хэлэлцэхгүй байх тул ямар нэг шийдвэр гараагүй байна. Уг мэдүүлгийг шүүх хуралдаанд өмгөөлөгч би бүхэлд нь шинжлэн судалсан ба Б.М нь бичиг үсэг мэдэхгүй гэх боловч цагдан хорих байрнаас өөрөө хүсэлт, гомдол удаа дараа шүүхэд гаргаж байсан зэрэг үйл баримт уг хэргийг шүүх өмнө хянан шийдвэрлэх явцад тогтоогдсонг анхаарсангүй. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Б.М ... Б.Уын хашаанд байгаа бусад өвс мөн хулгайн өвс ...үүнийг Д бас мэднэ гэж мэдүүлсэн нь бусад шүүгдэгчийг гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй. Учир нь уг өвсийг Б.У фондны өвснөөс авсныг мөн хавтаст хэргийн 162-163 дахь талд авагдсан Б.Мы өөрийн мэдүүлэг болон хавтаст хэргийн 76-р талд авагдсан Баян-Өндөр сумын нярав Б.Д гэрчээр өгсөн мэдүүлгийн тэмдэглэл, 77-78 дугаар талд авагдсан Уын  сумын Фондоос авч хүлээн авсан баримт, өвсний үнийг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт зэргээр үгүйсгэгддэг. Анхан шатны шүүх Б.Мы хэргээ хүлээсэн мэдүүлгийг хэрхэн үнэлж дүгнэж байгаагаа тайлбарлаагүй атлаа миний үйлчлүүлэгч нарыг буруутгасан мэдүүлгийг үнэлсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Иймээс шүүгдэгч Б.Мы мэдүүлгээр миний өмгөөлөлд байгаа С.Д, С.Д, Б.У нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

С.Д, Б.У, С.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзвэл тухайн гэмт хэргийн үндсэн шинж болох шунахайн сэдэлт, шууд санааг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй. Тодруулбал хулгайлах гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх сэдэлт төрж, улмаар уг сэдэлтэд үндэслэн гэмт хэрэг үйлдэх санаа зорилгоор хэрэгжүүлэх аргыг урьдчилан тохиролцож үйлдлээрээ, санаа зорилгоороо нэгдэж, гэмт хэрэг үйлдэж байгаагаа бүгд ухамсарлан санаа зорилго, үйлдэл, эс үйлдэхүйгээрээ нэгдэж улмаар ашиг хонжоо олох зорилгоор шунахайн сэдэлтээр шууд санаатайгаар үйлддэг хэрэг байна. Гэтэл уг хэрэгт яллагдагчаар татагдсан улмаар гэм буруутайд тооцогдож, ял шийтгэгдсэн Б.У, С.Д, С.Д нарт уг сэдэлт байхгүй, хэрэгт сэдэлтийг огт тогтоогоогүй байх ба энэ талаарх нотлох баримт огт байхгүй. Харин энэ талаар прокурор Б.У, С.Д нарын талаарх дүгнэлт тайлбар гаргадаггүй, харин С.Дг ... хямд үнээр өвс авах ... гэсэн гэж буруутгадаг. Уг өвснөөс Б.У, С.Д нар аваагүй, авах хэрэгцээ шаардлага ч байгаагүй болох нь тогтоогддог нь сэдэлт байхгүйг нотолж байна. С.Дгийн хувьд зах зээлийн олон хэвшил бүхий эдийн засагтай ардчилсан дэглэм бүхий Монгол улсад зах зээлээс хямд үнээр өвс хайх эрэлт, хэрэгцээг гэмт хэргийн сэдэлттэй андуурч дүгнэх нь хууль зүйн дүгнэлт биш, таамаглал болох нь харагддаг. Үүнийг анхан шатны шүүх анхаарахгүйгээр бүгдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй байна.

Уг буруутгагдаж байгаа нь миний үйлчлүүлэгч нарын хувьд тухайн өвсийг үнэгүй бус тодорхой төлбөр төлж авч байгаа гэдгийг гэрчүүд ч нотолж хэлдэг төдийгүй, ашиг сонирхол зөрчилдөж буй Б.М ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлж байсныг шүүх хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй хэвээр байна. Мөн С.Д 2018 оны 01 дүгээр 19-20-нд шилжих шөнө гэм хэрэг гэж үзэж буй үйлдэл болох үед Б.Мыг зугтах үед нь ... хулгайн өвс зарсан байж магадгүй гэх үндэслэлээр маргалдаж, улмаар түүнийг цохисон болох нь Б.М, Б.З нарын төдийгүй, Б.Мы өөрийнх нь мэдүүлгээр ч нотлогддог. Энэ нь шүүгдэгч С.Дийн мэдүүлгийн эх сурвалжийг нотолж байхад шүүх хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байна.

Уг үйлдэл болсны дараа Б.У, С.Д нар нь машиндаа орж суусан гэх гэрчүүдийн мэдүүлэг нь нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч байгаагаа мэдсэн гэх үйлдлийг нотлохгүй гэж үзэж байна. Учир нь уг үйл баримтын талаарх С.Д, Б.У нар нь мэдүүлэхдээ гадаа их хүйтэн байсан /2018 оны 01 дүгээр сарын 19-20нд шилжих шөнө хүйтэн байх боломжтой/ тул худалдаж авсан өвсөө ачаад хэсэг машиндаа сууж дулаацаад өвс ачиж байсан гэх мэдүүлгээр тайлбарлагддаг ба машин нь асаалттай боловч шүүдэгч нар зугтаагүй, харин ч худалдаж авч байгаагаа гэрчүүдэд тайлбарлаж, учирлаж хэлж, машиныхаа түлхүүрийг хүртэл гэрчүүд авч байхад эсэргүүцээгүй зэрэг нь мөн л гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгааг анхан шатны шүүх хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байна. Энэ талаар гэрч Б.Ч 1-р хавтаст хэргийн 83 дугаар талд, гэрч Э.Э ... бид нарыг очиж үед 2 эмэгтэй хүн өвс ачсан шинжтэй машин доор сууж байсан. Машины гэрэл тусахад машиндаа суучихсан байх гэж бодож байна... /1-р хавтаст хэргийн 82 талд/ гэх таамагласан мэдүүлгээр миний үйлчлүүлэгч Б.У, С.Д нарыг гэмт хэрэг үйлдсэнг тогтоох боломжгүй, шууд гэм бурууг нотлохгүй байна. Дээрх мэдүүлгийн зарим хэсэг нь гэрч Б-н мэдүүлгийн зарим хэсэг нь уг гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүү байгааг шүүх анхаарч дүгнэсэнгүй.

