Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2017/00772

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-т холбогдох

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгож, гэрээний үүрэгт 769,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: .............шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Т.Н тэй 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 2.1-т заасны дагуу Хан-Уул дүүргийн ........... тоот 4 өрөө орон сууцыг 558 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Хариуцагч Т.Н  нь дээрх гэрээний 3.1-д заасны дагуу гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 20 000 000 төгрөгийг төлөх, 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 334 800 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 203 200 000 төгрөгийг тус тус төлж орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулахаар талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээг байгуулсан. Хоёр талын байгуулсан Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний 3.1-д заасны дагуу хариуцагч Т.Н  нь нэхэмжпэгч Э ХХК-д урьдчилгаа 20 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж орон сууцны түлхүүрийг хүлээн авснаар нэхэмжлэгч Э ХХК нь гэрээний 2.1-д заасан орон сууцыг хариуцагч талын эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч тал нь нийт 75 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Э ХХК-д төлсөн байдаг. Хариуцагч Т.Н  нь нэхэмжлэгч Э ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бичгээр /тодруулбал өөрийн гараар/ гаргасан хүсэлтдээ ...тодорхой шалтгааны улмаас графикийн дагуу төлөлт хийж чадахгүй байгаа учир уг компанийг алдагдалгүй болох үүднээс урьдчилгаанд өгсөн 75 000 000 төгрөгөөс 30 000 000 төгрөгийг суусан хугацааны алдангид өгөхөөр тохирлоо. Хэрэв 12 дугаар сарын 23-ны дотор 45 000 000 төгрөгийн үндсэн үнийн төлбөр болох 513 000 000 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд уг компанид шууд буцаалтгүйгээр үлдээх болно..." гэсэн болно. Нэхэмжлэгч Э ХХК нь дээрх хүсэлтийг хүлээн авч 30 000 000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний 3.1, 3.5-д заасны дагуу алдангид суутган авч Орон сууцны үлдэгдэл төлбөр болох 513 000 000 төгрөгийг төлж барагдуулах нэмэлт хугацаа олгох үүднээс талууд 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 01/20151114 тоот төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Дээрх гэрээний 2.1-д заасны дагуу орон сууцны үлдэгдэл төлбөр болох 513 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бэлнээр бүрэн төлж барагдуулахаар талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан. Хариуцагч Т.Н  нь хоёр талын байгуулсан төлбөр барагдуулах гэрээний 2.1-д заасан хугацаанд орон сууцны үлдэгдэл төлбөр болох 513 000 000 төгрөгөөс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлж барагдуулалгүй хоёр талын байгуулсан 01/20151114 тоот төлбөр барагдуулах гэрээний 2.1-д заасан хугацааг зөрчсөн тул гэрээний 2.2-т төлбөр төлөгч тал энэхүү гэрээний 2.1-д заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг төлбөр авагч талд үл маргах журмаар төлнө гэсний дагуу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжпэл гаргах өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл нэг өдрийн алданги 2 565 000 төгрөг нийт 380 өдрийн алданги 974 700 000 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 256 500 000 төгрөгийн алдангийг хариуцагч Т.Н  нь хоёр талын байгуулсан төлбөр барагдуулах 01/20151114 тоот гэрээний 2.2 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасны дагуу нэхэмжпэгч Э ХХК-д төлөх нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Нэхэмжпэгч Эко констркашн ХХК болон хариуцагч Т.Н  нь 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээнд тамга тэмдэг, гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд нэхэмжпэгч Э ХХК нь гэрээний 2.1-д заасан орон сууцыг гэрээ байгуулсан өдөр хариуцагч талын эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн.

