Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2017/00731

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2017/00731

Улаанбаатар хот

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

                    

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хороолол, 7 дугаар байрны 98 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, 39 настай, Онгиуд овогт Мижиддоржийн Энхбаяр/РД:ЗЮ78072308/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын 14 дүгээр байрны өргөтгөлд байрлах, Эрчим хүчний хөгжлийн төвд холбогдох,

Эрчим хүчний хөгжлийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/05 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Давхарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  М.Энхбаяр нь 15 жил тасралтгүй эрчим хүчний салбарт ажиллаж байгаа бөгөөд Эрчим хүчний төвтэй 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан тус төвийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/87 дугаар тушаалаар техник хяналтын хэлтэст кип автоматикийн инженерийн албан тушаалд томилогдсон. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл Эрчим хүчний хөгжлийн төвийн захиргаа, удирдлагын хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн албан мэдэгдлээр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсныг мэдэгдэж, мөн өдрийн Б/05 дугаар захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Энэхүү мэдэгдлийн дагуу ямар учраас ийм шийдвэр гаргаж байгаа, хөдөлмөрийн гэрээний хугацаа жил бүр сунгагдаж явах ёстой гэсэн үндэслэлээр байгууллагын захирал Ч.Саранжавтай уулзахад 2012 оноос хойш орсон бүх хүнийг ажлаас чөлөөл гэсэн зааврыг дээрээс өгсөн, тушаал чинь одоо гарчихсан байгаа гэж хэлсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч нь байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл М.Энхбаярын ажиллаж буй кип автоматикийн инженерийн албан тушаал нь хуульд заасны дагуу байнгын ажлын байр бөгөөд гэрээ байгуулах үед ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар гэрээнд зааж, жил бүр сунгагдаад явна, санаа зоволтгүй гэсэн тул ажилтай болох үүднээс гэрээг шууд байгуулсан. Улмаар 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр анх хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаас хойш дахин гэрээ байгуулаагүй, гэрээний хугацаа жил бүр сунгагдах байдлаар үүрэгт ажлаа гүйцэтгэж ирсэн. Цаашид ч энэ байдлаар гэрээний хугацаа жил бүр сунгагдаад явна гэж ойлгосон байдаг. Гэтэл байгууллагын удирдлага өөрчлөгдсөний дараа ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах санал тавилгүй цаашид үргэлжлүүлэн ажиллах хүсэлттэй байгааг нь харгалзан үзэлгүйгээр хөдөлмөрийн гэрээний хугацааг шууд дуусгавар болгох мэдэгдэл өгч тухайн өдрөө хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь ажил олгогч давуу байдлаа ашиглан ажилтны эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр юм. Иймд Эрчим хүчний хөгжлийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/05 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгон, М.Энхбаярыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Эрчим хүчний хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М.Энхбаяр нь Эрчим хүчний хөгжлийн төвийн Амгалан дулааны станцын ил хуваарилах байгууламж болон агаарын шугамын цахилгааны техникийн хяналтын инженерээр хөлсөөр ажиллаж байгаад Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/87 тоот тушаалаар захиалагч техник хяналтын хэлтэст кип автоматикийн инженерийн албан тушаалд 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Ажилтны хөдөлмөрийн хугацаатай гэрээг хугацаа дуусмагц анх заасан хугацаагаар сунгагдаж байсан боловч 2016 оны хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацааг цаашид сунгахгүй талаар мэдэгдсэн. Үүний дагуу гэрээг цуцалсан тул хууль зөрчиж, үндэслэлгүйгээр ажлаас халаагүй. Нэхэмжлэгч тал ...М.Энхбаярын ажиллаж байсан ажлын байр байнгын ажлын байр байсан. Тиймээс хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулагдах ёстой гэж тайлбарлаж байгаа хэдий ч хөдөлмөрийн гэрээ бол иргэний эрх зүйн гэрээний нэг төрөл. Тийм учраас иргэний эрх зүйн ажил гүйцэтгэх гэрээний нэг бие даасан төрөл болж байгаагийн хувьд иргэний эрх зүйд заасан хэлцлийн нэг төрөл ч болно, мөн иргэний эрх зүйд зааснаар гэрээ хэлцлийг хэрхэн яаж байгуулах вэ гэдэгт ч хамаарна. Аливаа гэрээг байгуулахад талууд харилцан тохиролцож байгуулдаг. Тийм ч учраас Улсын дээд шүүхийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүдэлтэй маргаантай хэргийг хянан шийдвэрлэх асуудлыг шийдвэрлэхэд анхаарах асуудлууд гэх 2012 онд гаргасан зөвлөмж дээр ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байна гэсэн заалт байдаг. Хавтаст хэрэгт хөдөлмөрийн гэрээ нотлох баримтаар авагдсан. Энэ хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-д гэрээнд 2 тал харилцан гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг. Гарын үсэг зурна гэдэг маань тухайн гэрээг байгуулах саналыг хэрхэн яаж хүлээж авч байгаа вэ гэдэг зүйлийг тодорхойлдог. М.Энхбаяртай байгуулсан гэрээ анхнаасаа буюу 2014 онд байгуулахад ч 1 жилийн хугацаатай байсан. Энэ гэрээг цаашид нь дахин нэг жилийн хугацаагаар сунгасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд талуудын харилцан эрх тэгш байдлыг энэ хууль өөрөө зохицуулахад оршино гэж байдаг. Тухайн ажлын байранд нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж байгаа гэдгийг ажилд орохдоо М.Энхбаяр өөрөө сайтар ухамсарлаж ойлгосон байсан. Тийм учраас гэрээг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд бичгээр байгуулан гарын үсэг зурсан бол тухайн хэлцлийг байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Тухайн ажлын байранд нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулна гэдгийг ажилтан ажил олгогч тохиролцон хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээнээс ямар асуудал, эрсдэл үүсдэг вэ гэдгийг тухайн ажилтан өөрөө мэдэх бүрэн боломжтой. Хугацаа зааж байгуулсан гэрээний нэг эрсдэлтэй тал нь ажил олгогч тухайн гэрээг цаашид сунгах эсэхээ өөрөө мэдэж шийдвэрлэх бүрэн боломжийг хууль тогтоогч олгосон. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тухайн хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй байна гэдэг мэдэгдлийг өгсөн, зохих холбогдолтой хуулийн заалтыг баримтлан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуулийг зөрчөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ хугацаатай болон хугацаагүй байна гэдгийг заасан. Мөн зүйлийн 23.2.2-д 23.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно гэж үзэж байна. Эрчим хүчний хөгжлийн төвд бүх ажилтны эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний эвлэл ажилладаг. Тухайн үед нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулаад миний эрх ашгийг хөндөөд байна гэж үзсэн бол ажилтан арга хэмжээ авахуулах бүрэн боломж байсан. Өөрөө тухайн үед хүлээн зөвшөөрөөд нэг жилийн хугацаатай ажлын гэрээг байгуулж байна гэдгийг мэдэж гарын үсэг зурсан болохоор хууль зөрчөөгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Энхбаяр нь хариуцагч Эрчим хүчний хөгжлийн төвд холбогдуулан Эрчим хүчний хөгжлийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/05 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тухайн хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй талаар мэдэгдлийг өгч, зохих холбогдолтой хуулийн заалтыг баримтлан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэж маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана гэж заасны дагуу М.Энхбаяр нь Эрчим хүчний хөгжлийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/05 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалд гомдлоо 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж дүгнэлээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, М.Энхбаярыг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Захиалагч, техник хяналтын хэлтэст кип автоматикийн инженерээр ажиллуулсан байна. Улмаар дээрх гэрээний нэмэлт өөрчлөлтөд ...1.8. Захирлын 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацааг 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаагаар сунгав гэжээ. /хх4-5/