Харин уг хэргийн газарт Б.М, С.Д, С.Д, Б.З, Б.У нар байсан болох тэдний мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, гэрэл зураг, ул мөр бэхжүүлэн авч шинжилгээ хийлгэсэн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогддог ч энэ нь гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг хийснийг шууд нотлохгүй бөгөөд харин ч Б.Мы гэмт санаа зорилго, үйлдэлдээ бусдыг ашиглан өөрөө өвс зарах нэрээр хулгай хийж, үүнээсээ өвсний мөнгийг Дгээс авч ашиг олох шунахайн сэдэлтэй байсныг нотолж байна. Уг нотлох баримтыг шүүх үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэх учиртай байтал миний үйлчлүүлэгч нарыг яллах талаас нь үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлчлүүлэгч нарын хувьд тус өвсийг өмчлөгч, эзэмшигч, харуул, сахиулыг байхгүйг далимдуулан хулгайлсан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь өвс худалдаж авахаар ярилцсан хүн болох Б.М нь хөдөө /Б/ явах болсон гэх шалтгаанаар яаралтай ав гэсэн тул шөнөөр явах болсон тухай, уг байдалд Д, У нар дургүй байсан тухай тус тус мэдүүлдэг. Мөн шөнөөр тус өвс байрлах газрыг Б.Маас өөр мэдэхгүй тул машины кабинд зам зааж суусан гэж бүгд мэдүүлэг, үүнийг ямар нэг нотлохгүй баримтаар үгүйсгээгүй бөгөөд Б.М нь энэ талаар зөрүүтэй мэдүүлэг өгдөг байтал ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Таслан сэргийлэх арга хэмжээний саналыг үйлчлүүлэгч нарын хүсэлтээр гаргаж байгааг гомдолд тусгахыг хүссэн тул дараах саналыг гаргаж байна. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Б.У, С.Д, С.Д нарт хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсон бөгөөд одоогоор 1 сар орчим цагдан хоригдож Б.У, С.Д нарын биеийн байдал хорих байранд хүндэрч байгаа ба тус хорих нь хэдийгээр эмчтэй боловч эм тариа байхгүй, нарийн мэргэжлийн эмчийн оношилгоо хийх төхөөрөмж байхгүй зэргээс хамаарч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй, гаднаас эм тариа захиж авч хийлгэх боловч үр дүнд хүрэхгүй, эрүүл мэндийн байдал дээрдэхгүй байна гэх тул, С.Д нь өөрийн цөөний тооны болон бусдын малыг малладаг, насанд хүрсэн хүүхэдгүй малын хулгай их байдаг тул малаа дагаж малладаг гэх тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх саналыг гаргаж байгааг гомдлыг шийдвэрлэхдээ анхаарч шийдвэрлэж өгөхийг хүсье.

Иймээс Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолын 1, 2, 4, 7, 8 дахь заалтын Б.У, С.Д, С.Д нарт холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зааснаар гэм буруутайд тооцож ял оногдуулсанг хүчингүй болгож, тэдэнд холбогдох 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 11 дэх талд  ... өвсийг хулгайлж байгааг бүгдээрээ мэдэж байсан тухай Б.Мы мэдүүлэг зэргээр шүүгдэгч нар нь урьдчилан тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглаж шөнийн цагаар өмчлөгч эзэмшигч, харуул сахиулыг байхгүйг далимдуулан бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь тогтоогдож байна....” гэжээ. Хавтаст хэргийн 1 дэх хавтасны 162-163 дахь талд шүүгдэгч Б.Мы яллагдагчаар өөрийн сонгож авсан өмгөөлөгчийн хамт өгсөн мэдүүлэг авагдсан ба энэхүү мэдүүлэгт “... Д намайг хулгай хийсэн орой зодохоор нь би уурандаа худлаа мэдүүлэг өгчихсөн.

Яг үнэндээ бол би өөрөө өвс ачуулсан, Д, У, З, Д нарт миний өвс байгаа юм, та нар худалдаж ав гэж худлаа хэлээд ачуулчихсан юм. Эхний удаа ачаад өвсөө У, Д, З нар явж буулгаад эргээд ирээд дахиад ачиж байхад хар машинтай хун хажуу талын айлд ирэхээр нь З, Д бид 3 зугтаасан. Хашаанаас гарсны дараа Д, З нартай уулзахад Д надад чи хулгайн өвс зараад байгаа юм уу гэхээр нь би чамд ямар хамаатай бэ гээд би урдаас нь хэрэлдсэн.

Тэр үед Д над руу уурлаж бид хоёр машин замын хажуу талд зодолдсон. Тэгээд салаад явсан. Би Дид зодуулсандаа шаралхаад худлаа хэлчихсэн юм. Би Дгээс өвч зарсан гэж ойролцоогоор 50.000 төгрөг авсан.

... Намайг хулгайн өвс ачуулж байсныг Д, Д, З, У нар мэдээгүй байсан. Харин хар машинтай хүмүүс ирээд би Д. З нарыг зугтаарай гэж хэлснээс хойш мэдсэн. Яг тэр үед Д, У нар мэдээгүй хар машинтай хүмүүстэй уулзаад байсан ... гэж болж өнгөрсөн үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн. Харин шүүх хуралдаан дээр энэхүү. мэдүүлгээ эрс үгүйсгэсэн мэдүүлэг өгдөг. Яллагдагч Б.Мы дээрх хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд нь бусад яллагдагч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон. Харин шүүх хуралдаан дээр өгсөн эрс зөрүүтэй тэр газарт байгаагүй гэх мэдүүлэг нь өөр ямар нэгэн нотлох баримтаар нотлогддоггүй. Гэтэл анхан шатны шүүх дээрх Б.Мы харилцан зөрүүтэй мэдүүлж байгаа мэдүүлгээс нэгийг авч үнэлэхдээ нөгөөг нь үгүйсгэж байгаа үйл баримт, нотлох баримтын талаар огт заасангүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 11 дэх талд ... өвс хулгайлж байгааг бүгдээрээ мэдэж байсан тухай Б.Мы мэдүүлэг зэргээр шүүгдэгч нар нь урьдчилан тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглаж шөнийн цагаар өмчлөгч эзэмшигч, харуул, сахиулыг байхгүйг далимдуулан бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь тогтоогдож байна ... гэж заасан атлаа. Хэргийн 162-163 дахь талд авагдсан Б.Мы мэдүүлгийг үнэлсэн эсэх талаар огт үндэслэл заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол гэх үндэслэлд хамаарч байна.

