Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/00909

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/00909

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш Махатма ганди гудамж, 28 дугаар байрны 169 тоотод оршин суух, 1950 онд төрсөн, 67 настай, эмэгтэй, Мижид овогт Наваанжамцын Мөрөн/рд:ЧК50011306/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Гандигийн гудамж, Рапид харш хороолол, 8 дугаар байранд байрлах, Хурд групп ХХК/рд:2737302/-д холбогдох,

6,054,169 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гунгаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гунгаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Мөрөн нь 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харшийн 28 дугаар байрны зоорийн давхарт 13,07 м.кв талбайтай автозогсоолыг захиалан бариулах Г28/1 дугаартай гэрээг Хурд групп ХХК-ийн захирал Д.Энхгэрэлтэй байгуулж Хурд групп ХХК-ийн 49904631 тоот харилцах дансанд 16,800,000 төгрөгийг төлсөн. 2014 оны 05 дугаар сарын 07-нд 000323766 тоот гэрчилгээтэй, Ү-2206032393 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 28 дугаар байрны зоорийн давхрын 1 тоотод байршилтай 13,07 метр квадрат бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Мижид овогт Наваанжамцын Мөрөнгийн хууль ёсны өмчлөлд бүртгэж гэрчилгээ олгосон. Гэтэл худалдаж авсан зогсоолд автомашин арай гэж ордог. Өөрийн өмчлөлийн автозогсоолд машинаа зогсоох боломжгүй, машины хаалгыг онгойлгож буух боломжгүй тул эзэмшиж ашиглаж чадахгүй болсон тул энэ талаар Хурд группын удирдлагад удаа дараа хандсан боловч арга хэмжээ авч, стандартын зогсоол гаргаж өгөөгүй байна. Тухайн үед захиалгын гэрээ хийж, зогсоол худалдаж авахдаа талбайн хэмжээг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд бичигдсэнээр 13,07 м.кв гэж үнэмшиж байсан. Гэтэл барилгын талбайн хэмжилтийг хийлгэхэд 8,36 м.кв талбайтай, энэ нь гэрчилгээнд бичигдсэн хэмжээнээс 4,71 м.кв дутуу байна. Зогсоолын талбайн хэмжээг санаатайгаар худлаа тооцож 4,71 метр квадрат талбайн илүү төлбөр авсанд гомдолтой байгаа тул зогсоолын зөрүү төлбөрт Хурд групп ХХК-иас 6,054,169 төгрөгийг гаргуулж өгнө. Бид хэрэгт авагдсан үнэлгээг хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй газраар хийлгэсэн. Зогсоол нь машин багтахгүй байгаа учраас өнөөдрийг хүртэл уг зогсоолыг ашиглахгүй байгаа гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байна. Одоогийн ашиглаж буй зогсоол нь нийтийн эзэмшлийн газарт түр зуур машинаа тавьж байгаа асуудал юм гэв.

 