 

Зохигчид дээрх хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа хөдөлмөрлөх гол нөхцөлийг тохиролцсон, талууд гарын үсгээ зурсан Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна гэж шүүх үзэв.

 

Эрчим хүчний хөгжлийн төвийн захиралын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/05 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар М.Энхбаярын хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна. /хх3/

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ...Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар М.Энхбаярын ажиллаж буй кип автоматикийн инженерийн албан тушаал нь байнгын ажлын байр тул хугацаагүй гэрээ байгуулах ёстой байсан гэж тайлбарласан боловч дээрх гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

 

Ийнхүү талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар тохиролцсон болох нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ болон 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1 тоот хөдөлмөрийн гэрээ сунгах тухай тушаалаар тус тус тогтоогдож байх тул Эрчим хүчний хөгжлийн төвийн захиралын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/05 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд Эрчим хүчний хөгжлийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/05 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Эрчим хүчний хөгжлийн төвд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч М.Энхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх иргэний хэрэгт багтах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрчим хүчний хөгжлийн төвд холбогдуулан гаргасан Эрчим хүчний хөгжлийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/05 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч М.Энхбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Энхбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авах хугацаа дууссанаас хойш  14  хоногийн  дотор  давж заалдах гомдлыг  Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  тус  шүүхээр дамжуулан гаргах эрхтэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