Б.Зд өвсийг хулгайлах хэрэгцээ шаардлага байгаагүй бөгөөд Б.Маас худалдан авч байгаа гэх өвсийг эгчдээ ачилцаж өгөх зорилгоор очсон талаар мөрдөн шалгах ажиллагааны үед болоод шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа тууштай мэдүүлдэг. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь шууд санаатай, шунахайн сэдэлттэй байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгч Б.Зд хулгайлах гэмт хэргийн сэдэлт байсан болохыг хангалттай шууд нотолж тогтоосон эргэлзээгүй нотлох баримт хэрэгт авагдаагүй. Харин Б.Зг хашаан дотроос зугтаасан гэх асуудлыг прокурор яллах талын сэдэлтийг тогтоосон нотлох баримт болгон зааж мэтгэлцдэг бөгөөд хулгайлах гэмт хэргийн сэдэлт нь зугтаж байгаа үйлдлээр бус шууд санаатай шунахайн сэдэлттэй идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдэгдэж эхлэхээс өмнө төрсөн байхыг хууль зүйн хувьд шаарддаг.

Гэтэл Б.Мы өвсийг ачуулж байх явцдаа зугтаарай гээд зугтсан үйлдлийг нь даган дуурайж зугтсан үйлдлийг хулгайлах гэмт хэргийн сэдэлт мэтээр тайлбарлаж, улмаар ойлгож хэрэглэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болно. Дээрх сэдэлтийн талаарх нотлогдоогүй нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал гэх үндэслэлд хамаарч байна.

            Анхан шатны шүүх хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр явагдсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгч миний зүгээс хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхээс гардуулан өгсөн 57 дугаартай шийтгэх тогтоолын огноо буюу шүүх хуралдаан болсон өдрийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болсон мэтээр бичжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт тавигдах хууль зүйн шаардлагыг тодорхойлсон бөгөөд тус хэсгийн 1.2-т шийдвэрийг хэзээ, хаана гаргасныг заавал шийдвэрийн удиртгал хэсэгт заахаар хуульчилжээ. Ийнхүү анхан шатны шүүх хуралдааныг хэзээ явуулсан талаар заавал шийдвэрийнхээ удиртгал хэсэгтээ заах талаар зохицуулсан хуулийн зохицуулалт нь шүүх хуралдааныг явуулсан өдрийг заавал үнэн зөвөөр шийдвэртээ тусгасан байхыг шаардаж буй хууль зүйн зохицуулалт юм.

Дээрх шийдвэрт шүүх хуралдааныг 2021 оны 02 дугаар сарын 24- ний өдөр явуулсан мэтээр заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн байна. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлд шууд хамаарч байна.

            Анхан шатны шүүх хуралдаан дээр хэргийг түдгэлзүүлэх талаар хүсэлт гаргасан. Гэтэл шүүгч нь хүсэлтийг шийдвэрлэхдээ 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 162 дугаартай захирамжийн тодорхойлох хэсэгт “... шүүгдэгч  дугаартай Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа тоолох асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэж хэлэлцэгдэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр дугаартай хэргээс тусгаарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв гэжээ.

Үүнээс үзэхэд Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэж хэлэлцэж байгаа асуудал нь хэргийг тусгаарлах үндэслэл болсон мэтээр заасан нь үндэслэл муутай болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т хэргийг тусгаарлах үндэслэлийг тодорхой заасан бөгөөд энэхүү хэргийг тусгаарлах үндэслэлд дээрх Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй нөхцөл байдал нь хамаарахааргүй байна. Өөрөөр хэлбэл хэргийг тусгаарлах хоёр үндэслэл нь 1. Яллах дүгнэлтэд заасан шүүгдэгчийн холбогдох зарим гэмт хэргийг тухайн шүүгдэгч үйлдсэн нь нотлогдоогүй бол, 2. Зарим шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон ба түүнд холбогдох хэргийг тусгаарлаж хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхгүй байвал гэх хоёр үндэслэлд хамаарахааргүй үндэслэлээр хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах зохицуулалтыг хэрэглэх боломжгүйд хүргэсэн.

Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Б.У давж заалдах гомдолдоо:

... Миний нөхрийн төрсөн эгч Д манайд ирээд өвс ачаад өг хүнээс өвс худалдаж авч байгаа гэсэн. Би дээл оёж байна завгүй гэсэн. Гэтэл чи ямар сүртэй юм бэ? нөхөр өвчтэй мөнгө төгрөг муутай хэцүү байхад сүртэй юм гэж загнасан тэгээд би ах дүүгийн хооронд тангараг тасрах юм болно гэж бодоод тусалсан. Одоо тусалсныхаа хариуд өөрийн амьжиргаа залгуулдаг машинаа хураалгаж өөрөө ял эдлээд сууж байгаадаа гомдолтой байна. Заавал хадам бэрүүд болохоороо хоорондоо үгсэн хуйвалдаж хулгай хийсэн болдог юм уу. Үнэн мөнийг нь ялгаж үзээч. Гаднаас хадам эгч хэнтэй юу ярьж хаанаас өвс авахаа надад хэлээгүй хэнээс өвс авч байгаа юм бэ? гэхэд өвс зарж байгаа айлын манаачаас гэсэн. Ачих хүн байгаа юм уу? гэхэд дүү З ирнэ гэхээс өөр юм надад хэлээгүй. Ах дүү нар хоорондоо юу ярьсныг би мэдэхгүй. Хадам эгч унтаад би юмаа  оёж байсан. Гэтэл утас нь дугарч утсаа аваад З ирж байна гэнэ хувцсаа өмс гэсэн. Тэгээд гаднаас З, Д, М гурав архи уусан халамцуу орж ирсэн. Тэгээд орой болсон явахгүй гэж хэлэх гэснээ ах Доос айсан учир нь урьд нь манайд 2,3 удаа агсан согтуу тавьж байсан.