 
 

 


Талуудын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг нотариатаар баталгаажуулаагүй, нотариатаар баталгаажуулах шаардлагыг нэхэмжлэгч Э ХХК-ийн зүгээс хариуцагч талд удаа дараа тавьж байсан боловч хариуцагч тал тус гэрээг нотариатаар баталгаажуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх...гэж заасан шаардлагыг хангаагүй боловч хариуцагч Т.Н  орон сууцны түлхүүр хүлээлгэн өгөх хүсэлтийг үндэслэн хариуцагч талын урьдчилгаа 20 000 000 төгрөгийг төлсөн өдөр тус гэрээний 2.1-д заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг гэрээнд заасны дагуу хариуцагч Т.Н ийн эзэмшилд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч Э ХХК бүрэн биелүүлсэн. Нэхэмжпэгч талын зүгээс Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсний дараа нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болно гэж заасны дагуу талуудын хооронд байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Нэхэмжлэгч Э ХХК-ийн зүгээс хариуцагч талд орон сууцны үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт төлж дуусгахыг болон гэрээг нотариатаар баталгаажуулахыг удаа дараа амаар болон албан бичгээр мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл орон сууцны төлбөрийг төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй нэхэмжпэгч Э ХХК-ийг хохироож байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, хоёр талын байгуулсан орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний 2.1, 3.1, хоёр талын байгуулсан 01/20151114 тоот төлбөр барагдуулах гэрээний 2.1-т заасны дагуу орон сууцны үлдэгдэл төлбөр болох 513 000 000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, хоёр талын байгуулсан Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний 3.5, хоёр талын байгуулсан 01/20151114 тоот төлбөр барагдуулах гэрээний 2.2-д заасны дагуу алданги 256 500 000 төгрөг нийт 769 500 000 төгрөгийг гаргуулж, Иргэний хуулийн 42-р зүйлийн 42.5-д заасны дагуу хоёр талын байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэв.

 

 

Хариуцагч Т.Н  шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Н  миний бие 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Э ХХК-ийн бүтээн байгуулалт болох Маршал таун хотхоны Кинг тауэр 118 дугаар байрны 111 тоот орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсан болно. Ингээд бид хоорондоо тохиролцож үнийн дүнгээс тооцож хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө өгөх болсон боловч "Э ХХК нь тухайн үеийн зах зээлийн ханшнаас хэт доогуур үнээр үнэлэх зэрэг шалтгааны улмаас Т.Н  миний гэрээний үүргээ биелүүлэхэд саад учруулж байсан. Миний бие нь одоогоор өөрөөсөө мөнгө гаргаад төлчих боломжгүй бөгөөд иргэн Ц.Анандаас их хэмжээний авлагатай бөгөөд тэр хүнээр дамжуулан төлөх тухай болон тухайн нөхцөл байдлын талаар тухай бүрд Э ХХК-д мэдэгдэж, холбоотой байсан. Энэ тухай мэдэгдэж уулзахаар 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ороход нийт төлсөн төлбөрөөс 30 000 000 төгрөгийг алдангид тооцон авах тухай надад шахалт үзүүлсээр байгаад /ингээд та бичиг хийж өг/ тэрхүү бичгийг надаар бичүүлсэн болно. Иймд Э ХХК-ийн нэхэмжилж буй нийт үнийн дүн илт үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичиг өмчлөх, эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх гэж, мөн хуулийн 42 дугаар зүйл хэлцлийн хэлбэр, 42.4-т нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ гэж заасныг тус тус зөрчсөн нь Т.Н  миний бие 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Э ХХК-тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг нотолж байна. Иймд энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Т.Н т холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгож, гэрээний үүрэгт 769 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичиг өмчлөх, эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх гэж, мөн хуулийн 42 дугаар зүйл хэлцлийн хэлбэр, 42.4-т нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ гэж заасныг зөрчиж гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, үүгээр Э ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, Кинг тауэр 118 дугаар байрны 11 тоот 180 м,кв талбайтай 4 өрөө орон сууцыг 558 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч тал гэрээ байгуулагдсан өдрөө 20 000 000 төгрөгийг урьдчилгаанд төлж, 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 334 800 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 203 200 000 төгрөгийг тус тус төлж дуусгахаар, төлбөр төлөгдөөгүй болон гэрээ цуцлагдах тохиолдолд төлсөн 20 000 000 төгрөгийг суутгагдахаар, захиалагч тал дээрх төлбөр төлөх хуваарийн дагуу дурдсан төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг гүйцэтгэгч талд үл маргах журмаар төлөхөөр талууд харилцан тохиролцжээ.