Хариуцагч Хурд групп ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Мөрөнтэй 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр суудлын автомашины дулаан зогсоол захиалан бариулах тухай Г28/1 тоот гэрээ байгуулсан. 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улсын комисст бүрэн хүлээлгэн өгсөн, тэгэхээр энэ гэрээ бол захиалан бариулах гэрээ биш юм. Нэхэмжлэгч Н.Мөрөн орон сууцны болон автогараашийн төлбөрөө гэрээнд заасан хугацаандаа төлсөн тул 2013 оны 06 дугаар сард байрандаа орж уг зогсоолыг хэвийн ашиглаж байсан. 2013 оны 09 дүгээр сард харуул хамгаалалтын Хөдөлгөөнт бай компани уг хаалганд автомат хаалганы мэдрэгч суурилуулснаас шалтгаалан машин зогсох боломжгүй болсон тухайгаа нэхэмжлэгч нь Хурд групп ХХК-ийн захирал Д.Энхгэрэлд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлсэн хүсэлтдээ тодорхой бичсэн байсан. Хурд групп ХХК нь иргэн Н.Мөрөнтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлэн түүнд 28 дугаар байрны 01 тоот гараашийг ашиглах боломжтой байдлаар хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч Н.Мөрөн нэхэмжлэлд дурдсан асуудлаар уг байрыг Сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэн өгснөөс хойш манай компанид мэдэгдсэн тул тухайн үед Цэнгэлдэх өргөө СӨХ-той ярилцаж түүний 1 номерын байршилыг өөрчлөн зогсох боломжтой байрлалд шилжүүлсэн. Энэ зогсоолыг энэ хүн сүүлийн 3-4-н жилд ашиглаж байгаа. Анхнаасаа м.кв-аар бодож гэрээ байгуулаагүй. М.кв-аар хэмжих боломжгүй. Гэрээнд заасан 1 тоот авто зогсоолыг хүлээлгэж өгсөн. Өнөөдрийг хүртэл тэр зогсоолыг ашиглаж байгаа. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэмж хэлэхэд хэрэгт авагдсан хэмжилтийн тайлан хууль бус байна. Хэмжилтийг үнэлгээ хийх эрх бүхий этгээд хэмжилт хийдэггүй юм гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Мөрөн нь хариуцагч Хурд групп ХХК-д холбогдуулан зогсоолын зөрүү төлбөрт 6,054,169 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, ...Анхнаасаа м.кв-аар бодож гэрээ байгуулаагүй. М.кв-аар хэмжих боломжгүй. Гэрээнд заасан 1 тоот авто зогсоолыг хүлээлгэж өгсөн. Өнөөдрийг хүртэл тэр зогсоолыг ашиглаж байгаа. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Талуудын хооронд 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Г28/1 дугаар Суудлын автомашины дулаан зогсоол захиалан бариулах гэрээ-гээр нэхэмжлэгч нь хариуцагчаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, төв цэнгэлдэхийн зүүн урд байрлах Махатма Гандигийн гудамжны Г28 дугаар байрны зоорийн давхарт байрлах автомашины зогсоолын хэсгээс нэг машин зогсох 13.07 м2 хэсгийг 16 800 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон нь хавтаст хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Дээрх гэрээнд зааснаар хариуцагч нь гэрээний зүйл болох автомашины зогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь гэрээний үнэ буюу авто зогсоолын үнийг төлөх үүрэг үүссэн байх бөгөөд гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь 16 800 000 төгрөгийг бэлнээр төлж автомашины дулаан зогсоол худалдаж авсан, гэрээний зүйл болох авто зогсоол нь 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэн нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн талаар талууд маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч нь .... худалдаж авсан зогсоолд автомашин арай гэж ордог тул өөрийн өмчлөлийн автозогсоолд машинаа зогсоох боломжгүй, машины хаалгыг онгойлгож буух боломжгүй тул эзэмшиж ашиглаж чадахгүй болсон. Тухайн үед захиалгын гэрээ хийж, зогсоол худалдаж авахдаа талбайн хэмжээг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд бичигдсэнээр 13,07 м.кв гэж үнэмшиж байтал 8,36 м.кв талбайтай, энэ нь гэрчилгээнд бичигдсэн хэмжээнээс 4,71 м.кв дутуу байна гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэхээр заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагчаас нэхэмжлэгчид худалдсан 16 800 000 төгрөгийн үнэ бүхий автомашины зогсоолын 1 м.кв талбайн үнийг талууд тусгайлан тохиролцоогүй тул гэрээнд заасан эд хөрөнгийг доголдолтой гэж үзэхээргүй байна.

 

Түүнчлэн эд хөрөнгийн доголдолын талаар худалдан авагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар шаардлага гаргах эрх байх боловч нэхэмжлэгч гэрээнд заасан авто зогсоолыг хүлээн авч, өөрийн өмчлөлд шилжүүлэх үед Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар доголдлыг мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байхаас гадна хариуцагч доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авагч шаардах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй.

Нөгөөтэйгүүр талууд гэрээгээр эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоогоогүй байх бөгөөд нэхэмжлэгч нь эд хөрөнгийг өөрийн өмчлөлд 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн атал 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2-т зааснаар шаардлага гаргасан нь мөн зүйлийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан эд хөрөнгийн доголдолын талаарх шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан хариуцагч Хурдгрупп ХХК-иас 6,054,69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Мөрөнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2, дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.МӨНГӨНТУУЛ