Явахгүй гэвэл агсан согтуу тавьж магад гэж бодсон. Тэгээд гараад машинаа асааж дэвшин дээр Д З хоёр сууж надтай кабинд Д, М суусан. Тэгээд хорооллын эцэс орж колонкоос 10.000 төгрөгт бензин  хийсэн. Тухайн үед камер шалгасан бол хэн хэн явж байгаа тодорхой харагдах байсан.

М гэртээ очно гэсэн тэгээд бид тэднийд очсон. М бууж гэртээ орж тухайн үед өмссөн байсан дээл, монгол гутлаа солин савхин куртик, арзгар ултай хар гутал савхин бээлий өмссөн гарч ирсэн. Тэгээд бид өвс авах газар руугаа явсан. Тэгээд намайг замгүй газраар явуулж цасанд суулгаж, М, З, Д нар дэвшин дээр сууж, түрж, цас ухаж явсаар нэг гудам руу орсон. Тэгээд зогс гэхээр нь зогссон чинь тэр 3 чимээгүй болсон. Би тэр гурвыг архи ууж байгаа юм болов уу гэж бодсон. Гэтэл хүн дугарах шиг болж Д эгч өвсөө ачаарай гэж байна гэхээр нь би наад айлын чинь хаалга хаана байдаг юм бэ хашаандаа орохгүй юм уу? гэсэн. Гэтэл хаалга нь ардаа цас дарчихсан онгойхгүй гэсэн. Тэгээд би машинаас бууж эгч Дтэй хашаа давуулсан өвсийг ачсан. Хүнд загнуулж айж явсныхаа хариуд ял эдлээд сууж байгаадаа маш их гомдолтой байна.

Улсын яллагч Ц.М дүгнэлтдээ хулгай хийгээд байгаа юм биш үү гэхэд машиндаа зугтаад суусан гэх үндэслэлээр ялласан нь их явцуу туйлширсан гэж үзэж байна. Учир нь гэрч Б, Э нарын машины гэрэл тусахад тэр өдөр өвсийг худалдаж авч байгаа гэж бодон хашаа давуулсан өвсийг эгчийн хамт ачиж байсан. Цаанаас шидэхээ болихоор нь болчихсон юм байх гэж бодоод сууж дулаацаж байсан машиндаа.

Гэрч Б хэрэг даачих гэсэн гэх мэдүүлэг. Манай хадам эгч Д манайд З дуудаж байна нэг эм аваад ир машиныг чинь аваад өгье гэж байна гэсэн. Тэгээд замаасаа эмийн сангаас нэг эм аваад Згийн дуудсан газар очсон. Гэтэл тэнд М, З танихгүй хоёр хүн, хоёр хүүхэд байсан. Эмийн өгөөд машин тэрэг яах гэж байна гэж уурласан. Гэтэл маргааш аваад өгнө санаа зоволтгүй гэхээр нь гараад явсан. Дахиж би тэр айлд очоогүй.

Мөн Б Гэрчийн мэдүүлэгт нөлөөлөх гэсэн гэх. Манай гэрт миний болон Б-н өвс цуг хашаанд байсан. Гэвч цагдаа нар ирж битүүмжилж зургийг нь дараад явсан. Миний өвсийг хураагаад авчиж магад гэж айхдаа би Б-г миний өвс гээд хэлчихээрэй гэж ямар ч  бодолгүй хэлсэн. Б өөрийн өвсийг баримтаа өгч өөрийн гэдгээ баталгаажуулсан. Би мөн адил өөрийн өвс худалдаж авсан бичгийг Баян-Өндөр сумаас авч мөн төрийн банкинд мөнгө тушаасан баримтаа өгсөн. Тэр нь он сар өдрийн хувьд хэрэг болохоос өмнө гэдгийг батална.

Иймд бүх юм илэрхий байхад яллаж байгаад нь гомдолтой байна. Цагдан хоригдож байх хугацаанд миний бие маш их өвдөж шөнө унтахгүй өдөр нь дараад үе мөч, бөөр зүрх, хөл их өвдөж байна. Миний даралт маш их болж буухгүй хоёр даралт /их, бага/ ойртож маш их хямарч эм тарианд орсон ч сайн болж өгөхгүй биеийн байдал хүнд байна. Иймд хэргийг үнэн мөнөөр нь шийдвэрлэж өгнө үү хэмээн хүсэж байна гэжээ.

 

Шүүгдэгч С.Д давж заалдах гомдолдоо:

... З оройхон над руу залгаад энд нэг хүн өвс 5000 зарна гэнэ. Та авах юм уу авбал хэдэн боодол өвс авах юм бэ гэж ярихаар нь 50 боодол өвсний хэрэг байгаа гэж хэлсэн. Тухайн үед өвс 6000-6500 төгрөгийн үнэтэй байсан болохоор би 1000-1500 төгрөгөөр хямд байсан болохоор авахаар болж, тэгэхдээ одоо надад мөнгө алга байна. Маргааш махаа борлуулаад авъя гэж ярьсан. Ингээд би Уд өвс авах юм шиг байна. Чи надад энэ өвсийг ачаад хөдөө хүргээд өгнө үү гэж хэлэхэд У би чадахгүй надад зав муу оёдол их байна. Хөдөө бол бүр ч явж чадахгүй гэсэн. Тэгэхэд би чамаас өөр надад туслах юм би өөр хэнийг гуйх бэ горьдоос машин авахаар өндөр үнэ хөлс нэхнэ надад боломж муу байна гэж би Уд уурлангуй хэлсэн. Ингээд хэсэг хугацаа болсны дараа З дахин залгаад өвс зарах хүн урьдчилгаа мөнгө өгөөд өнөөдөр өвсөө ав маргааш үлдэгдэл мөнгөө дансаар өг гэнээ гэж ярьсан.