 

Ийнхүү талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч Т.Н  нь урьдчилгаа 20 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө төлж орон сууцны түлхүүрийг хүлээн авснаар нэхэмжпэгч Э ХХК гэрээгээр тохиролцсоны дагуу орон сууцыг хариуцагч талын эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгөх гэрээний үүргээ биелүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг нь үүргээ бүрэн буюу ихэнхийг гүйцэтгэсний дараа нөгөө тал түүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотартараар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болно гэж заасан байх бөгөөд нэхэмжпэгч Э ХХК гэрээгээр тохиролцсоны дагуу орон сууцыг хариуцагч талын эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгөх гэрээний үүргээ биелүүлсэн, уг гэрээг нотариатаар гэрчлүүлэх тухай мэдэгдлийг хариуцагч талд удаа дараа хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн, талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээгээр хариуцагч Т.Н  2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 334 800 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 203 200 000 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн хэдий ч үүргээ биелүүлээгүй тул талууд 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, орон сууцны нийт үнэ болох 558 000 000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдэгдэл 513 000 000 төгрөгийг хариуцагч Т.Н  2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бэлнээр төлөхөөр, төлбөр төлөгч тал төлбөр төлөх хугацааг зөрчсөний улмаас төлбөр авагч талаас бүрэн эрхийн дагуу гэрээг цуцалсан тохиолдолд нийт төлсөн 45 000 000 төгрөгийг үл маргах журмаар тооцож суутгахаар талууд тохиролцсон байна.

 

Гэвч орон сууцны үнээс 513 000 000 төгрөгийг төлөх үүргээ хариуцагч Т.Н  биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны үнэ 513 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй, түүнчлэн хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дотор 513 000 000 төгрөгийг төлөхөөр тохирсон үүргээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаанд нь биелүүлээгүй байх тул 222.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, төлбөр барагдуулах гэрээний 2.2-т заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож төлбөр авагч талд төлөхөөр тохирсон тохиролцооны дагуу хэтрүүлсэн хугацааны хоног тутам алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардах алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар хууль тогтоогч хязгаарласан учир энэ зохицуулалтын дагуу нэхэмжлэгч 256 500 000 төгрөгийг алдангид гаргуулахаар шаардаж байгаа нь хуульд нийцжээ.

 

Хариуцагч Т.Н  гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаа ...бид хоорондоо тохиролцож үнийн дүнгээс тооцож хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө өгөх болсон боловч "Э ХХК нь тухайн үеийн зах зээлийн ханшнаас хэт доогуур үнээр үнэлэх зэрэг шалтгааны улмаас Т.Н  миний гэрээний үүргээ биелүүлэхэд саад учруулж байсан. Миний бие нь одоогоор өөрөөсөө мөнгө гаргаад төлчих боломжгүй бөгөөд иргэн Ц.Анандаас их хэмжээний авлагатай бөгөөд тэр хүнээр дамжуулан төлөх тухай болон тухайн нөхцөл байдлын талаар тухай бүрд Э ХХК-д мэдэгдэж, холбоотой байсан. Энэ тухай мэдэгдэж уулзахаар 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ороход нийт төлсөн төлбөрөөс 30 000 000 төгрөгийг алдангид тооцон авах тухай надад шахалт үзүүлсээр байгаад тэрхүү бичгийг надаар бичүүлсэн гэж тайлбарласан боловч зохигчид энэ талаар гэрээнд тусгаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Н ээс орон сууцны төлбөрийн үлдэгдэлд 513 000 000 төгрөг, алданги 256 500 000 төгрөг нийт 769 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 075 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4 075 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр товлосон шүүх хуралдаан хариуцагчийн хүсэлтээр хойшлогдсон бөгөөд мөн өдрийн шүүх хуралдааныг товыг хариуцагч Т.Н  мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйүлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлын хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Н ээс 769 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 075 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4 075 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2, дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.МӨНГӨНТУУЛ