Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 1356

 

Эко констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/00772 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Эко констракшн ХХК,

Хариуцагч: Т.Наранчимэгт холбогдох

 

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгож, гэрээний үүрэгт 769 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Базарсад, Д.Ууганбаяр

Хариуцагч: Т.Наранчимэг

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Батзоригт

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Эко констракшн ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Наранчимэгтэй 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 2.1-т заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал хотхон Кинг Тауэр апартмент 118 дугаар байр 111 тоот 4 өрөө орон сууцыг 558 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Хариуцагч Т.Наранчимэг нь дээрх гэрээний 3.1-д заасны дагуу гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 20 000 000 төгрөгийг төлөх, 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 334 800 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 203 200 000 төгрөгийг тус тус төлж орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулахаар талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож талууд гарын үсэг зурж баталгаажуулан хүчин төгөлдөр гэрээг байгуулсан. Хоёр талын байгуулсан Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний 3.1-д заасны дагуу хариуцагч Т.Наранчимэг нь нэхэмжпэгч Эко констракшн ХХК-д урьдчилгаа 20 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж орон сууцны түлхүүрийг хүлээн авснаар нэхэмжлэгч Эко констракшн ХХК нь гэрээний 2.1-д заасан орон сууцыг хариуцагч талын эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч тал нь нийт 75 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Эко констракшн ХХК-д төлсөн байдаг. Хариуцагч Т.Наранчимэг нь нэхэмжлэгч Эко констракшн ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бичгээр гаргасан хүсэлтдээ ...тодорхой шалтгааны улмаас графикийн дагуу төлөлт хийж чадахгүй байгаа учир уг компанийг алдагдалгүй болох үүднээс урьдчилгаанд өгсөн 75 000 000 төгрөгөөс 30 000 000 төгрөгийг суусан хугацааны алдангид өгөхөөр тохирлоо. Хэрэв 12 дугаар сарын 23-ны дотор 45 000 000 төгрөгийн үндсэн үнийн төлбөр болох 513 000 000 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд уг компанид шууд буцаалтгүйгээр үлдээх болно..." гэсэн болно. Нэхэмжлэгч Эко констракшн ХХК нь дээрх хүсэлтийг хүлээн авч 30 000 000 төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний 3.1, 3.5-д заасны дагуу алдангид суутган авч Орон сууцны үлдэгдэл төлбөр болох 513 000 000 төгрөгийг төлж барагдуулах нэмэлт хугацаа олгох үүднээс талууд 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 01/20151114 тоот төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Дээрх гэрээний 2.1-д заасны дагуу орон сууцны үлдэгдэл төлбөр болох 513 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бэлнээр бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон. Хариуцагч Т.Наранчимэг нь хоёр талын байгуулсан төлбөр барагдуулах гэрээний 2.1-д заасан хугацаанд орон сууцны үлдэгдэл төлбөр болох 513 000 000 төгрөгөөс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлж барагдуулалгүй хоёр талын байгуулсан 01/20151114 тоот төлбөр барагдуулах гэрээний 2.1-д заасан хугацааг зөрчсөн тул гэрээнд заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжпэл гаргах өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл нэг өдрийн алданги 2 565 000 төгрөг нийт 380 өдрийн алданги 974 700 000 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 256 500 000 төгрөгийн алдангийг төлөх нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх...гэж заасан шаардлагыг хангаагүй боловч хариуцагч Т.Наранчимэг орон сууцны түлхүүр хүлээлгэн өгөх хүсэлтийг үндэслэн хариуцагч талын урьдчилгаа 20 000 000 төгрөгийг төлсөн өдөр тус гэрээний 2.1-д заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг гэрээнд заасны дагуу хариуцагч Т.Наранчимэгийн эзэмшилд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч Эко констракшн ХХК бүрэн биелүүлсэн. Иймд хариуцагчаас орон сууцны үлдэгдэл төлбөр болох 513 000 000 төгрөг, алданги 256 500 000 төгрөг нийт 769 500 000 төгрөгийг гаргуулж, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д заасны дагуу хоёр талын байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Наранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Эко констракшн ХХК-ийн бүтээн байгуулалт болох Маршал таун хотхоны Кинг тауэр 118 дугаар байрны 111 тоот орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсан болно. Ингээд бид хоорондоо тохиролцож үнийн дүнгээс тооцож хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө өгөх болсон боловч Эко констракшн ХХК нь тухайн үеийн зах зээлийн ханшнаас хэт доогуур үнээр үнэлэх зэрэг шалтгааны улмаас Т.Наранчимэг миний гэрээний үүргээ биелүүлэхэд саад учруулж байсан. Миний бие нь одоогоор өөрөөсөө мөнгө гаргаад төлчих боломжгүй бөгөөд иргэн Ц.Анандаас их хэмжээний авлагатай бөгөөд тэр хүнээр дамжуулан төлөх тухай болон тухайн нөхцөл байдлын талаар тухай бүрд Эко констракшн ХХК-д мэдэгдэж, холбоотой байсан. 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр уулзахад нийт төлсөн төлбөрөөс 30 000 000 төгрөгийг алдангид тооцон авах тухай надад шахалт үзүүлсээр байгаад тэрхүү бичгийг надаар бичүүлсэн болно. Иймд Эко констракшн ХХК-ийн нэхэмжилж буй нийт үнийн дүн илт үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичиг өмчлөх, эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх гэж, мөн хуулийн 42 дугаар зүйл хэлцлийн хэлбэр, 42.4-т нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ гэж заасныг тус тус зөрчсөн нь Т.Наранчимэг миний бие 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Эко констракшн ХХК-тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг нотолж байна. Иймд энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Наранчимэгээс 769 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Эко констракшн ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 075 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4 075 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Батзоригт давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэнгүй. Т.Наранчимэг нь шүүх хуралдааны өмнө өмгөөлөгч оролцуулан эрх ашгаа хамгаалуулах хүсэлтийг бичгээр гаргасан. Өмгөөлөгч Ж.Батзоригт миний зүгээс шүүх хуралдаан давхцсан байх тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан. Хэргийн оролцогч Т.Наранчимэгээс болон өмгөөлөгч миний гаргасан хүсэлтийг шүүх ИХШХШТХ-н 105 дугаар зүйлийн 105.1 зааснаар шүүгч даруй шийдвэрлэх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн. Мөн түүнчлэн ИХШХШТХ-н 6 дугаар зүйлийн мэтгэлцэх зарчим зөрчсөн ба ИХШХШТХ-н 107 дугаар зүйлийн 107.3 дах хэсэгт хариуцагчийн талд оролцож буй өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж нотлох баримтаа гаргана. Бусдын эрх хууль ёсны эрх, эрх чөлөө ашиг сонирхолыг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээд шүүх хуралдаанд тайлбар, нотлох баримтаа гаргана. Талууд бичгээр тайлбар гаргасан бол шүүх хуралдаан дээр тухайн тайлбараа танилцуулан гэсэн заалтуудыг анхан шатны шүүх зөрчсөн. ИХШХШТХ-н 25 дугаар зүйлийн 25.1.2 хэргийн материалтай танилцах түүнээс тэмдэглэл хийх цүүх хуралдаанд оролцох үүргийг зөрчсөн байна. Шүүхээс хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулахгүй хариуцагчийн зүгээс шүүхэд тайлбар гаргах өмгөөлөгч хэргийн материалтай танилцах эрхүүдийг ноцтой зөрчсөн хэт нэг талын эрх ашигт үйлчилсэн шийдвэр болжээ. Иймд ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