Энэ дугаар өвс зарах хүний дугаар энэ дугаар руу 10.000 төгрөгт нэгж хийгээд өг гээд нэг дугаар хэлсэн. Тэр дугаар руу нь Уын охин Н-р би 10.000 нэгж хийлгэсэн. Ингээд би нэгж хийсэн гэдгээ Зд хэлэхэд одоо бид 2 очлоо гэсэн. Тэгээд ирэхгүй болохоор нь би унтаад өгсөн. Унтаж байсан чинь утас дугарч бид нар очиж байна гэхээр нь би дургүйцээд өглөө болъё би унтаж  байна гэж хэлсэн. Тэгэхэд З би энэ хүнд өглөө өвсөө авъя гэхээр өглөө хөдөө явна. Бугат сум руу 2-3 хоногоор явна гэнээ одоо л авах хэрэгтэй байна гэнэ гэж ярьсан. Тэгээд би арга буюу зөвшөөрч Уд нөгөө өвс зарах хүн ирж байна гэнээ хоёулаа явахаас гэхэд У дугараагүй. Түр удалгүй хашааны хаалга дугарч З Д М нар орж ирсэн. Ингээд би явахаас гээд босоход У дургүй босож гарч машинаа асааж нармаалдаад гэртээ орсон. Би нойл руу явсан. Нөгөө гурав машины дэргэд тамхи татаж зогсож байсан. тэнд зогсож байхад би Мд 50.000 төгрөг өгсөн. Ингээд бид Уынхаас гарч хорооллын эцсийн клонкоос бензин аваад М бид хоёр дотор сууж Д З 2 дээр суугаад М зам заагаад Мыд очсон.

М Д, З нар Мыд орсон. У бид 2 машинаа нармаалдаад гэрийнх нь үүдэнд зогсож байсан. Нэлээн удаж байгаад М хувцсаа сольж гарч ирээд дотор сууж М зам зааж машин цасанд хий иргээд зөндөө удаж нэг хашааны гадаа ирээд ингээд зогсчих гэж М хэлэхэд У хашааны хаалгаа онгойлго гэж хэлсэн. Тэгэхэд М энэ хашааны хаалга ардаа байдаг юм цас хунгарлаад дарчихсан онгойхгүй гэж хэлсэн. Тэгээд М буугаад явсан. Төд удалгүй өвс хашаан дээгүүр шидэж тоолоод ачаарай гэсэн. Ингээд өвсөө тоолоод 30 гаран өвс ачиж байхад У одоо болно. Халтиргаа гулгаатай байна. Өндөр ачвал би явж чадахгүй гэж хэлсэн. Ингээд өвсөө ачихаа больж З У бид гурав буулгаж ирсэн.

Ингээд ирж үлдэгдэл өвсөө ачиж байхдаа бид 2 машинаа асаалттай орхиод орж дулаацаад байсан. Энэ шөнө их хүйтэй байсан.

Ингэж байхад бидний байсан гудамжны үзүүрээс 1 гэрэл гарч явсаар бидний байсан хамар хашааны гадаа ирж зогссон. Хэсэг тэндээ хүмүүс ярилцаж байгаад 4 хүн бид 2 дээр ирсэн. Тэр хүмүүсийг ирэхэд бид 2 машиндаа сууж байсан. Машин асаалттай байсан. Нөгөө хүмүүс юун хүмүүс бэ яагаад өвс ачаад байгаа юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь би нэг хүнээс өвс авч байгаа гэдгээ хэлсэн. Тэр хүмүүс хэдээр авч байгаа юм бэ гэж асуусан би 5000 авч байгаа зарсан хүн нь хашаандаа байгаа гэж би хэлсэн. Тэгэхэд нэг хүн нь бидний машиныг унтрааж түлхүүр аваад нөгөө өвс байгаа хашааны завсраар хүн байна уу? гэж дуудсан. Тэгэхэд хүн дугараагүй. Нөгөө 4 хүн хэсэг дуудаад түлхүүр өгөөд данхраад байна уу гэж бид 2-оос асуугаад машин руугаа явсан. Тэгэхээр нь бид 2 араас нь очоод энэ өвсөө яах бэ энд буулгачих уу гэж асуухад худалдаж авсан юм бол ачаад явахгүй юу гэж хэлсэн. Ингээд бид хоёр үлдсэн 2, 3 ширхэг өвсөө ачаад явсан.

Маргааш өглөө болох 01 дүгээр сарын 20-ны өглөө би махаа ченжид өгөөд Уынд орж ирээд цай уугаад сууж байхад цагдаа нар ирж мөрдөгч Г гэдэг хүн надаас энэ өвс хулгайн өвс та өвс хулгай хийсэн гэж асуусан. Тэгэхэд би хүнээс худалдаж авсан тухайгаа хэлсэн. Мөрдөгч тэр хүнээ таних уу гэж надаас асуусан би танина би танд тэр хүнээ зааж өгье гэж би хэлээд мөрдөгчтэй хамт Мых руу явах замдаа З руу залгаж нөгөө өвс зарсан хүн чинь хаана байна хулгайн өвс зарсан байна гэж хэлээд Зг зам дээр гараад ир гэж хэлсэн. Зг аваад Мыд очсон. Бид хоёр машинд нь сууж байсан. Мөрдөгч Мых руу орсон.

 Удалгүй гарч ирээд алга байна гээд гудамжийг нь зүүн үзүүрээр нь тойрч арын гудамжны зүүн үзүүрийн нэг дэлгүүрийн гаднаас нэг залууг дуудаж мөрдөгч Мыг асуухад тэр залуу М өнөө өглөө эртхэн арынхаа гудамжны нэг хашаа руу орж байна лээ гэж тэр хүн хэлэхэд мөрдөгч чи суучих тэр хашаагаа заагаад өг гэж хэлсэн. Ингээд бид нар яваад нэг хашааны гадаа очоод тэр залуу энэ хашаа руу орж байсан гэж зааж өгөөд тэр залуу буугаад яваад өгсөн. Мөрдөгч тэр айл руу /хашаа руу/ орсон. Тэр хашаанд 2 гэр байсан. Урд талын гэр рүү мөрдөгч ороод удалгүй гарч ирээд ард талын гэр рүү очоод хаалга нь түгжээтэй байгаа бололтой хаалгыг нь цохиод нэлээн удсаны дараа хаалга онгойж мөрдөгч орж Мыг дагуулаад гараад ирсэн.

Машиндаа суулгаад энэ хүн мөн үү гэхэд би мөн гэж хэлэхэд М мөн би энэ хүнд 50 боодол өвс зарсан чи их том хэрэг илрүүлж дээ гээд мөрдөгчийг хэл амаар доромжилж, хэрэлдээд явсан. Ингээд мөрдөгч утсаар ярьж танил захын урд зам дээр эргүүлийн машинд Мыг суулгаад бид цааш явж цагдаагийн газар очсон. Уын машиныг журмын хашаанд хийгээд бид нарыг өглөө ир гээд явуулсан. Намайг У загнаж уурлаад би Зг загнаж уйлаад бид 3 хэсэг хэрэлдээд З явсан. Бид 2 Уынд ирсэн.

Орой З залгаж би Мыд байна. Д ах Мыг зодож байна. Мы толгой нь өвдөөд уурлаад байна эм аваад хүрээд ир гэсэн. Ингээд би Уыг дагуулаад хорооллын эцсийн эмийн сангаас эм аваад такси авч гэрийг нь заалгаад Мыд очсон. Мыд З М, нэг залуу, эмэгтэй 2 жижиг охин байсан.

М баруун орон дээрээ хөлөө хоймор руугаа харуулаад толгойгоо салаавчлаад хэвтэж байсан. Авч очсон эмээ өгөөд би Мд хандаж би ардаа хүнд өвчтэй хүнтэй зуд болсон бүл муутай ганц хүүхэд орхиод ирсэн. Чи тэр өвсийг өөрийнхөө хашаанд байгаа юм шиг өгөө биз дээ энэ асуудлаа хурдан шийдэж өг гэж би хэлсэн. М тэгээд юу гэж авсан өгсөн эзэнтэй юм чинь надаас авсан гэдгээ л хэлэхгүй юу гэж хэлсэн.

Тэгэхэд У би машинаа битүүмжилчихлээ гээд уурласан. М тэгнэ шүү дээ энэ хэргийн учир олдохоор өгнө шүү дээ гээл хэвтэж байсан. Ингээд бид 2 гарах гэхэд З таксины мөнгө байна уу би гэр рүүгээ харих гэсэн юм гэж надаас асуусан. Надад ердөө 10.000 төгрөг байсан. Түүнийгээ би Зд өгсөн чинь М босож ирээд нөгөө мөнгийг нь аваад Б нэг юм аваад ир гээд гэртээ байсан залууд өгсөн. Мөнгийг нь тэр залуу аваад гараад төд удалгүй 1 шил архи аваад ороод ирсэн. Тэгэхэд М мөнгө үлдсэн үү гэж асуухад үлдсэн гэхэд пизда минь нэг тамхи аваад ир гээд тэр залууг хөөгөөд гаргасан. Тэр залуу нэг тамхи аваад ороод ирсэн. Бид 2 тэр айлаас гараад явсан. Тэр айлд байгаа хүмүүс их хэцүү санагдсан. Тэр эмэгтэйг би Мы эхнэр гэж бодсон. Тэр эмэгтэй манайх түлш хоол байхгүй гэж ярьж байсан. Мөн тэр гэрт байсан 2 охин зүүн орны өмнө сөхөрч суугаад Мыг харж байсан. Би тэр айлаас гараад 2 нялх охиныг маш их өрөвдөж У бид 2 ярилцаад л явсан.. У бид хоёр дахин тэр Мыд ердөө очоогүй.

Мөн М гэртээ байсан Баяраа М нараар миний эсрэг мэдүүлэг өгүүлсэн. Би Б, М 2 гэрчтэй нүүрэлдэнэ гэж хуулийн бүх шатанд хүсэлт өгсөн боловч энэ 2 хүн олдохгүй байна гэж надтай нүүрэлдүүлээгүй. Энэ талаар миний өмгөөлөгч мөн адил  хүсэлт тавьж байсан. М, Б гэдэг 2 гэрчтэй нүүрэлдэх буюу хуралд оролцуулж байж би хэргээ шийдүүлмээр байна. Б-г нэг удаа шүүх хуралд албадан ирүүлэхэд М тэр шүүх хуралд ирэлгүй шүүх хурлыг хойшлуулсан.

М гэртээ очиж Д, З хоёртой гэрээс гарч бид нарыг явахыг М мэдэж байгаа боловч энэ тухай ердөө ярьдаггүй. У бид 2-г Мы гадаа машин дотроо гэрлээ асаагаад сууж байхад М гэрээсээ гарч нойл ороод гэртээ орсон. М Мы бүх үйлдлийг мэдээж байгаа боловч нуун дарагдуулж бидний эсрэг мэдүүлэг өгсөн. Бид 3-г Мыд архи тамхи авч ирээд хэрэг даачих гэж хэлсэн гэж ор үндэслэлгүй худал ярьдаг.

М Зтой намайг утсаар ярихад хамт байсан. Би Эрдэнэтэд цөөхөн орж ирдэг, газар мэдэхгүй хүн итгэмтгий цаг агаарын хүнд байдал, миний нөхрийн хүнд өвчин зэргийг далимдуулж намайг энэ хэрэгт татан оруулсанд би гомдолтой байна. Хэрвээ М өвс зарна үнэ хямдхан чанартай гэж итгүүлээгүй бол би заавал энэ хүнээс өвс авах шаардлагагүй. Хэрвээ М өвс зараагүй, яваагүй бол намайг мөрдөгчтэй очиход би 50 боодол өвс өгсөн та нар их том хэрэг илрүүлж дээ гэж мөрдөгчийн өмнөөс хэлэхгүй шүү дээ.

Мөн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө бензин авсан хорооллын эцсийн колонкийн бичлэгийг шалгуулмаар байна. Мөн М намайг гичий минь чамайг чирээд явна. Шорон бол миний 2-р гэр тэрүүгээр чамайг зочлуулна гэж дарамталдаг байсан. Хүн бүр нэг сая төгрөг өгнө. Нийт 4.000.000 төгрөг өгнө гэж өмгөөлөгч Б ярьсан гэж худал ярьдаг. Өөрөө хэргээ хүлээж мэдүүлэг өгчихөөд би тэгж хэлээгүй гэж хэлдэг. Мөн оргон зайлдаг, мөн гэрч Б-г нэг удаа албадан ирүүлэхэд М өөрөө ирээгүй шүүх хурлыг хойшлуулсан. Шүүгч прокурорыг бидний төрөл садан худ ураг гэж гүтгэдэг. Бид нарыг байнга гүтгэж дарамталдаг. Гэрчид нөлөөлж бид нарыг ор үндэслэлгүй гүтгэдэг. Би Мыд архи, тамхи авч очиж /2 удаа/ хэрэг даачих гэж ердөө хэлээгүй. Мыд дахиж очоогүй. Би Мыд ердөө ганцхан л очсон.