            Нэхэмжлэгч Эко констракшн ХХК нь хариуцагч Т.Наранчимэгт холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгож, гэрээний үүрэгт 769 500 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээ хууль зөрчиж байгуулагдсан гэж маргажээ.

 

            Хариуцагч Т.Наранчимэг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар Ж.Батзоригтыг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хуралдааныг хойшлуулжээ. /хх-ийн 55-57/

 

Хариуцагч хүсэлтдээ өмгөөлөгчөөр авах Ж.Батзоригт нь 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гадаадаас ирэх тухай заасан байхад шүүх хуралдааныг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хийхээр товлож хойшлуулсан нь өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, хэргийн материалтай танилцах боломжит хугацаа олгосон гэж үзэхээргүй байна.

 

Түүнчлэн өмгөөлөгч Ж.Батзоригтод хэргийн материал болон эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдээгүй нь мөн хуулийн 6, 25 дугаар зүйлд заасан зохигчийн эрхийг хангасан, зохигчдыг бүрэн мэтгэлцүүлсэн гэж дүгнэх боломжгүй, хариуцагчийн эрхийг хязгаарлажээ.

 

            Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож мөн шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/00772 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Наранчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 075 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                      С.ЭНХТӨР

                                                                      Ш.ОЮУНХАНД