Анхан шатны шүүгч, прокурор нар Мы худал мэдүүлэг, Б, М /гэрч/ нарын худал мэдүүлгийг үндэслэж намайг 2 жилийн хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна. М Б нарын гэрчийн мэдүүлэгт зөрүүтэй зүйл байгаа. Би энд хоригдож байх хугацаандаа сэтгэл санаагаар маш их унаж биеийн байдал муудаж, хариуцсан эмч сувилагч нараар тариа хийлгэж, эм ууж тариандаа иракц цохиж маш хүнд байдалтай байна. Эрхэм шүүгч та бүхнийг үнэн худлыг ялгаж өгнө гэдэгт маш их итгэж мөн найдаж байна гэжээ.

 

Шүүгдэгч Б.З давж заалдах гомдолдоо:

... М надаас өвс авах юм уу гэж асуухад нь би ямар үнэтэй өгөх юм бэ гэхэд М чи 5000 авахгүй юу гэж хэлсэн. Би эгч рүүгээ залгаад манай нэг таньдаг хүн 5000 төгрөгөөр өвс авах юм уу гэж байна. Та хэдэн боодол өвс авах юм бэ гэхэд 50 боодол өвс мөнгөндөө тааруулж авъя гэсэн. Өвсний сайн мууг асуугаад маргааш нь авахаар тохиролцсон. Тэгсэн М утас сунгаад өгөөч гэж хэлсэн. Би эгчтэй ярилцаж байгаад утсыг нь 10.000 төгрөгөөр сунгаж өгсөн. Б.М дахиад ганц юм уучихмаар байна ганц юмны мөнгө байна уу гэхээр нь би хажуу айлын залуугаас архины мөнгө зээлээд архи авч өгсөн. Маргааш уулзаад өвсөө авъя гэхэд Б.М өнөө орой өвсөө аваа би маргааш Хантай явах боллоо гээд хүнтэй утсаар ярьж байгаад өөрсдөө унаагаа олоорой гэж байсан. Би эгч рүүгээ залгаад ярьсныг нь хэлсэн.

Тэгэхэд эгч одоо надад мөнгө алга маргааш махаа борлуулж байгаад өгөхөд болох юм уу гэхэд Б.М одоо эгчид чинь хэд байгаа юм бэ гэж надаас асуусан. Тэгэхэд би 50.000 төгрөг байна гэж Б.Мд хэлсэн. Тэгэхэд за за болно маргааш үлдсэнийг нь дансаар явуулахаар тохиролцсон. Ингээд бид хоёр нөгөө авсан архиа уугаад горд орж ирээд С.Д ахыг утсаар дуудаж өвс ачилцаад өгөөч гэж гуйсан. Тухайн үед би гараа гэмтээсэн байсан болохоор ахыгаа дуудаж өвс ачилцах талаар гуйсан. Бид гурав уулзаж нэг шил архи уугаад дахин Д ах бид хоёр мөнгөө нийлүүлж байгаад архи аваад Б.У эгчийн хашаанд байхад Б.Мд 50.000 төгрөг өгсөн. Ингээд У эгч Д эгч хоёрыг аваад замдаа бензин авч Б.М, С.Д эгч У эгч гурав кабинд суугаад С.Д ах бид хоёрыг дээр суулгаад доошоо хэвтэж яваарай цагдаа таарвал торгоно шүү хэвтэж яваарай гэсэн.

Б.М гэрээ заагаад гэртээ очсон. Замдаа дэлгүүр дээр зогсож М С.Д эгчийн өгсөн 50.000 төгрөгөөр архи авах гэхэд дэлгүүр бүгд хаалттай байсан. Тэр үед би цаг орой болсныг мэдсэн. Б.М гэртээ ороод өмсөж явсан монгол гутал нударгатай дээлээ тайлаад өөр гутал куртик өмсөөд авч явсан нэг шил архиа талд нь оруулаад явсан. Бас бид хоёр дээр нь суугаад тэр гурав кабиндаа суугаад Б.М өвс байгаа газар руугаа явсан. Өвс хураасан хашааны урд зогсоод энэ өвснөөс ачна гэсэн тэгтэл би хашаанд нь ороод ачиж болохгүй юм уу гэхэд Б.М хаалга нь ард талдаа байдаг юм цас дараад машин орох боломжгүй гэсэн. Энэ тэгээд бүгд таны өвс юм уу гэхэд үгүй ээ Бугат сумын нөөцийн өвс гэсэн. Би хөлсөндөө өвс авах юм аа гэж ярьж байсан.

Тэгээд Б.М бид хоёр хашаан дээгүүр давж ороод боодолтой өвс хашаан дээгүүр давуулж авч өгсөн. Харин С.Д ах Д У нар давуулж өгсөн өвсийг машин дээр ачиж байсан. Тэгэхэд машинтай хүмүүс хүрээд ирэхэд Б.М зугтаарай гэсэн. Яаж байгаа ямар учиртайг асуухад Б.М манай хадмууд авгай хүрээд ирлээ гээд Б.М хашаа даваад зугтаагаад яваад өгсөн. Тухайн үед би Б.Мыг авгай хадмуудаасаа өвсийг нуугаад надад өгч байгаа юм байна гэж ойлгоод айгаад араас нь даваад урд талынх нь гудмаар орсон. Б.М олдохгүй байхаар нь би орилж дуудсан. Тэгээд дугарахгүй байхаар нь гудмаар яваад зам дээр гарсан чинь Б.М зам дээр байж байсан. Би явж очоод яагаад зугтсан талаар хадмуудаасаа нууж надад өгч байгаа юм уу гэхэд миний юм эднүүст ямар хамаатай юм гэхэд авгайгаас салаад хэдэн сар болж байна эд нарт би өөрийнхөө юмыг мэдэж байна гэсэн.

Тэгтэл С.Д ах хүрээд ирсэн. Ирээд дүү нарт минь хулгайн өвс өгч байгаа юм уу чи гэхэд би өөрийнхөө юмыг мэдэж байна гэсэн чи тэгвэл яагаад зугтааж байгаа юм бэ гээд тэгээд тэр хоёр хоорондоо зодолдсон. Д ах Мы нүүр рүү нь хоёр гурав цохиод унагааж байгаад нүүр рүү нь өшиглөсөн. Тэгээд бид гурав М салаад явсан. Тэгээд маргааш нь хулгайн өвс байсныг мэдсэн. Д У эгч бид гурав Мыд маргааш нь очиход архи авч өг, өвчин намдаах эм авч өг гэж дарамталсан. Бид гурав өвчин намдаах эм архи тамхи авч өгсөн. Миний хоёр шүд хөдөлсөн. Танай ахыг цагдаад барьж өгөөд бүгдийг чинь чирнэ гэсэн. Шорон миний хоёр дахь гэр та нарыг хоёр дахь гэрээрээ зочлуулна гээд дарамтлаад байсан.

Би Маас айгаад архи тамхи авч өгсөн нөгөө архиа ууж байгаад Б.М орон дээрээ гараа салаавчилж хэвтэж байгаад надаас авсан нь үнэн юм чинь үнэнээ л хэлэхгүй юу гээд ярьж байсныг Б М хоёр гэрчилнэ. Би энэ мэдүүлгээ үнэн зөвөөр нь хэрэг хянан шийдвэрлэх явцад үнэн зөвөөр тууштай удаа дараа мэдүүлдэг.

Харин Б.М мэдүүлэгтээ хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрдөг энэ хүмүүс ямар ч хамаагүй ээ би өвс өгсөн нь үнэн С.Дид зодуулсандаа шаралхаад эд нарыг чирсэн нь үнэн гэх мэтээр ярьдаг. Улсын яллагч дүгнэлтдээ намайг ямар ч нотлох баримтгүйгээр яллахдаа заавал гэрч нотлох ёсгүй хууль зүйн талаас нь шийддэг нууц далд аргаар авсан баримт гэж яллаж байгаад гомдолтой байна.

Шүүх намайг гэм буруутайд тооцохдоо хэтэрхий нэг талыг баримталж Б.М гэдэг хүн мэдүүлэгтээ хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх явцад мэдүүлгээ олон янзаар ярьж тууштай мэдүүлдэггүй. Би хэргээ хүлээхгүй хэрэг хийгээгүй. Энэ хэрэгт огт хамаагүй эд нартай хамт яваагүй эд нартай үгсэн тохиролцсон. Би энэ хэргийг хийсэн нь үнэн зөв гэх мэтээр олон янзаар ярьдаг. Энэ болгоныг шүүх хянан авч хэлэлцэхгүй мөн М Б нар нь Мыд гэр оронгүй амьдардаг байсан.

Иймд Б.М нь М Б нарт гэрчийн мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн ямар учраас нөлөөлсөн гэж байгаа юм бэ гэхээр миний хоёр жилийн тэнсэнтэй гэдгийг мэдэхгүй. Зөвхөн М мэднэ. М Б нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргахад гурван удаа ирээгүй шүүх хурал хойшилсон. Миний хүсэлтийг шүүх хангаагүй Б гэдэг хүнтэй би дараа тараад болсон явдлын талаар болон Б.М бид хоёрын ярьж байсан зүйлийн талаар үнэн зөвөөр нь цагдаад мэдүүлэг өгөөч гэхэд би чадахгүй гэж хэлдэг. Цагдаад өгсөн мэдүүлэгтээ З ингэж гуйж байсан гэж хэлдэг.

Энэ талаар шүүхэд хэлэхэд М Б нарыг хүч хэрэглэн авч ирэх боломжгүй гэж үзэж энэ болгоныг шүүх намайг гэм буруутайд тооцохдоо тодорхой тайлбарлаж тусгаагүйд маш их гомдолтой байна гэжээ.

 

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо:

... Тухайн өдөр юу болсон талаар маш тодорхой мэдүүлсэн байхад бусад шүүгдэгч нарын нотлох баримтгүй мэдүүлэгт үндэслэн уг хэрэгт холбогдуулж жил гаран эрх чөлөөгөө хасуулан цагдан хоригдож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь Б.М, С.Д, Б.У, С.Д, Б.З нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, Д.С, С.Д нарыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М, С.Д, Б.У, С.Д, Б.З нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.С, С.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У, С.Д, Б.З, Б.М, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г, М.М нар давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тэдгээрийн гаргасан заалдах гомдлыг үндэслэн тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “ ... хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр ...”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог тогтоон дүгнэж хэргийг шийдвэрлэх атал хэт ерөнхий дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт нарийвчлан хийгээгүйгээс шүүгдэгч нарын гэм бурууг тогтоох, ялыг ялгамжтай зөв оногдуулахад зөрчилтэй байдал үүссэн гэж үзэж байна.

 

Мөн дээрх хэргийг шийдвэрлэсэн шүүгч нь үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэж шүүхийн шийдвэрт залруулга хийж, шүүгчийн захирамжийг зөвхөн прокурор болон шүүгдэгч Б.У, С.Д, С.Д нарын өмгөөлөгч М.Г нарт гардуулж, хэргийн бусад оролцогч нарт гардуулаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ... шүүхийн шийдвэрийг залруулсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу гардуулна ... гэж заасныг анхан шатны шүүх зөрчсөнөөс гадна шүүгдэгчийн өмгөөлөгч М.М нь дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах үндэслэл болжээ.

 

Түүнээс гадна шүүгдэгч Д.С болон түүний өмгөөлөгч Д.Н нар нь мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхэд Д.Сгийн хувийн байдал /эрүүл мэндийн байдал/-тай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй боловч давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт түүний сэтгэцийн байдалтай холбоотой баримтыг ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлохоор заавал шинжилгээ хийлгэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан байна.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардлага бий болсон тохиолдолд шүүх шийдвэр гаргаж, шинжилгээ хийлгэх эрхтэй бөгөөд Д.Сгийн сэтгэцийн байдлыг тогтоолгосны дараа түүний гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч М.М-н давж заалдах гомдол, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Н-н хүсэлт зэргийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн  шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

 

            Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч С.Д, Б.У нарын эрүүл мэндийн байдал болон ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж, тэдэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой гэж үзэв.

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч Б.У, С.Д, Б.З, Б.М, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г нарын давж заалдах гомдлыг тус тус хэлэлцээгүй орхисон болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М-н давж заалдах гомдол, шүүгдэгч Д.Сгийн өмгөөлөгч Д.Н-н хүсэлт зэргийг хүлээн авч, шүүгдэгч Б.У, С.Д, Б.З, Б.М, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.З, Б.М, С.Д нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.У, С.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

             ШҮҮГЧ                                                        М.ХҮРЭЛБААТАР

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР